2020 оны 06 сарын 07
Зочин
Д.Лүндээжанцан: УИХ-ын гишүүн Д.Гантулгын гишүүнээс түдгэлзэх өргөдлийг хэлэлцэх боломжгүй

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн юм. Тиймээс энэ хуулиар чухам ямар нэмэлт, өөрчлөлт оруулсаныг хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Л.Лүндээжанцангаас тодрууллаа.

-УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ хуулиар яг ямар нэмэлт өөрчлөлт орж байгаа вэ? 

-Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ эд мөрийн баримттайгаа баривчлагдсан тохиолдолд УИХ-ын даргад нэн даруй мэдэгдэж, түдгэлзүүлэх асуудлыг нэн даруй шийдвэрлэнэ. Мөн Улсын Ерөнхий прокуророос тухайн гишүүнийг зайлшгүй түдгэлзүүлэх шаардлагатай гэсэн тохиолдолд УИХ-д хэлэлцүүлэхээр оруулж ирнэ гэсэн хоёр заалт хэрэгжиж ирсэн. Гэтэл 2009 онд 9.2 дахь заалт буюу "УИХ-ын гишүүн эрүүгийн хэрэгт холбогдсон бол Ерөнхий прокуророос түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж хэлэлцүүлнэ" гэдэг заалтыг байхгүй болгосон. Ингэснээр үйлдэл дээрээ баригдсан тохиолдолд түдгэлзүүлнэ гэдэг заалт л үлдэж хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн гэсэн үг. Үүнийг нь УИХ дахин хэлэлцэхдээ ганц, нэг үсэг солиод ахиж баталсан гээд ҮХЦ-ээс хоёр удаа хүчингүй болгосон дүгнэлт гаргаж байсан.

-Үндсэн хуулийн цэцээс хоёр удаа хүчингүй болгож байхад яагаад дахин оруулж ирсэн юм бэ?

-Эхний заалт хоёр дахь заалттайгаа нийлэхээрээ нэг цогц асуудал болж байна. Тодруулбал, үйлдэл дээрээ нотлох баримттайгаа баригдсан тохиолдолд нэн даруй Ерөнхий прокуророос түдгэлзүүлэх асуудлыг нь УИХ-д оруулж ирээд шийдвэрлэнэ гэж. Учир нь УИХ-ын гишүүн нь ахуйн, авто аваар гэх мэт янз бүрийн хэргүүдэд нэр холбогдож болно. Хоёрдугаарт, гишүүнийг улс төрийн шалтаг, шалтгаанаар баривчлах асуудлууд гардаг. Тэр тохиолдолд УИХ нэн даруй хэлэлцээд шийдвэрээ гаргаад судлах ёстой. Эрх зүйн байдлыг нь хамгаалж өгч байгаа юм. Асар том стратегийн орд газруудтай хамаатай эсвэл түүхэн шийдвэр гаргахын өмнө гэнэт баривчилбал яах юм бэ. Тиймээс үндэсний аюулгүй байдалтай холбогдуулж УИХ-ын гишүүний дархлаа буюу халдашгүй эрхийн асуудлыг Үндсэн хуулийн дагуу хамгаалж байгаа юм.

Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн Эрүүгийн хэрэгт холбогдоод түүнийг нь Улсын Ерөнхий прокуророос түдгэлзүүлж шалгах шаардлагатай гэж УИХ-д оруулж ирэх тохиолдолд хэлэлцэнэ гэсэн хоёр заалтыг хоёуланг нь сэргээж байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн дагуу хоёр заалт сэргэж орж ирж байна. Энэ хоёр заалт сэргэж орж ирснээрээ УИХ-ын гишүүний халдашгүй байдал, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх гэдэг үндсэн зарчим хангагдсан гэж үзэж байна.

-Энэ хоёр заалтыг нийлүүлснээр үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй зөрчилдөхгүй гэж үзэж байна уу?

-Тийм.

-Тэгэхээр одоо хуулийн мухардлаас гарч УИХ-ын гишүүн Д.Гантулгын гишүүнээс түдгэлзэх өргөдлийг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй болсон гэсэн үг үү?

- Д.Гантулга гишүүний түдгэлзэх өргөдлийг хэлэлцэх гэхэд хуулийн хийдэл үүссэн байсан. Ер нь бол энэ хуулиар ганц Д.Гантулга бус УИХ-ын гишүүдтэй холбоотой зохицуулалт иж бүрэн болж байна. Д.Гантулгын хувьд хэргийг нь Улсын Ерөнхий прокурор шийднэ. Энэ асуудал УИХ дээр яригдсан. Ер нь УИХ-ын гишүүд өөрөө түдгэлзээд шалгуулъя гэдэг. Гэтэл цаана нь сонгогчдын эрх ашиг байдаг. Хэдэн ч удаа түдгэлзэх юм билээ. Нэг асуудалд холбогдчихоод “Би түдгэлзээд шалгуулна” гээд байвал яах юм бэ. Тиймээс УИХ-ын гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ тавьж болно. Түүнээс түдгэлзэх хүсэлтийг хэлэлцэх боломжгүй гэж ажлын хэсгээс үзсэн.

Б.Анир 

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.