2024 оны 04 сарын 28
Зочин
Д.Цэрэнбат: Хүн бүр өмнөх ажлаа чин сэтгэлээсээ хийхээс улсын хөгжил эхэлдэг

Монгол туургатны “Цахим өртөө” сүлжээ, "Цахим өртөө" холбоо ТББ-ыг үүсгэн байгуулалцаж, хилийн чанадад 20 орчим жил ажиллаж амьдарч буй Д.Цэрэнбатыг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ булангийн зочноор урьж ярилцлаа. 

Тэрээр “Цахим өртөө” сүлжээгээр хилийн чанд дахь монголчуудыг нэг сэтгэл, нэг зорилго дор нэгтгэж, улс  эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж яваа нэгэн юм.  

Д.Цэрэнбат 1991 онд МУИС-ийн математикийн ангийг төгсч, 2001 онд Английн Кингстоны их сургуульд  Эдийн засаг,бизнесийн прогнозчлолоор мастерын зэрэг хамгаалж, 2003 оноос хойш Английн “Custom network” LTD  компанид санхүүгийн менежерээр, 2018 оноос Sustainable Fibre Alliance олон улсын байгууллагад Харилцаа ба маркетингийн ажилтнаар давхар ажиллаж байна.

Тэрээр “Гадаад, дотоодод ажиллаж амьдарч байгаа нь байршлын л ялгаа. Бид Монгол эх орноо гэсэн сэтгэлгээний нэгдмэл байдлаа хэзээ ч алдаж болохгүй. Гадаад, дотоод гэсэн тэр байршлын ялгааг яаж давуу тал болгон ашиглах вэ гэдэг л чухал. Гадаадад ажиллаж амьдарснаар ямар давуу тал, шинэ боломж байна түүнийг бид түгээж, дамжуулж, холбож өгч, харилцан ойлголцох нь Монгол Улсыг хөгжлийг шинэ шатанд аваачих нэг зам” гэснээр бидний яриа эхэлсэн юм.     

-Сайн байна уу. Ярилцлагын урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Таныг  гадаадад амьдарч буй монголчуудын “Цахим өртөө” сүлжээ, "Цахим өртөө" холбоо ТББ-ын Д.Цэрэнбат гэдгээр нь олон хүн мэддэг. “Цахим өртөө” сүлжээг анх яагаад байгуулах болсон талаар, мөн үйл ажиллагааны чиглэл, зорилго, зорилтын талаар ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо?  

-1997 оноос нутгаасаа явсан. Тэр үеэс л хилийн чанадад суугаа монголчуудтайгаа интернетээр хөөрөлдөж байхад эх орныхоо төлөө хийж хэрэгжүүлье гэсэн санаа бодол олон гардаг байлаа, одоо ч байгаа. Тэр бодол, үзэл санаагаа солилцдог мэдээллийн талбартай болох зорилгоор “Цахим өртөө” сүлжээг 1999 онд нөхдийн хамт байгуулсан. “Цахим өртөө” сүлжээгээр дамжин гадаад дотоодод суугаа олон сайхан бүтээлч, эх оронч сэтгэлтэй залуустай эчнээ танилцан нөхөрлөх болсон. Тэдний зарим нь өдгөө бодол хүслээ бодит ажил үйлс болгон эх орондоо ажиллаж байна.

“Цахим өртөө” сүлжээг байгуулсан цагаас хойш үйл ажиллагаа зорилго, чиглэл нь илүү өргөжин тэлж, хөрсөн дээр нь боссон зарим ажлууд бий. Эхэн үедээ тэр үед байгаагүй Монгол агуулгыг цахим ертөнцөд бий болгох талаар манайхан санаачлан ажиллаж байлаа. “Монголын нууц Товчоо” “Алтан Товч” зэргийг цахимжуулсан, сар тутмын Цахим улаач сэтгүүл гаргасан. Цахим өртөө холбоо ТББ-аа байгуулсан, “Интэрнэт хэрэглэгчдийн гарын авлага” номыг хамтран бүтээсэн, Хилийн чанад дахь монгол иргэдийн сонгуулийн эрхийг баталгаажуулахад хувь нэмрээ оруулсан. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобал сантай хамтран ДОХ-ын эсрэг мэдлэг мэдээлэл олгох төслийг хилийн чанадад хэрэгжүүлсэн, Монгол орны хөгжилд жил бүрийн цуврал уулзалтыг 14 жил тасралтгүй зохион байгуулсан, Хазара Монголын залуусыг эх орондоо сургах төслийг амжилттай хэрэгжүүлсэн, Цахим Өртөө Дэд сургууль байгуулан ажиллаж байсан, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийг үүсгэн байгуулалцсан, төрийн болон төрийн бус байгууллагуудын олон ажилд хамтрагчаар оролцож ирсэн гээд тоочоод байвал бид өнгөрсөн 20 жилд багагүйг хийжээ. Энэ мэтчилэн “Цахим өртөө” сүлжээ олон зүйлийн эхлэл суурь хөрс нь болсон цаашид ч болно.     

-Гаднын өндөр хөгжилтэй оронд олон жил ажиллаж амьдарсан Таны хувьд монгол хүний давуу болон сул талыг олон тал дээр харж ажиглаж, зарим тохиолдолд өөрийн биеэр мэдэрч, туулж ирсэн гэж бодож байна.  Монгол хүний сэтгэлгээ, хандлагын талаар харж, ажиглаж, мэдэрсэн зүйлээсээ хуваалцахгүй юу?   

-Монгол хүний эрх чөлөөг мэдрэх байдал нь өөр байдаг санагддаг даа. Монголд гадныхан эрх чөлөөг мэдрэх гэж ирдэг. Сая Монголд ирээд хөдөө явж байхад дугуйгаар, мотоциклоор аялал хийгээд явж байгаа гадынхантай нилээд таарсан. Англид гэхэд мотоциклтой зам дагаад давхиж болно. Харин Монгол шиг хүссэн газартаа хэнээр ч заалгахгүйгэээр давхих эрх нь хязгаарлагдмал байдаг.  Тэд энэ эрх чөлөөг мэдрэх гэж Монголыг зорьдог болтой. Бидний эрх чөлөөтэй, аливаад баригддаггүй сэтгэлгээ, үзэл хандлага нь дасан зохицох чадварт нь сайнаар нөлөөлөх талтай. Өөрт ногдсон ажлаа ямар нэг аргаар болгоно бүтээнэ, хэнээс ч дутахгүй гэсэн хандлага нь зарим зүйл дээр барууныхныг шагшруулах нь ч бий.

Гэтэл Монголчуудын эрх чөлөөний энэ мэдрэмж нь  барууны олон зуун жилийн туршлага түүн дээр боловсрогдон бий болсон хууль журмаар хязгаарлагдсан, түүнийгээ дагаж мөрдөж хэвшин нийгэмшсэн орчинд ороход алив буруу үйлдлээ яагаад ингэж болохгүй гэж, яаж ийгээд болгох аргалах гэдэг байдлаар илрээд эхэлдэг нь тэр орчинд бидний сул тал болчихдог.  

Үүний жишээ олон бий. Барууны хүндээ чиглэсэн итгэлцэл дээр тогтсон системийг манайхан буруугаар ашиглаж тэрийгээ болж байна, чадаж байна хэмээх нь харагдаад байдаг. Гэтэл тэгэж авирласных нь хор уршиг удахгүй л илэрдэг юм

Тухайлбал, банкнаас баахан зээл аваад нутаг буцчихна. Дараагийн Монголчууд тэр банканд нь данс нээх аргагүй болно. Олон улсын байгууллагын элдэв тусламжийн үйлчилгээг худал ярьж байгаад хүртчихнэ. Эргээд шалгахаар худлаа нь баригдаад дараагийн тэр тусламж үнэхээр хэрэгтэй хүмсүүстээ гор нь ирнэ. 

-XXI зуунд залуу хүний гол өрсөлдөх чадварыг та юу гэж тодорхойлох вэ. Таны хувьд ямар чиглэлд өөрийгөө илүүтэй хөгжүүлж байна вэ?

-Нэгдүгээрт зөв хүн байх ёстой. Улмаар аливаа асуудалтай холбогдох  техник, технологийн зохих мэдлэг, дадал, хүнтэй харилцах өндөр чадвар нь шинэ зууны хүмүүст илүү чухал юм болов уу гэж бодогддог.   

-Таны хувьд хүнтэй харилцах харилцааны тал дээрээ ямар зарчим баримталдаг вэ?

-Эрэг шураг амьгүй. Нийлүүлж угсраад машин бүтээх амархан. Учир нь арга ухаан нь нэг л номд багтаж болно. Харин хүн бүрийн амьдрал хоорондоо харилцан адилгүй. Нэг зорилгод нэгтгэж удирдах амаргүй. Учир нь мянган ном шүүгээд ч яг таарах “жор” ухаан эс олдмой. Энэ нь хүн бүр хоорондоо өөр гэдгийг хүлээн зөвшөөрч, түүнд тохируулан арга эвийг олж харилцах нь чухал гэсэн санаа юм. Хүний үгийг сонсож, зөвийг авч, буруу гэснийг өнгөрөөж сурах нь харилцааны хамгийн чухал чадвар гэж боддог. Насан туршдаа суралцдаг зүйл байх. 

-Өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байсан хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлж өөрчлөх шаардлагатай байгаа талуудад нь илүү гярхай ханддаг байх. Таны хувьд юуг өөрчлөх юмсан гэж боддог вэ?

-Хувь хүний төвшинд яривал, аяга угаахдаа гүйцэд угаах, байшин барихдаа стандартын дагуу гүйцэд нямбай хийх, өөрт ногдсон зүйлээ чин сэтгэлээ залхууралгүй хийхээс л улсын хөгжил эхэлдэг байх. Давс хийвэл уустал, ажил хийвэл дуустал гээд манай эцэг өвгөд эртнээс л хэлчихсэн зүйл.  

Бидэнд нийгмээрээ эрүүлжих ганц л арга бий...

Улс орны төвшинд гэхээр нэг зүйл бодогдоод байх болсон.

Африкийн орнуудад авлигаас ангижрах талаар зөвлөгөө өгдөг танилтайгаа саявтархан гэрт нь зочилж ярилцаж суусан юм. Тэр хүн Монголд ажиллаж байсан болохоор Монголын нийгэм, хээл хахууль, авилгалын ч талаар сайн мэдлэгтэй. Тэрээр “Монголчууд хөгжих үндэс бий. Тэр нь хүн бүрт байдаг Монголоо гэсэн сэтгэл” гэж хэлж байсан. Барууныхан колончлолынхоо дараа “шугам татаад” хувааж үүсгэсэн Африкийн зарим орнуудад авилгалыг зогсоох гэж үйлээ үзэж буй тухайгаа ярьж ингэж үүсгэсэн улсад омог аймгуудаа л бодохоос тухайн улс гэсэн нэгдсэн ойлголт байдаггүй нь хамгийн том бэрхшээл болж байгаа талаар ярьж байсан. Харин Монголд идсэн, уусан, идүүлсэн, хохирсон хүн бүрт Монголоо гэх сэтгэл зүрх их Монголоо босгож хөгжүүлэх гол шалтгаан гэж боддог. Болдог бол яг одоо “шугам татаад” бүгдээрээ Монголынхоо төлөө урагшаа хамтдаа явахсан гэж мөрөөдөх. Энэ санаагаа тайлбарлавал их олон хүний хэл аманд өртөнө. Тэгэхээс ч аргагүй цаг үе. Өөрийн чадах хэмжээндээ зүгээр суухгүй байх бодол бий. 

Товчхондоо өвөр хоорондоо хэмлэлдэх бүр өрөөлийн хоол болоод байдгийг байнга бодож, сэрэмжилж хичээж байцгаая л гэж хүсэх байна. 

Нэг хүн хоёр болохын бэрхшээл, давж чадвал хоёр хүн нэг болохын жаргалыг эдэлдэг

 

-Гэр бүлийнхээ  талаар товч танилцуулахгүй юу?

-Манай эхнэр хүн соёлын судлалын ухаанаар докторын зэрэг хамгаалсан англи хүн. 27 настайдаа анх Монголд ирж ажиллаж байсан. Намайг одоогийн Удирдлагын академид багшилж байх үед тэдний ажил манай дээр байдаг байсан. Тэр үед анх танилцаж Монголд хуримаа хийсэн.  Мэдээж анх танилцаад амьдарч байхад соёлын ялгаа, ёс заншил, дадал, үзэл бодлоос эхлээд даван гарах зүйлүүд олон гарч байсан. Нэг хүн хоёр болохын бэрхшээл, давж чадвал хоёр хүн нэг болохын жаргалыг эдэлдэг нь хосын тавилан гэж бодож хичээж явдаг.  

-Хүүхдүүдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлдэг вэ. Британийн боловсрол дэлхийд нэлээд дээгүүр үнэлэгддэг шүү дээ. Хүүхдүүдийнхээ боловсролд хэрхэн анхаарал хандуулдаг вэ? 

-Хүүхдийн боловсролд эцэг эхчүүдийн үүрэг оролцоо, хяналт өндөр байдаг. Тиймдээ ч сургуулиудын удирдах зөвлөл эцэг эхчүүдээс бүрддэг. Тэр зөвлөл нь сургуулийн захирал багш нарыг томилох, цалинг тогтоох, төсвийг батлах гээд гол шийдвэр гаргах төвшний бүх асуудлыг шийддэг. Томилогдсон захирал сургуулийн бүх үйл ажиллагаа, хийсэн ажлаа удирдах зөвлөлийн эцэг эхчүүдэд тайлагнадаг. Түүнээс гадна сургуулийн санхүүг босгох, янз бүрийн сайн дурын үйл ажиллагаа зохион байгууулдаг Багш эцэг эхчүүдийн холбоо нэртэй сайн санааны ТББ-тай байдаг. Ерөнхийдөө тухайн сургуулийг Боловсролын яамнаас гаргасан дүрэм журмын хүрээнд эцэг эхчүүд чиглүүлээд явдаг гэж ойлгож болно. 

Британийн боловсролын бодлого нь тэр бүр өөрчлөгдөөд байхгүй, хичээлийн хөтөлбөр нь тогтвортой. Хичээлийн хөтөлбөрт нь ёс суртахуунд чиглэсэн ойлголтуудыг шашнаараа дамжуулж тусгагдсан байдгаараа хүүхдэд бага балчраас юу нь болохгүй, юу нь болох зааг ялгааг сайн гаргаж өгдөгт бий . Шашныг боловсролтой уялдуулсан байдаг нь давуу талтай.

Миний хувьд хүүхдүүддээ тэр бүрчлэн тэг, ингэж гэж зааж зааварлахгүйг хичээдэг. Хүүхэд өөрийгөө нээж илэрхийлж сурах нь хамгийн чухал санагддаг. Хэн нэгэн буруу гэж хэлэхээс илүүтэй өөрөө буруу зүйл хийсэн гэдгээ мэдэрч байж ухаарч, тэр нь амьдралд нь туршлага болж байдаг. Түүнээс биш, туршлагаар мэдэрсэн бүхнийг өвлүүлж болдоггүй. Хүүхэд өөрөө л үзэж туршлагажиж байж ухаардаг бололтой юм.    

 

-Эцэст нь, таны зүгээс залуучуудад юуг захиж хэлэх вэ?  

-Миний хэлсэн бүхэн бусдад таарах, чиг зам нь болох албагүй. Асуусан болохоор өөрийнхөө л бодлыг хуваалцая. Би бодлоо манаж манаж хааяа нэг 2,3 мөр унагадаг. Нэг ийм мөр бий.

“Санаа зорилгоо явах чигээ болгон зам тат, гажихгүйг хичээ

Шалих шалихгүй замын явдалд бага элэгд, бөмбөрцөг хэлбэрш”

Хүн зорьсон зорилготой байх ёстой. Түүндээ хүрэхийн тулд зам зуурын олон юманд сатаарах хэрэггүй гэсэн санаа. Од гаригс, атом, молекулын ертөнц дахь бүх зүйл бөөрөнхий хэлбэртэй байдаг. Тэр бол хамгийн тогтвортой хэлбэр. Гурвалжин юм уу дөрвөлжин байх юм бол нэг бол зад үсрэнэ эсвэл элэгдсээр байгаад бөөрөнхий л болдог. Бөөрөнхий хэлбэр нь дасан зохицох чадварыг илтгэнэ. Гэхдээ дасан зохицож байна гээд зорилгоосоо хазайгаад дагаад урсаж болохгүй. Зорилготой тууштай бай, дасан зохицох чадвартай бай л гэсэн санаа. 

-Ярилцсанд баярлалаа.   

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.