Хүмүүсийн биеийн идэвхтэй хөдөлгөөн нь сэтгэл санааны хямралаас сэргийлэх чадвартай болохыг олон улсын эрдэм шинжилгээний бүлэг тогтоосон тухай РАИ Новости агентлаг мэдээлэв.
Сэтгэцийн хувьд эрүүл 266 939 өвчтөн оролцсон 49 бүлэг судалгааны мэдээ баримтыг эрдэмтэд задлан шинжилсэн байна. Судалгаанд хамрагдагсдын 47 хувь нь эрчүүд байсан ба судалгаа үргэлжилсэн дундаж хугацаа 7,4 жил байжээ. Ажиглалтын явцад биеийн жин, хорт зуршил, биеийн ерөнхий үзүүлэлтүүдийг харгалзсан ба биеийн хүчний өндөр ачаалалтай хүмүүс сэтгэл санааны хямралд өртөх нь бага байдгийг эрдэмтэд тогтоосон байна. Үүнд хүмүүсийн нас хийгээд амьдарч буй нутгийн газар зүйн байршил нөлөөлдөггүй аж.
“Дэлхийн хэмжээнд явуулсан энэхүү анхны нэгдсэн судалгаа нь биеийн хүчний идэвхтэй байдал хүн амыг сэтгэл санааны хямралаас хамгаалахад тус дэмтэй болохыг нотолж байна” гэж эрдэмтдийн бүлгийн тэргүүлэгч гишүүн, профессор Фелипе Баррето Шуч онцлон тэмдэглэжээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар, уг судалгаа нь эрүүл амьдралын хэв маягийг дэлгэрүүлэхэд тус дөхөм үзүүлэх юм байна.
24news.mn