2020 оны 06 сарын 03
Зочин
Д.Зоригт: Зургаан сая төгрөгөөс доош зээлтэй байсан ахмадууд тэтгэврээ бүрэн авч эхэлсэн

Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаа төлөх арга хэмжээ хэрэгжиж, тэтгэвэр авагчид ам сайтай байна. Тус хуулийн хэрэгжилтийн талаар НДЕГ-ын дарга Д.Зоригтоос тодрууллаа.

–       Тэтгэврийн зээлийг тэглэх ажил хэрэгжиж эхэлсэн үү?

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль УИХ-аар батлагдан мөрдөгдөж эхлээд байна. Тус хуулийн үйлчлэлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэд хамаарах бөгөөд тэдний тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийн тодорхой хэсгийг төрөөс нэг удаа хариуцан төлөх юм. Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийгмийн даатгалын байгуулага нь арилжааны банкуудаас зээлтэй иргэдийн судалгааг авч, нийгмийн даатгалын мэдээллийн сантай тулгасны үндсэн дээр хуулийн үйлчлэлд хамаарах иргэдийн судалгааг гаргасан. Одоогийн байдлаар арилжааны банкуудтай хамтран ажиллаж, тэтгэврийн зээлтэй иргэдийн нэгдүгээр сарын тэтгэврээс суутгаж авсан зээлийн үндсэн төлбөрийг буцааж олгуулаад байна. Мөн хоёрдугаар сарын тэтгэврээс зээл, зээлийн хүү суутгалгүй бүрэн олгосон.

–       Хуулийн үйлчлэлд хамаарах гэдгийг тодруулахгүй юу?

Энэ хуулийн үйлчлэлд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй Монгол Улсын иргэн хамаарна. Түүнчлэн нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдах юм. Харин тэтгэвэр авагч уг өдрөөс өмнө тэтгэвэр барьцаалсан зээл авч, зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй.

–       Тэтгэврийн зээлийг тэглэхдээ тодорхой нөхцөлүүдийг тавьж байгаа юм байна лээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Тийм. Иргэдэд ойлгомжтой байдлаар тайлбарлавал, Нэгдүгээрт 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээл авсан бол зээлийг нэг удаа бүрэн тэглэнэ. Хоёрдугаарт 6 саяас дээш дүнгээр тэтгэврийн зээл авсан бол зургаан саяыг нь тэглэж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлнө. Гуравдугаарт нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн зөрүүнд бондын эрхийн бичиг олгоно. Дөрөвдүгээрт тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн бондын эрхийн бичиг олгохоор тус тус зохицуулсан.

–       Танай байгууллага судалгаа тооцоолол хийсэн гэлээ. Тэгвэл дээрх нөхцөлүүдэд тус бүр хичнээн хүн хамрагдах нь тодорхой болсон байх?

Банкуудтай тооцоо нийлсэн дүнгээс үзэхэд нийтдээ 228.7 мянган иргэн 757.7 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. Үүнээс 6 саяас дээш хэмжээний тэтгэврийн зээлтэй 21 мянган иргэн, 6 сая хүртэлх тэтгэврийн зээлтэй 207.5 мянган иргэн байна. Эдгээр иргэдийн зээлийг тэглэхэд нийт 696.0 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Харин огт зээлгүй 194.0 мянган тэтгэвэр авагч байгаа.

–       Зээлийн үлдэгдэлтэй байгаа хүмүүс хаана хандах вэ? Эсрэгээрээ огт зээлгүй байсан хүмүүс бондын эрхийн бичгээ хаанаас авах вэ?

Манай байгууллагаас дээрх тооцооллыг Эрдэнэс Монгол ХХК руу хүргүүлэхээр бэлтгэж байна. Үүнд үндэслэж тус компаниас үнэт цаас гарган, Нийгмийн даатгалын ерөнхий газарт ирүүлэх ба иргэдэд түгээх ажлыг манай байгууллага хариуцах юм. Харин зээлийн үлдэгдэлтэй буюу 6 саяас дээш  тэтгэврийн зээлтэй байсан иргэд үйлчлүүлдэг банкин дээрээ очиж гэрээгээ шинэчлэх шаардлагатай.

–       Ярилцлагын төгсгөлд тэтгэврийн нэмэгдлийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

“Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн хүрээнд  БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан дөрвөн төрлийн хөнгөлттэй нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний тэтгэвэр 50.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Харин энэ сард нийт иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүллээ. Ингэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээг 40.0 мянгаар нэмэгдүүлж 350.0 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300.0 мянган төгрөг, дундаж тэтгэврийг 409.0 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Мөн 500.0 мянгаас доош тэтгэвэртэй иргэдийн хувьд 30.0 мянга, 500.0 мянга ба түүнээс дээш бол 25.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасны дагуу  сүүлийн 3 жилд бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 31.5 хувиар тус тус нэмэгдүүлээд байна.

БЗД-ИЙН 5-Р ХОРООНЫ ТЭТГЭВЭР АВАГЧ Д.НЭРГҮЙ:Тэтгэврийн зээл тэглэгдсэнд баяртай байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж авсан зээлийг төр засаг маань тэглэж өглөө. Нэгдүгээр сард тэтгэврийн зээл суутгасныг буцааж олгосон, хоёрдугаар сарын тэтгэврээс зээл суутгалгүй бүрэн олголоо. Зээлээ төлүүлээд дээр нь бүр нэмэгдсэн хэмжээгээр тэтгэвэр авлаа шүү дээ. Миний тэтгэвэр 30 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

ХУД-20-Р ХОРООНЫ ТЭТГЭВЭР АВАГЧ И.ЛХАМСҮРЭН:Төрөөс бидний тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаад талархаж байна. Тэтгэвэр сүүлийн 3 жилд нийтдээ 40 шахам хувиар нэмэгдсэн гэж Нийгмийн даатгалын газраас мэдээлж байна лээ. Бас тэтгэврийн зээлийг тэглэж ахмад настнуудынхаа амьдралын баталгааг хангахад анхаарч байгаад баяртай байна.

СБД-ИЙН 16-Р ХОРООНЫ ТЭТГЭВЭР АВАГЧ И.ЦЭРЭНДЭЖИД:Тэтгэвэр маань нэг дор давхар нэмэгдэж их баяртай байна. Зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж, 50 мянгаар нэмэгдсэн. Сая нийт иргэдийн тэтгэврийн нэмэгдлээр дахиад 30 мянгаар, ингээд нийтдээ 80.0 мянган төгрөгөөр тэтгэвэр маань өслөө.

Эх сурвалж: Ugluu.mn

24news.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://24news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.