Өглөө сэрэхэд нүд бүлцийн, хуруу хөөгөөд, бөгж тань багтахаа больчихдог асуудлынхаа хариултыг хайн, одоо хэр нь ололгүй арга мухардаж сууна уу. Усан таргын талаар таны мэдэхгүй бүхнийг энд бэлдлээ.
Жин тань өмнөх өдрөөсөө 1,3 кг-ийн зөрүүтэй хэлбэлзэхийг хараад “Юу идсэн болоод” гэж өөрийгөө “зүхэн” суугаа юм биш биз. Сэтгэл сэргээм сайхан мэдээ дуулгахад энэ хэлбэлзэл нь өөх бус ус гэвэл арай наана сонсогдож байна уу. Учир нь нэг л шөнийн дотор өөх 1,3 кг нэмэгдэх боломж байхгүй. Хүн 0,45 кг өөх хуримтлуулахын тулд өөрийн хэрэгцээт хэмжээнээс гадна нэмэлт 3500 ккал илчлэг идэх ёстой. Тэгэхээр нэг өдрийн дотор 10000 гаруй ккал илчлэг нэмж идэж байж 1,3 кг өөх хуримтлуулна гэсэн үг юм. Тийм болохоор санаа зоволтгүй.
Хүний бие нь гормон болон натри, кали мэтийн эрдэс бодисын тусламжтайгаар зохист тэнцвэрээ хадгалж байдаг. Гэтэл энэхүү тэнцвэр түр хугацаагаар алдагдсанаас хүн өглөө сэрэхдээ бага зэрэг “хөөсөн” байх нь бий. Ийнхүү усан тарга үүсгэх шалтгаануудын эрэлд гарцгаая.
Шалтгаан
Натри ба түр зуурын шинжтэй усан тарга
Натригаас үүсэлтэй усан тарга нь давс ихтэй, сайтар боловсруулсан хүнснээс их хэмжээний натри авсантай холбоотой байдаг. Натри нь хүний биед чухал үүрэгтэй ч цусан дахь натрийн хэмжээ харьцангуй бага байх ёстой. Хэрэв та хэт шорвог хоол идвэл (цусанд их хэмжээний натри оруулж байна гэсэн үг) таны бие түүнийг “шингэлэх”-ийн тулд хэрэгцээт усыг нөөцлөсөн нь таны нүүр, гар хөөх шалтгаан болдог байна.
Цардуул, чихэр ба түр зуурын усан тарга
Хэт боловсруулсан нүүрс усаар баялаг хоол хүнс мөн усан тарга үүсэхэд хүргэдэг. Хэрэв та оройн хоолондоо гоймон, цагаан будаа, чихэрлэг ундаа, хоол хүнс хэрэглэсэн бол цусан дах сахарын хэмжээ хурдацтайгаар нэмэгдэнэ. Ингэснээр цуснаас сахарыг биеийн эд эс рүү зөөвөрлөхөд тусалдаг инсулин хэмээх гормоныг таны бие ялгаруулж эхэлдэг байна. Инсулины түвшин өндөр байвал таны бие натри болон шингэнийг нөөцлөх дохио өгнө. Нүүрс ус их хэмжээгээр агуулсан хоол хүнс инсулины хэмжээг огцом нэмэгдүүлдэг тул шингэн тогтмол хуримтлагдсаар байх магадлалтай.
Гормоны өөрчлөлт ба түр зуурын усан тарга
Түр зуурын шинжтэй усан тарга үүсэхэд гормон бас нөлөөлөх нь бий. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн мөчлөгтэй давхцах гормоны өөрчлөлт нь 1-2 кг усан тарга нэмэхэд нөлөөлж болох бөгөөд энэ байдал 1 долоо хоног буюу түүнээс дээш хугацаагаар үргэлжилдэг байна. Хэдийгээр та гормоныөөрчлөлтөд орохоос зайлсхийх боломжгүй ч хоол хүнсэндээ өөрчлөлт оруулах замаар үүнд нөлөөлөх боломжтой.
Усан таргатайгаа ингэж тэмцээрэй
Хоол хүнсэндээ цөөн хэдэн энгийн өөрчлөлтийг оруулснаар түр зуурын усан таргыг шийдвэрлэх боломжтой. Биед шингэн хуримтлагдахад нөлөөлдөг өвчлөл, эм тарианы зүйлс байдаг бөгөөд хэрэв танд усан таргын шинж ойр ойрхон болоод урт хугацаагаар илэрвэл яаралтай эмчдээ хандаж, ярилцах нь зүйтэй.
Давсны хэрэглээгээ хязгаарла
Боловсруулалт өндөртэй хоол хүнс их хэмжээний натри агуулсан байх магадлалтай тул аль болох органик хоол хүнсийг сонгож хэрэглэ. Давс ихтэй зууш, шөл, амтлагч, соусны хэрэглээг багасгаж,хоол хийх болон хооллох үедээ зориулалтын давс цацагч ашиглан давсыг бага хэмжээгээр амтлах төдий хэрэглээрэй.
Цардуул болон чихрийн хэрэглээгээ багасга
Цагаан талх, ердийн гоймон, цагаан будаа зэрэг сайтар боловсруулсан нүүрс усны оронд бүхэл үрийн бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэ. Эдгээр нь удаан шингэдэг тул цусан дахь сахар болон инсулины хэмжээг нэмэгдүүлэхгүй. Мөн чихэрлэг ундааны оронд ус юмуу ногоон цайг сонгоорой.
Хангалттай хэмжээний ус уу
Биед усан тарга нэмэгдсэн үед нэмж шингэн хэрэглэж болохгүй мэт санагдаж магадгүй. Гэвч шингэн зүйл уух нь илүүдэл давс болон усыг биеэс гадагшлуулахад тусалдаг болохоор өдөрт 6-8 аяга ус тогтмол ууж заншаарай.
Кали хэрэглэ
Кали нь биед шингэний тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд натритай зохисттэнцвэрийг хангаж байх ёстой. Кали нь жимс болон хүнсний ногоонд элбэг байдаг ч ихэнх хүмүүс хоол хүнсээрээ дамжуулан хангалттай хэмжээний кали авч чаддаггүй. Хооллох болон хөнгөн зууш идэх бүртээ жимс юм уу хүнсний ногоо хэрэглэхийг хичээгээрэй.
Сюзан Бауэрмэн, шинжлэх ухааны зохиолч,
24news.mn