2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Амжилтад хөтлөх биеийн 7 хэлэмж

Та бидний бие өөрийн гэсэн хэлтэй. Хэлсэн аливаа үг, өгүүлбэрээс ч ихийг биеийн хэлэмж илэрхийлдэг. Тэгвэл энэ хэлийг эзэмшсэн хүмүүс амьдрал болон ажил дээр илүү амжилттай явааг харж болно. Мөн сэтгэлзүйн хувьд ч өөдрөг байх нь элбэг.

Таныг амжилтад хөтлөх биеийн хэлэмжийн нууцаас хуваалцаж байна.


1. ЦЭХ СУУХ

© Designed by Freepik.com   © Designed by Freepik.com

Бусадтай ярилцахдаа бөгтийх, тохойгоороо ширээ тулах, гараараа нүүрээ халхлах зэрэг үйлдэл гаргах нь ярилцаж буй хүнээ үл хүндэтгэсний шинж тэмдэг гэж үздэг. Эдгээр биеийн хэлэмж нь ярианы сэдэв танд огтхон ч сонирхолгүй байна гэсэн дохиог хамтрагчид тань өгөх болно. Харин та нуруугаа цэх сууж, ярилцаж буй хүнийхээ өөдөөс харах нь нээлттэй, ярьж буй зүйлд сонирхолтой хандаж буйг илтгэх төдийгүй өөрийг тань итгэлтэй нэгэн болгож харагдуулна. Ярьж байхдаа бөгтийх нь таныг эрч хүч, урам зориггүй нэгэн болгон харуулахыг анхаараарай!

2. НҮҮРНИЙ ХУВИРАЛ

© Pixabay   © Pixabay

Зөв, өөртөө итгэлтэй байдлыг таны нүүрний хувирал илэрхийлдэг. Аливаад нээлттэй энэ байдал бусдыг соронз мэт татах болно. Гэвч тунг нь тааруулах хэрэгтэй! Заримдаа хэт их хичээж, нүүрээ хэт хувиргаж, гар, биеэ хөдөлгөж ярих нь таныг худал зүйл ярьж байна гэсэн дохиог хамтрагчид тань өгөх болно. “Хиймэл” нүүрний хувирлыг бидний оюун ухаан ийнхүү хүлээж авдаг байна.  

3. ГАРААРАА ЭЛГЭЭ ТЭВРЭХЭЭС ЗАЙЛСХИЙХ

© Designed by Freepik.com   © Designed by Freepik.com

Бусдыг өөртөө татахыг хүсвэл гараараа элгээ тэврэх, хөлөө ачиж суухаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь гараа элгэндээ наах нь өөртөө “хаалт” хийдэг. “Ярьж буй бүхэнтэй санал нийлэхгүй байна, цаашид санал нийлэхгүй” гэсэн дохиог хамтрагчид тань өгдөг байна. Хэдий та нүүрэндээ инээмсэглэл тодруулсан ч, энэ үйлдэл тань эсрэг сэтгэгдэл төрүүлнэ.

4. ҮСЭЭ БҮҮ ОРОЛД

© Designed by Freepik.com

Хэрэв та бусадтай ярилцахдаа үсээ оролдох, үсэндээ хүрэх, үсээ хуруугаараа ороох зэрэг үйлдлийг өөрийн эрхгүй хийдэг бол даруй энэ зуршлаасаа татгалзаарай. Эдгээр үйлдэл нь таныг тав тухгүй байгааг илтгэж, аль болох хурдан “зугтахыг” хүсч байна гэсэн дохиог бусдад өгдөг.  

5. ИНЭЭМСЭГЛЭЛ

Мэдээж үргэлж хаа явсан газартаа инээмсэглээд байх нь тийм ч зөв санаа биш. Гэхдээ тохиромжтой үед инээмсэглэснээр нөхцөл байдал таны хяналтад байгааг илтгэх төдийгүй, эргэн тойронд юу ч болж байсан та тайван байдлаа хадгалж чадаж байгааг бусад хүмүүс гайхшрах болно.   

6. НҮДНИЙ ХАРЦ

© Designed by Freepik.com   © Designed by Freepik.com

Магадгүй биеийн хэлэмжийн дүрэмд нүдний харц хамгийн чухал нь байж болох юм. Хэрэв та ярилцаж буй хамтрагчийнхаа нүд рүү цэх харж чадахгүй, харц тань үргэлж “гүйж”, “зугтаж” байвал, та ямар нэгэн зүйл нууж байна гэсэн дохиог хамтрагчид тань өгөх болно. Мөн байнга ярилцагч руугаа ширтэх ч тийм таатай биш, ярилцагч тань тавгүйтэх болно. Тиймээс ярьж байхдаа нүдний харцаа хааяадаа өөр тийш хандуулах нь зүйтэй.

7. ГАР БАРИХ

© Designed by Freepik.com   © Designed by Freepik.com

Бусадтай гар барихдаа сул дорой байж болохгүй, “хүчтэй” бай. Ингэснээр таныг өөртөө итгэлтэй, ажил хэрэгч нэгэн болохыг илтгэнэ. Гэхдээ мэдээж аливаа зүйлд хэм хэмжээ бийг санаарай. Хамтрагчийнхаа гарын хуруунуудыг өвдтөл атгаж болохгүй шүү дээ!


Өөрийгөө бусдын нүдээр харахыг оролдоорой! Ингэснээр бусадтай ярилцахдаа ямар алдаа гаргаж байгаагаа мэдэж, засах боломжтой.

 

Нүүр зураг:  javiindy/deposithpotosJavi_indy/freepik 
Эх сурвалж: Talent Smart

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.