2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Хөмсөг суулгах гоо сайхны үйлчилгээний талаар таны мэдэх ёстой зүйлс

Хөмсөгний харандаа болон бусад будаг хэрэгсэлгүйгээр мөрөөдлийнхөө хөмсөгтэй сэрж байна гээд төсөөл дөө. Тэгвэл одоо үүнийг бодитоор хэрэгжүүлэх боломжтой боллоо. Тодруулбал харьцангуй шинэ үйлчилгээ гэж хэлж болох хөмсөг уртасгах үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийн дунд улам л эрэлттэй болж байна. Сормуус суулгахтай ижил зарчмаар хийгддэг энэхүү үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Ямар арга барилаар хийгддэг вэ?

Энэ үйлчилгээний үеэр сормуус суулгахтай адил арьсанд аюулгүй цавуугаар синтетик үсийг хөмсөгний үсэнд залгадаг байна. Гэвч сормуус суулгахад хэд хэдэн ширхэг хиймэл үсийг нэг ширхэг өөрийн сормуусанд давхарлаж суулгадаг бол, хөмсгөнд үс болгонд нэг ширхэг синтетик үс нааж эсвэл арьсан дээр шууд нааж өгдөг юм. Хэрэв та өөрийн мэт өтгөн хөмсөгтэй болохыг хүсдэг бол энэ үйлчилгээ нь нэн тохиромжтой билээ.

Хөмсөг шивэх эсвэл будгаар будах нь удаан хугацааны тогтоцтой байдаг бол хөмсөг өтгөрүүлэх энэ үйлчилгээ нь илүү богино хугацааны үр дүнтэй юм. "Ойролцоогоор хоёр долоо хоногийн турш тогтдог учир өдөр тутамд гэхээс илүү тусгай арга хэмжээнд зориулж хийлгэх нь илүү тохиромжтой" хэмээн Envious Lashes гоо сайхны салоны үүсгэн байгуулагч Клементина Ричардсон хэлжээ. Мөн хэрэв та тослог арьстай бол арьсанд наалдсан хиймэл үс нь хэдхэн хоногийн дараа унах магадлалтай. Харин хөмсөгний ширхэгт наасан тохиолдолд хэрхэн арчилснаас шалтгаалан дөрвөн долоо хоногийн турш байлгах боломжтой аж. Ерөнхийдөө үйлчилгээний үр дүн хэр удах нь тухайн хүний арьсны онцлог болон арьс арчилгаанаас шалтгаалах учир анхаарал болгоомжтой байх шаардлагатай билээ.

Хөмсөг суулгах гоо сайхны үйлчилгээний талаар таны мэдэх ёстой зүйлс (фото 1)

Хийлгэсний дараах арчилгаа

Арчилгаа нь үйлчилгээний дараа нэн даруй эхлэх болно. Эхний 48 цагийн турш хөмсгөө норгож болохгүй ба хөмсгөө будах болон тосон суурьтай бүтээгдэхүүн түрхэхээс зайлсхийх хэрэгтэй. Орой унтахдаа мөн үрэлт үүсгэхээс болгоомжилно уу.

Гоо сайхны салон сонгохдоо

Юуны түрүүнд найдвартай газар сонгох нь хамгийн чухал юм. Үйлчилгээг хийх ажилтан нь туршлагатайгаас гадна мэргэшсэн байх шаардлагатай. Салонтойгоо урьдчилан холбогдож өмнө нь хийсэн ажилтай нь танилцсанаар муу үйлчилгээ авахаас сэргийлнэ. "Хөмсөг суулгахад хэрэглэгддэг үс нь сормуус суулгахад ашигладаг үснээс хамаагүй нарийн ширхэгтэй ба зөвхөн зориулалтын хиймэл хөмсөг хэрэглэхгүй бол хөмсөг тань маш эвгүй, хиймэл харагдах эрсдэлтэй тул зөв газраа сонгох хэрэгтэй" хэмээн Ричардсон зөвлөж байна.

https://www.buro247.mn/beauty/news/kh-ms-g-suulgakh-goo-saykhny-ylchilgee-garlaa.html

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.