2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Жэк Ма: Ирээдүйд 12 цагийн ажлын долоо хоногт шилжих боломжтой

Технологийн дэвшлийн ачаар хүмүүс ойрын ирээдүйд 12 цагийн ажлын долоо хоногт шилжих боломжтой болно гэж Хятадын “Alibaba” корпорацыг үүсгэн байгуулагч Жэк Ма үзэж байна. Тэрбээр энэ тухайгаа пүрэв гарагт Шанхай хотод болсон хиймэл оюун ухааныг хөгжүүлэх олон улсын бага хуралд үг хэлэхдээ мэдэгджээ.

“Хүн бүр, бүх улс орон болон Засгийн газар бидний үр хүүхдүүд долоо хоногийн гурван өдөр, өдөрт дөрвөн цагийн ажил олж чадна гэдэг итгэлтэй байхын тулд боловсролын тогтолцоог шинэчлэх ажлыг ирэх 10-20 жилийн хугацаанд хийх ёстой” гэж Жэк Ма хэлсэн байна.

Гэхдээ тэрбээр технологийн хөгжил нь ажлын байрны тоог цөөрүүлэхгүй гэдгийг онцлон хэлжээ. “Ажлын байрны хувьд би санаа зовохгүй байна. Компьютерууд зөвхөн чиптэй байдаг бол хүмүүс зүрх сэтгэлтэй байдаг. Мэдлэг зүрх сэтгэлээс гардаг” гэж Ма хэлсэн байна. Түүний хэлснээр, “хиймэл оюун ухааны ачаар хүмүүст амьдралаа сайхан өнгөрүүлэх цаг зав гарна”.

Жэк Ма “Alibaba” компанийг 1999 онд Ханжоу хотод байгуулсан бөгөөд цахим арилжааны салбар дахь дэлхийн томоохон компаниудын нэг болгож чадсан юм. Хятадын хамгийн баян гурван хүний нэгд тооцогддог түүний хөрөнгө 2018 онд 30 гаруй тэрбум ам.доллароор үнэлэгджээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.