2024 оны 11 сарын 24
Фото
ФОТО: Тэд өнөөдөр дээлээрээ нэгдэж, Монголоороо гоёлоо

Tөр улсаа байгуулан хүчирхэгжин мандсан Хүннү гүрний үе буюу МЭӨ II зуунаас үүсэлтэй Монгол дээлийг алдаршуулах “Дээлтэй Монгол” наадам яг одоо Сүхбаатарын талбайд болж байна.

11 дэх жилдээ зохион байгуулж буй уг наадам Улаанбаатар хотын захирагч С.Батболд үг хэлснээр нээлтээ хийсэн юм. Үүний дараа Г.Явгааны үг, ая “Улаанбаатар хотын магтаал” дууг Улаанбаатар чуулгын уран бүтээлчид амилуулан үзэгчдийн сонорыг мялаав.

Үүний дараа Д.Энхгэрэлийн дэглэлт “Алсын говь” жүжгийг Улаанбаатар чуулгын бүжигчид бүжиглэсний дараа үндэсний хувцсаараа гоёсон иргэдийн “Дээлтэй Монгол” наадмын баярын парад боллоо.

Баянзүрх дүүргийнхэн жагсаалын салхийг хагалав. Үүний дараа Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Багахангай, Налайх дүүргийн иргэд жагслаа.

Мөн Хүүхэлдэйн театр, Нийслэлийн гэрлэх ёслолын ордон, “Мөнхтэнгэр оньс” төв, “АПУ” ХК, “Амин тоонто” ТББ, “Монголын сурагчдын холбоо” зэрэг байгууллагууд жагсаалд нэгджээ.

Зохион байгуулагчдын мэдээлснээр уг бага наадамд гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн оролцож байгаа аж.

Баярын жагсаалаас гадна энэ жилийн онцлох нэгэн үйл явдал бол хамгийн том Хүннү дээлийг дэлгэх, ёохор хатирах, эртний нүүдэлчдийн дэвсэх бүжгийг оролцогчдын дунд зохион байгуулсан явдал байв.

Тодруулбал, хуран цугласан олонд 18 метр өргөн, 14 метр өндөр хамгийн том “Хүннү” дээлийг сонирхуулсан төдийгүй 10 дахин багасгасан хувилбарыг өмсөж үзүүлсэн юм.

Түүгээр ч барахгүй гадаад дотоодын жуулчид, иргэдийн хөгжөөн "Киви" хамтлагийн дуучин Ука бүжигчдийн хамт дуугаа өргөсөн нь наадмын нэг тэсрэлт болов.

Наадмын хүрээнд “Монгол костюмс”, “Шилмэл загвар” ХХК-ийн загварын үзүүлбэр, шилдэг дээлийн шалгаруулалт, язгуур урлагийн тоглолт, үндэсний хувцасны худалдаа зэрэг үзэгчдийг уйдаахгүй, Монгол дээлийн чансааг гайхуулсан олон хөтөлбөр багтсаныг энд дурдах нь зүйтэй.

Монгол үндэсний хувцас нь манай орны цаг уурын нөхцөл болон дөрвөн улирлын байдалд зохицсон дөрвөн цагийн гол хувцас болох дээл юм. Дээл гэсэн үгний учрыг тайлбарлавал, монгол бичигт “дэбэл”, ойрадын аялгуунд “дэвэл”, буриад аялгуунд“дэгэл, дэглэй”, халх өвөрлөгчийн аялгуунд “дээл”, монгол хэлэнд “диээр” гэж байгаа нь монгол эртний урт эгшиг үүссэн зүй тогтолтой холбох бөгөөд энэ үгийг язгуур “дэв, дэб” нь ”дэвших, дээгүүр, дээр” гэсэн утга ойролцоо “дээгүүр нөмөрдөг юм” гэсэн агуулгатай ажээ.

"Дээлтэй Монгол" наадам Жанжин Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

 
GoGo Facebook Хуудас
 
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.