2020 оны 06 сарын 05
Зочин
Б.Жамбалдорж: Яруу найрагчийг их сургуульд бэлтгэнэ гэвэл үлгэр. Тэд өөр өөрсдийгөө бэлтгэдэг юм.

Монголын радиогийн эфирийн найруулагч, зураач, яруу найрагч Б.Жамбалдоржтой амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрбээр энэ өдөр шинэхэн хүнээ өлгийдөн авахаар төрөх эмнэлгийн үүдэнд догдлон суухтай ярилцсан юм. Ингээд таалан болгооно уу.

-Юуны өмнө шинэ хүнээ өлгийдөн авах гэж буй үнэт цагаас тань хороож байгаадаа уучлал хүсье. Урлагийн тэр тусмаа яруу найрагч хүнийг төрсөн нутаг ус, аав ээж нь үргэлж түшиж байдаг. Та Ховд нутгаас төрөн гарсан тоотой хэдэн яруу найрагчийн нэг. Нутаг ус, аав ээжийн тань талаар яриагаа эхлүүлж болох уу?

-Би олон ястны өлгий нутаг гэгддэг Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн өөлд хүн. Чухамдаа Галданбошигт хааны гал голомтыг сахиж төрсөндөө бахархаж явдаг. Аав маань сургуулийн галчаар олон жил ажилласан хүн. Шөнө дөлөөр нүүрс үүрч ирдэг байсан тэр хайранд нь хоёр охин дүүгийнхээ хамт бүүвэйлэгдэж өссөн дөө, би. Ээж маань биднийг бага байхад бурхан болсон. Тиймдээ ч ихэвчлэн өвөөгөө барааддаг байв. Өвөө маань олны хүүхдийг хайран дунд өсгөсөн, сурган хүмүүжүүлэгч, бичиг номын хүн байсан юм. Ухаан олох үеэ өвөөгийнхөө дэргэд өнгөрөөсөндөө их баярлаж явдаг. Арлааны Эрдэнэ-Очир ахын шүлгэнд “Эцгийнхээ зовлон, жаргаланг мэдэрч өсөөд хүн болно” гэдэг шиг. Одоо бол аавынхаа туулж өнгөрүүлсэн зовлон, жаргалаас бага сага мэдэрч явна даа. Тун удахгүй шинэ хүнээ өлгийдөх гэж байна. Би ихэр охидтой. Ээжийг минь бурхан болоход хоёр цагаан шувуу болж төрөх юм байна гэж мундаг лам хэлж байсан юм. Тэр ерөөлөөр нь хоёр цагаан охинтой болсон доо. Билэгшээмээр сайхан шүү. Ээжийгээ их санадаг даа. Тэр хүний хэлсэн цагаан шувууд нь миний хоёр охин юм байлгүй дээ л гэж бодож явдаг.

-Монголын радиог зохиолчдын хоёр дахь хороо гэх нь бий. Энэ байгууллагад үе үеийн шилдэг зохиолчид ажиллаж байсан. Одоо ч гэсэн ялгаагүй олон зохиолчид ажиллаж байна. Энэ утгаараа ажлаараа бахархана биз?

-Тэгэлгүй яах вэ. Миний буян заяа л юм байлгүй дээ. Радиогийн хойморт Ц.Чимэддорж найрагчаас эхлээд Дан.Нямаа, Төрийн шагналт Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, Л.Ганзул, О.Цэнд-Аюуш, Би.Баярсайхан гэх мэт олон сайхан хүмүүс ажиллаж, амьдарсан. Ийм сайхан хүмүүстэй хамт ажилладагтаа баярладаг. Одоо бол Монголын радиод эфирийн найруулагчаар ажиллаж байна. Шүлгийн хувьд өөрийн үзэл бодлоо тогтоох гэж, ертөнцийг харах өнцгөө хөглөх гэж бичдэг. Амжилт гаргах гэж шүлэг бичдэггүй. Тэгээд ч яруу найрагч хүн тийм байх ёсгүй гэж боддог.

-Бурхан зурдаг гэж сонссон?

-Хобби гэх үү дээ. Шавь сургалтаар бурхан урлахуйн ухаанд суралцсан юм.

-СУИС-ийн РТМУС-ийн “Бадрангуй ай” дугуйлангаас “Алиус” хэмээх яруу найргийн бүлгэм төрөн гарсан. Алиус гэдэг нэрний утгыг тайлж мэдмээр санагдлаа?

-Нэгдүгээр курст суралцаж байхад “Бадрангуй ай” дугуйлан хичээллэж эхэлсэн юм. Миний багш баримтат киноны нэрт найруулагч Д.Хишигт гэж хүн бий. Багш маань тэр дугуйланд очиж үзэхийг зөвлөсний дагуу очиход соёлын гавьяат зүтгэлтэн Данзангийн Нямаа багш удирдаж байхтай таарсан юм. Энэ үеэс л дуйгулангийнхаа отгон гишүүн нь болж, Монголын яруу найргийн залуу үеийн төлөөлөл А.Мөнхчимэг, Г.Лхагвадорж нарын залуустай танилцаж, нөхөрлөсөн дөө. Түүний дараа жил З.Сумъяабазар, Ч.Ренчиндорж зэрэг нутаг нутгийн залуустай танилцсан. Их сургуулиудын дугуйланг алгасалгүй хэсч, шүлэг уншдаг болов. Тэр сайхан нөхөрлөлийн билэгдэл болгож утга зохиолд хайртай, нэг мэдрэхүйтэй, тэмүүлэлтэй залуус нийлж бүлгэм байгуулсан юм. Үер буусан газраас шинээр ургасан өвсийг алиус өвс гэж нэрлэдэг юм байна лээ. Энэ утгаар нь өөсрдийгөө үүнтэй зүйрлэж, бүлгэмээ нэрлэж байлаа. Үүнээс хойш олон ч сайхан бүтээл бүлгэмээс төрсөн. Одоо бол бүлгэмийнхэн тус тусынхаа уран бүтээлээ хийцгээд явж байна. Яруу найргаа болиод үргэлжилсэн үг, кино зохиол руу орсон нь ч бий.

-Та саяхан соёлын гавъяат зүтгэлтэн А.Эрдэнэ-Очир агсны тэмээн жингээр ном тээх  гэгээн үйлсийг нөхдийн хамт гүйцэлдүүлээд ирлээ. Жин тээж явахад ямар бодол төрж байв?

-Оюутан байхаасаа л ахын шүлэг зохиолыг уншиад биширч, хүндэлж ирсэн. Таарахаараа мэнд, устай өнгөрнө. Тэгж байтал Монголын радиод сэтгүүлчээр ажиллахаар боллоо гээд ирсэн. Тэр үеэс дүүгийн хувьд кофе, цайг нь дөхүүлж өгч хамт ажиллаж дотноссон доо. Их сайхан хүн байж билээ. Аливаад зүйлийн хандлага, утга зохиолын сонин хачин түүх, намтар их ярьдаг байсан. Түүнээс биш мань мэтийн олон залуу найрагчид сэтгэлийн боловсрол олж авсан. “Би Дорноговь аймаг руу номын жин тээнэ, та нар яваарай” гэж ярьдаг байсан юм. Бүтэхгүй л мөрөөдөл байх даа гэж тухайн үед бодоод л өнгөрсөн. Тэгсэн саяхан А.Эрдэнэ-очир ахын маань төрсөн нутгийнхан, ах дүүс, гурван сайхан хүү нь дэмжиж, хийж амжаагүй үйлсийг нь гүйцэлдүүлэхдээ бидний хэсэг дүү нарыг авч явсан. Тэдний дунд миний нэр багтсанд баяртай байдаг. Өвлийн идэр хүйтэнд номын жин тээж байсан тохиолдол ойрын зуун жилдээ байхгүй юм билээ. 100 гаруй жилийн өмнө говийн Догшин Ноён Хутагт Данзанравжаа олон судар ном Хамрын хийд рүү тээж байж. Өнөө үед тэмээгээр ном байтугай гэрээ ачиж нүүдэг соёл үгүй болсон шүү дээ. Хом татах, тэмээгээ ачлага уналгад бэлдэх, сэтгэл зүйгээр холбогдох зэргийг ойлгоосой, хөглөгдөөсэй гэсэндээ л дүү нараа авч явах гээд байж дээ гэж хожим бодож суулаа. Бидний цуваа дэлхийн энергийн төв болсон Хамрын хийдээс хөдлөж, 100 гаруй километр явж Улаанбадрах суманд есөн тэмээ ном хүргэсэн.

-Найрагч агсны цээж баримлыг нь хийсэн байсан. Хуурай дүү нарынх санаачлага байв уу?

-Тэгж хэлж болно. Морины “Мо” буюу зураач, яруу найрагч Б.Мөнхбаатар найз маань талийгаачийн цээж баримлыг урласан. Баримлыг бүтээхдээ доороос харсан өнцгөөр бүтээсэн. Дээрээс нь харамгүй хүн байсан л даа. Харж ч яваагүй. Бидний мөрөөдөл бол том баримлыг нутагт нь бүтээх. Мөн найрагчийн тухай номыг бүтээсэн. Үүний үндсэнд залуучууд хоорондоо нэгдэж, нөхөрлөж явлаа. Энэ бол бидний үүрэг л дээ. Өмнөх яруу найрагчдаа дурсаж, хайрлаж амжуулаагүй, үлдээсэнг нь үргэлжлүүлэх ёстой сэтгэлийн үүрэг даалгавар. За тэгээд Б.Мягмаржав, Л.Ганзул зэрэг ах нарынхаа хийж амжаагүйг нь хийе гэсэн бодол бидэнд бий.

 -Та “Болор цом” наадмын шилдэг 30 яруу найрагчид шалгарсанд тань баяр хүргэе. Хэд дэх удаагаа шалгарч байна вэ. Сүүлийн жилүүдэд наадмын нэр хүнд нэлээд унасан харагдах юм?

-Би 2008 онд оюутан байхаасаа л болсон, болоогүй шүлгээ энэ наадамд өгсөн. Анх зурагтаар энэ наадмыг үзээд сэтгэл их хөдөлдөг байлаа. Нийтдээ найман жил шүлгээ өгөөд хоёр дахь удаагаа шилдэг 30 яруу найрагчид шалгарч байна. Өнгөрсөн жилийн “Болор цом”-д Говь-Алтай аймгийн тайз дээрээс шүлгээ уншсан маань анхных байлаа. Яахав, жил ирэх тусам хэл ам дагуулдаг наадам болсон байж болно. Нэг талаасаа олон сайхан залуус шүлгээ өгдөггүй юм байна. Нөгөө талаасаа олон залуус оролцох гэж хичээдэг юм байна. Тэр тэнцсэн байхад би яагаад тэнцдэггүй юм гэж заргалдах нэгэн ч байна. Энэ наадам байх яруу найргийн талбарт байх ёстой. Тэгж байж гэмээ нь Монголын ард түмэн яруу найргийг хүндэлж, ойлгож, хайрлана.

-Та ахуйг голчлон бичдэг. Энэ нь таны онцлог мөн үү?

-Би ахуйн өнгө аясыг Монгол сэтгэлгээн дээр урлаж, энгийн юмханаар сайхан шүлэг бичихийг хичээдэг. Түүнээс биш энд тэндэхийн юм дуурайж бичиж чадахгүй. Монгол онцлог, баруун Монголын цавчим өндөр уул харгил, эгэл боргилыг л бичдэг. Энэ жилийн “Болор цом”-д Алтайн уул усныхаа тухай шүлэг өгсөн.

-Зарим нь яруу найрагчид боловсролыг амьдралаас олж авдаг гэх юм. Та үүнийг юу гэж боддог вэ?

-“Энэ хэдэн залуучуудыг яруу найрагч болгох гэсэн юм” гээд сургууль байгуулж, сургана гэвэл үлгэр болох биз. Дэлхийд тийм зүйл бараг байхгүй шүү. Яахав А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг нэрлэж болох юм. Гэхдээ тэнд чиг хандлагыг нь л заадаг юм шиг байна лээ. Яруу найрагч Баттөмөр ахаас “А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд юу заадаг юм бэ” гэхэд “Юу ч заадаггүй шүү дээ” гэж хариулж билээ. Үнэхээр авьяастай мундаг залуучууд байна. Өөрсдөө судалж, авьяасаа хөгжүүлээд явж байна. Төрмөл өгөгдөл бас байдаг байх. Бидний доод үеийн дүү нар дунд авьяаслаг найрагчид төрж байна. Цаг үе нь яруу найрагчаа төрүүлдэг юм болов уу гэж би хувьдаа бодсон. Утга зохиолын дугуйлангуудаас нэгнээ олж нөхөрлөж, тэр нь их үнэ цэнэтэй болдог. Манай бүлгэм ч гэсэн нөхөрлөлийн үнэ цэнээр л бий болсон шүү дээ. Энэ бол залуу зохиолчдын нэгдмэл нэг жишээ. Сүүлийн үед хамгийн идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” утга зохиолын дугуйлан байна. Эндээс нэгнээ хөгжүүлж, гэр бүл, найз нөхдөө олоод ч явж байна. Ингээд бодохоор яруу найрагч болох хүн өөрийгөө л хөгжүүлж, боловсруулдаг байх. Хамгийн гол нь амьдралын бүхий л зүйлсээс сурч боловсордог болов уу.

 -Яруу найрагчид ер нь ховор, цөөн хүмүүс. Цөөн байсан нь дээр үү, олшрох тусмаа зүгээр үү. Яруу найрагч гэх хэмжүүрийг давахгүй хүмүүс яруу найрагч гэгдээд байна гэж дүгнэх хүмүүс олширсон. Та юу гэж бодож байна вэ?

-Нийгэм тэр чигээрээ яруу найрагчтай байх нөхцөл бололцоо бараг байхгүй л дээ. Нэг утга зохиолын дугуйланд эхлээд 30 хүүхэд суудаг. Тэгээд эцэс сүүлд нь гарын таван хуруунд багтах хэмжээнийх нь тунаж үлддэг. Тэднээс нэг, хоёр нь л бичээд явдаг. Тэгэхээр сэтгэлийн шалгуур өндөртэй урлаг юм гэж болно. Зарим авьяастай нь амьдралаа хөөгөөд хаячихаж байна. Гэхдээ цөөхөн бөгөөд чанартай байх тусмаа л зүгээр. Бусад нь зүгээр яруу найргийг мэдэрдэг, ойлгодог сайн уншигч байх хэрэгтэй. Уншигч нь боловсролтой байвал, яруу найраг нь дагаад хөгжинө. Эцсийн эцэст цаг хугацаа л бүхнийг харуулна даа. Би заримдаа шүлэг бичихээрээ фэйсбүүкдээ оруулдаг. Тэгэхээр хүмүүс “Амжилт хүсэе” гээд байдаг. Би л хувьдаа амжилт гаргах гэж бичдэггүй. Зүгээр л өөрөө ч мэдээгүй байхад л бичигддэг зүйл шүү дээ. Гагцхүү тэр шүлэг үлдэх эсэх нь цаг хугацааны асуудал юм даа. Зүгээр л гэр бүлдээ цагаан байх гэж, найз нөхдөдөө бардам байх гэж бичдэг. Гэхдээ жинхэнэ яруу найраг цагаан байх нь ховор шүү. Гуниг гутралаас, дэвэргэн зангаас л яруу найраг төрдөг байх гэж боддог. Сүүлд би нэг богинохон шүлэг бичсэн. Уншиж өгөх үү.

-Тэгээч дээ.

-Хашааны завсраар анх чамайгаа харсан

Хаврын нартай өдөр залхуутайяа ч

Хайр сэтгэлийн цаг агаар цастай

Хатаах гэж тохсон аавын чинь цамц

Харж байгаа юм шиг жигтэй

Ээжийн чинь цамцны ханцуй

Эргүү юм уу, чи гэх шиг зангана

Хуруу багтамгүй жижигхэн завсраар

Хулгайч мэт дурласан би

Саяхан угаасан сайхан үнэртэй чиний цамцыг

Салхи нааш нь давуулаад шидсэн

Ай хөөрхий, чи минь тэгэхэд

Анх удаа манай хашаанд орж ирсэн… нэг ийм шүлэг бичсэн. Ер нь тэгээд бидний аж төрөхүй шүү дээ. Өөрийнхөө ертөнцийг олох гэж л хичээж явна даа.

-Хотын яруу найраг хөдөөний яруу найраг гээд ялгаад байх юм. Ялгаагүй ахуй байтал ангилахаар гайхах боллоо?

-Харин тэгээд байгаа юм. Би онол мэдэхгүй болохоор сайн мэдэхгүй байна. Дээрээс нь муу хөдөөний яруу найрагчид гээд ярих болж. Ялгаагүй л ахуй шүү дээ. Байшин хана, тааз, хаалга, цонхтойн адил гэр ч ялгаагүй. Эцсийн эцэст яруу найраг гэдэг нэг цэг дээрээ л огтлолцоно. Зарим нь яруу найраг, зарим нь шүлэг гээд хоёр хуваагдчих юм. Хамгийн чухал нь сайхан л бүтээл байх ёстой шүү дээ. Бидэнд сайхан санагдахаа байсан хуучны мөртүүд орчуулагдаж, гадагш гарахаараа бусдыг гайхшруулж байна шүү дээ.

 -Та хоёр ном туурвисан. Шинэ гарч ирж буй залуучууд номоо гаргах гэж хэт яарснаас алдаад байна уу гэх бодол төрөх юм. Та дүү нартаа хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

-Хүн номоо хэвлүүлэхээсээ өмнө өөрийгөө мэдрэх хэрэгтэй. Миний хувьд анхны номоо цаг үеэ мэдрээгүй учраас муу ном болсон гэж дүгнэдэг. Чухам үнэн гэвэл дэвэргэн сэтгэлээр гаргасан даа. Гэхдээ одоо бол харамсдаггүй. Харамслаа гээд яах ч юм билээ. Хэрвээ тухайн үед ном гаргаагүй бол өөрчлөгдөхгүйгээр тэндээ л байгаад л байсан бол яана гэсэн эмзэглэл төрсөн. Хүн муу юман дээрээ нүдээ нээдэг юм байна лээ. Хэрвээ өөрийгөө нээсэн, цаг үеэ мэдэрсэн хойноо анхныхаа номоо гаргавал бүр сайн. Юунд нь яарах вэ дээ. Хүлээцтэй байж байгаад чанартай ном гаргах нь л зөв. Хамгийн гол нь өөрийгөө хаана явааг мэддэг байх хэрэгтэй. Өөрийгөө чагнадаг байх хэрэгтэй.

Л.Сайнбаяр


URL: http://www.fact.mn/373651.html 

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.