2024 оны 12 сарын 14
Фото
Амьд бактери дотор GIF зураг хуулжээ

Nature сэтгүүлийн шинэ дугаарт Харвардын их сургуулийн эрдэмтэд амьд бактери дотор GIF буюу хөдөлгөөнт зураг хуулсан тухай нийтэлжээ. Хачин сонсогдож болох хэдий ч тэд CRISPR хэмээх ген өөрчлөх аргыг ашигласан аж.

Жишээлбэл энэ аргаар хулганын эсэд байсан ХДХВ-ийг амжилттай устгасан тохиолдол гарч байв. Харин Харвардын их сургуулийн эрдэмтэд анагаах ухааны салбарт өмнө нь хийж байгаагүй зүйлийг гүйцэтгэжээ.

Тэд давхиж буй морины дүрс бүхий GIF зургийг кадр бүрээр нь бактери дотор хуулж, буцааж татаж авахдаа 90 хувийн нарийвчлалтайгаар сэргээсэн аж.

Нийтлэлд бичсэнээр “Энэ аргаар бид дурын мэдээллийг геномд хуулж чадна. Жишээлбэл саяны тохиолдолд хар, цагаан дүрслэл бүхий богино хэмжээний дүрсийг амьд бактерид хууллаа. Үүгээр бид мэдээлэл хадгалах системийг илүү өөр аргаар бүтээж чадна” гэжээ.

Хамгийн сонирхолтой нь бактери хуваагдах явцдаа ген дотроо агуулж буй дээрх мэдээллээ өвлүүлж байсан аж. Хэдийгээр молекулын хэмжээний шийдэл боловч, санаа нь өөрөө асар том зүйлийн эхлэл юм.

Хэрвээ энэ аргыг ашиглан хүний мэдрэлийн эсэд мэдээлэл суулгаж чаддаг болбол асуудал бүр ч өөрөөр эргэнэ. Ганцхан грамм ДНК-д бүтэн терабайт хэмжээтэй мэдээлэл 215 мянган ширхгийг багтаах боломж бидэнд бий.

Тэгэхээр онолын хувьд дээрх аргаар хүн төрөлхтөн үүссэн цагаас хойших бүхий л мэдээллийг ширхэг үсэг, ганц тоо орхилгүйгээр хадгалж авахад нэг өрөө л дүүрэх аж.

Колумбийн их сургууль, Нью Йоркийн геномын судалгааны төв өнгөрсөн гуравдугаар сард амьтны ДНК-д үйлдлийн систем, 1895 оны Франц кино, Амазоны бэлгийн карт болон бас бус мэдээллийг ямар ч алдаагүй хуулж, хадгалж чадсан бөгөөд магадгүй бид ирээдүйд ямар нэгэн мэдээллийг зүгээр л мэдрэлийн эсдээ хуулдаг ч болж болох юм.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.