Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Өмнөд Солонгосын фитнессийн аварга шалгаруулах "Musclemania” тэмцээний Miss Bikini төрөлд гуравдугаар байр эзэлж, улмаар Сөүлийн Канбүг дүүргийн Соншин Их Сургуулиас зохион байгуулсан "K-Beautymiss championship” буюу БНСУ-ын шилдэг фитнесс мисс шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дэд миссээр шалгарсанаар Мишээлийн хилийн чанад дахь алдрын замнал эхэлжээ.
Цэвэр цусны монгол бүсгүй "Гуулин” улсад нэр алдраа цуурайтуулж эхэлсэний нууц юу вэ гэж үү? Бид дүгнэхдээ түүний ази маягийн гоо үзэсгэлэн, хэр баргийн солонгос бүсгүйд байхгүй биеийн пропорци, плюс түүний боловсрол, амбиц, мөрөөдөл аж. Өөрөөр хэлбэл тэр зүгээр нэг хувцас өмсөж, тайзан дээр алхдаг хоосон толгойтуудын нэг биш. Багын мөрөөдөл нь урлагийн хүн болох ч сайхан бүсгүйн нэг шалгуур бол эрдэм боловсрол юм шүү хэмээх ээж, аавынхаа захиасыг биелүүлж, "Халлим" Олон Улсын харилцааны сургуульд Дипломат харилцаа, аюулгүй байдлын ангийг дүүргэж, магистрын зэрэг ч хамгаалж амжжээ. Өөрөөр хэлбэл, тэр эхлээд дотоод сэтгэлээ боловсруулаад, дараа нь гадаад гоо үзэмжиндээ анхаарч эхэлжээ.
Өмнөд Солонгост 13 дахь жилдээ амьдарч буй Мишээлийн дараагийн алхам огт өөр тийш чиглэж байгаа аж. Тэрбээр саяхны нэгэн өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Эзэмшсэн мэргэжлээрээ буюу дипломат харилцааны чиглэлээр ажиллаж, Монгол, Өмнөд Солонгосыг холбосон гүүр болохыг зорьдог” хэмээн ирээдүйн амбицаа тодорхойлсон талаар тэндхийн хэвлэлүүд онцлон шуугиж эхэлсэн байна. Монгол бүсгүй эх оронд нь боловсрол эзэмшээд зогсохгүй шоу бизнесийнх нь ертөнцөд нэр алдраа цуурайтуулчихаад улмаар хоёр орны дипломат харилцааны талаар ам нээж, хүчин зүтгэхээ илэрхийлсэнд Өмнөд Солонгосын хэвлэлүүд ихээхэн олзуурхаж буйгаа онцолсон аж. Түүнд улам их амжилт хүсэцгээе!
Эх сурвалж: "Гранд" сэтгүүл