Өглөөг хэчнээн эрч хүчтэй, урам зориг дүүрэн эхлүүлсэн ч өдрийн дундуур анхаарал сарниж, ажил нэг л урагшлахгүй, гараас чинь олигтой зүйл гарахгүй байна уу? Заримдаа та хэчнээн хичээсэн ч төлөвлөсөн зүйл бодсоны дагуу биелэхгүй байж өөртөө урам хугарах тохиолдол гарч байна уу? Санаа зоволтгүй, та ганцаараа биш. Тийм сэтгэгдэл хүн бүрд их, бага хэмжээгээр тохиолддог гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Өөрийгөө шахаж шаардан, илүү цагаар ажиллаж болох ч энэ нь урт хугацаандаа таны хувийн амьдрал, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна аз жаргалыг чинь булаах магадлалтай. Танд ухаалгаар ажиллаж, бүтээмж дүүрэн байхад тань туслах хамгийн үр дүнтэй долоон зөвлөгөөг хүргэж байна.
ӨДӨР БҮР ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАЖ, ТОДОРХОЙГҮЙ БАЙДЛЫГ АРИЛГА
Өдрийг бүтээмжтэй өнгөрүүлж чадахгүй байгаа хүмүүсийн хамгийн том шалтгааны нэг нь тэд "яг одоо, өнөөдөр” юу хийхээ бүрэн дүүрэн мэддэггүй. Зөвхөн мөнгө олох, жин хасах, эрүүл хооллох, бизнесээ босгох зэрэг ирээдүйн зорилгуудаа дотроо тээсээр явдаг. Гэхдээ мянга бодож, шаналахаас илүүтэйгээр "яг одоо хүссэндээ хүрэхийн тулд ямар үйлдэл хийх вэ” гэдэг хамгийн чухал.
Хэрэв таны өнөөдөр хийх зүйлс тодорхойгүй бол тархи илүү амархан, ач холбогдолгүй, богино хугацаанд сэтгэл ханамж өгөх өөр төлөвлөгөө боловсруулж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хүмүүс үл мэдэх байдлаас болж урт хугацаанд өгөөжтэй чухал ажлаа хойшлуулахаас гадна цагаа дэмий үрж, бүтээмжээ бууруулдаг гэсэн үг. Яаралтай биш гэсэн шалтгаанаар хойшлуулсаар байтал хүсэл эрмэлзэл бага багаар унтарч, нэг л мэдэхэд ямар их цаг алдсанаа гайхан сэтгэлээр унах тохиолдол бий.
Тиймээс та өдөр бүр хийх зүйлсийнхээ (1-5) жагсаалтыг гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь төлөвлөгөөгөө нарийн, тодорхой гаргаж өгснөөр эргэж буцалтгүй түүндээ анхаарал хандуулах сэдлийг тархиндаа суулгаж өгнө. Ингэснээр өдөрт илүү шийдэмгий, бүтээмжтэй ажиллах боломжтой.
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХЫН ОРОНД ЦӨӨН ЦАГТ БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛА
7 хоногт 40 цаг ажиллах үзэгдэл ер нь хаанаас гарч ирснийг та мэдэх үү?
АНУ-ын "Ford Motor” компанийн захирал Хенри Форд 1926 онд ажилчдынхаа дунд нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Тэрээр ажлын хоногийг 6-5, ажлын цагийг 10-8 болгож багасгахад ажилтнуудын бүтээмж эрс нэмэгдсэн байна. Сүүлийн хувилбар нь компани болон ажилтнуудад харилцан ашигтай тусжээ. Илүү цагаар ажиллах тусам бүтээмж буурдаг гэдгийн тод жишээ энэ аж.
7 хоногт 60-аас илүү цагаар ажиллах хуваарь хоёр сараас дээш хугацаанд үргэлжилбэл бүтээмж алдагдал нь хуримтлагдсаар 7 хоногт 40 цагаар ажиллаад дуусгах боломжтой байсан даалгаврыг ижил хугацаанд ч гүйцэтгэж чадахааргүй байдалд хүрдэг байна.
Абрахам Линколн "Хэрэв надад мод тайрах 6 цаг өгвөл би эхний 4 цагийг сүхээ хурцлахад зарцуулна”
АНУ-д үйлдвэрийн ажилчид 1900-аад оны эхээр 7 хоногт 100 цаг ажилладаг байсныг 1940 оны хуулиар 40 цаг болгон бууруулсан аж.
Мөн АНУ-ын армиас явуулсан судалгаагаар "долоо хоногт өдөр бүр 1 цагийн нойр алдвал цусан дахь алкохолын хэмжээ 0.10 байгаатай дүйцэхүйц хэмжээнд танин мэдэхүйн чадвараа алддаг" гэдгийг тогтоожээ. Ажилдаа согтуу ирвэл халагдаж мэдэх ч шөнөжин нойргүй хоновол ажлын нэг өдрийг ямар ч үр дүнгүй өнгөрүүлэх нь байна. Ийм учраас бид олон цагаар ажиллах бус хангалттай нойр авч, өөртөө цаг гаргаж, бүтээмжээ өндөр байлгахад анхаарлаа хандуулах нь хамгийн чухал.
Д.ЭЙЗЕНХАУРЫН ХҮСНЭГТ: ЧУХАЛ БА ЯАРАЛТАЙ АЖЛЫГ ТЭНЦВЭРТЭЙ ХУВААРИЛ
АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Эйзенхаурын гаргасан хүснэгт нь ажлаа эрэмбэлэн хуваарилах шалгарсан аргуудын нэг юм. Тэрээр "Надад чухал ба яаралтай гэсэн хоёр төрлийн ажил байдаг. Яаралтай нь хэзээ ч чухал байдаггүй, чухал нь хэзээ ч яаралтай байдаггүй” хэмээн хэлсэн байдаг. Гэтэл бодит байдал дээр бид алинд нь их анхаарал хандуулдаг бол?
Та өөрийн хийх ёстой ажлаа Д.Эйзенхаурын хүснэгтийн дөрвөн нүдэнд хуваарилснаар хэр их цагийг шаардлагагүй зүйлсэд зарцуулдаг болон таны амьдралд юу хамгийн чухал гэдгийг олж харна.
Яаралтай хэдий ч чухал биш ажлууд хүнийг бухимдуулах нь нийтлэг. Энэ ангилалд янз бүрийн и-мэйлд хариу өгөх, уулзалт товлох, бичиг баримт янзлах зэрэг ажлууд багтаж болох юм. Харин бид хамгийн чухал ажилдаа төвлөрөх цагийг тусад нь гаргадаг байх хэрэгтэй. Тухайлбал лидерүүдийн хувьд компанийнхаа урт хугацааны стратегийн зорилтыг тодорхойлох, хүний нөөцийнхөө хөгжилд анхаарах, шинэ бренд бий болгох гэх мэт бодлогодоо заг зарцуулах нь зүй ёсны хэрэг. Эдгээрийг хойшлуулах нь урт хугацаандаа ямар их хор хохирлыг авчрахыг хэн ч таашгүй.
Д.Эйзенхаурын хүснэгт хүмүүст үнэт цагаа зөв зохистой ашиглаж, чухал зүйлсээ орхигдуулахгүй байхад тусална. Хэрэв та ажлаа зөв хуваарилж чадалгүй, өдрийг бүтээмжгүй өнгөрүүлж байгаа мэт санагдаж байвал энэ аргыг заавал туршиж үзээрэй.
ОЛОН АЖЛЫГ ЗЭРЭГ АМЖУУЛАХААС ЗАЙЛСХИЙЖ, НЭГ ЗҮЙЛД АНХААРЛАА ГҮН ТӨВЛӨРҮҮЛ
Судалгаанаас харахад нэг ажлаас нөгөө ажил руу шилжих эсвэл бусад зүйлс анхаарал сарниулсан тохиолдолд та хийж байсан зүйлдээ дахин төвлөрөхийн тулд дунджаар 25 минутыг зарцуулдаг байна. Энэ үзэгдлийг "анхаарал сарнилтын эмгэг” гэж нэрлэдэг. Тархи нэг ажлаас нөгөө рүү амархан шилжиж чадахгүй, энэ үед анхаарал төвлөрүүлэх чадвар тодорхой хэмжээгээр буурч байдаг.
Олон ажлын зэрэг амжуулах гээд дахин дахин төвлөрөх гэж оролдох нь тархины эрч хүчийг шавхдаг. Ийм шалтгаанаар өдрийн төгсгөлд ихэнх хүмүүст ядарсан, эрч хүчгүй мэдрэмж төрдөг байна. Тиймээс та хамгийн чухал зүйл дээрээ тодорхой цагт гүн төвлөрч ажиллавал илүү бүтээмжтэй байх болно.
"Deep work" номын зохиолч Кал Ньюпорт өөрийн тогтсон цагийн төлөвлөгөөтэй болох замаар гүн төвлөрч ажиллах аргыг санал болгожээ. Жишээ нь, 18:00-д ажлаа дуусгана л гэсэн бол 18:00-аас хойш ямар ч ажил хийхгүй байх хэрэгтэй.
Энэ арга барил хэтэрхий хүнд сонсогдож байвал арай хөнгөхөн хэлбэр буюу 40 минут гүн төвлөрч ажиллаад богино хугацааны завсарлага авах байдлаар бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой.
"ПАРКИНСОНЫ ХУУЛЬ”: АЖЛАА ТӨЛӨВЛӨСӨН ХУГАЦААНДАА АМЖУУЛЖ СУР
Хэрэв та төлөвлөсөн зүйлийнхээ хугацааг сунгах хандлагатай бол Паркинсоны хуулийг ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хоёр цагт дуусгах ажлыг хийхдээ өөртөө зөөлөн хандаж, энэ өдөртөө л дуусгахад болно гэж далд ухамсартаа бодох нь таныг илүү сэтгэл түгшсэн, төвөгтэй байдалд оруулдаг. Үнэндээ та уг жижигхэн даалгаврыг гүйцэтгэхийн тулд бүтэн өдрийг ч зарцуулах магадлалтай.
Өөртөө илүү цаг олгох нь ажлын чанарыг сайжруулахгүй л болов уу. Харин өдөржингөө "Үүнийг хэрхэн дуусгах вэ” гэсэн бухимдал, дарамт, санаа зовох байдал үүсдэг. Цагаа зөв хуваарилснаар бусад ажилдаа цаг гаргаж чадахаас гадна өөртөө үүсгэж буй сэтгэл түгшсэн байдлыг багасгана. Нэг ёсондоо хийх зүйлээ аль болох бодитой, богино хугацаанд амжуулна гэсэн зорилт тавих хэрэгтэй. Хэрэв бид эцсийн хугацаандаа багтаж тухайн даалгаврыг дуусгаж чадна гэсэн далд ухамсрыг суулгаж чадвал хийх арга олдож л таарна.
Зөв дарамт, шахалтыг мэдэрснээр хүмүүс богино хугацаанд гайхалтай зүйлийг амжуулах чадамжтай болдог. Гэнэт л асуудлыг шийдэж, бүтээгч машин болдог үе бид бүгдэд байдаг шүү дээ. Нэг талаараа дарамт нь шалтаг хайж, үнэт цагаа үрэхийн оронд хамгийн чухал зүйлдээ өөрийгөө хүчлэн гүн анхаарлаа төвлөрүүлэхэд түлхэц болж өгдөг.
АМЖИЛТЫН 80 ХУВИЙГ АВЧИРДАГ 20 ХУВИЙН АЖИЛДАА ЦАГАА ЗАРЦУУЛ
Паретогийн 80/20-ийн зарчим нь хүмүүсийн ажил, амьдралын хамгийн чухал, үнэт зүйлсийг тодорхойлоход оршино. Уг зарчмаар бидний хийж буй зүйлсийн 20 хувь нь амжилтын 80 хувийг авчирдаг. Энэ 20 хувийн ажилд илүү их цаг, хүчин чармайлт, эрч хүчийг зарцуулах хэрэгтэй.
Харин бидний хийж байгаа зүйлсийн 80 хувь нь амжилтын ердөө 20 хувийг эзэлдэг. Тиймээс бид дааж давшгүй их ажил хийж, толгойгоо гашилгахын оронд амжилтын 80 хувийг авчирдаг тэр 20 хувийн ажлыг л чанартай хийхэд хангалттай. Тэгэхээр үр ашиг багатай зүйлсэд "үгүй" гэж хэлж сурах нь таныг сэтгэл ханамжтай амьдрахад тусална.
Бидний ихэнх нь олон хэрэггүй зүйлтэй зууралдаж яваагаа анзаардаггүй. Угтаа бол цөөн хэдэн зүйл таны аз жаргал, сэтгэл зүй, ажлын амжилт, эрүүл мэнд, эд баялагтай нягт холбоотой байдаг. Эдгээр зүйлсээ тодорхойлсны дараа бичиж тэмдэглэн, өдөр бүр төлөвлөж түүндээ цаг гаргаж байгаарай.
Гэхдээ ямар зүйлд үгүй ямарт нь тийм гэж хариулах хэрэгтэй вэ гэдэг асуудалтай тулгарна. Үнэхээр ялгаж чадахгүй тохиолдолд бүх хийх хэрэгтэй зүйлсээ гарах үр дүнтэй нь жагсааж бичээд, хэрэгтэй хэрэггүйгээр нь үнэлэх хэрэгтэй. Хэн ч муу хүн болж харагдахыг хүсдэггүй тул "тийм” гэж хэлэх нь хүмүүст хялбар байдаг ч шаардлагатай үед "үгүй” гэж хэлж сураарай.
ЯГ ОДОО ХИЙЖ ЭХЭЛ
Үйлдэл хийж байж өөрчлөлт ирнэ. Эдгээр зөвлөмжүүдээс багадаа 3 техникийг нь туршаад үзвэл та бүтэн өдрийн турш өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой. Их ажиллахаас илүү ухаалаг ажиллах нь таныг сэтгэл хангалуун амьдрахад туслах хамгийн зөв сонголт юм.
24news.mn