2021 оны 10 сарын 21
Фото
Донателла Версаче: Бусдыг дууриах бус өөрийнхөө мэдрэмжийг дага

Италийн “Versace” компанийн эзэн, дизайнер Донателла Версаче өдгөө 62 настай. Анх ах нь болох Жанни Версаче 1978 онд байгуулсан энэхүү компани өдгөө загварын “акулууд”-ын нэгд зүй ёсоор ордог. 1997 онд ах нь бусдын гарт амиа алдсан бөгөөд тэр цагаас хойш Донателла компаниа удирдах болсон. Ингээд Миланд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

Донателла 1987 онд Паул Бэк гэх загвар өмсөгчтэй гэрлэж хүү, охин хоёртой болсон. Хос хэдийгээр салсан ч гэлээ компанидаа хамтран ажилласан хэвээр байгаа.

Загварын хатан хааныг Италийн загварын ертөнцийг атгадаг гэж хэлэхэд болно. Түүний тансаг загварууд дэлхийд ч мөн томоохон нөлөөтэй байсаар ирсэн.

Амжилттай, гялалзсан эмэгтэйн сонгодог жишээ болсон тэрээр анх брендийнхээ загвар өмсөгчөөр ажилладаг байж. Тэр хийж буй зүйлээ урлаг хэмээн үзэж, төгс төгөлдөр байлгах үүднээс бүх авьяасаа зориулж иржээ.

Гэхдээ тэр бүх зүйл энгийн байхдаа сайхан гэж үздэг нэгэн. Загваруудаа ч гэсэн чөлөөт уран сэтгэлгээтэйгээр гаргаж, өөрийгөө болон ажиллагсдаа ажлаасаа сэтгэл ханамжийг авах ёстой гэж үздэг байна. Тиймдээ ч ажилдаа нэг их түүртдэггүй.

Үнэндээ тэр их ичимхий нэгэн аж. Сэтгэл хөдлөлөө зөвхөн загвараараа гаргаж харуулдаг тэрээр нууцлаг хатагтай байсаар ирсэн. Гэхдээ өөртэй нь хамтран ажиллах моделиудыг эрч хүчтэй, нээлттэй бөгөөд өөртөө итгэлтэй байвал дуртай байдаг аж. Тэрээр удирдан зохион байгуулах ажилдаа гаргууд сайн.

Түүний загварууд Европ, Америк, Ази болон Арабын ертөнцөд хэзээнээс цахиур хагалсан юм. Загварын хувцаснаас гадна тансаг үнэртэй ус, цүнх, цаг, үнэт эдлэл, бүс, чимэглэл, нүдний шил болон шаазан эдлэл үйлдвэрлэдэг.

Донателла “Чи бусдыг бүү дууриагаарай. Өөрийн мэдрэмжийг даган, өөрийн ертөнцийг амьлуул.” гэж нэг удаа хэлсэн байдаг.

 

24news.mn

http://24news.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.