Жил бүрийн 2 дугаар сарын 14-ний өдрийг дэлхийн олон оронд хайрын баяр болгон тэмдэглэдэг билээ. Гэгээн хайрын бэлгэдэл болсон энэхүү баяраар шоколад бэлэглэдэг уламжлалтай. Гоёмсог боодолтой, сайхан амттай, төрөл бүрийн хэлбэр дүрстэй шоколадыг улаан сарнайны хамт бэлэглэх нь элбэг. Харин энэ баяраар яагаад заавал шоколад бэлгэлдэг вэ?
Шоколадыг эрт үеэс афродизиак хоол буюу романтик хүсэл тэмүүлэл өдөөгч хүнс гэж үздэг байжээ. Учир нь шоколаданд хүний хүсэл тэмүүллийг өдөөж, романтик байдлыг нэмэгдүүлдэг бодис агуулагддаг тул эрт үеэс хүмүүс хайртай хүнээ өөртөө татаж, тэмүүллийг нь нэмэгдүүлэх зорилгоор шоколад бэлгэлдэг байсан нь уламжлал болон тогтож өдийг хүрчээ.
Харин сүүлийн үеийн судалгаагаар шоколад иддэг эмэгтэйчүүдийн романтик хүсэл эрмэлзэл нь шоколад иддэггүй эмэгтэйчүүдийнхээс илүү байдаг нь тогтоогджээ. Учир нь шоколадны агууламжинд тархийг тайвшруулж, сэтгэл санааг сэргээж, хайрын мэдрэмжийг нэмэгдүүлдэг химийн бодис байдаг гэнэ. Ийм учраас л хайрын баярын заавал байх ёстой бэлгээр шоколад сонгогдож, уламжлал болон тогтжээ.