2024 оны 04 сарын 28
Зочин
Ц.Алдармаа: эх орон минь бидэнд ямар их үнэ цэнээр ирээ вэ гэж бодохоор л нулимс цийлэгнээд...

-БАЙТАГ БОГД ХАЙРХАН ДЭЭР ГАРААД, ЭХ ОРОН МИНЬ БИДЭНД ЯМАР ИХ ҮНЭ ЦЭНЭЭР ИРЭЭ ВЭ ГЭЖ БОДОГДСОН-

Жүжигчин Ц.Алдармаатай тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Үзэгчдийн дунд нэлээд их хүлээлт үүсгээд буй “Маш нууц-2” кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Та энэ уран бүтээлд ямар дүр дээр ажиллав?

-Юуны өмнө танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Хоёр хоногийн дараа кино маань нээлтээ хийх гэж байна. Би энэ удаад зургаан настай байхдаа нутгаасаа дүрвэн гарсан Буянхишиг гэдэг торгууд эмэгтэйн дүр дээр ажиллалаа.

-Дүрийн судалгаа их хийсэн болов уу. Энэ дүрд тоглох саналыг хэн таньд тавьсан бэ?

-Торгууд ястнууд маш их үндсэрхэг үзэлтэй, эх оронч ард түмэн байдаг юм байна. Зохиол дээрээ маш их ажиллаж суулаа. Би тайз, дэлгэцийн уран бүтээлд оролцох болгондоо шинэ юм сурч, шинэ баг хамт олонтой ажилладаг болохоор сэтгэгдэл маш өндөр байдаг. Миний тоглосон кинонуудаас өөр сэдэвтэй учраас үзэгчид намайг арай өөрөөр харах болов уу гэж бодож байгаа. Энэ кинонд тоглох саналыг Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзий ах болон Ардын жүжигчин С.Сарантуяа эгч хоёр тавьсан. Би очиж уулзаад, зохиолоо уншсан чинь маш их таалагдсан. Жаран хар гэдэг шиг зөндөө олон эрчүүд дунд ганцаараа сар гаруй хугацаанд Ховд аймгийн Байтаг богдод зураг авалттай байсан. Ер нь надад хэцүү гэхээсээ илүү хамгийн гоё дурсамжтай, ажиллангаа амраад, баг хамт олонтойгоо дасаад их сайхан байж байгаад ирсэн. Найруулагч Б.Тамир мундаг урлагийн гэр бүлээс гаралтай. Тэдний баг хамт олонтой хамтарч ажиллахад ямар ч хүндрэл гараагүй. Харин ч нэр төрийн хэрэг байлаа. Маш их юм сурч авлаа. “Байтаг богд” киноны уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад үнэхээр аз жаргалтай байсан.

-Хүмүүс “Зүрхний хилэн” киноны үргэлжлэл нь Байтаг богд” уран сайхны кино гэж андуураад байх шиг байна. Уг нь хоёр өөр түүх харуулсан бүтээлүүд биз дээ?

-“Маш нууц” гэсэн төсөл явагдаж байгаа. Өмнө нь гарсан кинотойгоо холбоотой биш л дээ. Энэ кинонд 1939-1945 оны үеийн түүх, үйл явдлыг харуулсан.  

-Энэ киног үзсэн залуучууд юуг ойлгоосой, ухаараасай гэж хүсч байна вэ?

-Кино зураг авалт эхлэхийн өмнө бид Байтаг богд хайрхан дээр гарч, эх орныхоо төлөө амь насаа алдсан арван дайчин залууд сүү өргөлөө. Эрчүүд маань маш их омогшдог юм байна. Харин надад эх нутгийнхаа газар шороо, уул усыг хамгаалахын тулд үр удмаа ч үлдээж чадаагүй 20 гаруйхан насны арван залуу ямар их эр зориг гаргаа вэ, эх орон минь бидэнд ямар их үнэ цэнээр ирээ вэ гэж бодохоор л нулимс цийлэгнээд, сэтгэлд их сонин мэдрэмж төрж байсан. Эх орныхоо төлөө амиа хайрлаагүй тэмцсэн арван дайчныг маш их өрөвдсөн. Тиймээс эх орноо хайрлаж, үр хүүхдээ эх оронч сэтгэлгээтэй хүмүүжүүлэх ёстой юм байна гэж бодогдсон. Одоо үеийн хүүхдүүд гэртээ утсаараа тоглоом тоглоод, фэйсбүүк ухахаас өөр юм хийхгүй байна шүү дээ. Тиймээс хүүхдүүдээ хөдөө дагуулан явж эх орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх соёл, ёс уламжлалыг үзүүлж байх нь үр хүүхдэд минь хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

-ӨНГӨРСНИЙГ САНААД, ЗОВООД Л ЯВАХ ЮМ БОЛ ИРЭЭДҮЙД ЯАЖ АМЬДРАХ ЮМ БЭ-

-Та хэсэг хугацаанд урлагаасаа хөндийрсөн. Эргээд уран бүтээлдээ орох сайхан байгаа болов уу. Кинонд тоглох санал хэр их ирж байна?

-Тодорхой шалтгаанаар урлагаасаа түр хөндийрсөн. Залуу хүний хувьд ажлаа хийх ёстой. Би өөр юу хийж амьдрах билээ. Энэ хугацаанд нам жимхэн байж байгаад хэдэн кинонд тоглочихлоо. Ер нь би жилдээ 2-3 кинонд ороод байгаа. Энэ жилийн хувьд оролцсон хамгийн том уран бүтээл маань “Байтаг богд” уран сайхны кино. Одоо би Эби ахын кинонд ажиллаж байна. Мөн 2-3 киноны пробод орсон байгаа. 2018 он гарснаас хойш их олон киноны санал ирсэн, харж байгаад уран бүтээлдээ эргэж орно доо.  Би оюутан байхаасаа л хамт олон дунд ажиллаад үзчихсэн. Өдийг хүртэл нэг ч завсардаагүй гэж хэлж болно. 28 нас хүртлээ “Шинэ үе” продакшнд тасралтгүй ажилласан байдаг. Бид чинь байнга л тоглолтой байдаг учраас завтай байж үзээгүй. Ажлаа хийхгүй удахаар их сонин эвгүй л байдаг юм байна. Одоо чөлөөт уран бүтээлч болсон. Би хошин урлагт бараг есөн жил ажиллалаа. Зөндөө их зүйлийг тайзан дээрээс сурсан. Өөрийгөө би хошин урлагт хангалттай ажилласан гэж үзэж байгаа. Би хошин урлагт байхдаа кино жүжигчин болох юмсан гэж маш их боддог байлаа. Тухайн үед надад кино, жүжгийн санал их ирдэг байсан ч гэсэн нэг байгууллагад харьяалагддаг учраас хүмүүсээ өгч явуулдаггүй байсан. Одоо чөлөөт уран бүтээлч болсон учраас бие дааж өөрийнхөө сонирхдог уран бүтээлд ажиллана гэсэн бодолтой байгаа.

-Уучлаарай, таниас асуухгүй өнгөрч чадахгүй нь. Хэдэн жилийн өмнө жүжигчин Д.Оюунтуултай холбоотой хэрэг гарсан. Та хоёрын харилцаа эргэж сэргэсэн болов уу?

-Өнгөрснийг санаад, зовоод л явах юм бол ирээдүйд яаж амьдрах билээ. Бид хоёрын хэн хэнд нь алдаа байсан. Алдаагаа ухамсарласан. Буруу юм хийчихлээ гээд амиа хорлоод үхэлтэй нь биш. Би тэр хүнийг ямар ч хохиролгүй болгож өгсөн. Би одоо болтол тэр хүнд муу санаад байдаггүй. Тэр хүнийг ч гэсэн мартсан гэж хэлж болно доо. Урлагийн хүмүүс учраас энд тэндэхийн арга хэмжээн дээр тааралдана л даа. Тэр болгонд шилбэлзээд өнгөрөлтэй нь биш, мэндийн зөрүүтэй л явдаг.

-Тухайн үед таныг олон нийт нэлээд их шүүмжилсэн, та хэр их сэтгэл зүйн дарамтад орсон бэ. Яаж өөрийгөө хурцалж байв?

-Тухайн үед намайг доош нь хийсэн хүмүүсийн ачаар улам их хурцлагдаж, цаашид амьдрах урам зориг өгч байсанд маш их баярладаг. Хэрвээ хүн бүхэн толгойг минь илээд байсан бол хүн жаргал даадаггүй гэдэг шиг яах ч байсан юм билээ. Ер нь сэтгэл зүйн байдал болон доошоо хийж байсан, дорд үзэж байсан бүх хүнд баярлалаа гэж хэлмээр санагддаг. Би бусад хүмүүст хэрэггүй юмаа гэхэд үр хүүхдэдээ, аав, ээждээ хэрэгтэй хүн шүү дээ. Наашаа харж инээгээд, цаашаа харж уйлаад явсан ч гэсэн цаг хугацаа бүгдийг харуулна гэсэн үгэнд итгэж явдаг болохоор хэцүү үеүдийг туулаад гараад ирсэн.

-"Байтаг богд” киноныхоо нээлтийн үйл ажиллагаандаа хэр их бэлдэж байна вэ?

-Урлагийн хүн учраас ард түмэндээ муухай харагдаж болохгүй. Тиймээс ард түмнээ, үзэгчдээ хүндлээд аятайхан хувцаслаж, биеэ зөв авч явахыг хичээдэг. Түүхэн сэдэвтэй кино учраас нээлтэндээ зориулаад гоё дээл хийлгэсэн байгаа.

-БИ НЭГ ИХ ЮМАНД ЗОВООД, ЯЛАРХААД БАЙДАГГҮЙ, ЖААХАН ЭРШҮҮД ТАЛДАА ХҮН-

-Дайны сэдэвтэй кино учраас хүнд зураг авалтууд их байсан болов уу. Ийм кинонд тоглох хэцүү юү?

-Би нэг их юманд зовоод, ялархаад байдаггүй, жаахан эршүүд талдаа хүн. Тийм учраас энэ миний хийх ёстой ажил, хэн нэгэнд эрхлэх гэж би энд ирээгүй гээд, чадан ядан тоглочих юмсан, чадахгүй байгаа зүйлээ хийчих юмсан гээд чин сэтгэлээсээ хичээсэн дээ. Өдөр нь кино зураг авалтын талбайд загнуулж уйлчихаад, орой нь юу ч болоогүй юм шиг хоолоо идээд, инээгээд сууж байхаар хүмүүс “Энэ үнэхээр амар хүн шүү” гэдэг юм. Залуу хүмүүс болохоор ядарснаа ч мэдэхгүй ажиллангаа амарчихаад ирсэн.

-Жүжигчин мэргэжил бусад мэргэжлээс юугаар илүү онцлог, давуу талтай гэж та боддог вэ?

-Миний хувьд мэргэжил бүхэн сайхан гэж боддог. Тэр тусмаа залуу хүн ажилтай, хамт олонтой байх ёстой. Хамт олон гэдэг ядарсан, баяр жаргалын үед дандаа л хамт байдаг. Сайн, муу ч гэсэн хамт олон гэдэг хамгийн сайхан зүйл байдаг гэдгийг хар багаасаа ажил хийж эхэлсэн учраас би сайн мэддэг. Хүн мэргэжилдээ эзэн болоод ажиллана гэдэг хамгийн сайхан. Урлагийн хүн болж төлөвшинө гэдэг маш тэсвэр тэвчээр, хатуужил, золиос шаарддаг. Би ажлаа хийж байхдаа л аз жаргалтай байдаг. Гэртээ жаахан удаан суувал бухимдах янзтай, юуг нь нуух вэ. Ямар нэгэн баяр ёслолоор ажлаа хийж байсан бол гэж бодогдож үе зөндөө байлаа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа, таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье! 

-Сайтынхаа зочноор урьсанд, миний ярилцлагыг уншсан бүх хүнд маш их баярлалаа. Мөн киноныхоо хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж байгаа. Яагаад гэвэл жаахан хэцүү үед минь намайг уран бүтээлдээ урьж тоглуулсан нь надад итгэл өглөө. Ямар нэгэн уран бүтээлд арын албаны хүмүүс маш их чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс арын албанд ажиллаж байсан залуустаа чин сэтгэлээсээ баярлалаа.

М.АМАРЖАРГАЛ

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.