2020 оны 05 сарын 30
Зочин
Г.Аюурзана: Сайн ном уншсаныхаа дараа ямар ч хүн ертөнцийг илүү уудмаар харж эхэлдэг

“Юу унших вэ? Ямар ном сонгох вэ? Ном уншихдаа юуг анхаарах нь зөв бэ?” гэсэн асуулт арай л хэтэрхий олон ирэх юм аа. “Монтэнийг унш, уншиж дуусмагцаа ахиад эхнээс нь унш” гэсэн нэг алдартай үг бий сэн. Би өөрөө Монтэний эсээнүүдээс орчуулсан болохоор энэ үгийг давтаж хэлдэг маань залууст итгэл төрүүлэхүйц санагддаггүй юм болов уу.

Тэгвэл арай өөр санаа хэлэхийг хичээе. Үүгээр дээр дурдсан утга бүхий бүх захидалд хариу бичиж байгаа юм шүү.
Бичих боломж олдож байгаа дээр бичихийг ямагт хичээж ирсэн хүний хувьд зөвлөхөд, унших боломж олдож байгаа дээр уншиж амж. Зав боломж гэдэг үргэлж олдоод байдаг зүйл огт биш. Гэхдээ... Цаг зав байгаагийн зоргоор бүхнийг хамж унших нь тийм ч ухаалаг хэрэг биш байх. Амьдралд цагаас илүү эрхэм үнэт зүйл гэж үгүй. Залуу явахад амьдрал хэзээ ч дуусахгүй мэт санагддаг ч, яг үнэндээ нэг л өглөө сэрэхэд төсөөлснөөс маань хамаагүй бага хугацаа үлдсэн нь гашуунаар мэдрэгддэг юм даа. Тиймээс унших цагаа хайрлах, амьдрах цагаа гамнах хэрэгтэй шүү.
Ном бүр өөрийгөө хамгийн чухал мэтээр ойлгуулж, илбэдэхийг оролддог. Бас сайн ном анхны уншилтаар жинхэнээсээ нээгддэггүй. Тэгэхээр үнэ цэнийг нь танихын тулд та өөрөө л уншигчийн хувьд боловсрох нь хамгийн гол. Юм бүхний дээд хэмжүүр рүү л тэмүүлж байж боловсорно.
Суут туурвилчид гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдчихсөн Шекспирээс эхлээд Мүзилийг ч юм уу, Прүстийг уншина гэдэг яг үнэндээ зугаатай биш л дээ. Тиймээс заавал сайн бүтээл унших гэж өөрийгөө албадах хэрэггүй. Чухам хэнийг унших нь, мэдээж, хувь хүний л сонголт. Сонголтын тухайд маргаад байх зүйл үгүй. Сонголт гэдэг бол тэр хүний өөртөө буй болгож буй хэмжээ юм.Тэгэхээр та өөрийнхөө л хэмжээний зохиолчийг таашаах бүрэн эрхтэй.
Гэхдээ яагаад энэ мэтийн “уншигдаж өгдөггүй” номуудыг үргэлж л шилдэгт тооцсоор ирсэн хэрэг вэ? Ер нь ямар номыг “сайн” гэдэг юм бэ? “Моби Дик”, “Фауст”, “Анна Каренина”, “Гэм, зэм”, “Шуугиан цухалдаан”, “Дөлгөөн Дон”... Энэ номууд юугаараа адилхан юм бол? гэж хааяа эргэцүүлж үзэхэд гэмгүй. Тэдгээрийн нийтлэг шинж бол амьдралыг ойлгоход маань, бүр маш гүнзгий ухаарч танихад маань тусалдаг увдис нь юм. Сайн ном уншсаныхаа дараа ямар ч хүн ертөнцийг илүү уудмаар, урьдынхаасаа илүү уужмаар харж эхэлдэг. Сэтгэл чинь илүү ариуссан байдаг. Амьдрал гээч ер нь уншигдаж өгдөггүй, ойлгогдож өгдөггүй номтой тун адилхан, адармаатай зүйл. Хялбар амьдрал гэж хаа ч байхгүй. Түүнийг харааж, жигшиж биш, ойлгож хайрлаж л давна.
Насан туршаа нэг олигтой ном ухаарч уншиж үзэлгүйгээр хорвоогоос буцдаг хүмүүс маш олон хэдий ч, Чеховыг юм уу, Фолкнерыг уншаагүй хүнтэй ярилцаж сууна гэдэг бол тэсвэрлэшгүй шийтгэл гэдэг нь хоржоонтой үнэн шүү. Тиймээс та өөрөө ч бас бусдад тийм залхаалт болохгүй бол сайн сан.
Нэгэнт зүрхлээд зөвлөгөө хэлсэн дээрээ нэмчихэд, хайран цаг хугацааг чинь ихэнхдээ үр дүнгүй нөгцөөчих, уншлаа гээд оюун санааны хувьд нэг ямх ч өөдөлж өндийхгүй тийм номуудыг учиргүй шагшдаг хүмүүс цаагуур чинь дүүрэн бий. (яг л “Нүүр ном” шиг!) Бусадтай уралдаад юүхэв. Тодорхой хугацаа өнгөрөг, жинхэнэдээ ямаршуухан ном болох нь танигдаг. Тэр зуур үсэг шоодоод, за К үсэг гарлаа гэхэд Кафкаг ч юм уу, Камюг, дараагийн Л үсэг нь таарвал Жэк Лондоныг, олдвол Лессингийг, М үсэг сугаллаа гэж бодоход улиг болсон Монтэнийг минь ч юм уу, Мишимаг уншихгүй юу. Ийм номууд уншиж суухад амьдрал тань яавч дэмий өнгөрөхгүй...

Зохиолч Г.Аюурзана

24news.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://24news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Зочин66.181.181.219
nomnii garchigand nomnii gol sanaa hargdana
4 сарын өмнө
http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.