“Цагаан мөнгөн баталгаа бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах нь зүйтэй” хэмээн 1924 оны 8 дугаар сард хуралдсан МАН-ын III их хурлаар онцлон заажээ. Улмаар Монгол Улсын анхдугаар их хурлын тогтоолд гадаадын мөнгө хэрэглэх нь улс орны эдийн засагт ихээхэн хор хохиролтой болохыг тэмдэглээд, үндэсний мөнгөн тэмдэгт бий болгох нь чухал гэж заасан байна. Уг шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-ны өдөр “Мөнгөний шинэчлэлт явуулах” тухай тогтоол гаргаж, Монголын үндэсний мөнгөний нэгжийг “Төгрөг” гэж нэрлэсэн байна. Үүний дагуу Монголбанк 1925 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 200,100 төгрөгийг анх гүйлгээнд гаргав.
Улсын анхны албан ёсны мөнгөн тэмдэгт 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртээр гарч байв. Тухайн үед мөнгөн тэмдэгтийн бүрэн баталгаа болгож 25-аас доошгүй хувь нь үнэт металлаар, 75 хувь нь түргэн борлогдох бараа материалаар баталгаажиж байжээ.
Төгрөгийг анх гүйлгээнд гаргахдаа ажилчдын цалингаар дамжуулан гаргаж улмаар улсын хэмжээний бүх албан газруудын төсөвт зардлуудыг төгрөгөөр тооцох болов. Төгрөг гүйлгээнд гарангуут гадаадын мөнгөн тэмдэгтүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан ч зах зээлд эзлэх жин багатай валютуудыг гүйлгээнээс түрүүлж татах ажлыг зохион байгуулж эхлүүлсэн нь амжилттай хэрэгжих үндэс болсон байна. Ингээд 1927 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бүх төрлийн мөнгөн гүйлгээ, тооцоог зөвхөн “төгрөг”-өөр гүйцэтгэх болж худалдаа бэлтгэлийн ажиллагааг санхүүжүүлэх, зах зээлийн барааны хангамж, үнийн хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр зохицуулахад нөлөөлж, ардын аж ахуйтанд зээл олгох арга хэмжээг авч эхэлжээ.
Тиймээс 1925 оны мөнгөн тэмдэгтийг БНМАУ-ын мөнгөн тэмдэгтийн түүхэн үед хамаарагдах болохыг зоос цуглуулагчид үечилсэн байдаг. Анхны мөнгөн төгрөгийг 1966 онд гүйлгээнээс албан ёсоор халсан боловч түүнээс өмнө 1940-өөд онд гүйлгээнээс гарсан байжээ.
1925 оны хоёр төгрөгийн дэвсгэрт
1925 оны хорин таван төгрөгийн дэвсгэрт
1925 оны таван төгрөгийн дэвсгэрт
1925 оны тавин төгрөгийн дэвсгэрт
1925 оны арван төгрөгийн дэвсгэрт
1925 оны зуун төгрөгийн дэвсгэрт
Монголбанк
24news.mn