2020 оны 06 сарын 07
Зочин
​Ц.Шижир: Шаардлага биелүүлээгүй тохиолдолд тухайн газрыг заавал албадан чөлөөлнө

Хууль зөрчиж, явган хүний зам талбай хааж, барилга байгууламж, хашаа хаалт хийсэн зөрчлийг нийслэлийн газрын албанаас арилгуулж, газар чөлөөлөлтийн ажлыг хийж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор цаашид аль чиглэлийн, хэчнээн явган хүний зам талбайг чөлөөлөх, газар чөлөөлөх шаардлага биелүүлэхгүй байгаа аж ахуй нэгжид ямар хариуцлага тооцож байгаа талаар Нийслэлийн Газрын албаны ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс тодрууллаа.

-Явган хүн зорчих орц, гарцыг хааж барьсан барилга байгууламжийн зөрчлийг арилгаж, явган хүний замыг чөлөөлж байна. Одоогийн байдлаар хэчнээн байршилд явган хүний зам чөлөөлөх ажлыг хийгээд байна вэ?

-Явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх ажлууд үргэлжилж байна. Энэ хүрээнд хууль зөрчиж, явган хүний зам талбайг хааж барьсан барилга байгууламж, хашаа зэргийг буулгаж, явган хүний замыг чөлөөлж байгаа юм. Ингэхдээ явган хүний явах орц, гарцыг хааж байгуулсан зөрчлийг судалж үзээд хамгийн их зөрчилтэй газруудын замыг эхлээд чөлөөлж байна.

Эхний ээлжид Ерөнхий сайд Амарын гудамж буюу Туушин зочид буудлын байрлаж байгаа гудамж, Нэгдүгээр төрөх орчим, Хүүхдийн ордон, Натур худалдааны төв орчим гэх мэт газруудад газар чөлөөлөлтийн ажил хийсэн. Явган хүний замыг чөлөөлсний дараа үргэлжлүүлээд явган замын тохижилтын ажлын хийж байна. Явган хүний замыг стандартын дагуу хийснээр авто замын осол эндэгдэл багасна.

-Явган хүний зам талбайн стандартыг зөрчсөн дийлэнх зөрчил нь юу байна вэ?

-Явган зам хаагаад хашаа, барилга байгууламж, зөөврийн байгууламж, өргөтгөл хийсэн, шат довжоо барьсан зэрэг зөрчлүүд маш их байна.

-Цаашид хэчнээн явган хүний зам талбайг чөлөөлөхөөр төлөвлөж байна вэ. Тухайлбал, аль байршлын явган хүний замыг чөлөөлөх юм бэ?

-Дараагийн ээлжид явган хүний замыг яаралтай чөлөөлөхөөс өөр аргагүй, хүндэрсэн нөхцөл байдалтай замууд байна. Тухайлбал, 25-р эмийн сангийн хойшоо явсан уулзвараас баруун зүг рүү буюу ГССҮТ-ийн уулзвар хүртэлх явган замыг чөлөөлж, тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн. Гэхдээ энэ жилийн хувьд газар чөлөөлөлтийн ажлыг хийх юм. Мөн Үйлдвэр урлалын политехникийн коллеж орчим, Хорооллын 47-р сургуулийн орчим, Чингэлтэй дүүргийн Худалдаа хөгжлийн банк орчмын газар чөлөөлөлтийн ажлыг хийж, явган хүнийг замыг тохижуулахаар төлөвлөсөн байна.

-Хууль зөрчиж, явган хүний зам талбайд барилга байгууламж барьж, хашаа хаалт хийсэн байгууллага, аж ахуй нэгжүүд тухайн газраа чөлөөлөх шаардлагыг хэр хүлээж авч байна. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авч байгаа юм бэ?

-Газрын тухай хууль зөрчиж явган хүний зам талбайг хааж, тухайн зөвшөөрөлтэй талбайгаасаа хэтрүүлэн янз бүрийн барилга байгууламж барих зэрэг зөрчлүүд их байгааг хэлсэн. Ингэж зөрчил гаргасан тохиолдолд газрын албаны зүгээс хугацаатай мэдэгдэл өгнө. Тухайн хугацаанд мэдэгдлийг хүлээн авч, газраа чөлөөлсөн тохиолдолд үргэлжлүүлэн тохижилтын ажлыг хийж байгаа. Харин хугацаандаа шаардлага биелүүлээгүй тохиолдолд тухайн газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч байгаа юм. Албадан чөлөөлөхөд гарсан зардлыг гэм буруутай этгээд төлнө. Мөн Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн арга хэмжээг авдаг.

Гэхдээ аж ахуй нэгжүүд шаардлагыг маш сайн хүлээж авч байгаа. Тодорхой хугацаа хүсч, тэр хугацаандаа өөрсдөө зөрчлөө арилгаж, явган замаа чөлөөлөх нь бий.

-Явган хүний замыг албадан чөлөөлсний дараах тохижилтын ажлыг зөрчил гаргасан байгууллага хийж байгаа юу. Эсвэл нийслэлээс үргэлжлүүлэн тохижуулж байгаа юм уу?

-Зарим компанийн зүгээс өөрсдөө засварын ажлаа хийх хүсэлтээ гаргаж, тохижилтын ажлаа хийж байгаа. Энэ тохиолдолд замын стандарт хангагдаж байгаа эсэхэд нийслэлийн Газрын албанаас хяналт тавьж ажиллана. Ер нь тохижилтын ажлыг нийслэлээс хийж байгаа.

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.