2020 оны 06 сарын 06
Зочин
Д.Энхжаргал: Бид эмэгтэйчүүдийн төлөөх засгийн бодлогоо олон улсад сурталчилж чадсан

Өнгөрсөн сард НҮБ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 62 дугаар чуулганд Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож, МАН-ын ивээл дор “Е-хөгжил: Хөдөөгийн эмэгтэйчүүдэд хүрч ажиллах нь” сэдэвт хуралдааныг зохион байгуулсан. Энэ талаар Социнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Ази, Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Д.ЭНХЖАРГАЛТАЙ ярилцлаа.

-Саяхан АНУ-ын Нью-Йорк хотноо болсон чуулганд та бүхэн оролцоод ирлээ. Энэ чуулган болон НҮБ-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын талаар мэдээлэл өгнө үү?

-Социнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага нь эгнээндээ 140 гаруй орны улс төрийн намын эмэгтэйчүүдийн байгууллагыг нэгтгэсэн, НҮБ-ын дэргэдэх төвдөө зөвлөх эрхтэй том салбар юм. Нийгмийн сайн сайхан байдал, түүний дотор олон улсын эмэгтэйчүүдийн тэгш, шударга эрх, эрх чөлөөг хангахын төлөө дуу хоолойгоо өргөдөг ийм байгууллага. Тийм ч учраас жил бүр энэ чуулган болдог. Энэ удаагийн чуулган, бусад салбар хуралдаан нь дэлхийн олон орны хөдөө, орон нутаг дахь алслагдмал суурьшилтай эмэгтэйчүүдийн аж байдлыг хэрхэн дээшлүүлэхэд чиглэж байлаа. Үүний бэлтгэл ажлыг хангах хуралдааныг өнгөрсөн оны долоодугаар сард Нью-Йорк хотноо зохион байгуулж, манай улсаас Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Өвөрхангай аймгаас төлөөлөгчид оролцож, хөдөөгийн эмэгтэйчүүдэд тулгарч байгаа бэрхшээл, ололт амжилт, давуу талын талаар өөрийн дуу хоолойгоо хүргэж, санал бодлоо илэрхийлсэн. Өнгөрсөн сард болсон дэлхий нийтийн хуралдаанд 160 орчим улс орны 1700 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл оролцож, яг энэ асуудлаар хэлэлцэж ярилцлаа. Энэ нь хамгийн олон улс орон, төлөөлөгчийг оролцуулсан хуралдаан гэдгээрээ НҮБ-ын түүхэнд бичигдэх үйл явдал болсон төдийгүй хөдөө, орон нутгийн эмэгтэйчүүдийн нийгэм, соёл, эдийн засгийн асуудал тулгамдсан сэдэв болсныг мэдрүүлснээрээ онцлог байсан гэж хэлж болно.

-Энэ сэдэв яагаад ингэтлээ тулгамдчихав. Уг нь олон улсын дүрвэгсэд, бэлгийн хүчирхийлэл гэдэг ч юмуу өөр олон асуудал байх шиг санагддаг?

-Өнөөдөр дэлхийн улс орнуудын ядарч зүдэрсэн, аж амьдрал хүнд байгаа иргэдийн 80 гаруй хувь нь хөдөө, орон нутаг, алслагдсан газарт ажиллаж, амьдарч байна. Тэдний дотор дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа бий. Тэд хамгийн хүнд хүчир, гар аргаар голдуу хийдэг хөдөлмөрийг эрхэлж байна. Энэ нь нэг талаар хүнд хөдөлмөр боловч нөгөө талдаа байгалийн болон ургамал, мал аж ахуйн гаралтай, экологийн бүтээгдэхүүн хэрэглэхийг чухалчилж байгаа өнөө үед тэдний оруулж байгаа хувь нэмэр асар их болсон. Тиймээс энэ хөдөлмөрийг үнэлэх ёстой гэдэг зарчмыг дэвшүүлж байгаа юм. Үүнийг Социнтернийн эмэгтэйчүүдийн байгууллагын тунхаг бичигт ч тусгаж өгсөн. Монголынхоо жишээн дээр ганцхан баримт хэлье. Манай улс дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг хангадаг. Тэр түүхий эдийг хөдөө орон нутагт хэн бэлтгэж байгаа билээ. Эцсийн бүтээгдэхүүн болгосон ноолууран хөнжил манайд 100 ам.доллар л байдаг. Гэтэл экспортод гаргаад Англид борлуулахад 1000 ам.доллар болж байх жишээтэй. Үүнд оруулж буй монгол эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг яагаад үнэлэхгүй байна вэ гээд яривал асуудал их байна.

 -Үүний тулд, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх ямар арга зам байна гэж та харж байгаа вэ?

-Ийм арга зам байна. Юуны өмнө мэдээллийн технологийг ашиглаж, хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүдэд бизнесийн мэдээллийг ойртуулах хэрэгтэй. Африк, Латин Америкийн эмэгтэйчүүд цахилгаан, эрчим хүчгүйгээс мэдээллээс хоцорч байна гэж хэлдэг. Гэтэл манайд ийм зовлон байхгүй. Гэлээ ч дэлхийн хэмжээнд ярьж байгаа асуудал учраас ядаж сэргээгдэх эрчим хүчээр хангаж, ард иргэд түүний дотор эмэгтэйчүүдийг гар утас, интернэтээр хангах талаар анхаараач гэж улс орны Засгийн газрууд, олон улсын байгууллагад хандаж байгаа юм. Ингэснээр дэлхийн аль ч өнцөг буланд байсан адил тэгш мэдээллээр хангагдах боломж бүрдэнэ гэсэн санааг л бид хэлээд байна. Тийм ч учраас “Хэнийг ч орхихгүй” гэх үндсэн үзэл баримтлалыг бид тунхаг бичигтээ оруулж өгсөн нь олон улсын эмэгтэйчүүдийн талархлыг хүртэж, дэмжлэгийг олсон гэж бодож байна. Эмэгтэйчүүд хөдөө орон нутаг, алслагдсан хязгаарт амьдарч байгаагийнхаа төлөө золиос болох ёсгүй гэсэн тунхаг, уриалга гаргасны гол санаа үүнд л чиглэж байгаа юм.

-УИХ-ын өнгөрсөн сонгуулиар чуулганы танхимд эмэгтэйчүүдийн төлөөлөл цөөнгүй суудал авсан. Тэд эмэгтэйчүүдийнхээ төлөө хэрхэн ажиллаж байна вэ?

-Яг энэ асуудлаар НАМЭХ (Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбоо)-ны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Ундармаа танилцуулга хийсэн. Үүнд хууль тогтоох дээд шатны байгууллага болон удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс 30-аас доошгүй хувийн квоттой болгож хэрэгжүүлснийг танилцуулахад хуралдаанд оролцогсод алга ташиж хүлээн авсан. Мөн МАН-ын дарга У.Хүрэлсүх хуралдаанд мэндчилгээ дэвшүүлж, илгээлт явуулсныг УИХ- ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг уншиж сонсгосны дотор хөдөөгийн эмэгтэйчүүдийн талаар Засгийн газраас явуулж байгаа бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодорхой дурдсан. Энэ хүрээнд үр хүүхдээ төрүүлж өсгөх хугацаандаа нийгмийн хөдөлмөр, цалин орлогоосоо хөндийрч байгаа эмэгтэйчүүдэд зориулсан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй талаар мэдээлэхэд Африк, Латин Америкийн ядуу буурай, хөгжиж байгаа улс орнуудын эмэгтэйчүүд маш нааштай, талархалтай хүлээн авч, өөрсдийн улс оронд авч хэрэглэх зөв зүйтэй туршлага болохыг онцолж байсан. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн Засгийн газраас эмэгтэйчүүдийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, алс хэтийн бодлогын талаар танилцуулж, мэндчилгээ дэвшүүлж илгээлт явуулсан нь НҮБ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн аж байдлын чуулганд үзүүлсэн хүндэтгэлийн анхны тохиолдол байх. Бас Монгол Улсаа дэлхийн Социнтернийн эмэгтэйчүүдийн дотор сурталчилсан томоохон таниулга болсон гэж бодож байна. Түүгээр ч зогсохгүй олон улсын Засгийн газарт үлгэр дууриал үзүүлсэн жишиг болсон гэж бид баяртай байлаа.

-Дэлхий дахины болон наашлаад бүс нутаг, Монголынхоо эмэгтэйчүүдийн амьдрал ахуй, ажил байдлыг дээшлүүлэхэд бид юу хийж болох вэ. Үүнд эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь оролцоо ямар байх ёстой юм бол?

-Ямар ч тохиолдолд гол асуудал нь мөнгө санхүү л байдаг. Миний бие 30 орчим жил банк, санхүүгийн байгууллагад ажиллаж байгаад одоо эмэгтэйчүүдийнхээ нийгмийн амьдрал, сайн сайхан байдлыг дээшлүүлэхийн төлөө чадах, мэдэх бүхнээ зориулж явна. Саяхан Ази, Номхон далайн бүсийн парламентын гишүүн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Вьетнам улсад болсон. Тэнд эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хангах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх санхүүгийн тогтолцоо, дэд бүтцийг улс болгонд бий болгох талаар ярилцаж, олон санал санаачилга гарч байлаа. Үүнийг бүс нутгийн олон улс дэмжиж, чуулганы тогтоолоор баталгаажуулсан. Цаашдаа бүс нутгийг хамарсан Хөгжлийн зээлийн банк байгуулахаар болсон. Энэ талаар саяхан хуралдсан “Жендер ба эмэгтэйчүүд” сэдэвт бага хурлаар хэлэлцэж, Засгийн газраас Сангийн яаманд хандаж зөвлөмж гаргалаа. Хэд хоногийн өмнө бид Төрийн банкны удирдлагатай уулзаж, зөвшилцсөний дараа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд олгосон зээлийн талаарх судалгааг хийж эхэлсэн. Судалгааны эцэст нийгэмд бодитой хувь нэмэр оруулж буй эмэгтэйчүүдэд олгосон зээл, цаашид шаардлагатай зээл тусламжийн талаарх мэдээллийг эмхэлж цэгцлээд, хөдөөгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хүрч ажиллах талаар дорвитой ажил хийхээр төлөвлөж байна. Үүнийг бид хөдөө орон нутагт Төрийн банк, нийслэлд Хөгжлийн банктай хамтран хийх бодолтой байгаа юм. Энэ зөвхөн Монголын юмуу Ази, Номхон далайн бүсийн асуудал биш учраас бид саяхан оролцоод ирсэн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын ээлжит чуулганы индрээс ч дэлхийн олон улсын төр, засгийн сонорт энэ талаарх Монгол Улсын Засгийн газар, Парламент дахь эмэгтэй гишүүд болон эмэгтэйчүүдийн төлөөх байгууллагын үзэл бодол, баримтлалыг хүргэх боломж олдсонд баяртай, таатай байна.

Д.МӨНХЖАРГАЛ

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.