Долдугаар сарын сүүл үед шарилж, лууль зэрэг хөл газрын ургамлын тоосжилт нэмэгдэж, үрээ цацаж эхэлдэг аж. Улмаар иргэдийн дунд амьсгалын замын харшил нэмэгдэж, сэдэрдэг байна. Энэ үеэр харшилтай хүмүүс нүд загатнах улайх, нулимс гоожиж, найтаах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Иргэд ихэвчлэн хөл газрын ургамлыг зулгааж авдаг. Ингэх нь хөрсний нөхөн төлжилтийг бууруулж, илүү их ургах нөхцөлийг бүрдүүлж, тоосжилтыг нэмэгдүүлэн харшлыг улам сэдрээдэг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм.
НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ тэрбээр, хөл газрын харшил үүсгэгч ургамлын тоосжилт эхлэхээс өмнө буюу өдийд хадах, тайрах нь үр дүнтэй байдаг. Шарилж, луулийн төрлийн ургамлуудын үрлэх, үр боловсрох хугацаа харилцан адилгүй ба цэцэглэлтийн үе нь янз бүр. Мөн тайрсны дараа дахин ургадаг учир зургаадугаар сарын сүүлийн долоо хоногоос, наймдугаар сарын дунд үе хүртэл гурван удаагийн давтамжтай тайрах шаардлагатай гэв.
Эхний тайралтыг зургаадугаар сарын 20-ноос долдугаар сарын 1, хоёр дах тайралт долдугаар сарын 15-аас долдугаар сарын 25-ны хооронд, гурав дах тайралтыг наймдугаар сарын 5-аас 15-ны хооронд хийх ёстой байдаг байна.
Ингэхдээ малгай, нүдний шил, бээлий, амны хаалт зэргийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай аж. Хадалт, тайралтыг жил бүр тогтмол хийснээр шарилж, лууль багасаж зүлэг нэмэгддэг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
24news.mn