2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Усны эрүүл мэндийн ач холбогдол

Нэгдсэн Үндэстний Байгууллагын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос “Хүн бүр өөрсдийн унд, ахуйн хэрэгцээнд хүрэлцэхүйц хэмжээтэй, эх үүсвэртээ ойр, боломжийн үнэтэй,аюулгүй, баталгаатай цэвэр усаар найдвартай хангагдах эрхтэй” гэж тодорхойлсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан 2011 оны “Ундны усны чанарын 4 дэх гарын авлага”-д насанд хүрсэн хүн хоногт ойролцоогоор 2 литр ус уух шаардлагатай гэж зөвлөмж болгосон байна.

УСНЫ ХҮНИЙ БИЕ МАХБОДИД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Ус нь биеийн дулааныг зохицуулах үйл ажиллагаанд оролцоно.   Мөн ус давсны тэнцвэрт байдлыг хадгалах, бие махбодид ашигтай бодисыг зөөвөрлөх, эд, эсийн бүтцийг үүсгэх, тусгаарлах, уусгагчийн зэрэг үүргийг гүйцэтгэдэг.

Ургамал, амьтан, хүн хүний биед ус нь олон янзын бодисыг уусган уусмал хэлбэрээр байх бөгөөд тэнд тасралтгүй үргэлжлэх төрөл бүрийн бодисын солилцоонд оролцоно. Иймээс ч хүний биеийн эд эсийн доторхи ус нь 6-7 хоногт бүрэн солигдож эргэлдэж байдаг.

Ундны усны үндсэн найрлагыг тодорхойлох 6 элемент байдаг. Үүнд натри, кали, кальци, магни, хлорид, сульфат, гидрокарбонатын ион орно.  Гидрокарбонатын буюу цэнгэг ус нь хоол шингээх, хлорид, иод нь бодисын солилцоог сайжруулах, кальци, сульфат нь ясны эд эсийг бэхжүүлэх, магни нь хүний оюун ухааныг стрессээс хамгаалах тайвшруулах нөлөөтэй нь тогтоогдсон байдаг.

Хэт цэнгэг (100 мг/л-ээс бага эрдэсжилттэй) буюу нэрмэл ус дагнан хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үздэг. Эрдэс багатай ус нь хүний биед  “С” аминдэм эрс багасах, давс усны солоилцоог өөрчлөх, тархины судас нарийсах, зүрхний болон бусад булчин сулрах, яс хэврэгших шалтгаан болдог.

Кальци нь бие махбодод холестрин хуримтлагдахаас хамгаалах үйлчилгээтэй. Ундны усан дахь кальцийн агуулга нормоос багасах(25 мг/лээс бага) тохиолдолд хэрэглэгч хүн амын дунд  булчин шөрмөс татах рефлекс ихсэх, арьс, хумсны байдал өөрчлөгдөх, нүдний эвэрлэг бүрхүүл үрэвсэх, зүрхний үйл ажиллагааны дутагдалд орох зэрэг эмгэгүүд илрэх нь ихсэж болно.

Магни нь ферментийн найрлага, үйл ажиллагаанд оролцдог биохимийн идэвхтэй элемент юм. Хүний биед 20-40 гр хүртэл магни агуулагдана.  Ундны усны магнийн агууламж багасах (11 мг/л-ээс) нь  чичрэх, татах, нүд анивчих, зүрхний цохилт олшрох шинж тэмдгүүд илэрч болно.  Английн хэсэг эрдэмтэд зүрх нь зогсож нас барагсдын зүрхний булчин дахь магнийн агууламж хэвийн хүнийхээс 12-15 хувиар багассаныг тогтоожээ.

Натри, кали нь хүний бие махбодын ихэнх эд эрхтэн, биологийн шингэнд агуулагдах бөгөөд эдийн шингэн болон цусны осмос даралтыг бүрдүүлэх, мэдрэлийн импульс дамжуулах, хүчил, шүлтийн тэнцвэр болон ус давсны солилцоог зохицуулах, хоол боловсруулах ферментийг идэвхжүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Мөн тэрээр эдийн коллойдыг хөөлгөх, эдийн усны агуулгыг тогтворжуулах ус гадагшлахын эсрэг үйлчлэл үзүүлдэг. Натрийн давс биед хурдан шимэгдэх бөгөөд цусанд агуулагдах бүх катионы 99% нь натрийгаас бүрдэнэ. Тэрээр амьдралын хэвийн нөхцлийг хангах осмосын даралтын буфер тогтолцоог барьж өгдөг. Кали нь бие махбодоос ус болон хорыг гадагшлуулах үүрэг гүйцэтгэнэ.

Хүн амьдралынхаа физиологийн хэрэгцээт бичил элементийг хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулан авдаг боловч түүнийг чанах болгох, халуун боловсруулалтын технологийн явцад алдагдаж зарим тохиолдолд 96%-д хүрэх тохиолдол байдаг. Иймээс байгалийн усны найрлага дахь бичил элемент чухал ач холбогдолтой гэж зарим судлаачид үздэг. Ундны уснаас хүн зарим бичил элементийн хоногийн хэрэгцээний тодорхой  хувийг авах боломжтой юм. Тухайлбал: фторын 60%, зэсийн 28%, цайрын 14%, марганецийн 4%, иодын 2.5-4%, молебдений 0.2%-ийг тус тус авч болно гэж үздэг. Мөн эрдэс багатай усыг иод, кобальт, марганец, зэс, молибден, цайр, фтороор баяжуулах нь биед дутагдаж байгаа бичил элементийг нөхөх нэмэгдэл эх үүсвэр байж болох санааг зарим эрдэмтэд туршиж тогтоосон байна.   Тухайлбал, фтор нь бие махбодод бусад бичил элементүүдтэй харилцан уялдаатайгаар яс, шүдний бүтэц, дотоод шүүрлийн булчирхай, зүрхний булчингийн биологийн (кинин, катехоламин) үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ундны усанд фторын агууламж 0.9-1.2 мг/л байхад л зохимжтой боловч энэ нь зарим тохиолдолд мөн л шүдний эмальд сөргөөр нөлөөлж хөнгөн хэлбэрийн усны фтороос шалтгаалсан шүд цоорох өвчлөлийг нэмэгдүүлдэг байна.

Улс орон бүрт унд, ахуйн усны чанарыг хууль эрх зүйн талаас тухайн улсад мөрдөгдөж байнаа ундны усны чанарын  үндэсний стандартаар зохицуулдаг.  Ундны усны чанар гэдэг нь  эрүүл ахуйн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл найрлагын хувьд хүний бие махбодод зохимжтой, ахуй, амьдралын бүхий л шаардлагад хүрэлцээтэй хэмжээний усаар хангагдах боломжийн тухай нэгдсэн ойлголт юм. Усны чанарыг илтгэх үзүүлэлтэнд усны найрлага дахь элементүүдийн зохистой харьцаа, хэмжээ хамаардаг байна.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.