2020 оны 06 сарын 07
Зочин
Л.Ролзодмаа: Туфль сугарахад ерөнхийлөгч “зүгээр, зүгээр. нэгмөсөн хоёуланг нь тайлчихгүй юу даа” гэхэд л тайвширсан

Төрийн ордон. 2019.06.01. Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр 9465 ээж “Эхийн алдар” I, II одонг хүртэв. Тэдний төлөөлөл болсон ээжүүд Ерөнхийлөгчөөс одонгоо гардах үед нэгэн ээжийн туфль сугарч, Төрийн ордныг инээдээр чимсэн юм. Туфлийн “хэрэг” олон нийтэд эерэг энерги түгээж, одоо ч гэсэн тэр ээжийг өхөөрдсөн, ерөөсөн сэтгэгдэл хөвөрсөөр байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнө сугарсан туфлиэ буцааж өмсөөд одонгоо гардсан, ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн нярайн ахлах зэргийн эмч Л.Ролзодмаатай ярилцлаа.


-Юуны өмнө танд “Эхийн алдар” одон хүртсэнд баяр хүргэе. Өнгөрсөн ч гэсэн Эх үрсийн баярын мэндийг давхар хүргэе?

-Баярлалаа. Алдарт эхийн одонгоо авсандаа баяртай байна. Хамт одон авсан ээжүүд, өөрийнхөө хоёр ээж, эгч, дүү нартаа, хүүхдүүддээ бүгдэд нь баярын мэнд хүргэе.

-Одон авах мэдээг анх яаж авсан бэ. Хороо дүүргээс ярив уу, Төрийн ордноос холбогдов уу?

-Гурав хоногийн өмнө Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн албанаас яриад “Та Төрийн ордонд ирж одонгоо авахаар болсон шүү. Хувцасандаа анхаараад иргэний үнэмлэхтэйгээ ирээрэй” гээд цаг товлосон.

-Тэгээд хувцсаа бэлдэж эхэлсэн үү. Эсвэл бэлдчихсэн байв уу?

-Хавар гурав, дөрөвдүгээр сараас материалаа өгөөрэй гээд бэлдүүлж авдаг юм билээ. Одонгоо бол зургадугаар сарын 1-нд авна гэдгээ мэдэж байсан. Одон авах нь тодорхой юм чинь гээд хувцсаа бэлдэж эхэлсэн ч нэлээд тулгаж авсан.

-Дээл өмсье гэж анхнаасаа шийдсэн үү?

-Өмнө нь одон авч байсан ээжүүдийг харахад бүгд дээл өмссөн байсан. Эхийн алдар гэдэг одон төрөөс өгч байгаа шагнал болохоор үндэсний дээлээ өмсч, хүндэтгэлтэй хандах ёстой хэмээн захиалга өгсөн юм. Гэхдээ захиалгаа цагийг нь тулгаж өгсөн болохоор зургадугаар сарын 1-ний 07:30 цагт дээл маань бэлэн болсон.

-"Хэргийн эзэн" туфлиэ бас бэлдсэн байв уу?

-Туфлиэ шинээр нь аваад бэлдчихсэн байсан юм. Шинэ гутал учраас холгох вий гээд болгоомжлоод гэртээ хоёр хоног өмссөн. Тэгэхэд сугарах нь байтугай барих шинжтэй байлаа (инээв). Би жижиг өмсгөлтэй. Сэтгэлд таарах загвар тэр бүр олддоггүй учраас таарсан гутлаа олж аваад баярлаж байсан. Ордонд ороод одонгоо авах хүртэл зүгээр л байсан. Гэтэл яг Ерөнхийлөгчийн өмнө очоод сугарчихсан.

-Хазгай гишгээд сугарчихсан юм уу, эсвэл өөрөө л сугарчихсан уу?

-Өөрөө л сугарчихсан .

-Сандарсан уу. Ерөнхийлөгч танд ямар нэгэн зүйл хэлэх шиг болсон?

-Тэр үед Ерөнхийлөгчийг чилээчихлээ гэж их эмзэглэсэн. Гэтэл дараа нь бичлэгээ хартал нэг их удаагүй юм билээ. Мэдээж сандралгүй яахав. За баларсан гэж бодоод гутлаа ямартаа ч өмсөхөөр шийдсэн. Гэтэл Ерөнхийлөгч өөдөөс “Зүгээр, зүгээр. Нэгмөсөн хоёуланг нь тайлчихгүй юу даа” гээд хошин өнгөөр инээгээд хэлэхэд шууд л тайвширсан. Ерөнхийлөгч маань их энгийн, гоё хүн юм билээ. Албаны уур амьсгалтай байсан бол бүр илүү сандрах байлаа.

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.