2024 оны 04 сарын 28
Зочин
Т.Минжүүр: Энэ гэрээг хэрэгжүүлбэл бидний хувь заяа бусдын гарт орно

Монгол Улсын зөвлөх инженер Т.Минжүүртэй ярилцлаа.

Монгол Улсын стратегийн гол салбарын нэг нь эрчим хүч. Тиймээс манай улс эрчим хүчээ дотоодоосоо бүрэн хангадаг болох тухай олон жил ярьж байгаа ч томоохон дэвшил гарахгүй байна. Энэ талаар та мэргэжлийн хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

XXI зуунд цахилгаан эрчим хүчний салбар нь эрчимтэй хөгжиж өнөөдөр хүн төрөлхтний үйл ажиллагааны бүх салбарт нэвтэрч стратегийн ач холбогдолтой, үндэсний аюулгүй байдлыг тодорхойлогч гол хүчин зүйлүүдийн нэгэн болсон. Иймд цахилгаан эрчим хүчийг ямар зардлаар гаргаж байгаа нь тухайн орны хөгжил эсвэл доройтлыг шийдвэрлэх гол хүчин зүйлүүдийн нэг болдог. Гэтэл Монголд зах зээлийн харилцааг нэвтрүүлэхэд туслах нэрийдлээр Монголын эрчим хүчний салбарыг, түүний дотор цахилгаан станцуудыг нь хувьдаа авахыг хичээсэн гадныхны бодлого, үйл ажиллагаа тасралтгүй явагдсаар байна. Үүнийг нь манай төрөөс дэмжиж Эрчим хүчний тухай хуульдаа хувьчлалыг хэрэгжүүлэхээр тусгасан нь Монголыг цахилгааны эх үүсгүүрийн дутагдалд гүнзгий оруулсан гол шалтгаан болж байна. Монголын улстөрчид цахилгаан станцуудыг хувьдаа авахаар элдэв арга хайж, хоорондоо булаалдан ширүүн өрсөлдөж байгаагийн дотор шинээр барих цахилгаан станцуудын хөрөнгө оруулалтаас хувьдаа авлига авахаар нууц тохиролцоо хийдэг нь ч ил харагддаг болж байх шиг байна.

Энэ салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулах ёсгүй гэсэн үг үү?

Тийм. Гэтэл манай зарим улстөрч болон салбарын зарим мэргэжилтэн зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтаар л цахилгаан станцуудыг барихыг дэмжиж байна. Мөн цахилгааны үнийг чөлөөлөхийг, төрийн зохицуулалтыг зогсоохыг шаардаж байгаа нь нууц биш. Хэрэв энэ бодлогыг хэрэгжүүлбэл Монголын бүх салбарын ашгийг нь цахилгааны чөлөөт үнэ нэрээр гадаадынхан дураараа сорно. Цаашлаад Монголын ард түмнийг ядууруулах, Монгол Улсыг боол улс болгох үр дагавартай буруу бодлого. Иймд стратегийн салбартаа гадаадын хөрөнгө оруулалт болон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийг оруулахдаа бид хянамгай хандах хэрэгтэй. Ингэхгүй бол бид гадаадынханд хазаарлуулсан адуу, бурантаглуулсан тэмээ, дөрлүүлсэн үхэртэй адилхан болно.

Ингэж асуух болсон шалтгаан нь Багануурт цахилгаан станц барих концесст БНХАУ-ын аж ахуйн нэгжийг шалгаруулж гэрээ байгуулсан явдал анхаарал татаж байгаатай холбоотой...?

Багануурт 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих концессын шалгаруулалтад БНХАУ-ын “Цөмийн энергийн барилгын 22 дугаар товчоо”, “Пинггао” группийн консорциумыг шалгаруулсан юм билээ. Энэ консерциумтайгаа цахилгаан станцыг барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нд байгуулсан. Гэрээний дагуу тус бүр нь 350 МВт-ын хүчин чадалтай хоёр блок суурилуулахаар төлөвлөсөн байна. Энэ бол манайх шиг цахилгааны бага хэрэглээтэй улсад хэт томдсон, техникийн муу шийдэлтэй, цахилгаан нь өндөр үнэтэй байх гэрээ. Тиймээс ийм муу гэрээ байгуулсан үйл явдлыг авлигад суурилсан хуйвалдаан гэж хардах үндэслэлтэй.

Хэрэв энэ гэрээг үргэлжлүүлбэл Монгол Улсын аюулгүй байдалд ямар сөрөг үр дагавар үүсэх вэ?

Монголын цахилгааны системийн найдвартай байдал, үр ашгийг нь бууруулах, одоо ажиллаж байгаа станцуудын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж зогсооход хүргэх эрсдэлтэй. Шөнийн цахилгааны илүүдэл нь улам ихэсч ОХУ, Хятад хоёроос “Манай цахилгааны илүүдлийг хямдхан аваач” гэж гуйхад хүрнэ. Ийм сөрөг үр дагавартай гэдгийг эрчим хүчний салбарын мэргэжлийн инженерүүд хэлж байгаа. Манай цахилгааны нийт хэрэглээний 70 хувийг боловсруулах хүчин чадалтай энэ станцыг ашиглалтад оруулбал өндөр үнээр хэрэглэдэг болно. “Энэ нь хэнд ашигтай байх вэ” гэвэл БНХАУ-д л ашигтай. Харин бид боол адил л болно. Хэрэв “Станцын тоноглолууд доголдлоо” гэж хэлээд өөр далд шалтгаанаар цахилгаанаа хязгаарлаад байвал юу болох вэ. Бидний хувь заяа бусдын гарт байх нь сайшаамаар зүйл биш шүү дээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.