2020 оны 12 сарын 04
Зочин
"Аавуудын групп"-ын админ: Нийгмийн сайхан бүхний эхлэл нь аавууд байг гэсэндээ нэгдсэн

Нийгмийг сайн сайхан руу уриалж, үйл ажиллагаа бүр нь нийгэмд ямар нэгэн эерэг агууламжийг түгээж байдаг нэгэн фэйсбүүк групп бий. Энэ бол нэгэн зорилгын дор нэгдэж, хүүхэд, эмэгтэйчүүдийн сайн сайхан ирээдүйн төлөө дуу хоолой, гар биеэрээ туслахыг зорьдог "Аавуудын групп" юм. Тэд одоо таван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйн байшингийн засварын ажлыг хийж өгөхөөр болоод байгаа билээ. Тиймээс "Аавуудын групп"-ын админ Т.Цэнд-Аюуштай цөөн хором ярилцлаа.

-Аавуудын групп хэзээ үүссэн бэ. Аавууд нэгдэж групп үүсгэх гол зорилго нь юу байв?

-2017 оны арваннэгдүгээр сард Засгийн газраас хүчирхийллийн эсрэг аян зохион байгуулагдсан. Энэ аяны хүрээнд би Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчдад хүчирхийллийн эсрэг яриа хийж явахдаа нэг зүйлийг мэдэрсэн. Юу вэ гэхээр, нийгэм яагаад ийм хар болчихов, аавуудын үнэлэмж яагаад уначихав. Хүчирхийлэл гэхээр яагаад дандаа эрчүүд ард нь байдаг юм бэ гэх зэргийг сэтгэлдээ шингэтэл ойлгосон л доо. Тэгээд гэртээ ирээд байж байтал сайхан бүсгүйчүүдийн групп билүү нэгэн ээжүүдийн группээс цэцэрлэгийн өргөтгөл барьлаа гэх мессэжийг фэйсбүүкээс олж харсан. Тэрийг хараад ямар гоё юм бэ яагаад аавууд энэ зүйлийг хийж болдоггүй юм бэ. Яагаад аавууд нийгэмд чиглэсэн сайн, сайхан зүйл хийж үр, хүүхэддээ үлгэр, дууриал үзүүлж болдоггүй юм бэ гэсэн бодол орж ирсэн. Ингээд аавуудын групп байдаг юм болов уу гээд хайгаад үзэхэд байхгүй байсан л даа. Тэгээд л "Аавуудын групп"-ыг үүсгэсэн юм.

-Групп нь одоо хэчнээн гишүүнтэй вэ. Аавуудын групп их гоё гэгээлэг санагдаад байгаа?

-Одоо 50 мянган гишүүнтэй. Энэ групп маань зүгээр нэг нэгдсэн хүмүүсийн групп биш. Их чанартай гишүүдтэй байгаа. Учир нь би нэгийг нь ч нэмээгүй. Бүгд эхнэр нь оруулсан ч юмуу, эсвэл найз, нөхөд нь өөрсдөө нэгдэе гээд орж ирсэн хүмүүс байдаг. Энэ аавууд бүгд л нийгэмд сайн сайхан зүйлийг бий болгоё гэсэн зорилготой. Түүнийхээ төлөө цаг зав, боломжоороо тусалж байдаг хүмүүс. Фэйсбүүкийн групп бүр тодорхой зорилготой, гишүүддээ чиглэсэн ямар нэгэн үйл ажиллагааг байнга зохион байгуулж байдаг.

-Аавуудын групп уулзалт хийдэг үү?

-Манай групп гишүүдээ идэвхжүүлэх ажлын хүрээнд “Өглөөний аав уулзалт”-ыг байнга хийдэг. Энэ уулзалтаар аавууд танилцаж, нөхөрлөж, санал бодлоо солилцож байдаг. Эндээс аавуудын жижигхэн бизнес өргөжөөсэй гэж их хүсдэг. Манай группт хувиараа жижиг бизнес эрхэлдэг олон аав байдаг. Тэднийгээ дэмжих ажлын хүрээнд гишүүний карт, брэнд карт хийсэн. Нэг аав авто угаалга ажиллуулдаг байлаа гэж бодоход өдөрт хорин машин үйлчлүүлдэг. Энэ брэнд карттай болсноор тэр угаалгын газарт гучин машин орж ирэх боломжтой болгоё гэсэн зорилготой ажил л даа. Өнөөдөр маш олон авто угаалга ажиллуулдаг нэг ижил төвшиний бизнес эрхэлдэг олон аав байгаа. Тэр дундаас цензурдэж сонгож авах юм. Тухайн нэг байршилд авто угаалга ажиллуулдаг аавтай манай аавуудын групп хамтарч ажиллах юм бол ойр орчны авто угаалгатай хамтарч ажиллахгүй байх юм. Мэдээж үйлчлүүлэгч нь аавуудын группын аав нар бөгөөд тэдэнд тодорхой хөнгөлөлт үзүүлэх, мөн маш чанартай үйлчилгээгээр хангах шаардлагыг тавьж байгаа юм. Мөн гишүүддээ аавуудын группын түлхүүрийн оосор, футболк зэргийг өгч жигдэрч байгаа. Аавуудын баг нэгдээд долоо хоног спорт зааланд тоглож байна.

-Та бүхэн нэгдээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд ямар сайн үйлс хийж амжуулав?

-Бид “Нийгмийн сайн, сайхан бүхний эхлэл нь аавууд” гэсэн уриатай. Энэ уриан дор “Нэг аав, нэг мянга” аяны хүрээнд Учрал охиныг солонгос улсруу эмчилгээнд явахад нь гурван өдөр тусалж, нэг сая 400 мянган төгрөг цуглуулж өгсөн. Одоо нэг том төсөл хийх гэж байна. Аавуудын группын эмч нарын баг, хуульчдын баг, багш нарын баг, инженерүүдийн баг гэж мэргэжил, мэргэжлээрээ баг гарч байгаа. Тэр баг дээрээ тулгуурлаад зөвхөн аавуудад өгөх зөвлөгөө гээд акц зохион байгуулах гэж байна. Багш нарын багийн Мэнд-Амар хэмээх багш аавын санаачлагаар хүүхдүүдийн хичээлийн хоцрогдолыг арилгая гэсэн санаа гарсан. Арванхоёрдугаар ангийн 15-20 хүүхдийн сонгон шалгаруулж авна. Мэдээж сурах эрмэлзэлтэй, их дээд сургуульд сурах сонирхолтой байх ёстой. Тэр хүүхдүүддээ бүтэн жилийн турш хичээл заагаад ЭЕШ-д найман зуун оноо авахуулах, цаашлаад гадаад, дотоодын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах зорилго тавиад байгаа. Аавуудын группийн багш аавууд эх орондоо хэрэгтэй 15-20 шилдэг боловсон хүчнийг бэлдэе гэсэн зорилт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар багш аав нар маань албан ёсоор хуралдаж нэгдээгүй ч групп чат нээчихсэн тэндээ ажлаа ярилцаад явж байдаг. Одоогийн байдлаар 30 гаруй багш аав тэр чатад нэгдсэн байгаа. Мөн 100 хүүхдэд хичээлийн хэрэгсэл хандивлахаар бэлтгээд, бэлэн болчихоод байна. Өнөөдрөөс зорилтот бүлгийн хүүхдүүдэд тараахаар зэхэж байна.

-Одоо ихэнх хүүхдүүд хичээлийн хэрэгслээ бэлдчихсэн байхдаа. Хичээл эхлэхээс өмнө тарааж болоогүй юу?

-Хичээлийн хэрэгслийг тараахад тодорхой хэмжээний цензур тавьж байгаа юм. Нийгэмд ганц, хоёрхон хандлагыг л өөрчлөхийг хүссэн учраас “Өнөөдрийн хүүхэд, багачууд маргаашийн эзэд“ аяны хүрээнд энэ ажлыг эхлүүлсэн юм. Яагаад гэвэл бид өнгөрсөн жил олон хүүхдийг асарч, сувилдаг Сарнай эгчид тусалсан. Тэгээд Баянхошууны эмзэг бүлэг гэх юм уу, хэцүүхэн амьдралтай таван айлын хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл өгчихөөд, дүүтэйгээ баяртай нь аргагүй буцаад алхаж явтал, миний очсон хоёр дахь айлын аав нь өгсөн цүнхийг барьчихсан дэлгүүр рүү орж байсан. Архиар солих гэж байгаа юм уу, талхаар солих гэж байгаа юм уу бүү мэд. Тиймээс би яг эзэндээ очсон тусыг л хүргэх хэрэгтэйг ойлгосон л доо. Энэ жил хичээл орчихсон байгаа ч аавууд хуваагдан явж, захын дүүргүүдийн сургуулиудаар очиж, тус сургуулийн хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтантай уулзах юм. Тэднээс хичээл эхэлчихээд байхад сургалтын хэрэглэгдэхүүнээ бүрэн бэлдэж чадаагүй хүүхдүүдийг асууж мэдсэнээр тэдэнд туслах юм. Хэнд очих ёстой тэр хүүхдэд нь өгөхийг зорьсон цаг хугацааг нь ингэж тохируулж байгаа юм.

-Тусламжаа хэрхэн өгөх вэ. Сүүлийн үед иймэрхүү тусламжаас болж тусламж авч байгаа хүүхдүүд нь ангийнхаа хүүхдүүдийн өмнө эвгүй байдалд орох явдал их гарч байна?

-Бид хүүхдүүдэд зориулаад өргөмжлөл бэлдсэн байгаа. “Зуны амралтаараа өвөө, эмээдээ туслаж, аав, ээжийнхээ үгэнд сайн орсон тул аавуудын группын ах нар нь шагнаж байна” гэсэн утгатай өргөмжлөл бий. Нэгдүгээрт бэлэнчлэх сэтгэлгээг жаахан ч гэсэн өөрчлөхийг, Эцэг эхчүүд хичээлийн хэрэгслийг авчраад өгчихдөг юм гэсэн ойлголтыг өөрчлөхийг хүсч байна. Миний хувьд нэг, хоёр, гурван өдөр хоосон хонож болно. Гэхдээ хүүхэддээ хичээлийн хэрэгслийг нь авч өгөх, тэдний сурах эрхийг таслалдуулахгүй байх хариуцлага нь эцэг эхчүүдэд байх ёстой гэж боддог. Тиймээс яг өнөөдөр хэн хичээлийн хэрэгсэл авч чадаагүй байгаа вэ гэхээр үнэхээр боломжгүй нь л цүнхгүй байгаа гэж бодож байна. Хоёрдугаарт, зуны амралтаараа аав, ээж, эмээ, өвөөгийнхөө үгэнд сайн орох юм бол аав нар, ах нар ингэж шагнадаг юм байна гэсэн хандлагыг өгөхийг хүсч байна. Одоо үед хүүхдүүд хандив авснаар, хичээлээсээ зугтах хүртлээ эвгүй байдалд орж байна. Ангийнхан нь чи хандивийн цүнх, ном авчихлаа гэдэг ч юм уу тэр хандлагыг өөрчлөхийн тулд шагнал хэлбэрээр өргөмжлөл өгч туслах нь зүйтэй юм гэж бодсон. Гуравдугаарт, яг эзэндээ очсон тусыг хүргэхийг хүсч байна. Энэ аянаараа нийгэмд энэ хэдхэн зүйлийг л мессэж болгохыг зорьж байна.

-100 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл авах хөрөнгө, мөнгийг яаж босгосон бэ. Группын аавуудын хандиваар авсан уу?

-Хичээлийн хэрэгсэл авах мөнгийг группын аавуудаас хандив аваад тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө босгоод энэ ажлыг хийж байгаа. Мөн хичээлийн хэрэгслийн цүнх хандивласан аав ч байна. Мөн групп дээрээ зар тавьж байгаад хичээлийн хэрэгсэл зардаг ааваас хямдралтай үнээр авсан, Нарантуул дээр цүнх зардаг аав арай хямд тусдаг учир, мөнгийг нь авч яваад хятадаас цүнх худалдаж авч ирсэн байдаг. Энэ ажил бол маш олон аавын сайхан сэтгэлээр бий болсон ажил юм. Нэг зүйл хэлэхэд, манай аавуудын групп болон миний зүгээс хандивын зорилттой зүйлээс их зугтдаг л даа. Учир нь “нэг мянга нэг аав” аяны хүрээнд Учрал охиныг солонгос руу эмчилгээнд явахад нь туслаж дуусаагүй байтал гуч дөчин мессэж ирсэн. Манай тэрний хүүхэд, энэний хүүхэд тийм ч өвчтэй, ингэж, тэгэж хандив цуглуулмаар байна туслаач гэх мэт мессэж их ирсэн. Мэдээж тэр бүгдийг бид хийж үнэндээ барахгүй шүү дээ. Миний санаачилж, хийхийг хүсч байгаа ажлууд их гоё л доо. Үүнийг мэдээж би дангаараа хийж чадахгүй. Олон аавын тусламж, дэмжлэг, олон хүний гар орж нэгдэж байж энэ бүгдийг хийх юм. Би аливаа “улсыг хууль нь биш ёс суртахуун нь авч явна” л гэж боддог. Өнөөдөр сансарын тунелд миний охин ганцаараа явж байхад араас нь ирээд цохиод унагах тийм л нийгэмд бид амьдарч байна. Хүүхдүүд нь ааваа, ээжээ багш ногоон гэрэл, цагаан шугамаар гар гэсэн гэхэд үгүй би яараад байна гээд гарцгүй газраар хүүхдээ чирээд гардаг нийгэмд амьдарч байна. Үүнийг л аавууд засах ёстой. Өнөөдөр сансарын тунелд миний охин харанхуй гудмаар ганцаараа алхаж байхад хэн нэгэн гэрэл тусгаад зам хөндлөн гаргаад өгдөг тийм нийгмийг аавууд залуучууд бий болгох хэрэгтэй. Ногоон гэрэл, цагаан шугамаар гардаг үр хүүхдийг үлдээхийн тулд аав нар үлгэр жишээ болж амьдрах хэрэгтэй. Товчхондоо, аавууд нийгэмд цагаан зүйлийг үлдээхийг л хүсч байна. Хандив тусламжаар биш ч нийгэм рүү чиглэсэн сайн, сайхан зүйл хийнэ гэж боддог.

-Аавуудын группын зүгээс нөхөр нь орхиод явсан таван хүүхэдтэй ээжид туслана гэсэн пост байсан. Яаж тусалсан бэ?

-Нөхөр нь орхиод явчихсан таван хүүхэдтэй эмэгтэй TV5 телевизээр гарсан бичлэгийг үзээд манай группын нэг гагнуурчин аав тусламаар байгаагаа групптэй бичсэн байсан. Тэгээд энэ амралтын өдрөөр цомхон тусыг хүргэхээр шийдээд тэднийд очсон. Аавууд өөрсдөө материалыг нь аваад гагнуурчин аав хашааны хаалгыг нь шинээр гагнаж сольж өгсөн. Байгаа байдалтай нь танилцаад гарын бэлэг өгч, хүүхдүүдэд нь иж бүрэн цүнх хичээлийн хэрэгслийг өгөөд ирсэн. Тэдний байшингийн засвар бараг дууссан байна лээ. Хүмүүс ялангуяа эмэгтэйчүүд, ээжүүд энэ "Аавуудын групп"-ын аав нар юуны талаар ярилцдаг бол гэж их боддог байх. Анх группээ нээчихээд л хэсэг хугацаанд орхичихсон байсан л даа. Тэр хугацаанд надад “Энэ групп чинь хэн дуртай нь орж гардаг, зарын групп болчихсон байна цэглээч” гээд л шүүмж их ирсэн. Тэгэхээр нь цэгцлээд хасах ёстой хүмүүсийг нь хасаад цэгцлэхэд аавуудын групп найман мянган гишүүнтэй байсан. Тэдний зургаан мянга нь ээж, эмэгтэйчүүд байсан. Бүгдийг нь хасаад дөрвөн сарын хугацаанд манай аавуудын групп тавин мянга давсан гишүүнтэй болчихсон байна.

-Мэдээж эмэгтэйчүүд "Аавуудын групп"-т юу бичигддэгийг их сонирхдог байх л даа?

-Тийм. Эрчүүд л болсон хойно янз бүрийн юм постлож, +18 постлоод л, тоглоом энэ тэр хөөдөг гэж боддог юм уу, яадаг юм манай группт өдөрт зуу гаруй нэгдэх хүсэлт ирдэгийн 20 нь зоолттой эмэгтэйчүүд байдаг. Би авахгүй хасаад л блок хийдэг.

-Аавууд ихэвчлэн ямар пост хийдэг вэ?

-Аавуудын группын пост эмэгтэйчүүдийн төсөөлдөгөөс шал өөр. Би яаж тамхинаас гарах вэ, манай хүүхдийн тархи нь доргичихлоо барьдаг аав байна уу, би нэг ийм ажил хийх гэсэн юм энэ дээр туслах хүн байна уу гэх мэт зүйл их байдаг. Энэ групп дээр байдаггүй зүйл гэвэл эмэгтэйчүүдийн хардаад байдаг +18 пост, зарын пост, хэрүүл байдаггүй. Би сошиал маркетингийн чиглэлийн хүн л дээ. Надад маш олон групп, пэйж хуудас байдаг. Сошиал медиаг гадарлана аа. Одоогоор манайх шиг ийм эерэг групп байхгүй. Мэдээж 50 мянган аав тавин мянган өөр бодолтой санал санаачлагатай байлгүй л яахав тэрч утгаараа санал шүүмж ирдэг л дээ. Есөн шидийн юм, зарууд орж ирдэг. Тэр болгоныг админ миний бие хүлээж авдаггүй.

-Аавууд гэр бүлийнхээ асуудлаар зөвлөгөө хүссэн пост байдаг уу?

-Аавуудын группт сэтгэл судлаач, хуульч аав нар бий. “Хуулийн зөвлөгөө хэрэгтэй байна”. Мөн “эхнэртэйгээ маргалдчихлаа манайхан яахуу” гэсэн пост байдаг. Сэтгэгдэл дээр нь аавууд өөрсдийн амьдралын туршлагаас ч юм уу зөвлөгөө өгсөн байдаг. Сэтгэл судлаачид ч мэргэжлийн хүний зөвлөгөө өгсөн байдаг. Аавуудын группыг би их томоор төсөөлдөг л дөө. Магадгүй академи болох ч юм уу. Эерэг мессэжүүдийн эзэн нь байх маш олон зүйлийн олж хардаг учир түүнийгээ ажил болгохын төлөө бид зүтгэнэ. Зорилтот ажилд туслах байгууллагуудтай хамтарч ажиллахыг их хүсдэг. Жишээлбэл, бид Нийслэлийн замын цагдаагийн урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурчихсан байгаа. “Сайн аав, сайн жолооч”, “Ногоон гэрэл, цагаан шугам “ аяныг хийхээр төлөвлөөд байна. Гэгээлэг зүйл хийхийг хүссэн хэн хамтрахыг хүсч байна тэр болгонтой хамтраад, нийгэмд зүгээр л эерэг цагаан мессэж хүргэхийг хүсч байна. Ээжүүд ч бас хамтарч ажиллах санал тавиад байгаа.

-Аавуудын группын аав нар тус тусын ажилтай хүмүүс байдаг байх. Ажлаа, цаг заваа хэрхэн зохицуулж оролцдог вэ?

-Сайн дурын ажлын хамгийн хэцүү нь хэн нэгнийг чи заавал ир гэж хэлэх хэцүү. Гэхдээ нэг нь өнөөдөр амжихгүй гэвэл нөгөө нь нөхөөд л хүрээд ирдэг. 50 мянган хүн дотроос завтай байгаа нь л тухайн ажилдаа оролцоод явдаг. Бид групп дээрээ ярилцаад, завтай аавууд нь нэгдээд уулзаад ярилцаад, төлөвлөөд явдаг байгаа.Аавуудын групп өнгөрсөн сард Туул голыг цэвэрлэж нэг машин хог түүсэн байгаа. Энэ ажлыг зохион байгуулахад долоо найман зуун хүн “би оролцоно” гэх мэссэжийг ирүүлж байсан. Гэвч төлөвлөсөн өдөр айхтар ширүүн бороо орсон. Ирнэ гэсэн олон хүн байсан болохоор энэ ажлыг хийх ёстой гээд яваад очиход бороо орж байсан ч ирсэн аав маань долоо, наймхан хүн л байсан. Бид гурав, дөрвөн цаг 3 километр газрыг цэвэрлэсэн байгаа. Иймэрхүү үйл ажилагаанд бороо орж байсан ч жар, далан хүн ирэх байх гэдэгт би итгэдэг. Танай сайтаар дамжуулааад бороо орж байхад ирж туул голын орчмоор хог цэвэрлэсэн аавууддааа баярлалаа гэж хэлмээр байна.

Х.Соёл-Эрдэнэ

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.