2020 оны 06 сарын 02
Зочин
Т.Бум-Эрдэнэ: “Cinema Awards” Азийн оскар гэж нэрлэгдэх болтугай

“Үргээлэг 2” киногоороо Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах “Cinema Awards” ёслолын арга хэмжээний Шилдэг зохиолын шагнал хүртсэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, зохиолч Т.Бум-Эрдэнэтэй ярилцлаа.

- “Cinema Awards” наадмын шилдэг зохиолын шагналыг хүртсэнд тань баяр хүргэе?

- Баярлалаа.

- “Үргээлэг - 2” киноны зохиол хэзээ бичигдсэн зохиол вэ?

- Анх 2015 оны наймдугаар сард продюсер Баясгалан, найруулагч Эрдэнэбилэг, жүжигчин Амарсайхан нар надад хүсэлт тавьсан. “Үргээлэг” киноны дараагийн цуврал байж болохоор зохиол хэрэгтэй байна гэсэн. Би бодсон. Тэгээд сэтгэл зовоодаг, шаналж явдаг зүйлээ зохиол болгон буулгасан. Тэгээд гурав хоногийн дараа ерөнхий хар зураг үзүүлэхэд болж байна гээд захиалсан. Сар орчим бодож, сарын хугацаанд бичсэн зохиол.

- “Cinema Awards” – ын талаар таны бодлыг хуваалцмаар байна?

- Шинэлэг, өмнө нь болж байгаагүй өндөр түвшинд зохион байгуулагдсан. Цаашдаа илүү нэр хүнд өндөртэй наадам болж чадахуйц санагдаж байлаа. Академи авардсыг голж байгаа юм биш. Гэхдээ зохион байгуулалтын хувьд илүү сайн болсон. Манайх шиг олон кино гарч байгаа нөхцөлд авардс зохион байгуулна гэдэг нь босго, шүүлтүүрийг өндөр болгодог сайн талтай. Ийм төрлийн наадам олон байх тусмаа кино урлаг сайжирдаг. “Cinema Awards” – ын шагналын хувьд ч сюрприз болж чадсан. Ийм өндөр хэмжээний шагналтай авардс гэж байгаагүй шүү дээ. Мэдээж авч байгаа хүнд сайхан санагдсан. Ач холбогдлын хувьд ивээн тэтгэсэн байгууллагадаа ч хэрэгтэй, шагнал авч байгаа уран бүтээлчиддээ ч дэмжлэг болох сайхан үйл явдал боллоо. Шилдэг зохиолын шагналыг өгсөн Шангри-ла цогцолборын хамт олонд баярлсан аа илэрхийлье.

-Аливаа наадмын дараа шүүлтэд сэтгэл хангалтгүй буйгаа уран бүтээлчид хэлдэг. Шүүлтийн хувьд хэр шударга болсон гэж та дүгнэж байна вэ?

-Шагнал хүртсэн, нэр дэвшсэн уран бүтээлчдийг харахад өөлөх зүйлгүй, шударга шүүлт болжээ гэж бодогдлоо. Өөрийнхөө хувьд сэтгэл өндөр байсан. Начин цолоо баталж байгаа мэт л санагдсан. /инээв/

-“Үргээлэг-2” кино шилдэг зохиолын шагналыг хүртлээ гэж зарлах тэр мөчид таны дотор юу бодогдож байв?

- “Итгэл”, “Ээж”, “Атганд үлдсэн эрдэнэ” гэсэн кинонуудтай хамт нэр дэвшсэн. Өмнө нь “Академи Авардс”-ын шилдэг зохиолын шагналыг авсан байсан. Тиймээс яг тухайн үед хэрэв шилдэг зохиолын шагналыг авахгүй бол өмнөх авсан шагнал маань юу болох билээ гэж бодогддог юм билээ. Тэгээд нэр зарлах үед бас л итгэмээргүй ч юм шиг санагдаж байсан. Тун их баяртай байлаа.

- Монгол кино зохиолын тал дээр шүүмжлүүлэх хандлага өндөр байдаг. Зохиолч хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

- Миний бодлоор нэг үеэ бодоход манай киночид зохиолд анхаарлаа хандуулдаг болж. Киноны зохиолчийн тухай ойлгодог болсон байна. Нэг хэсэг хэдэн залуучууд юу ч юм ярьж байгаад л тэрийгээ дүрсжүүлээд кино гээд гаргадаг байлаа. Саяхан шүү дээ 1990-ээд оны сүүл 2000-аад оны үед. Тэр үеэ бодоход өөрчлөгдсөн. Кино зохиол гэдэг бичих нь ч, уншиж ойлгох нь ч ярвигтай зүйл. Кино бүтэх аргачлал нь өөрөө олон нарийн мэргэжлийн хүмүүсээс өндөр хариуцлагыг шаардаж байдаг. Кино зохиолд юуг нь бичих өгөх, юуг нь тэр нарийн мэргэжлийн хүмүүстээ найдаж үлдээх вэ гэдгийг зохицуулна гэдэг хэцүү ажил. Зохиолчийн хүссэн обьектийг зургийн дарга хийж чадаж байна уу, хүссэн дуу авиаг дууны найруулагч гаргаж байна уу гэх мэтчилэн ойлголцлын зүйлүүд их байдаг. Хамгийн чухал нь киноны эцэг гэгддэг найруулагч зохиолчийн хүсч байгааг маш сайн ойлгож байх хэрэгтэй.

- Одоо кино зохиол дээр ажиллаж байна уу?

-“Итгэл” киноны найруулагч Гарамхандтай хамтарч, миний хоёр өгүүллэгийг нэгтгэн хийх гэж байгаа кино төсөл дээр ажиллаж эхэлсэн. Наадмын дараа гэхэд кино зохиолоо бэлэн болгох төлөвлөгөөтэй. Мөн жүжигчин Амарсайханы хийж буй кино төслүүд дээр хамтарч ажиллана.

- “Cinema Awards” – ыг зохион байгуулагчдад хандаж ерөөлийн үг хэлээч?

-Авардсыг зохион байгуулж байгаа зохион байгуулагчид маш том гэрэлтэй ирээдүйг харж байгаа гэдэгт итгэлтэй байна. Цар хүрээгээ улам тэлж “Оскар”-ын хэмжээнд хүрээсэй. Азийн “Оскар” гэж нэрлэгдэх хэмжээнд хүрээсэй гэж хүсч байна.

- Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье!

- Баярлалаа та бүхний  ажилд ч өндөр амжилт хүсье.

24news.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://24news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
DR. PRADHAN105.112.38.205
Хэрэв та бөөрөндөө зарахыг хүсч байгаа бол бидэнтэй холбоо барина уу.(DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM) Үнэ $ 780,000 WhatsApp: 15177971496
6 өдрийн өмнө
http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.