2020 оны 06 сарын 06
Зочин
​Т.Доржханд: Ханш өсгөж байгаа банкуудад хариуцлага тооцох шаардлагатай

Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан захирлын зөвлөх асан, эдийн засагч Т.Доржхандтай 2018 оны төсвийн төсөл болон валютын ханшийн талаар ярилцлаа. 

 -Монголд долларын ханш байн байн савлах боллоо. Үүнд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?

-Ханшийн асуудлыг эдийн засагчид зайлшгүй ярих шаардлага үүсээд байна. Ханшийг барьж буй Монголбанк нь ажиглаад суугаад байж болохгүй. Бодит байдлыг мэдээллийг өгч ханшийн савлагааг тогтворжуулах арга хэмжээ авах учиртай. Ханшийн өсөлтөд гадаад болон дотоод хүчин зүйл нөлөөлж байгаа. Гадаад хүчин зүйл нь АНУ-ын эдийн засаг, мөн АНУ болон Хятадын худалдааны дайн гэсэн хоёр хүчин зүйл нөлөөлж байна.

Нэгд, АНУ-ын эдийн засаг маш их тэлсэн. Төсвийн тэлэх бодлого явуулж, бизнес нь идэвхижиж, халалтын түвшинд очсон. Ажилгүйдэл түүхэндээ доод түвшинд хүрээд байгаа. Үр дүнд нь зах зээл дээр байгаа мөнгөө буцааж татахаас аргагүй болж, Холбооны нөөцийн систем нь бодлогын хүүгээ жил дараалан алгуурханаар өсгөөд явж байна. Мөнгөний бодлогын хүү нь 2008, 2009 оны хямралаас хойш долоон жилийн турш 0.5 хувьтай байсан ч 2015 оноос эхлэн бага багаар өссөөр сая есдүгээр сард бодлогын хүү нь 2.25 хувь болсон. Арванхоёрдугаар сард 2.5 хувь болгоно гэж зарласан. Мөн ирэх жилийн төсөөллөөр АНУ бодлогын хүүгээ 3 хувьд хүргэхээр байна. Тэгэхээр дэлхийн зах зээл дээрх долларын нийлүүлэлт буурч, татагдаж байна гэсэн үг. Энэ хэмжээгээр зөвхөн монгол төгрөг бус бусад валютын ханш сулрах юм. Гэхдээ энэ бол алгуурханаар суларч байгаа үзэгдэл.

Хоёрт, энэ оны эхнээс зарлагдаад явж байгаа АНУ, Хятадын худалдааны дайны нөлөөлөл байна. Хоёр тал хоорондоо тарифын хязгаарлалт тавьсан байгаа. Үр дүнд нь Хятадын экспорт тодорхой төвшинд хязгаарлагдана. Энэ байдал цаашаагаа даамжрах юм бол манайд сөргөөр нөлөөлнө. Тухайлбал, Хятадын гангийн экспортод тарифын хязгаарлалт тогтоовол манай төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ буурна. 2012-2016 оны хооронд Европын эдийн засаг нэлээд хямарсан шүү дээ. Тэр үед Хятадын европ руу гаргадаг экспорт нэлээд буурч, манай коксжих нүүрсний экспортын үнэ 2-3 дахин буурсан. Тэгэхээр АНУ гэх дэлхийн том эдийн засаг Хятадын экпортын том худалдан авагч болохоор манайд нөлөөлнө. Гэхдээ одоогоор нөлөөлөл нь их биш. Цаашаа үргэлжлэх юм бол бүс нутагт маш том асуудал үүснэ. Бүс нутгаас гадна дэлхийн эдийн засагт ч мөн нөлөөлөхөөр байна. ОУВС-гаас Дэлхийн эдийн засгийн тоймыг саяхан танилцуулсан. Тэндээс харахад дэлхийн эдийн засаг энэ жил 3.9 хувийн өсөлттэй байсан бол ирэх жил худалдааны таагүй байдлаас болоод энэ өсөлт 0.2 пунктээр буурч, 3.7 хувь болохоор тооцоолсон байна. Үүний үр дүнд АНУ-ын эдийн засаг мөн 0.2 пунктээр буурч, Хятадынх бас 6.6 хувьтай байж байгаад ирэх жилийн төсөөллөөр 6.4 хувьд байхаар тооцсон байна. 

Гэхдээ энэ хоёр гадаад хүчин зүйл яг өнөөдрийн ханшийн огцом өсөлт, өөрөөр хэлбэл, долоо хоногийн дотор 100 төгрөгөөр нэмэгдэхэд нөлөөлөхгүй. Бодит нөлөөлөл нь ирэх жилээс гарах юм. Тэгэхээр ханшийн огцом өсөлтөд дотоод хүчин зүйл нөлөөлж байна.

-Дотоод талаасаа ханшид юу голлон нөлөөлж байна гэж харж байна. Ер нь доллар өсөхөд Төв банкийг буруутгах нь хэр зөв юм бэ. Долларын ханшид Төв банк нөлөөлж, ханш барих боломжтой юу?

-Нэгд, хувийн секторт маш их хэмжээний буюу 2.3 их наяд төгрөгийн зээл өгсөн байна. Энэ нь эдийн засгийг идэвхижүүлэхэд нөлөөтэй ч нөгөө талаас инфляцийг хөөрөгдөж байна. Төлбөрийн баланс дээр дарамт учруулж байна. Өнгөрсөн жилийнхээс энэ жилийн зээл гаргалт 35-40 хувь өссөн байна. Дэлхий дунджаас хоёр дахин их үзүүлэлт байгаа юм. Их хэмжээний зээл авч, мөнгөтэй болсон бизнесмэн Эрээн гараад бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж авч байна. Ингэхээр долларын эрэлт бий болж, богино хугацаанд дарамт учруулаад байгаа юм. Энэ дарамт өмнө нь бас Алтанхуягийн Засгийн үед бий болж байсан. Бондын мөнгөөр баахан зам тавихаар болсон. Замын материалын 80-аад хувийг урд хөршөөс авсан. Үр дүнд нь замтай болсон, харин бүх доллараа урагш гаргачихсан. Ханшаа 2-3 жилийн дотор хоёр дахин алдчихсан. Үр дүнд нь бол Монголын бизнесменүүдийн хөрөнгийн үнэ цэнэ 2 дахин унасан. Хоёрт, банкууд зохиомлоор долларын эрэлт үүсгээд байна. Банкууд маш өндөр үнэ цонхон дээрээ тавьж байна, доллар зарахгүй байна. Доллароо өөрсдөө нөөцлөөд байна. Нөөцлөх нь зөв хэдий ч манай валютын нөөц 3 тэрбум доллар байна. Олон улсын жишгээр гадаад валютын нөөц нь зургаан сарын импортыг даахад хангалттай гэж үздэг бөгөөд манайх үүнээс илүү байгаа юм. Нөгөө талаас гадаад худалдааны орчин эерэг, экспорт тогтвортой, төлбөрийн баланс ашигтай байгаа үед ханш огцом өсөх үндэслэлгүй юм. Гадаад орчин өөрчлөгдөж магадгүй гэсэн сураг, таамгаар долларын нөөц бүрдүүлж, зохиомол хомсдол бий болгож байгаа нь буруу. Нийтээрээ л алдана. Энэ асуудлыг Монголбанк ажиглаад суугаад байж болохгүй. Хариуцлага тооц, шаардлагатай бол захиргааны арга хэмжээ авах шаардлагатай.  

 Хүүхдийн мөнгө олгох амлалтыг ОУВС-гаас эргэж харах шаардлага үүснэ 

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны төсвийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан. Ирэх жилийн төсөвт цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмж, хүүхдийн мөнгийг 80 хувьд олгохоор тусгасан байна лээ. ОУВС-гаас зөвшөөрөх үү. Ер нь ирэх жилийн төсвийн төсөл ОУВС-гийн гэрээ хэлцэлтэй нийцэж байна уу?

-2019 оны төсвийн төсөл өмнөх жилийн үзүүлэлттэй харьцуулахад өмнөх жилээс сайжирсан байна. Төсвийн хувьд үр дүнгийн ерөнхий үзүүлэлт гэж байдаг. Энэ нь өөрөө төсвийн сахилга баттай холбогддог. Ирэх жилийн төсөв илүү сахилга баттай болсон байна. Тухайлбал, төсвийн алдагдлын хувьд ирэх жил 5.4 хувиар тооцсон байна. Энэ жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл 8 хувь. Өмнөх жил бол 9.5 хувь байсан байна. Тэгэхээр төсвийн үр дүнгийн үзүүлэлт сайжирч, алдагдал буурч байна. Хоёрт, өрийн асуудал байгаа. Өрийн төвшинг 2019 онд 55.3 хувиар тооцсон байна. Энэ жилийн тухайд 60 орчим хувь байсан. Энэ үзүүлэлт буурсан байна. Өрийн үзүүлэлт ДНБ-ийн 75 хувиас доош байх ёстой. ДНБ-ий 55.3 хувь гэдэг бол боломжийн үзүүлэлт. Мөн төсвийн мөчлөгийн эсрэг бодлогыг авч хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Ирээдүйн өв санд 550.0 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Манай эдийн засаг дан ганц уул уурхайгаас хамааралтай. Уул уурхай, түүхий эдийн үнийн савалгаа эдийн засагт шууд нөлөөлж байдаг. Баялгийн сангийн давуу тал нь уул уурхайн бүтээгдэхүүн өндөр үнэтэй, орлого сайтай үед хуримтлуулаад хүнд хэцүү үед хэрэглэх боломжтой юм. Энэ бол мөчлөгийг сөрж байгаа сайн бодлого. 

Мөн хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх жилтэй харьцуулахад хоёр дахин өснө гэж тооцоолсон нь сайн үзүүлэлт. Гэхдээ урсгал зардлаа хэмнэж байна уу, аль эсвэл орлого өсөхийн хэрээр өсөж байна уу гэдэг тоог харьцуулж харах хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалт үр ашигтай байна уу гэдэг асуулт байна. Манайхан улс төр, сонгуулийн системээс болоод маш үрэлгэн байдлаар хөрөнгө оруулалт хийдэг. Олон улсын судалгааны байгууллагаас гаргасан судалгаар дэлхийн 200-аад орноос хөрөнгө оруулалтын үр ашгаараа манайх сүүлээс 12-д жагсаж байгаа. Африкийн орнуудын ард явж байгаа юм. Яагаад ийм үрэлгэн зардалтай байдаг вэ гэхээр жаахан төсвөө 76 тийш татдаг, хуваарилдаг. Хамгийн их лобби сайтай гишүүд нь дахиж сонгогдохын тулд тойрогтоо жаахан төсвөө булаацалдаж тавьдаг, сонгуулийн тогтолцооны гажигтай.  

Төсвийн сахилга бат сайжирч, ОУВС-гийн үзүүлэлтийг төсөв талдаа хангаж байгаа. Харин зарим нэг улс төрийн амлалтууд хүүхдийн мөнгөнөөс эхлээд тодорхой ярилцах, дахин авч хэлэлцэх нөхцөл байдал үүснэ байх. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, маш олон улстөрчид ОУВС-гийн хөтөлбөрийг батлах үед буруугаар тайлбарлаж, гадныхан манайд бодлогоо тулгах гэж байна гэж шүүмжилж байсан. Харин тэд төсвийн сахилга бат, санхүүгийн системээ эрүүлжүүл гэдэг зөвлөмж л өгдөг. Үүний үр дүнд өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, төсөв тогтворжиж, төлбөрийн баланс сайжирч байна.   

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.