2020 оны 06 сарын 06
Зочин
Б.Сансартуяа: Дасгалыг хөгжилтэй байдлаар хийвэл илүү үр дүнтэй

Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” буландаа Биеийн Тамирын Арга Зүйчийг онцлон, түүнтэй ярилцаж зөвлөгөөг уншигчиддаа хүргэхээр болсон юм. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе! Юуны түрүүнд өөрийгөө болон чийрэгжүүлэлтийн кабинетаа танилцуулаач?

Намайг Б.Сансартуяа гэдэг. БТА зүйчээр улсад 14 жил ажиллаж, 2014 оноос хойш Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд БТА зүйчээр ажиллаж байна. Манай чийрэгжүүлэлтийн кабинетийн хувьд дүүргийнхээ хүн амд Биеийн тамир чийрэгжүүлэлтийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Кабинет маань дасгал хөдөлгөөн хийх тоног төхөөрөмж, мэргэжлийн арга зүйчдээр бүрэн хангагдсан гэдгээрээ онцлогтой.

-Танаас Баянзүрх дүүргийн иргэд, ажилчин, албан хаагчид ихэвчилэн ямар төрлийн зөвлөгөөг авдаг вэ? Түгээмэл тохиолдоод байгаа асуудлыг дурьдахгүй юу?

Техник технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед суугаа ажилтай хүмүүсийн тоо эрс өссөн. Тэр ч утгаараа ажлын байран дээрээ хэрхэн зөв дасгал хөдөлгөөн хийж, биеэ чийрэгжүүлэх талаар маш их асуудаг. Үүний зэрэгцээ ХБӨ болох чихрийн шижин, даралт ихсэх, зүрх судасны өвчин, таргалалт, тулгуур эрхтэний өөрчлөлт гэх мэт өвчлөл ихэссэн. Эдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд хүн бүр идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэх нь чухал байгаа юм. Өдөрт доод тал нь 30 минут дасгал хөдөлгөөн хийж хэвшвэл дээр дурьдсан өвчлөлүүдээс сэргийлэх бүрэн боломжтой. Иймд хүн бүр өөрийн нас биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнөөр насан туршдаа хичээллэвэл эрүүл чийрэг бие, бялдартай болохоос гадна урт наслах үндэс суурь болж өгнө . 

-Нас биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөн гэснээс та өнөөдөр ямар сургалт хийж байгаа юм бэ? Дандаа ахмадуудад зориулсан дасгал зааж байгаа гэсэн үг үү?

 Тиймээ, Дүүргийнхээ ӨЭМТ-үүдийн Иргэний танхимд өдөр бүр хийн дасгал, аеробек, эмчилгээний биеийн тамирын дасгалуудыг хийж хэвшүүлж байна. Эрүүл мэндийн сайн дурын идэвхтнүүдээр дамжуулан сургагч багш нарыг бэлтгэсэн. Лхагва гараг бүрийн 15 цагаас ахмадуудад зориулан үе мөчний дасгал, хөдөлгөөнийг тогтмол зааж байгаа. Дашрамд хэлэхэд Баянзүрх дүүргийн иргэд хамрагдах боломжтойг хэлмээр байна. 

-Дасгал хийхэд төрөл бүрийн асуудлууд тулгардаг шүү дээ? Зарим хүмүүс тогтмол дасгал хөдөлгөөн хийж заншсан ч байдаг.

Идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллэх нь зарим хүмүүст тааламжтай байдаг бол заримд нь хэцүү байдаг. Ихэнх хүмүүс дасгал хийх хэрэгтэй гэдгийг мэддэг боловч дасгал хийж эхлэхдээ хойрго хандан, хойш нь тавьсаар цагийг бардаг.

-Дасгал, хөдөлгөөнийг хэдий хэр хугацаанд хийж байж үр дүнг мэдрэх вэ? Хүмүүс ямар шалтгаанаас болж дасгал хөдөлгөөн тогтмол хийхээ больдог юм бол оо? Эдгээр хүмүүст юу гэж зөвлөх вэ?

 Дасгалыг  долоо хоногт өдөрт дор хаяж 20-30 минутын хугацаатайгаар тогтмол тодорхой хугацаанд хийсний дараа л мэдрэх болно гэж хэлмээр байна. Гэтэл зарим хүмүүс дасгал хийж эхлэнгүүтээ үр шимийг нь хүртэх гэж хэт хүлээх, мөн дасгал хийхдээ хөгжилтэй хийхгүй байх, гэнэт огцом хичээллэх, ачааллаа биеийн байдалдаа тохируулахгүй, дасгал хийснээс бэртэл авах, эсвэл биеийн булчин хөдөлгөөнд орсноос түр зуур хөндүүрлэх зэрэг шалтгаануудаас болж амархан няцаж орхидог. Тиймээс аль болохоор дасгал эхлэхдээ өөрийн биеийн байдлаа зөв үнэлж эхлэх нь чухал юм шүү.

-Уншигчдад урам зориг өгөхөөр уриалга хэлээч?

ЖАРГАЛЫГ ХҮСВЭЛ ЭРҮҮЛИЙГ ХҮС

ЭРҮҮЛИЙГ ХҮСВЭЛ ДАСГАЛЫГ ХҮС!!!  Та бүхнийг идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалж байна.

Б.Сансартуяа: Дасгалыг хөгжилтэй байдлаар хийвэл илүү үр дүнтэй

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.