2020 оны 06 сарын 07
Зочин
​Д.Будзаан: Монгол Улсад хурдны зам гэж байхгүй, тиймээс жолооч нар хурдаа тохируулах хэрэгтэй

“Яараад яахав дээ” аяны талаар Цагдаагийн Ерөнхий газрын урьдчилан сэргийлэх тасгийн даргааас тодрууллаа.

-“Яараад яахав дээ” аяныг зохион байгуулж байгаагийг гол зорилго нь юу юм бэ?

-Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” аяныг долдугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна. Монгол Улсад бүртгэгдэж байгаа зам тээврийн ослын гол шалтгаан нь жолоочийн хариуцлагагүй байдалтай холбоотой байдаг. Үүнтэй холбоотойгоор жилд 50-60 хүүхэд зам тээврийн осолд амь насаа алдаж байгаа. Мөн ослын улмаас ямар нэгэн байдлаар бэртэл гэмтэл авч, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэд хэдэн мянгаараа байна. Монгол Улсад хурдны зам гэж байхгүй гэдгийг жолооч нар маань харгалзан үзэхгүй хурд хэтрүүлж байгаа нь гол асуудал юм. Жолооч нар хүн тээвэрлэж, хүний амь нас хариуцаж байгаа хэрнээ хариуцлагагүй хандаж байна. Үүнээс нь болж олон хүний амь эрсдэж байгаа учраас “яараад яахав дээ” аяныг зохион байгуулж байна. Аянаар дамжуулан жолооч нарын соёл, хандлагыг өөрчлөх, дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцдог байхыг уриалах юм.

Эхний ээлжинд Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлд 67 дахь км-т, Говьсүмбэр чиглэлийн 48 дахь км, Өвөрхангай буюу баруун аймгийн чиглэлд 61 км т зам тээврийн ослын хор уршгийг таниулсан самбаруудыг байршуулаад байна.

-Зам тээврийн ослын гол шалтгаан нь жолоочийн хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой байдаг юм байна. Тэгвэл энэ хариуцлагагүй байдлыг яаж өөрчилж, зам тээврийн ослыг бууруулах вэ?

-Зам тээврийн ослын 97 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шууд үйлдэгддэг. Жолооч тээврийн хэрэгслийн хүрдний ард суусан бол замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцох үүрэгтэй байдаг. Гэтэл жолооч нар нэг цэгээс гараад нөгөө цэгт хүрэхдээ маш их яардаг, түүнээсээ болоод хурд хэтрүүлдэгтэй холбоотойгоор осол гардаг. Нөгөө талаас жолооч согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил ихээр үйлдэгддэг. Үүнээс гадна явган зорчигч гарцаар гардаггүйтэй холбоотойгоор осол гардаг. Тэгэхээр жолооч болон явган зорчигч хөдөлгөөний аюулгүй байдлыг сахих шаардлагатай байгаа юм. Ингэхиийн тулд явган зорчигч, жолооч нар өөрсдөдөө соёлыг бий болгох шаардлагатай байна. Тухайлбал, Германд нэг хүүхдийг талханд явуулсан байгаа юм. Тухайн хүүхдэд явган хүний гарц олдоогүй учраас буцаж ирсэн байна. Гэтэл манай эцэг, эхчүүд хүүхдээ өглөө хичээлд нь хүргэж өгөхдөө яарч сандран гарцгүй газраар хүргэж өгдөг. Эцэг, эхчүүд энэ байдлаа засч, жолооч нар хурдаа тааруулан хөдөлгөөнд оролцдог соёлыг бий болгочихвол зам тээврийн ослыг тэглэх боломжтой.

-Хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгслээр зорчиход ямар хариуцлага тооцдог вэ. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ буруу тээвэрлэсэн тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?

-Хүүхдээ буруу тээвэрлэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авдаг. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хоёр зуун мянган төгрөгөөр торгоно.

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хүнийг дөрвөн зуун мянган төгрөгөөр торгоно.

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун мянган төгрөгөөр торгоно.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж, долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй, эсхүл ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хорин таван мянган төгрөгөөр торгоно.

3амын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулахуйц өвчтэй, эсхүл ядарсан этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган төгрөгөөр торгоно.

3амын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хорин таван мянган төгрөгөөр торгоно.

Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй хүнд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол хүнийг арван мянган төгрөгөөр торгоно.

-Орон нутгийн аль чиглэлийн замд зам тээврийн осол хамгийн ихээр гарч байна. Үүний эсрэг ямар хэмжээ авч байгаа вэ?

-Замын-Үүдийн боомтоор урагш Эрээн рүү жилд 2.5-3 сая иргэн нэвтэрдэг. Зам тээврийн ослын 40-50 хувийг Дорноговь чиглэлийн замд гарсан осол байдаг. Үүнтэй холбоотойгоор тухайн чиглэлд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий постыг тохижуулж байгаа. Бусад чиглэлд хяналтын пост бий.

Эх сурвалж: Itoim.mn

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.