2020 оны 06 сарын 07
Зочин
Э.Лхагвадулам: "Хоёртын тоолол" төрөлд дэлхийн рекордыг шинэчилсэн
Монголын Оюун ухааны академийн тамирчин, олон улсын их мастер Э.Лхагвадуламтай ярилцлаа. Ой тогтоолтын өсвөрийн дэлхийн 17 дээд амжилтын 11-ийг нь эзэмшиж буй тэрбээр хэд хоногийн өмнө Сүх сангаас зарласан тэтгэлгийн эзэн болж, 3000 ам.доллар хүртсэн юм.
 
-Сөүлийн тэмцээнд оролцож бахдам амжилт гаргаснаас ярилцлагаа эхэлье. Тэмцээнд ой тогтоолтын 10 төрлөөс алинд нь илүү амжилттай оролцсон бэ?
 
-Тамирчин болгон 10 төрөлд оролцдог. Төрөл болгонд медаль авах боломжтой байдаг юм. Би тэмцээний арван төрлөөс "Хоёртын тоолол"-д насанд хүрэгчдийн дэлхийн рекордыг шинэчилсэн. Нэг багц хөзрийг таван минутад цээжилдэг "Хурдны хөзөр" төрелд оролцож, өөрийнхөө рекордыг нэг секундээр ахиуллаа. "Хурдны хөзөр"-ийн төрөл их онцлогтой, цээжилсэн хөзрөө нэг л удаа алдаж хэлбэл бүх оноог тэглэдэг. Тэмцээний энэ төрөл өндөр оноотой учир амжилт гаргахад их нөлөөлдөг. Би Сөүлийн нээлттэй тэмцээнд хоёр дахь жилдээ оролцлоо.
 
-Монголын оюун ухааны тамирчид тэмцээний 90 медалиас 72-ыг нь авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэмцээний аль төрөлд Монгол тамирчид илүүрхэв?
 
-Монгол Улсаа төлөөлж Монголын оюун ухааны академийн 18 тамирчин олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн удирдлага дор амжилттай оролцож, 25 алт, 28 мөнгө, 19 хүрэл медаль хүртсэн. Тамирчид бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалдаа дэлхийн есөн дээд амжилтыг шинэчлэн тогтоосноос гадна нийлбэр дүнгээр илүүрхэж нас насны ангилал тус бүртээ эхний гурван байрт орсон. Тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор олон улсын их мастер Н.Мөнхшүр тэргүүлж цомын эзэн болсон. Энэ удаагийн тэмцээнд Солонгосын 60-аас дээш насныхан оролцсон нь нэг содон үйл явдлын нэг байлаа.
 
-Тэмцээний үеэр тамирчдын анхаарлыг сарниулахгүйн тулд гэрэл зургийн аппарат, гар утас хэрэглэхийг хориглодог. Харин ямар тохиолдолд зураг авах,камер ашиглахыг зөвшөөрдөг юм бэ?
 
-Тийм ээ. Тамирчид тэмцээнд оролцохдоо утсаа унтраадаг. Тухайн үед анхаарлаа сайн төвлөрүүлэх шаардлагатай учир ийм арга хэмжээ авдаг. Нэг л чимээ гарахад тамирчны анхаарал сарних эрсдэлтэй учир энэ тал дээр ихэд анхаардаг. Тэмцээнийг зохион байгуулагчид тамирчдаас рекорд шинэчлэх эсэхийг лавладаг. Хэрвээ тийм зорилготой тэмцээнд ирсэн бол хэрхэн цээжилж байгааг харуулдаг. Тэр үед нь тамирчны өмнө камер ирдэг тал бий. Ер нь бичлэг хийх хориотой байдаг юм.
 
-Тэмцээний үеэр хөгжилтэй зүйл тохиолдож байв уу?
 
-Хөгжилтэй зүйл санаанд орохгүй байна. Харин хамгийн гоё мөч нь тэмцээний ялагчийг зарлах байдаг. Аль улсын, хэн гэдэг тамирчин ялсныг 10 төрөл дууссаны дараа хэлдэг. Тиймээс ялсан гэдгээ мэдэх мөч хамгийн сайхан.
 
-Сөүлийн тэмцээний үеэр сандарсан уу?
 
-Сандарч болохгүй л дээ. Тэмцээнд амжилтгүй оролцох эрсдэлтэй. Олон удаа тэмцээнд оролцсон ч одоог хүртэл би сандардаг. Гэхдээ тэмцээнд анх удаа оролцож байснаа бодоход бага сандардаг болсон.
 
-Тэмцээний дараа та ой тогтоолтын олон улсын их мастер Н.Мөнхшүрийн дараа хоёрдугаарт чансаагаараа эрэмбэлэгдсэн. Тэмцээн бүрийн дараа чансааг шинэчилдэг үү?
 
-Тэгсэн. Сөүлийн тэмцээнд гаргасан амжилтын нийлбэр оноогоор хоёрдугаар байрт эрэмбэлэгдсэн. Түүний дараа үзэхэд зургаадугаар байрт орсон байна лээ. Ер нь тэмцээн бүрийн дараа чансааг шинэчилдэг. Миний хувьд тэмцээн бүртээ амжилттай оролцож, чансаагаа ахиулахын төлөө хичээж байна.
 
-Ерөнхий боловсролын сургуулиа энэ жил тегсч ШУТИС-д элссэн. Ямар мэргэжлээр суралцаж байна вэ?
 
-ШУТИС-ийн хүссэн ангидаа элссэн ч нас бага болохоор энэ жил өнжихөөр шийдсэн. Энэ цаг хугацааг ашиглан гадаад хэлнийхээ мэдлэгт анхааръя гэж бодож байна. Үүний зэрэгцээ бэлтгэлээ эрчимтэй хийе гэж төлөвлөсөн.
 
-Цаашдаа дасгалжуулагч болох уу эсвэл эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах уу?
 
-Сонгосон мэргэжлээрээ ажиллана. Гэхдээ ой тогтоолтын спортоосоо хэзээ ч хөндийрөхгүй.
 
-Энэ спортоор хичээллээд таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ? 
 
-Би 13 настайгаасаа ой тогтоолтын спортоор хичээллэсэн. Энэ спортоор хичээллэсэн хүн хамгийн түрүүнд сууж сурдаг. Хамгийн гоё нь бүх төрлийн мэдээллийг амархан цээжилдэг. Хичээл дээр шүлэг цээжлэх ямар ч асуудалгүй болсон. Хэдэн ч шүлэг цээжилсэн түүртэхээргүй болчихдог. Дээр нь тэмцээн уралдаанд оролцохдоо гадаадын олон орны аж байдалтай танилцаж үе тэнгийнхнээ амжилтад хэрхэн хүрч байгааг харж байна. Ер нь гурван жилийн өмнөх Лхагвадуламаас өнөөдрийн би эрс шинэчлэгдсэн.
 
-Тэмцээнд оролцох гээд сургуулиасаа чөлөө авах тохиолдол гардаг байх. Энэ үед гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ?
 
 -Монголын Оюун ухааны академийнхан анхны салбараа Дарханд нээхэд нь би элссэн. Тухайн үед Х.Хатанбаатар багшийг таньдаггүй байсан. Сургалтын эхний өдөр надад ой тогтоолтын спортоор хичээллэж болох юм шиг сэтгэгдэл төрсөн. Тиймээс ээжээсээ зөвшөөрөл авч үргэлжлүүлэн суралцахаар болсон юм. Тэр үед би ээждээ бас өөртөө амлалт бичсэн. "Нэгдүгээрт, ой тогтоолтын спортоор идэвхтэй хичээллэж, тэмцээн уралдаанд оролцоно. Хичээсэн юм чинь заавал алтан медалийн эзэн болно. Үүний дараа ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцоно" гэж амлалтдаа бичсэн. Хэсэг хугацааны дараа зорилгодоо хүрч дэлхийн ой тогтоолтын шилдгүүдтэй өрсөлдөж суухад үнэхээр сайхан байсан. Тэмцээн өндөрлөсний дараа хэдэн жилийн өмнө бичсэн амлалтаа уншихад дарааллаар нь зорилгоо биелүүлснээ хараад их гайхсан. Бас хүн хичээвэл мөрөөдөлдөө хүрдгийг ойлгосон.
 
-Одоо ямар зорилготой байна вэ?
 
-Чансаагаа ахиулъя гэж бодож байна.
 
-Ой тогтоотын спортоор хичээллэж хувь хүн төдийгүй сурлагад нь өөрчлөлт гарахад үе тэнгийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бол?
 
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх явахад ангийнхан маань маш их дэмжсэн. Ер нь намайг хүрээлж буй хүмүүс дэмжиж байсан нь урам зориг өгсөн. Тэмцээнд оролцохоор яваад хичээлээсээ хоцрох үе бий. Ийм үед ангийнхан маань хичээлээ нөхөхөд тусалдаг. Багш нар ч чадах чинээгээрээ дэмждэг.
 
-Тэмцээний бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ. Өдөр тутамд хийдэг үү?
 
-Тэмцээн эхлэхээс сарын өмнө бэлтгэл хийдэг. Түүнээс биш өдөр бүр бэлтгэдэггүй. Томоохон тэмцээний өмнө ой тогтоолтын тамирчид цугларсан бэлтгэлд гардаг. Биднийг ийм маягаар бэлтгэлээ хийдэг гэхээр гадаадын тамирчид итгэдэггүй. Хятадын тамирчид гэхэд ажил хийдэг нь ажлаасаа гарч, өдөрт 10 гаруй цагийг зөвхөн бэлтгэлдээ зарцуулдаг. Хэрвээ бид бэлтгэлээ тэдэн шиг хийвэл ямар үр дүн гарах нь ойлгомжтой. /инээв/
 
-Монголын ой тогтоолтын тамирчдын бусдаас ялгарах онцлог гэвэл...?
 
-Бидний аливаа зүйлийг цээжилдэг аргаар гаднын тамирчид хичээллэж чадахгүй юм шиг санагдсан. Олон орны тамирчин тэмцээний талаар, бэлтгэлээ хэрхэн хийдгийг сонирхон асууж байсан. Бид цээжилдэг аргаа хэлэхэд тэд итгэдэггүй. Монголын Оюун ухааны академийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцож байгаа нь гадаадынхны сонирхлыг маш их татдаг. Тиймээс ч олон улсад алдартай хэвлэл мэдээллийн байгууллагууд Монгол Улсын ой тогтоолтын тамирчдаас онцлон ярилцлага авч, нэвтрүүлэгтээ урьж, оролцуулдаг болов уу.
 
-Олон улсын тэмцээнд оролцох зардлаа хувиасаа гаргадаг уу. Ер нь зардал мөнгөө хэрхэн шийддэг вэ? 
 
-Зардлаа хүүхдүүд хувиараа хариуцдаг.
 
-Одоо ямар тэмцээнд оролцох вэ?
 
-Ирэх арванхоёрдугаар сард ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд амжилттай оролцохын төлөө одооноос бэлтгэлээ хийнэ.
 
-Ой тогтоолтын спортоор хичээллэх гэж байгаа, сонирхож байгааг хүмүүст хандаж зөвлөгөө өгвөл?
 
-Монголын Оюун ухааны академийн сургалтад хамрагдсанаар би өөрийгөө шинээр нээж чадсан. Өөртөө итгэлтэй болж, мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсон. Та бүхэн ч гэсэн ой тогтоолтын спортоор хичээллэж, өөртөө цаг гаргаарай. Мөн энэ спортоор хичээллэснээр бидний амьдралд өдөр тутам тохиолддог зарим зүйл маш хялбар санагддаг. Хүүхдүүдийн хувьд тогтвортой сууж, анхаарлаа төвлөрүүлж сурахаас гадна аливаа зүйлийг хурдан хугацаанд цээжилж сурдаг. Тиймээс чөлөөт цагаа илүү үр дүнтэй зүйлд зарцуулцгаая гэж хэлье.
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.