2020 оны 06 сарын 05
Зочин
Б.Пүрэвдорж: 3.4 тэрбум ам.долларын зээлээр нэг ширхэг байшин барьж, км зам тавьсан уу гэж МАН-аас асууя

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой асуудлын дараа Ардчилсан нам түүнийг намын гүишүүнчлэлээс нь түдгэлзүүлсэн. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ч мөн баривчлан шалгаж байна. Та Ардчилсан намын гишүүний хувьд эдгээр үйл явцуудыг хэрхэн харж байна вэ?

-Миний хувьд эм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд аливаа асуудлаар урьдчилан дүгнэх шаардлагагүй л гэж харж байгаа. Энэ хүмүүстэй холбоотой асуудлыг шалгаад нийгэмд байгаа хардлагуудыг нэг тийш нь болгох ёстой гэж би үзэж байгаа. Хувь гишүүнийхээ хувьд би намын гишүүдээ өмгөөлөлгүй яах вэ. Хуулийн байгууллага өнөөдөр С.Баярыг саатуулсан нь хуулийн байгууллагын эр зоригтойдоо гаргаж буй үйлдэл биш л дээ. Харин С.Баяр Ардчилсан намын гишүүдийг хорьж байгаа нь нийгэмд талцал үүсгэж болзошгүй гэж үзсэн учраас би өөрөө очиж шалгуулъя гэсэн учраас өнөөдөр шалгуулж байгаа гэж ойлгосон. Түүнээс биш С.Баярыг барьж, шалгах зүрх зориг хуулийн байгууллагад өнөөдөртөө байхгүй.

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал хөвөрсөөр байна. Эрдэнэтийн өрийг ХХБ төлж, өр худалдаалах боломжтой юу. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг шалгах ажлын хэсэгт миний бие орсон байгаа. Лондонгийн Арбитрын шүүх дээр гарсан шийдвэртэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой энэ асуудалд нэр нөлөө бүхий эрх мэдэлтнүүд оролцсон гэж би үздэг. Их хэмжээний мөнгөтэй холбоотой операцийг томоохон албан тушаалтан нөлөөлж байж л хийнэ. Эрдэнэт үйлдвэр өөрөө буюу гүйцэтгэх захиралд нь 10 сая ам.доллараас дээш гүйлгээ хийх эрх мэдэл байхгүй. Тэр битгий хэл 109 сая ам.долларын зээл авахад, шийдвэрийг нь гаргалцахад нөлөөлсөн томоохон албан тушаалтан бий гэж үзэж байгаа. Үйл явцаас харахад, Лондонгийн Арбитр дээр Монголын тал ялах бүрэн боломж байсан. Бид хуурамч гарын үсэгтэй холбоотой асуудлыг дотоодын хууль хяналтын байгууллагаар шийдүүлээд, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох боломж байсан. Хуурамч бичиг баримттай холбоотой асуудал үүссэн гэдгээ бид дотооддоо шийдвэрлээд Лондонгийн Арбитрын шүүх дээр ялах боломж байсан гэж боддог.  Харамсалтай нь Эрдэнэт үйлдвэр энэ асуудлаа бид хийгээгүй. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэхгүй төрөөр мөнгийг нь төлүүлэх сонирхол зарим нэгэнд байсан байж магадгүй гэж хардаж байгаа. Тэгэхээр ажлын хэсгээс энэ асуудлыг шалгах болно.

-Ажлын хэсэг энэ асуудал руу орж ажиллахдаа тухайн үед Арбитраас нэхэмжилсэн бичиг баримтуудыг Эрдэнэт үйлдвэр гаргаж өгөөгүй асуудалд тухайн үеийн Засгийн газар, эрх баригчид ч мөн хариуцлагагүй байсан гэдгийг ярих уу?

-УИХ бол шүүх байгууллага биш. Мэдээж хууль хяналтын байгууллагын урдуур орж УИХ-аас томилсон ажлын хэсэг ажлыг нь нь хийх явдлыг буруу гэж үздэг. Гэвч бүлгээс энэ ажлын хэсэгт орж ажиллах үүрэг өгсөн учраас болсон процессийн бодит байдлыг гаргаж тавих болно. Түүнээс ажлын хэсгийн дүгнэлт хэн нэгнийг “буудах” хэрэгсэл болж болохгүй.

-Ажлын хэсэг дүгнэлт гаргасан болоод л өнгөрдөг явдал бий шүү дээ. Улс орны хэмжээний энэ чухал асуудалд үр дүнтэй дүгнэлт гаргаж чадах болов уу?

-Ажлын хэсэг гарлаа гээд ямар хариуцлага тооцох эрхзүйн чадамжтай баримт бичиг болох юм бэ. Цаашид ямар арга хэмжээг авах зөвлөмж болох юм бэ гэдэг нь эргэлзээтэй. Эрдэнэт үйлдвэрийн энэ асуудал эрүүгийн гэмт хэрэг. Ийм асуудалд УИХ ажлын хэсэг гаргах нь бас тийм ч таатай биш. Гэхдээ олон нийтэд бодит мэдээллийг өгөх ёстой гэж үзэж байгаа.

-Эрдэнэт үйлдвэрийн төлөх өр өдрөөс өдөрт нэмэгдэж 103 сая ам.долларт хүрсэн байна. Энэ мөнгийг хэн төлөх вэ гэдэг асуудал яригдаж эхэллээ?

-Хэн нэг албан тушаалтнаар хамгаалуулсан этгээд хууль бус үйлдэл хийж, төрийн өмчийг барьцаанд тавьчихаад түүнийг нь ард түмний халааснаас төлүүлнэ гэвэл бид эсэргүүцнэ. Төлбөрийг төлөх боломж, нөхцөл юу байна гэдэг дээр ажиллаж буруутай этгээдүүдээр төлүүлэх нь зүйтэй. Түрүүний өөрийн чинь хэлдгээр өр худалдаалах тухай асуудал юм. Өрийг хямдруулж худалдаалдаг учраас үнэхээр тийм боломж бий эсэхийг судлаж үзэх л хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэр өөрөө өөрийгөө барьцаалж, албан тушаалтнууд нь шийдвэр гаргачихсан учраас Эрдэнэт энд төлбөр төлөх зайлшгүй шаардлага гарчихаж байгаа юм. Арбитрын шийдвэр гарсан. ЗГХЭГ-ын дарга хэлэхдээ “Энэ жил Эрдэнэт үйлдвэр хангалттай ашигтай ажилласан учраас өрийг Эрдэнэт өөрөө төлнө” гэж хэлж байх шиг байсан. Гэхдээ бүрэн төлөхийг нь Ардчилсан намаас эсэргүүцнэ.

-Оюутолгойн гэрээнд үнэлэлт дүгнэлт хийх ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан гишүүдийн талаар багагүй шүүмжлэл гараад байна. Та тухайлбал, хувь гишүүнийхээ хувьд энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэгт долоо найман гишүүн орсон байсан. Хэрвээ энэ ажлын хэсэгт намайг оруулсан бол бөх Б.Бат-Эрдэнэ, Н.Амарзаяа, О.Баасанхүү зэрэг ийм гурван нөхөртэй нийлж тэр том гэрээг шалгах шаардлага алга гэж хэлээд би нэрээ татах байсан.

-Оюутолгойн гэрээг үнэхээр эргэж харах нөхцөл байдал үүсч байна гэж та харж байгаа юу. Түүнчлэн уг гэрээтэй холбоотойгоор Ардчилсан намын хоёр гишүүнийг баривчлан, шалгаж байна шүү дээ?

-Зах зээлийн эдийн засаг хөгжөөд 20 гаруйхан жилийн хугацаа өнгөрч байна. Тэгэхээр тухайлбал, Англи, АНУ-ын компаниуд маш олон зуун жилийн гэрээний эрх зүйн чиглэлээр ажиллаад ирсэн.Энэ нь эдгээр улс орнууд болоод манай улсын хооронд гэрээний эрхзүйн маш том зөрүү байгаа гэдгийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл мэдлэгийн зөрүү. Гэрээ хэрхэн хийдэг вэ гэх мэдлэгийн зөрүү. Бид Оюутолгойн гэрээн дээр энэ талаасаа алдсан байж магадгүй. Бид дараа дараагийн мега төслүүдийг явуулахдаа алдаагаа давтахгүй байх жишээ нь Оюутолгой мөн. Бид нарын авдаг цалинг хэд дахин нэмж болох, дээрээс нь томоохон төслүүд манайд орж ирэхэд Оюутолгой нөлөөлсөн. Тиймээс ч Оюутолгой өнөөдөр хамгийн их татварыг төлж байна. Оюутолгойн зарим нэг алдаатай зүйлийг засах боломж өнөөдөр гарч ирж байж магадгүй. Оюутолгойн ажлын хэсэг айхтар зөв дүгнэлт гаргана гэж бодохгүй байна. Гэхдээ энэ ажлын хэсэг Рио Тинтог буланд шахаж, зарим зөрүүтэй ойлголтыг өөрчлөхөд нөлөөлөөсэй. Нэгэнт л олон зуун жилийн гэрээний эрхзүй нь хөгжчихсөн улс оронтой гэрээ хэлэлцээр хийхэд гарсан алдааг бидэнд нялзайгаад байх шаардлагагүй.

-МАН-аас залуу гишүүнийхээ ёсзүйн асуудалд хариуцлага тооцох гэсэн боловч хуулийн мухардалд орчихлоо гэдэг хариултыг хэлсэн. Та уг асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ бол МАН-ын дотоод асуудал. МАН өнөөдөр дотоод бүтцээрээ өөрийн гишүүндээ хариуцлага тооцох тухай асуудал. МАН өөрийн намын гишүүндээ ямар хариуцлага тооцохыг ард түмэн харж байгаа.

-Өичгдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг та хэрхэн дүгнэх вэ?

-Тэд Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг асар өндөр хувьтай дүгнэх байх. Би тэгэж бодохгүй байна. Нийт 3.4 тэрбум долларын зээл тавьсан байна. Энэ зээлээр нэг ширхэг байшин барьж, нэг километр замыг тавьсан уу гэж МАН-аас асууя.

-Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох асуудлыг хэлэлцэнэ. Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох эдийн засгийн боломж бий юу. Бүх хүүхдэд олгох боломжгүй юм уу?

-Хүүхдийн мөнгийг өгөх боломж бий юу бий. Хүүхдийн мөнгийг Ардчилсан нам санаачлахдаа хүүхдээ өсгөх бодлогод зориулж санаачилсан. Ардчилсан намын энэ санаачилгыг баллуурдахын тулд 40 хувьд нь олгох хүртлээ бууруулсан шүү дээ. Өнгөрсөн оны төсвийн тодотголд сайд нарын зардал 499 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Ийм мөнгө сайд нарын гарын салаагаар үр, ашиггүй үрэгдэж байна. Зөв зарцуулж чадах юм бол Монгол улсад их хэмжээний мөнгө бий. Нийт хүүхдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгийг олгох тухай асуудлыг Засгийн газраас санаачлан хэрэгжүүлэх гэж байгаа. Харин Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох тухай хуулийн төслийг өргөн барьсан. Манай намаас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохыг дэмжихгүй байгаа. Харин 100 хувь олгох ёстой. Хүүхдийн мөнгийг өгөх санаачлагыг АН анх гаргасан. МАН-ын зүгээс хүүхдийн мөнгийг АН санаачилсан гэх нэрээс нь баллуурдах сонирхолтой байгаа. Нийт хүүхдийн 40 хувьд нь мөнгө олгох шийдвэр гаргаснаас нь энэ санаа нь харагдаж байна. АН-ын хувьд хүнээ өсгөх бодлогоор хүүхдэд мөнгө олгох тухай санаачлагыг гаргасан юм. Тиймээс хүүхдийг баян, ядуу гэр бүлд төрснөөр нь ялгаварлаж болохгүй. Хүүхэд бүрт мөнгө өгөх ёстой.

-Мөн Ардчилсан намын Ротацийн сонгууль боллоо. Ротацийн сонгууль тойрсон олон л асуудал яригдлаа. Намын лидерүүдээ шахлаа гэдэг асуудалтай та санал нийлэх үү?

-2012-2016 онд Ардчилсан намыг хоорондоо эв нэгдэлгүй, фракцтай болж байна гэж шүүмжилж ард түмэн хариуцлага тооцож дүнгээ тавьсан шүү дээ. Үүнд Ардчилсан нам дүгнэлтээ хийж,гуравхан сарын дотор их хурлаа гурван удаа хуралдуулсан. Энэ их хурлаараа намын бүх удирдлагууд гишүүдээсээ сонгогддог тэр дүрмийг бүгдээрээ гар өргөж батласан. Энэ дүрмийн дагуу ротаци боллоо. Ротацид гишүүд дээрээ очиж ажилладаггүй хүмүүс л орсон. Нам дотор С.Эрдэнэ гэдэг хүнийг дэмждэггүй хүмүүс бий. Гэхдээ намын дүрмээр бол 15600 хүн бүгд гишүүдээсээ сонгогддог болсон. Тиймээс ротацид орохгүй гэвэл тойрог дээрээ, гишүүдтэйгээ очиж ажиллах нь л чухал.

Ц.ТАМИР

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.