Хүүхдээ өдөр бүр ингэчих вий, тэгээд өвдчих вий, энэ нь болохоо больчих вий, уначих вий гээд л түм буман бодол ээрч, түүндээ орооцолдон шаналдаг эхчүүд зөндөө бий. Мэдээж, эх хүн хүүхдийнхээ төлөө санаа тавих нь чухал боловч муу зүйл бодож, түүндээ оюунаа “ширгээх” тусам хүүхэд өвдөх, өвчлөх магадлалтай байдаг.
Монголчууд эртнээс “Хүүхэд эхийнхээ сэтгэлийг дагадаг” гэж хэлэлцдэг байсан билээ. Арга ч үгүй юм. Ээжийнхээ хэвлийд бүрэлдэж, өсч торниж, ариун хэвлийгээс нь энэ орчлонд мэндлэн төрөөд, эхийнхээ л ангир цагаан уургаар амь шим олж торнисон багачууд тэр чигээрээ ээжтэйгээ амин холбоотой байдаг аж. Үүнийг хүйн холбоо ч гэдэг. Эхийн ариун умайд бүрэлдэхдээ эхийнхээ аминаас амийг нь хүйгээрээ хуваалцаж торнисон болохоор хүүхэд эхийнхээ сэтгэлийн мөр шад бүхнийг мэдэрч, түүгээр амьдардаг.
Хүүхэд өвдөхөд хамгийн түрүүнд тэрээр ээжийгээ боддог. Дөнгөж төрсөн нярай хүртэл шүү. Дутуу төрсөн нярай хүртэл эрчимт эмчилгээний тасагт эхээсээ хол байхдаа хүртэл эхийнхээ сэтгэлийн шүр сувд бүхнээр амьсгалж байдаг. Эмнэлгийн тэр их эмчилгээ, эм тан зөвхөн “гал унтраах” үүрэгтэй бол эхийнх нь үрээ гэсэн чин сэтгэлийн цацал бүхэн нь бяцхан зүрхний жинхэнэ амь амьдралын ундрага байдаг. Тиймээс л хүүхдээ өвдөхөд ээж нь сэтгэлээрээ хүүхэдтэйгээ хамт байж, хүүхдэдээ нүдэнд үл үзэгдэх амин холбоогоор эрч хүч, эрүүл мэнд, өвчнийг ялан дийлэх хэмжээлшгүй их дархлааг өгч байдаг юм. Үүнд итгэдэг, үүнийг сэтгэлээрээ мэдэрч, биеэрээ итгэж үнэмшиж чадсан эхийн хүүхэд өвдөхгүй, өвдсөн ч хурдан эдгэдэг. Энэ бол эхийн сэтгэлийг дагасан үрийн амь амьдралын учир юм.
Хүүхдээ өдөр бүр ингэчих вий, тэгээд өвдчих вий, энэ нь болохоо больчих вий, уначих вий гээд л түм буман бодол ээрч, түүндээ орооцолдон шаналдаг эхчүүд зөндөө бий. Мэдээж, эх хүн хүүхдийнхээ төлөө санаа тавих нь чухал боловч муу зүйл бодож, түүндээ оюунаа “ширгээх” тусам хүүхэд өвдөх, өвчлөх магадлалтай байдаг. Энэ нь ч амьдрал дээр батлагдаад байна.
Гадаа гараад хүүхэд нь элсэн дээр тоглоход “Ий баба, шороо муухай боль”, “Наадах чулуу чинь хэчнээн ч хүний гар дамжсан юм билээ, хая”, “Хөөе, наад элсээ идэж болохгүй, хэн ч шээж, баачихсан юм билээ” гээд л хүүхдээ шилэн өндөг шиг хүрсэн бүхнээс нь сэжиглэдэг эхчүүдийн хүүхдүүд бусдыг бодвол өвдөх нь их. Харин үүний оронд сайн сайхныг бодож, муу муухайгаас сэргийлэх бүхнийг дотроо тунгааж, бүхнийг хамгийн эергээр төсөөлж, төлөвлөж чадсан ээжийн хүүхдүүд бараг өвддөггүй.
Ядаж л гадаа тоглоход нь шороогоор тоглолоо гээд яав л гэж гэх энгийн хэр нь сэжиггүй ухааныг өөртөө төлөвшүүлэх нь чухал юм. Үнэн хэрэгтээ та бид хар нялхдаа элс, шороогоор л тоглож хүн болцгоосон доо. Тэглээ гээд муудаагүй байгааг ч бас санах л хэрэгтэй.
Монголхатагтай