2024 оны 04 сарын 27
Зочин
П.Анужин: Маш өндөрт нисч байгаад үхэж, хэн ч тоохооргүй болж гоо үзэсгэлэнгээ алдаж үзсэн болохоор би амьдралд ХАЙРТАЙ

-МАШ ӨНДӨРТ НИСЧ БАЙГААД ҮХЭЖ, ХЭН Ч ТООХООРГҮЙ БОЛЖ ГОО ҮЗЭСГЭЛЭНГЭЭ АЛДАЖ ҮЗСЭН БОЛОХООР БИ АМЬДРАЛД ХАЙРТАЙ-

Өөр ертөнц, өвөрмөц оршихуй байна гэдэг өөрөө өгөгдөл юм. Ийм ертөнц өөртөө нээж олоод, ярилцлага авна гэдэг сэтгүүлч мэргэжлийн нэг том таашаал. Оны сүүлийн дугаартаа зочноор урьсан эрхмээсээ эрж явдгаа олчихоод, таны өмнө дэлгэх гэж буйдаа би үгээр хэлэх аргагүй баяртай сууна. Намайг баярлуулсан шалтгаан нь П.Анужин, түүний өвөрмөц дотоод ертөнц. “Монгол тулгатны зуун эрхэм” хэмээх нэвтрүүлэг санаачилж, хөтлөх болсноос олны анхаарлын төвд орж ирсэн энэ хатагтай сүүлийн нэг жилийн хугацаанд элдэв бусаар хэлүүлж, үг хэлийн бай болохдоо хэрэв цаассан бол сийчигдээд өөдөсхөн үлдэхээр болжээ. Манай сэтгүүл ч тэдний нэг нь байснаа нуугаад яахав. Хүн мэддэггүй зүйлийнхээ дайсан байдаг гэж энэ. Магад тэр өөр сэтгэдэг, амьдралыг өөр нүдээр хардаг, өөрөөр мэдэрдэг учраас, магад тэр ярилцлага өгч олны өмнө өөрийгөө дэлгэж байгаагүй учраас тэгтлээ их хэл амны бай болдог байж болох юм. Эсвэл эмэгтэй хүнд ухаан, гоо үзэсгэлэн хоёул цогцловоос өөрт халтай гэдгээр ч гаргалгаа хийж болох. Ийм л учраас энэ удаагийнхаа “Гранд би” ярилцлагын буландаа түүнийг бид урьсан юм. 

Цэцэг шиг 17-хон насандаа үхэл, амьдралтай нүүр тулж, амьдралын үнэ цэнэ, мөн чанарыг нухацтай, гүнзгий авч үзэх болсон, ааваасаа агуу ихээр хайрлахын, ач санахын ухаан сурсан, Америк, Япон хэмээх эсрэг тэсрэг туйлт хоёр соёлын нөлөөнд иэдр залуу төлөвших насаа өнгөрүүлсэн гээд тун ч сонирхолтой хувь тавилан, сонирхолтой оршихуйг тэр туулж иржээ. Бүгдэд чин сэтгэлээсээ ханддаг, тэгтлээ бусдад эсрэгээрээ ойлгогдог гээд өвөрмөц хүн бүрийн л амсаж, мэдэрч болох бүхнийг амьдралаас ханатлаа ууж буй 38 настай бүсгүйн ертөнцийг нээх гэж ихэд хичээлээ. Дүгнэлтээ эрхэм та өөрөө өгнө биз ээ.      

-Монгол тулгатны эрхмүүдийг байцаадаг хүнийг ярилцлагын ширээний ард урих сонин байна. Олны танил дээр нь нийгэмд эзлэх байр суурь, гадаад төрх, эмэгтэй хүнийхээ хувьд мөн тантай холбоотой элдэв цуу ярианаас улбаатай та хэдийнэ олны сонирхдог фигуруудын нэг болчихож л дээ. Тиймээс чин сэтгэлийн, илэн далангүй яриа дэлгэмээр байна. Та ер нь хэр илэн далангүй эмэгтэй вэ? 

-Үзэл бодол талаасаа би маш илэн далангүй, нээлттэй хүн. Харин хувь хүн талаасаа тайлагдахад амаргүй хүн. Илэн далангүй байхын тухайд өөрөө их харьцангуй ойлголт. Яахав, миний үзэж туулсан амьдрал, тэндээс авсан бага ч болов ухаарал хэрэв бусдад хэрэгтэй, сургамжтай бол бүгдийг нь тоочиж болно. Миний хувьд асуудал байхгүй. Гэтэл миний амьдрал, миний намтар түүх хүний л амьдрал, хүмүүсийн харилцаан дунд явж ирсэн учраас бусад хүмүүс яаж хандах бол гэж заавал бодох ёстой. Миний эрх бусдынхаар хязгаарлагддаг гэдэгтэй адил яг энэ талаасаа хэмжүүр зайлшгүй байх ёстой байх аа. Тэгэхээр илэн далангүй байна гэдэг нь харьцангуй бөгөөд хариуцлагын асуудал байгаа биз. 

Аливаа зүйлийн талаарх байр суурь маань гэхдээ ямар нэгэн юманд наалдах гэж, сайхан харагдах гэж ч юм уу, бусдад таалагдах гэж дүр бий болгож амьдардаг хүн би биш. Би өөрийгөө шулуун байж чаддаг гэж боддог. Ер нь тэгээд ийм тийм байх ёстой гэсэн зохиомол зүйлсийг өөрт суулгаад байхаар хүн өөрөө зохиомол болчихдог юм уу гэж боддог. Өөрт төрмөл заяасан сайхан чанарууд л хүний давтагдахгүй байдлын илэрхийлэл болж, бас тэр л хүнийг хайрлах шалтгаан болдог болов уу.

-Хайрлах шалтгаан гэснээс нээрээ хайрлаж дурлахад, хар элгийн хүнийг энэрч түүний өмнөөс өмөлзөхөд ямар шалтгаан байдаг юм бэ? Хайрлах ихэнхдээ зовлон авчирдаг атал хайрлах гээд л тэмүүлээд байдаг нь хүний мөн чанар юмсан уу, эсвэл алдаа юм уу? 

-Хайр гэдэг хүний эрхэм дээд чанар. Хайр өөрөө хариу нэхээгүй бас болзолгүй байж л жинхэнэ хайр болон амилдаг юм шиг. Тэр цагт хайрлаж байгаа нь ч, хайрлуулж байгаа нь ч жаргана. Бид хайрыг мөн чанараар нь төлөвшүүлж чадаагүй болохоороо л зовоод байгаа юм байна гэдгийг ухаарч байна. Хүмүүс хичээгээд л байгаа хэрнээ бие биедээ гоморхох сэтгэлээр хандаад л байдаг юм уу даа. Намайг ингэж явахад тэгэх гэж гэдэг ч юм уу...Энэ л хорыг таслаагүй цагт хайрын нөгөө талд зовлон байсаар л байна. Түүнээс биш хүн төрөлхтөн бидэнд илгээсэн хамгийн сайхан зүйл нь зовлон дагуулаад байна гэж байхгүй.

-Эмэгтэй хүн нууцлаг байх ёстой гэж ярьцгаадаг. Энэ нь яг юу гэсэн үг юм бол? 

-Ийм, тийм гэж хариулахад хүнд асуулт байна. Учир нь би дүрмийн сэтгэлгээгээр амьдралд ханддаггүй хүмүүсийн нэг. Миний натурт ч таардаггүй юм. Нууцлаг байх ёстой гэж яг юугаа хэлээд байгаа юм? Биеэ нуухыг хэлж байгаа юм уу? Ааш араншингаа нуухыг хэлж байгаа юм уу, бүү мэд. Би хувьдаа мэдрэмжиндээ л түшиглэж амьдардаг эмэгтэй. Хүн бүрт заяамал мөн чанар гэж байдаг. Дур булаам, энхрий, хэнэггүй, бүдүүн баргийн эсвэл жаахан ааширхуу гэдэг ч юм уу. Байгалиас өгсөн мөн чанараа хүн нэг их өөрчлөх гээд хэрэггүй л дээ. Үүнийг өөрчлөх гээд байдаг хань нөхөр ч юм уу, найз нөхөд бол үндсэндээ том дарамт. 

Та бод доо, эмэгтэй хүн нууцлаг байх ёстой гэчихээр угийн өргөн дэлгэр, нээлттэй өгөгдөлтэй хүн өөрийгөө нууж байгаа нь энэ гээд өөрт байхгүй хаа хамаагүй зан гаргаад эхэлбэл тэр хүн өөрөө учраа олохоо болино биз. Аргаа олохоо больчихсон амьтан чинь хүнд ч ойлгомжгүй болж, амьдрахад төвөгтэй болж эхэлнэ ээ дээ. Ингэх ямар хэрэгтэй юм бэ. 

-Тэгвэл Анужин гэдэг эмэгтэйн натур юу юм бол?

-Яг тэр гээд оноод хэлчих үг олдохгүй байна. Ямартай ч би их хүнлэг хүн. Бусдад энгийн ойлгогддог зүйлд би ээдрээд байдаг. Тэгсэн хэрнээ бусдын ойлгож, хүлээж авахад хэцүү зүйлийг би маш амархан тайлчих нь бий. Энэ л би юм болов уу даа.

-Бага нас, аав, ээжийнхээ талаар яриа дэлгээч? 

-Эцэг эхийн хайр халамжаар хором ч дутаагүй, миний хүүхэд нас. Ухаантай хүн хайрлагдахын хэрээр би яаж энэ сайхан хайрын хариуг барих билээ гэж боддог. 
Би  хүнтэй ханилан суухаасаа өмнө амттай сайхан зүйл идэж уух бүрт ээжийдээ аавдаа дүүдээ өгмөөр идүүлмээр санагдаж, хараа сунгаж газар үзэх бүхэндээ тэднийгээ аваачмаар болдог байсан. Тэр хүслээ ч бас бүгдийг шахуу биелүүлж байсан байна лээ. Японд улсын зардлаар оюутан болж очсон хэрнээ ээж аавдаа онгоцны билетийг нь өөрөө авч явуулж, тэр орныг үзүүлэх гэж хичээлийн бус цагаараа дэлгүүрт худалдагч хийдэг байсан. Япон чинь ажил хийвэл хийсэн шиг хийнэ, оромдож, хүний нүд хариулна гэж байхгүй. Эхэн үедээ дэлгүүрт яс ажиллаад харьж явахад хөлөө хаана гишгэж байгаагаа мэдэхгүй болтлоо мэдээгүй болсон байдаг үе ч байсан. Хичээсний эцэст аав ээжээ Наритагийн онгоцны буудалд тосч тэдэнтэйгээ уулзаж байхдаа мөн ч их баярлаж байж билээ. Бага, дунд, дээд сургуульд суралцаж байхдаа ядаж өмнөө байгаа зүйлээ хийсэн шиг хийчихвэл ижий аав минь баярлах байх хэмээн бодож, бүхий л шатны сургуулиа тэр үеийнхээр онц дүнтэй дүүргэж байлаа. 

Аав ээж хоёр маань Монголын геологийн албанд насаараа ажиллаж байгаа баяжуулагч, эрдэс судлаач мэргэжилтэй хүмүүс л дээ. Тэр хоёр маань арван жилийн нэг ангийнхан, нөхөр бид хоёрын төгссөн арван жилийн сургуулийг дүүргэцгээсэн. Ээжийн маань анги даасан багш хожмоо надад монгол хэлний хичээл зааж байлаа. Ээжийг маань ёстой амаа олохгүй магтдаг байлаа, надад. Ээж чинь нэг ч сайн дүн авч үзээгүй, миний ангийг дүүргэж байлаа гээд л. Мөн аав ээж хоёрын маань түүхийг их сайн мэддэг учир надад тэр багш маань цаанаа л дотно санагддаг байж билээ. Амьдрал учир ерөөлөөр дүүрэн юм аа. Биднийг бага байхад ихэнх аав ээжүүд социализмыг бүтээхийн төлөө цаг наргүй ажиллаж ар гэр амьдрал ахуй, үр хүүхэддээ зарцуулах цагаар хомс байсан. Гэсэн хэдий ч миний аав ээж дүү бид хоёрын төлөө цаг гаргаж чаддаг байсан. Хоол цайг минь халуун саванд бэлдээд, үүр шөнө үдэш бүрий гэлтгүй гараас минь хөтлөөд намайг хөгжүүлж дэвшүүлэхийн төлөө зүтгэдэг байсан (хоолой нь зангирав.сурв). Ээж маань хүүхэд байхаас эх хэлээрээ аль болох зөв, уран яруу ярих, хүнлэг сайхан сэтгэлтэй байх тухай л голдуу сургадаг байсан. Хүүхэд насанд тавигдсан тэр л хүмүүжил надад одоо их хэрэг болж байна даа... Миний хүүхэд нас маш гэрэлтэй, бардам, дуулиантай хэрнээ амгалан тайван өнгөрсөн. 

-Шулуухан асуучихад таны төрсөн аав бол экс гишүүн Р.Буд гэдгийг бид бүгд мэднэ. Та ч нуудаггүй. Амьдралын нугачаан дахь ийм сонголт, өмнөх, хойдох амьдралын гялбаа, сүүдэр нь юу байдаг вэ? 

-Хүн өөрийн түүх, гарал угсаагаа нууж болдог юм уу? Нуугддаг зүйл юм уу? Өөрийн ясаа яснаасаа нууж, цусаа цуснаасаа нууна гэж яг ямар үйлдэл болохыг би мэдэхгүй байна. Би төрсөн аавынхаа залуу насны үүх түүх, өнгөрүүлснийг шүүх эрхгүй ч шүүж бас гомдох үе байсаан, хүүхэд байхдаа. Харин өөрөө нас биед хүрч, амьдралын тэр дундаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааны гэрэл сүүдрийг харж, ухаарч эхэлсэн цагаасаа гомдох сэтгэлээ бүрмөсөн орхиж чадсан. 

Намайг өсгөж, төрүүлсэн хоёр аав, ээж гурвуулаа арван жилийн нэг ангийнхан. Ээж маань сурлага хүмүүжил, сайн сайхнаараа ангийнхаа хамгийн сайхан охин байсан гэдгийг одоо хэн хэн нь дурсдаг. Ээж бид хоёр аавыгаа гадаадад сургуульд үдээд төгсч иртэл нь хүлээсэн. Амьдралын хувь төөргөөр аав маань ээж бид хоёрыг орхин явж,  би бага гэлтгүй амьдралын хатууг туулж, ухаан суусан ч нөгөө талдаа хариу нэхэхгүй хайрлах гэж юу байдгийг, хайр гэж юу байдгийг намайг өдий зэрэгтэй хүн болгосон хүний дээд, хүний хайлан болсон ааваасаа мэдэрч өссөн. Нэрнээс минь салгахын аргагүй ижилдсэн М.Пүрэв-Очир аавынхаа миний төлөө явж байсан, тэмцэж байсан,  гар дээрээ тэврээд эмнэлгийн шатаар өгсөж уруудаж байсан өдрүүд. Тэр дүр зургийг бодохоор би огшоод явчихдаг. Эмнэлэгт бие маань муу, үхэл сэхэлтэй тулж байхад дотор аав ижий хоёр маань, гадаа Буд аав маань гэргийтэйгээ зогсч, бүгд л хамтдаа байсан тухай ухаан ороод сонсч байсан. Хүний амьдрал баялаг шүү дээ. Буд аавтай маань ханилсан гэргий нь миний аавыг сайхан түшээд явж байна, тэд өнөр өтгөн сайхан амьдарцгааж байна. Магад тэд ч заяаны хань байсан юм билүү. Хүний амьдралын ийм нарийн зүйлийг би эсвэл та, эсвэл хэвлэлээр хүний амь амьдралыг гутаагчид шүүх зүйл биш ээ. Намайг өсгөж, миний амьдралын жаргал зовлон сүлэлдэх эгшин бүрт хамт байж миний зовлонд надаас илүү хорж элэгдэх аав минь байна. Энэ биеийг минь бий болгосон аав минь байна. Хүнд ганц л аав заяадаг бол надад хоёр сайхан аав заяасан байна. Тэгэхээр би азтай л хүн байгаа биз дээ.

-Та “Монгол тулгатны зуун эрхэм”-ийг продюсерлэж, хөтлөх болсноор олны анхаарлын төвд орж ирсэн. Энэ төсөл, энэ нэвтрүүлэг, энэ бүхнийг дагах нэр алдар Анужин гэдэг хүнд чухам юу өгсөн бэ? 

-Нэгэн цаг дор амьдарч буй бахархам гэгээлэг, ухаалаг, хүмүүнлэг, хайрламаар, авьяаслаг бас тэгээд тэнгэрлэг хүмүүстэй нүүр тулан уулзаж, тэдний чин сэтгэлийг тэр чигээр нь сонсч, дутуугаа ухаарах боломж надад нээгдсэн. Сайхан хүнтэй уулзаж хөөрөлдөхөөр чинь дотор сэргээд нэг хэсэгтээ амьдрах эрчим нэмэгдээд л явчихна шүү дээ.

Олны анхааралд орно гэдэг чинь харин их сонин сэдэв. Амьтны хүрээлэнд байгаа ан амьтныг үзэж сонирхож байгаа юм шиг хөдлөхөөр нь гайхаад орилолдоод, өөрсдөөс нь арай өөр үйлдэл хийхээр сонирхоод л байгаа мэт эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Тийм ч болохоор би олон нийтийн газар явах, энд тэнд хэсэх дургүй. Энэ байдал ер нь хүүхэд байхаас л тогтсон юм шиг байгаа юм аа. Хүүхэд байхдаа Монгол улсын манлай охин, Монгол улсын шилдэг хүүхэд болж, анх удаагаа хүүхдийн бие даасан тайлан тоглолтыг хийж, 12 насандаа сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн даргаар сонгогдож, (инээгээд) тухайн үедээ хүүхдэд өгдөг бүхий л гавьяа шагналыг хүртэж байлаа. Мөн Болгар улсад зохиогдож байсан олон улсын хүүхдийн яруу найргийн тэмцээнд оролцож дэд байранд шалгарч, 11 насандаа хөрөнгөтөн хэмээх тодотголтой байсан орон руу өөрийн орныг төлөөлж хүүхдийн элч болон олон улсын чуулганд оролцож байсан нь надад нэр алдрын тухай, одоогийнхоор олны танил байх тухай ойлголтыг харьцангуй багад минь суулгаж өгсөн гэж боддог. Тийм болохоор олны хайр талархал, хүндэтгэл хүлээхэд хариуцлага ирдэгийг би сайн мэднээ. Хариуцлага хэт үүрэх чинь бас хүсмээр зүйл биш биз дээ?!! 

Гэхдээ яг өнөөдөр би алдартай хүн гэж ер бодохгүй байнаа. Тэгэхээр юу өгдөгийг тодорхойлон хэлж чадахгүй юм. Тэгээд ч маш өндөрт нисч байгаад үхэж үзсэн, хэн ч тоохооргүй болж гоо үзэсгэлэнгээ бүрмөсөн алдаж байсан гээд амьдралын нарийн ширийн зовлон  их үзсэн хүн чинь хэрийн зүйлд савлахгүй шүү дээ. Нэр цуу, мөнгө цаас, харагдах үзэгдэх юм том зүйл биш ээ, үнэндээ. Хүн үхэх гээд ирэхээр мөнгө байгаад ч тус болдоггүй л биз дээ.

-Нэр алдарт хүн бүр л дуртай байдаг шүү дээ. Яг л брэнд шиг үнэ цэнэ ч дагадаг нь үнэн, сайн алдар нэрийг. Юунд нь дургүйлхдэг гэж вэ?

 -Алдар нэрийг өөрийн хөдөлмөрөөр олж авах шиг бахархалтай зүйл байхгүй л дээ. Хүн болж амьд яваагийн хэрэг шүү дээ. Харин гэрэл томрохын хэрээр сүүдэр бас томордгийн адил түүнтэй зэрэгцэн ирэх сөрөг зүйлсийг даах амаргүй. Гэхдээ даамааргүй байнаа, зөвхөн магтаад өгөөч гээд гүйлтэй биш, элдэв цуу үг бүрийг хөөж үнэндээ бол гээд яриад явалтай биш. Тийм биз дээ. Хэлмэгдэхэд нь хэлмэгдээд, хэлүүлэхэд нь хэлүүлээд зовж жаргаад л явах зам юм биш үү. Жишээ нь, танай сэтгүүлд миний тухай ямар ч үндэсгүй зүйл бичиж л байсан. Ёстой уйлаад гүймээр, эсвэл шүүхдээд явмаар (инээв). Гэтэл өнөөдөр танай шинэ жилийн дугаарын зочноор уригдаад ярилцаж байна. Харин би танай сэтгүүлийг сэтгүүл, тэр дундаа таныг хүн юм байна гэж бодож, баярлаж сууна. Манайх муулсан л бол бандан тас, эсвэл манайх энэ хүнийг муулах л бодлоготой гэдэг газрууд бас байна шүү дээ. Танайх бол эрэлчид хайгуулчид, бас эндүү ташаагаа эргээд засах чадвартай жинхэнэ сэтгүүлчид байна. Цагтаа хэлмэгдэж байсан ч (инээв) танай ажилсаг, бас зоригтой хамт олонд ажлын амжилт, үнэн эрэл хайгуулын олз омог хүсье! 

-Баярлалаа. Тэгвэл атаа жөтөө, элдэв хэл ам юу мэдрүүлэх юм? 

-Хэрээс хэтэрсэн доромжлол, гүтгэлэг заримдаа залхааж, туйлдуулдаг юм байна. Ганц бие эмэгтэй бол хамаа алга. Хэнд ч хамааралгүй амьтан бол бас хамаа алга. Үр хүүхэдгүй бол тэсээд явахсан. Гэтэл намайг төрүүлж өсгөсөн эцэг эх, хоёр хөөрхөн бүлтгэр охин, хань ижил гээд би нийгмийн л амьтан учраас энэ талаасаа үнэхээр тэвчихийн аргагүй үе тохиолдох юм. Тэглээ гээд үг хөөж явсангүй ээ, үнэндээ.  

Нэг л зүйлийг би итгэлтэй хэлж чадна. Миний амьдрал бол хүний л амьдрал. Хүний л туулдаг даваа, нугачаа бүхнийг би туулж явна. Нийгэм хувь хүнийг өөрөө өөртэй нь зөрчилдүүлдэг юм шиг. Хүн нийгэмд гоё харагдах гээд, таалагдах гээд хичээж ирэхээрээ өөрийгөө алдаж, өөрийгөө эвдэж байдаг. Хүний өмнө үнэн амьдрах гээд яахав ээ. Хүн сэтгэл зүрхэндээ л өөрийн үнэнтэй амьдрах ёстой гэж боддог доо.

-Таны анх нийгэмд танигдсан имиж чинь эрүүл хоололтын Анужин багш. Энэ салбарт татагдах болсон нь хэдийнээс вэ?  

-Татагдах юу байхав дээ. Юу ч гэмээр юм. Амьд үлдэх арга л байсан юм болов уу даа. Амьдралын хүнд шалгуур, тэр дундаа үхэл сэхлийн зааг л намайг эрүүл оршихуй, амьдралын үнэ цэнийг ахин бодоход хүргэсэн. Тэр үед би 17 настай байсан. Дөнгөж 17 настай охиноо алдчих гээд аргаа барж байсан аав, ээжийнхээ сэтгэлийг эх хүн болсон хойноо би илүү ойлгосон. Үе, үе ухаан ороод нүдээ нээхэд аав ээж минь эмнэлгийн хүйтэн шалан дээр сонин дэвсээд хажууд минь сууж байдагсан. Бүтэн жилийн турш эмнэлэгт өнгөрөөсөн хүйтэн, хэзээ ч мартагдахгүй тэр дүр зураг намайг эрүүл хүн болохын төлөөх замд хөтөлж, тэр хоёроосоо өмнө хорвоогоос явж болохгүй хариуцлагыг ясанд минь суулгасан юм даа. 

Хүмүүст багшлахын хувьд бол өөрийн сурч мэдсэн зүйлийг хэлээч, зааж өгөөч гэсэн хүмүүсийн хүсэлт байсан юм. Миний хамгийн анхны олны танил шавь бол дуучин Т.Ариунаа. Би түүнд гэрээрээ хоол хүнсний учрыг хэлж өгч, “Гайхамшигт үдэш” тоглолтоо хийхэд түүний хүссэн биеийг бүтээхэд тусалж байлаа. Энэ үеэс л сонин хэвлэлүүд бага сагаар бичиж сонирхох болсон гэж боддог.  

-Анужин гэдэг нэгэн давтагдашгүй, өнгөц ойлгоход бэрх ертөнцийг нээх гэж оролдохдоо ярилцлагын ширээний ард таныг урьсан. Бүсгүй хүн талаасаа эрхэмсэг төрх бүхий, нийгмийн талаасаа амжилттай яваа, үүнээс үүдэлтэй ч юм уу, элдэв хар хор, дуулиан шуугиан, хов жив дунд хөвж яваа эмэгтэйг би харж байна. Товчхондоо Анужин гэдэг ертөнцийг бүрдүүлсэн зүйл нь юу юм бол? Та юу гэж боддог вэ? 

-Би өөрийгөө эрхэмсэг ч юм уу, ихэмсэг бүсгүй гэж боддоггүй. Харагдах төрх тийм байж болох юм. Хэрэв тийм бол эдгээр нь байгалийн өгөгдөл, мөн тээр холоос өвөг дээдсийн үеэс улбаатай хувь тавилан цус, яс нэгтгэж намайг төрүүлсэн ээж, аавын минь буян байх. Сүүлийн үед өөрийнхөө үүх түүхийг маш нарийн судалж байна. Удам сударт маань ижий талаасаа бичиг соёлыг Монголын түүхэнд дэлгэрүүлж явсан эмэгтэйчүүд олонтой юм байна. Эндээс ойлгосон зүйл маань хүн гэгч оршихуй гэнэт нэг юмнаас тасраад гараад ирдэггүй юм байна л даа. Маш олон зүйлийн, маш олон учрал тохиолын нийлбэр, үр дүн байдаг юм байна. 

Харин намайг төлөвшихөд нөлөөлсөн хэд хэдэн чухал үеүд байдаг. Юун түрүүн, миний гайхамшигтай аав. Дараагийн төлөвшилд минь гүн нөлөөлсөн зүйл бол хүндээр өвдсөн явдал. Бүтэн жилийг эмнэлэгт өнгөрүүлсний дараа гэртээ гараад толинд харахдаа би өөрийгөө таниагүй. Жин 90 кг дөхсөн, нүүр битүү сэвх, нүд маань наашаа бүлтэрчихсэн....( чимээгүй болов)  Юун хайр сэтгэл, юун гэгэлзэж дэнслэх. 16-хан хоногийн дотор буруу эмчилгээ хийлгэхэд л хүн үхэж болдог юм байна лээ. Ийм их донсолгоон дунд миний цэл залуу нас эхэлсэн юм. Энэ л үедээ амьдралын үнэ цэнэ, гоо үзэсгэлэнгийн талаарх бодол минь өөрчлөгдөж, илүүтэй хэрсүүжсэн гэх үү дээ. Есдүгээр сарын 1-ний тэр өдөр нэгдүгээр эмнэлгийн цонхоор харан уйлж зогсохдоо “Ану, чи хараач, урт хүзүүтэй, гоё хөлтэй эмэгтэй хүн үзэсгэлэнтэй гэж боддог байсан. Гэтэл час улаан хацартай эрүүл саруул тэр охин жинхэнэ гоо үзэсгэлэнтэй юм байна” гэж өөртөө хэлж байсан. Ингэж ихэнх залуу хүнийхээс урвуу эхэлсэн залуу нас маань намайг өөрийн эрхгүй амьдралд хайртай болгож бас үеийнхэнтэйгээ ойлголцоход бэрх болгож орхисон юм болов уу. 

Төлөвшилд маань нөлөөлсөн дараагийн чухал зүйл бол соёлын эсрэг тэсрэг туйл болсон хоёр улсад суралцаж, амьдарсан явдал байсан гэж боддог. Эхлээд Японд оюутан болж очлоо. Японы төлөв даруу, дотогшоо, өөрийгөө дарж, бусад нь юу гэх бол, бусад нь юу гэж бодож байгаа бол гэж нийгмээс хэт хамааралтай амьдардаг, хүнийг хайрцаганд хийчихдэг соёлын нөлөө надад хүчтэй нөлөөлсөн. Дараа нь азаар ч юм уу, хувь тавилангаар ч юм уу, Америкт суралцах боломж олдлоо. Детройтод буучихаад би эгчдээ “Миний тархинд байсан хоёр боолт таг таг гээд тайлагдаад уначихлаа” гэж хэлсэн гэдэг. Одоо бодоход бараг афоризм шиг үг хэлчихэж гэж инээдэм болгодог юм. Хүн нээлттэй байх, өөрөөрөө амьдрахыг эндээс суралцсан. Үнэхээр эсрэг тэсрэгийн туйл болсон хоёр орон шүү. Япон бол бүлгийн сэтгэхүйтэй улс. Гэтэл Америк индивудал оршихуйг дээдэлдэг улс. Ийм эсрэг тэсрэг хоёр соёлын дунд миний бие хүн, дотоод ертөнц төлөвшсөн болохоор нийтлэг монголчуудын хувьд зарим талаараа ойлгомжгүй, дотогшоо ч юм шиг, тэгсэн хэрнээ нээлттэй ч юм шиг сонин санагддаг байж болох. Би ч үүнийгээ өөрөө анзаардаг. 

-Макробиотик судлаач хэмээх манайд төдийлөн дуулдаад байдаггүй шинжлэх ухааны салбарт та хүчин зүтгэдэг. Маш товчхондоо урт наслах ухаан гэж үздэг энэ шинжлэх ухааны амин сүнс, мөн чанар нь юундаа оршдог юм бол? 

Урт наслахын тухай гэхээсээ чанартай амьдралын тухай ухаан юм шүү дээ. Бид аливаа зүйлийг урт богино, том жижиг, тарган туранхай, өндөр нам, сайхан муухай гээд хоёр туйл руу нь шүүх гээд байдаг. Чанар гэж айхтар зүйлээ энэ хэмжигдэхүүнүүдээс салгаад байна. Макробиотик гэдэг нь арга, билгийн ухаан. Бид газар дэлхий дээр, тэнгэр эрхсийн дор амьдрахдаа зөвхөн өөрийн дур хүслээр биш наанадаж саяын нэрлэсэн хоёр чухал зүйлд захирагдан амьдрах тухай ухаан бол энэ ухааны амин сүнс нь. 

-Тодруулаач? Жишээ нь арга билэг буюу эр эм, эсрэг тэсрэгийн зохицол нийцэл зөв хоололт, эрүүл амьдрахтай ямар шижмээрээ холбогддог гэдэг ч юм уу? Ер нь хүмүүс зөв амьдрахын тулд юуг чухалчлах ёстой вэ? 

-Хүн эхлээд өөрийгөө танихаас л бүх зүйл эхэлдэг юм байнаа. Томхон шиг харвал та яах гэж төрөв? Ямар зорилготой төрөв? Нарийсгавал та юу хүсдэг, юунд баярладаг, юунд дургүй, юуг таалдаг гээд л өөрийгөө таних үйл чинь номонд бичсэнийг үзэж тайлахаас хүнд ажил. Өөрийн хүн болсны эрхэм учраа таньсан хүнд бол хоол ундны асуудал мэдээжийн анхаарах зүйл болж, хариулт үйлдэл нь дотроосоо ундардаг юм аа. Мөн хүн хөгширч өтлөхөд, өнгөгүй, цоггүй харагдахад хоолноос чухал нөлөөтэй зүйл бол хүний дотоод сэтгэл, өөрөөс ялгаруулж буй эрчим хүч шүү дээ. Хүний эрээн дотроо гэх ч гаднаа тов тодорхой тусч байдаг. Ер нь арга билэг гэдэг маань тэнцвэртэй байдлын л ухаан шүү дээ. Аливаа нэг тал руу хэлбийж, туйлшрахгүй байх тухай ухаан. Хүн мах идэх муу гээд мах идэхээ ор тас байж, ногоо сайн гээд жилийн дөрвөн улирал идээд байдаг эсвэл монголчууд мах иддэг гээд өглөө, оройгүй идээд байдаг. Эдгээр зүйлсийг л хэлж байгаа юм. Сэтгэл зүйн байдлаа тооцож, байгаль цаг агаарын нөхцлөө үнэлэн хоол хүнсээ тохируулахыг зөв хоололт гээд байгаа юм л даа. Үүн дээр би нэг зүйл тодотгон хэлмээр байна. Хоол сэтгэл хоёр нэг зүйлийн хоёр тал. Та юу иднэ, та тийм л хүн гэдэг үг бий. Энэ үгийг бодоод байхаар би тэгвэл юу идэх ёстой вэ гэсэн асуулт дотроосоо төрж, хариултыг эрэлхийлж чадвал хүсээд байгаа сэтгэл болоод бие махбодийн гоо сайхан, эрүүл мэнд цогцлоно. 

-Таны өдрийн хоолны цэсийг сонирхож болох уу? 

-Хэ хэ. Цэс гээд байх зүйл юу байхав ээ. Тэр дундаа энэ нэвтрүүлгийг хийж эхэлснээс хойш хоол цай манатай явдаг болсон...Ерөнхийдөө бол, өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найзтайгаа хувааж, оройн хоолыг дайсандаа өг гэдэг хүн бүхний мэддэг өнөөх л жор, хэмжээ шүү дээ. 

-Таныг давсгүй хоол иддэг гэж сонсож байсан. Үнэн үү? 

-Давсгүй хоол идэх биед тусгүй. Хүний бие эрдэс, минералын нөлөөгөөр эрүүл байж өөрөө өөрийгөө агшааж байдаг. Нарийхан, гоолиг байх шалтгаан эрдэстэй ихээхэн хамаатай. 

Би боддог юм. Хүн боломжоороо сайхан хувцаслаж, биеэ эрүүл чийрэг сайхан авч явах ёстой. Яагаад гэвэл энэ бие, энэ оюун ухаан нэгдэх боломж ганц л байдаг. Дахиж миний сүнс төрлөө ч миний энэ биед оршихгүй. Тиймээс энэ л оршихуйгаа хайрлаж, түүнийг гоо үзэмжтэй байлгаж, гоёж, сайхан амьдрах ёстой. Үүний төлөө хичээх ёстой. Сайхан хоол хүнсийг идэх биш зооглох, хүртэх ёстой. Амнаас унам амтгүй хоол бол эрүүл мэндэд хамгийн хортой зүйл. Амтгүй хоол идэх хэрээр хүний бие улбайж, жин нэмэгдэж байдаг. Нэг ёсондоо сунаад, тэлээд байдаг. 

-Тэгвэл давсыг эрүүл мэндийн гурван хорын нэг гэдэг нь? 

-Цагаан давс аюултай. Яагаад аюултай вэ гэвэл байгалийн ашигтай элементүүдийг нь үйлдвэрийн аргаар цэвэрлээд хаячихдаг. Яагаад жамц давс байгалийн шороотойгоо, өөрөөр хэлбэл байгальд байгаа байдлаараа хүнд хэрэгтэй вэ гэхээр байгалийн түмэн минералыг өөртөө шингээсэн байдаг. Тиймээс давсгүй хоол сайн гэж туйлшрахын оронд жамц давсаа, зохистой хэмжээгээр нь зөв хэрэглэхийг зөвлөмөөр байна. 

-Хүүхэн болгоны шүдний өвчин, өдөр тутмын асуудал нь жингээ барих, турах гэсэн үгс. Та тэдэнд хандаж товч бөгөөд үр ашигтай нэг л зөвлөгөө өгөөч?

-Турна гэдэг үг өөрөө сайхан утга ердөө биш шүү дээ, турна эцнэ, цаашилбал зовох гэдэг утга ч байж болох. Энэ талаасаа би хүн турааж эцээх ажиллагаа хийж үзээгүй. Энэ үгийг ч хэрэглэдэггүй. Махлагдуу байгаад өвчингүй эрүүл байвал болж л байна ш дээ. Өнөөх л чанарын тухай ойлголт буюу эрүүл мэндийн чанар гэдэг асуудал л даа. Охид бүсгүйчүүддээ орой нар шингэснээс хойш болж өгвөл хоол хүнс хэрэглэхгүй байж шингэн цай, ус уухыг зөвлөе.

-Залуу насны завгүй, гэгэлгэн, эрч хүч дүүрэн өдрүүд, хайр, бүтэлгүйтэл, дурсамж. Энэ бүхэн амьдралыг бүрэлдүүлж байдаг гол эд эс, эрч хүч нь гэж бодвол та хэр эрч хүчтэй амьдарч байна вэ?  

-Дэлхий нийтийн хандлага, байгаль дэлхийн байдал, хүмүүсийн харилцаа, сэтгэл тийм ч таатай биш байгаа энэ цагт дандаа эрчим хүч дүүрэн байна гэдэг их хүнд асуудал юм байна. Бие биеэ дэмжиж, нэгдэж нийлж бүтээх чин сэтгэл байхгүй болсон юм уу даа. Аль ч шатандаа яаж өрөөлийг дарж өөрөө гарах вэ, эсвэл яаж өрөөлийг шүүж доошоо хийх вэ, эсвэл нийгмийн сэтгэл санааг яаж өөр рүүгээ татаж тоглох вэ гэдэг л уралдаан, тэмцэл дунд бид амьдраад байна. Чин сэтгэл гэдэг нь хаанаа, аль үедээ ингэтлээ хаягдсан юм бүү мэд. Ийм цагт дандаа гэгээтэй явна гэдэг хүнээс их хүч шаарддаг юм байна гэдгийг л ойлгож мэдэрч байна. Би өөрийгөө жигтэйхэн эрч хүчтэй ажиллаад байна гэж хэлэхгүй ээ, харин их л завгүй байх юм аа. Ядаж л толгой дандаа бодлоор дүүрэн, маш олон асуулт намайг ээрч, завгүй байлгах юм байна ш дээ. Та ч намайг анзаарч байгаа болов уу, үг хэл маань хөнгөн биш, аливааг хэт гүн бодоод байдгийг... Би хариулсан даа, би тийм амар ойлгогдох хүн биш ээ гэж.

-Учир шалтгаан нь юу юм бол? Дотоод зөрчил ихтэй хувь хүн гэсэн үг үү эсвэл бусдаас өвөрмөц оршихуй юм уу?  

-Та их сонин асуулт тавилаа. Баярлалаа. Би ихэнх хүмүүсээс эрс өөр. Өөр боддог, өөр хүлээж авдаг. Надад харын сэтгэл, хор шарын сэтгэл огт байдаггүй. Нэг талаасаа намайг маш амар амгалан байлгадаг. Тэнгэрийн бэлэг гэж боддог юм. Бас нэг сонин гэмээр чанар бий. Айхтар зорилго тавиад л түүндээ хүрээд байгаа хүмүүсийг би их хүндэтгэдэг, бас гайхдаг. Надад байдаггүй болохоор тэр. Би юманд тэгтлээ зориод, улайрч шунаад байдаггүй. Тухайн үедээ мэдрэмжээ дагаад л чин сэтгэлээсээ хийгээд явдаг. Амьдралд хэт их хүссэн зүйлээ авах гээд улайрах тусам холдож, болгох гээд хөөцөлдөх тусам бүтдэггүй шүү дээ. Та намайг дотооддоо зөрчилтэй эсэх тухай асуулаа. Би харин ч зөрчилгүй хүн. Харин миний харагдах байдлаар маань хүмүүс намайг бодсоноос минь өөрөөр тайлбарлах гээд байдаг. Намайг хараад их эмэгтэйлэг жишээлбэл будаж, гоёж гоодохдоо цаг их гаргадаг байхаа гэж боддог шиг байгаа юм. Гэтэл би огт тийм хүн биш. Хуримаа хийхдээ ганц удаа хумсаа будаж үзсэн. Нүүр амаа бараг буддаггүй, үсчинд байнга очоод байдаггүй. Би үүнийгээ сайн гэж байгаа юм биш шүү, зүгээр л ийм хүн гэдгээ хэлж байгаа хэрэг. Эрүүл саруул байх тухай олон жил судалж, түүндээ өндөр ач холбогдол өгдөг маань ч намайг ийм болоход нөлөөлсөн байж магадгүй л дээ. Мөн энэ нэвтрүүлгийг хийгээд улс төрд орж олны танил болох гээд байна, нэр дэвших гэж байна гээд л бас миний хүсэл сэтгэлд байгаагүй зүйл бичээд яриад байдаг. Ёстой хол очиж андуурав аа гэж хэлмээр санагддаг ш дээ. Үгүй ээ, та минь ээ гэдэг шиг, амжилттай яваа ажил бүгдийг улс төр болгож харвал зүгээр ажлаа хийдэг хүн байхгүй болох юм биш үү. 

-Таны нөхөр А.Эрдэнэбат хэмээх эрхэм бий. Бас л дуулиан шуугиантай бизнес ноёдын нэг. Эхнэр, нөхөр хоёулаа карьерист байх нь ямар гэр бүлийг бүтээдэг нь бас сонин байна л даа. Ихэнх нь нэгийнхээ төлөө нөгөө нь золиос хийсэн гэж ярьцгаадаг учраас ингэж сонирхоод байгаа хэрэг. Та ойлгоорой... 

-Нөхөр бид хоёр арван жилийн нэг ангийнхан. Эр эм болно гэдэг нэгийгээ өмчилж, өөрийнхөө төлөө бусдыг элээхийн нэр биш ээ. Өөрийгөө танихын тухайд би түрүүн өөрийн бодлоо хэлсэн. Давтан хэлэхэд өөрийгөө таньж, өөрийн үнэ цэнийг мэдсэн хүн бусдыг тэр чинээгээрээ ойлгож, хүндэтгэдэг. Эрдэнэбатыгаа би хийж бүтээхийн одонд төрсөн хүн гэж ойлгодог. Тэр хүслийг нь байнга дэмжиж, дэм тус болохсон гэж явдаг. Тиймдээ ч анхаарал халамж шаардаж, байнга надад цаг зав гаргахыг хэзээ ч шаардаж үглэж дуулж явдаггүй. Би түүнийгээ хүсэл мөрөөдөлдөө хүрээсэй гэж чин сэтгэлээсээ боддог. Бид хоёрын энэ замбуулинд хийж гүйцэтгэх үйл, үүрэг тусдаа шүү дээ. Хань гэдэг үгийн хамгийн эхний утга бол ханийнхаа энэ хорвоод хийх, гүйцээх ёстой тэр ажил, үйлд хань дэм болох л гэж боддог.

Карьер гэдэг үг харин манай гэр бүлд тохирохгүй ээ. Хэн нэгэн хүн хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө сэтгэл гарган зүтгэж байгаа үйлдэл бүгдийг карьер хөөцөлдлөө гэж дүгнэх нь үнэхээр өрөөсгөл хэрэг. Нөхөр маань нэг талаасаа Монгол улсдаа хийж бүтээх иргэний үүрэг, нөгөө талаасаа өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө яваа эр хүн. “Намд элс, чам шиг хийж бүтээж чадаж байгаа залуус улс оронд хэрэгтэй байнаа” гэсэн гээд нэг л өдөр надад, хань нь Ардын намын гишүүн болчихлоо гэж байсан. Орсон, дэвшсэн. Намд орж улс төр хийдэг, амь амьдралаа залгуулдаг хүмүүс өөрсөд шигээ харж, хардаж амь амьдрал руу дайрч эхэлсэн. Нөхөр маань түүнээс залхсан учир нэрээ өөрөө саналаараа татаж байсан. Намд элсэн орж, намын гишүүн болж байж л хариуцлагатай ажил алба хашдаг, карьер хөөх боломжтой болгож байгаа одоогийн улс төрийн тогтолцоог шүүн тунгаахаас биш энэ үеийн улс төрийн тогтолцоог дагаж буй залуучуудыг буруушаах нь ямар ч утгагүй зүйл бөгөөд хэлмэгдүүлэлт шүү дээ.

Миний хувьд, өөрийн сурч мэдэж, хэрэгжүүлснээ бусдын төлөө зориулж яваа. Хичээлд маань төр улсдаа хариуцлагатай алба хашиж буй, мөн урлаг соёл, бизнесийн хүрээний эрхэм хүндтэй хүмүүс олноор хамрагдсан. Үүнийг хэвлэл мэдээллийнхэн зөвхөн боломжтой амьдралтай хэдхэн эмэгтэйчүүд турахын төлөө гүйлдээд байгаа мэтээр тайлбарлан бичиж байгааг үнэн бодит байдлыг удаа дараа гуйвуулан бичсэн, шударга бус, эрдэм дулимаг үйлдэл гэж боддог. Одоо хийж байгаа телевизийн төслөө ч би карьер гэж хэлэхгүй. Хүмүүст баяр, бодрол, ухаарал, бахархал, бас үнэн мэдээлэл өгөх гэсэн чин хүсэл. Үүнийг бусад хүн өөрийнхөөрөө юу гэж нэрлэх нь тэр хүний эрх ч, миний хувьд ийм л байна даа.  

-Энэ бүхнийг асуугаад байгаа нь гэр бүл ямар байх ёстой, яавал хамгийн бат бэх, тэнцвэртэй оршиж чадах уу, үүнд эмэгтэй хүн ямар ухаанаар хандах ёстой юм гээд мөнхөд сонирхол татаж ирсэн асуултуудыг асуух гээд байна л даа. Та их сонин хариулт өгөх юм шиг санагдаад байна.  

-Гэр бүл тогтвортой байна гэдэг бол цэвэр гэр бүлийн дотоод асуудал. Өөрөөр хэлбэл зөвхөн тэр хоёр хүний асуудал. Хоёр хүн бие биесээ яах гээд, юу хүсээд байгааг дулимаг таньсанаас, бас өөрийн хүслээ нөгөөдөө шударга шулуун хэлж ойлгуулж чадаагүйгээс, эсвэл хэлсэн ч өнөөх нь тухайн асуудалд өөр байр суурь үзэл бодолтой, өөр хүмүүжилтэй байхаас шалтгаалаад үр дүнд хүрэхгүй тохиолдол элбэгээ, элбэг. Мөн орчин үеийн бид нэг нэгнээ сонсох чадваргүй болсон байна шүү дээ. Нөгөө талаасаа гэр бүлийн тогтвортой байдал гээд лоозон үг ярихаасаа илүү хүнийг зөвхөн нийгэм соёлын амьтан гэж ганцхан талаас нь тайлбарлаад ирсэн түүх, шинжлэх ухааны асуудлыг хөндөх хэрэгтэй болно доо... Бидний түүх соёл гуйвуулагдан алдагдсанаас гэр бүл бололцох үнэт туршлага ч хамт гээгдсэн гэж боддог. Монгол хүмүүс эр, эмийг нийлж суухад таван мэдрэхүйн таарамжийг үздэг байсныг өнөө бид ор тас мартсан. Ганц нэг мэдрэмжээрээ нийлсэн улс чинь ихээхэн зөрчлийг туулна, эс бол цаг хугацааны шалгуурт тэгээд үгүй болдог. Үүнийг бид тэр чигээр нь л салалт, урвалт, хууралт гээд байх уу? Энэ мэтээс бодоод байхад өнөө л өөрийгөө таних асуудал ахиад яригдана. Өөрийгөө гүйцэд таниагүй хүн өөрт насаараа таарах сонголтыг зөв хийж бас чадах эсэх нь эргэлзээтэй.

Хүн төрөлхтний өмнө шинэ зуун эхэлж байна. Өнөөдрийг хүртэл тайлаагүй байсан, тайлж мэдсэн ч яриад байхыг хүсдэггүй хий биетийн зуун эхэлчихээд байна. Олон зүйлийн хэмжээс, үнэлэлт өөрчлөгдөж байна. Намайг уйлуулаад байгаа, намайг хоолноос хичнээн хоног гаргачихаж байгаа, заримдаа амьсгалыг маань авахуулахгүй байгаа тэр хүч, сэтгэл, оюун ухааны тухай бид илүү ихийг мэдэх хэрэгтэй болж байна. Үүнийг мэдэхгүйгээр, гүйцэд таниагүйгээр өөрт таарах насан туршийн ханийг олно гэдэг тэгэхээр мөн эмзэг, нарийн аа. Гэхдээ нөгөө талдаа бид буй, бодит амьдралаа хайрлах ёстой.
Эр эмийн амьдралд гарах олон асуудлууд тулгарах ч аль болох л эв эеийг барьж, ухаан зааж, өөрийгөө хойш тавих тохиолдол олон гарна. Нөхөр маань намайг хэрийн эр хүнээс дээр тэвчээртэй гэдэг. Хүн өөрийгөө элээсний хэмжээгээр жаргадаггүй юм байна лээ. Тийм ч учраас эмэгтэй хүн эмэгтэй л хүн баймаар санагддаг болсон.

-Эмэгтэй хүн эмэгтэй хүн л баймаар гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Аядуу зөөлөн, уучламтгай, тэвчээртэй байх хэрэгтэй гээд байгаа юм уу? Уг нь хүүхэнлэг, хатан ухаантай, бага ч болов өөрийнхөөрөө дур зоргоороо байх нь илүү зүгээр ч юм шиг санагдах үе байдаг. Яагаад гэвэл зөөлөн, хайрламтгай байлаа гээд түүнийг үнэлж, ойлгож байгаа нь хэд, хэн билээ? 

-Эмэгтэйгээрээ байна гэдгийг тайлбарлавал би маш олон зүйлийг ярих болноо. Харин асуусан асуултанд тань товч хариулахад бүсгүй хүн өөрийнхөөрөө л байх хэрэгтэй байхаа. Таныг өөрийнхөөр чинь байлгаж чадахгүй, өөр болохыг шаардаад байгаа харьцаа бүсгүй хүнийг өөрийг нь элээнэ шүү дээ. Ер нь хүнд таалагдах гэж гүйсэн харилцаа хэзээ, аль шатандаа бүтэлтэй байлаа даа. Өөрийнхөөрөө байна гэдэгт би хүний муу зуршил, алдааг хэлээгүй юм шүү. Харин бүсгүй хүн, тэр дундаа үрийн зулай үнэрлэсэн эх хүн хүнлэг, зөөлөн байх ёстой. Харгис хэрцгий, хүний бодоогүйг бодож сэтгэж, хийж чаддаг чанар бол яавч бүсгүй чанар биш ээ. 

-Ингэхэд нөхөртэйгөө та хэрхэн танилцаж байсан бэ? Тэр хүний юу нь таны сэтгэлийг хамгийн ихээр татаж ханилж амьдрахад хүргэсэн юм бол? 

-Бид хоёр арван жилийн нэг ангийнх гэж би дээр дурдсан л даа. Нөхөр маань намайг 10 жилийн охин байхаас л харж, хайрлаж шүтэж байснаа дахин дахин дурсдаг байсан. Мөн надтай ханилж гэр бүл болох нь нөхрийн маань мөрөөдөл байсныг, мөрөөдлийг маань бурхан тэнгэр ивээж биднийг гэр бүл болгосон гэж хань маань хэлдэг юм. Эндээс харахад хүний хүсэл мөрөөдөл ямар хүчтэй зүйл болохыг би одоо ч боддог л юм. Би нөхрийгөө монголчуудын хэлдгээр эр хүн юм байна гэж бодож хүндэтгэн хайрладаг. 

-Нөхөр чинь хайртай учраас та хоёр ханилсан юм шиг сонсогдож байна. Та өөрөө хэр хайртай вэ? Юу нь таны сэтгэлийг ихээр догдлуулдаг бол? 

-Бид хоёр арван жилдээ үерхэж байгаагүй ч, төгссөнөөсөө хойш 13 жилийн дараа эргэн уулзаж гэр бүл болсон болохоороо л саяын яриаг ярьсан хэрэг. Нил байсан орчлонгийн өнгийг гэгээ татуулж өнгөтэй болгон, намайг эх хүн болгосон нөхөр маань миний хамгийн эрхэм, хайртай хүн байлгүй яахав ээ. Хайрыг хэмжиж болдог юм уу?  Миний сэтгэлийг хамгийн ихээр догдлуулж, намайг гайхуулж байдаг зүйл бол миний охид, тэр дундаа бага маань аавтайгаа маш адилхан, би түүнийг жижиг Эрдэнэбатаа гэж дуудаг. Бид хоёр охидынхоо өдөр, өдрөөр хөгжиж, ертөнцийг таньж мэдэж өсч, сурч байгааг харж их баярлаж байнаа. 

-Хайр гэж юу вэ? 

-Хайр гэж үү? Хайрыг би энэрэхийн бас ойлгохын утга гэж боддог. Хайрын хамгийн чухал мөн чанар нь хариу нэхдэггүйд оршдог. Ямар нэгэн нөхцөлт, болзолт бус байх нь хайрын агуу мөн чанар юм. Гэтэл бид ихэнхдээ андуурдаг. Хайрыг өмчлөхийн нэр юм шиг, эсвэл бусдыг өөрийнхөө төлөө амьдруулахын нэр юм шиг ханддаг. Үүгээрээ хүмүүс бид хайрыг зовлон болгож хувиргадаг. Хүнд илгээгдс

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.