Шилжилтийн насныхан нүд ирмэх зуур хөөрхөн инээмсэглэж байснаа гэнэт уур уцаар нь оргилсон ааштай хүн болж хувирдаг. Тэд ямар ч шалтгаангүйгээр ааш зан нь огцом өөрчлөгддөг. Ихэнх эцэг эхчүүд өсвөрийн насны хүүхэдтэйгээ харьцахад хэцүү болж эхэлнэ. Хүүхдээ загнаж, хатуурхахыг урьтал болголгүй чухам яагаад ааш зан нь өөрчлөгдөж эхэлсэнийг ойлгож, энэхүү эмзэг насанд нь хүлээцтэй хандахыг хичээгээрэй. Ингээд дараах зөвлөгөө танд тус болно гэдэгт найдаж байна.
Хүүхэд чинь зориудаар зөрүүдэлж өдөрт хэдэн янзын зан авир гаргаж байгаа биш гэдгийг хамгийн түрүүн ойлгож, өөртөө сануулах хэрэгтэй. Учир нь шилжилтийн насанд дааврын өөрчлөлт ихээр явагдаж түүний улмаас хүүхэд өөрөө ч мэдэлгүй төрөл бүрийн зан аашийг гаргадаг. Охин, хүү чинь өөрсдөө ч энэ “ шинэ, сонин” байдлаа ойлгохгүй улам стресстэж, яахаа мэдэхээ болих үе зөндөө бий. Энэ үед таны тэвчээртэй зан маш их хэрэг болно.
Санаа бодлоо хуваалцаж, ярилцахын өмнө хүүхэддээ ганцаараа бодож, тайвшрах цагийг өг. Бага зэрэг тайвширч, өөртөө дүгнэлт хийсний дараа тухайн асуудлыг ярилцаж, зөвлөгөө өгөөрэй.
Дааврын өөрчлөлтөөс болж зан авир нь хором бүр огцом өөрчлөгдөж буй охин хүүгээ даган уурлаж, инээж болохгүй. Хэдийгээр таныг гомдоохоор үг өдөөс чинь хэлсэн ч түүнийг үнэн сэтгэлээсээ хэлсэнд тооцож гүнзгий хүлээж авч болохгүй. Ийм үед хүүхэддээ ямар ч нөхцөлд ээж, аав нь хайртай, түүнд туслах хүсэлтэй гэдгээ ойлгуулах маш чухал.
Хүүхэддээ хэдийд, ямар үед уур нь хүрч, ааш нь хөдөлж байгаагаа дэвтэртээ бичих, эсвэл өдрийн тэмдэглэл хөтөлж эхлэхийг санал болго.
Шилжилтийн насны охид ганцаардах дургүй байдаг ба энэ үед ээж нь дотно байж, илэн далангүй сэтгэлээ нээн ярилцах хэрэгтэй байдаг. Харин хөвгүүдэд ганцаараа байх хугацаа илүү их хэрэгтэй ажээ.
Хэрэв охин, хүүгийн чинь зан авирт маш ихээр өөрчлөлт орж, яагаад ч зохицуулж чадахгүйд хүрвэл мэргэжлийн эмч, сэтгэл судлаачид яаралтай хандах хэрэгтэй.
24news.mn