2020 оны 06 сарын 07
Зочин
Н.Энхбаяр: Коронавирусийн дэгдэлтээс болж зэсийн үнэ 400 гаруй ам.доллараар буураад байна
Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
-Коронавирусийн тархалтаас өмнө SARS гэх мэт вирусийн халдвар улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж байсан. Ер нь дэлхийг хамарсан вирусийн өвчлөлийн эхний тохиолдол нь хэдэн онд хамаардаг бол?
- Өмнө нь ийм төрлийн өвчин олон удаа гарч байсан. 1918 онд гэхэд испаниш флю дэгдэж 50 сая хүн нас барсан тоо бий. Ер нь 30-аад оноос өмнө хоёр, гурван удаа иймэрхүү халдарт өвчин дэгдсэн байдаг. Сүүлд гэвэл 2002-2003 онд Хятадад гарсан SARS байна. Долоо, найман сарын турш үргэлжилж, 800 гаруй хүн нас барсан. 2012 онд дэгдсэн MERS-ийг тэмээнээс гаралтай гэж оношилж байлаа. Онцолж хэлэхэд, сүүлийн үед тархсан дэгдэлтүүд дандаа амьтнаас гаралтай. Одооных гэхэд сарьсан багваахай, могой хоёрын аль нэгээс гаралтай гэж байгаа. Хятадын халдварт өвчин судлалын байгууллагаас зарлаж буй мэдээллээс харахад вирусийг дангаар нь ялгаж аваад бүртгүүлсэн байна. Ялгаж авсан энэ вирусийг олон улсын халдвар судлалын төвүүд рүү түгээнэ. Өөрөөр хэлбэл, вакцин хийхээр ажиллаж буй газрууд хүлээж аваад үр дүн өгөхүйц вакцин гаргана гэсэн үг. Энэ вирус юугаараа аюултай вэ гэдгийг энгийнээр жишээлье. Дархлааны эсэд нэг уураг бий. Энэ уургийг эсийг удирддаг мэдээллийн төв гэж хэлж болох юм. Эсийг хэдийд олон, хэдийд цөөн болгох вэ гэх мэтээр бүх хөдөлгөөнийг хянадаг төв. Гэтэл одоо илрээд байгаа вирус тэрийг нь эвддэг. Бүр энгийнээр хэлбэл удирдлагын төвийг нь тасалдаг гээд багцаалдаад ойлгочихож болно. Хүний дархлаа энэ вирусийг дийлэхгүй, амархан өвчлөөд байгаа нь ийм учиртай. Эс доторх удирдлагын төвийн үүрэг гүйцэтгэдэг эсийг нь гэмтээчихээд байна л даа. Ямартаа ч үүнийг судлаад шалтгааныг нь олчихлоо. Тэгэхээр вакцин гаргах хугацаа ойртож байна гэсэн үг.
-Та өмнө нь ОХУ-ын эрдэмтэд зургаан сарын дотор вакцин гаргах боломжтой гэж хэлсэн тухай сонирхуулж байсан. Шалтгааныг нь тогтоочихсон гэхээр вакцины хугацаа наашлах нь ээ?
-Наашлахаар байгаа. Гэхдээ өнөө маргаашгүй вакцин гаргачихна гэж ойлгож болохгүй л дээ. Дор хаяж нэгээс хоёр сар болно. Америк, Европын холбоо, ОХУ-ын аль нэг нь л түрүүлж вакцин гаргаж авах байх.
-Тархалт цаашид яах бол?
-Өнөөхөндөө таамаглаж хэлэхэд эрт байна. Сүүлийн мэдээллээс харахад АНУ-д лабораторид 100 дээж шинжилж байна. Одоогоор тав нь нотлогдсон, 25 нь үгүйсгэгдсэн. Цаана нь 70, 80 дээж шинжлэгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр хариу нь ирэх өдрүүдэд цувраад гарна.Чехэд гэхэд л сэжигтэй хэдэн тохиолдол байна. Ер нь Европ, АНУ их нислэгтэй газар учраас эрсдэлтэй л дээ.
-Дэлхий даяар дэгдсэн ийм халдварууд эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ. Тодорхой судалгаа бий юү?
-2003 оноос хойших эдийн засгийн нөлөөллүүдийг нь нэлээд судалсан байдаг. 2003 оны SARS, 2013 оны H7N9 өвчлөлүүдийн талаар хийсэн судалгаанууд их бий. Хятадын дөрвөн судлаачийн хамтарсан судалгааг жишээлье. 2003 оны SARS-аар 5327 тохиолдол Хятадад бүртгэгдэж 349 хүн нас барж. Нийтдээ 29 улсад тархаж, дэлхий даяар 8000 хүн халдвар авч, 2074 хүн нас барсан статистик байна. Тухайн үед нислэг, хүнсний хангамж хязгаарласан, сургуулиуд хаасан гэх мэтээр янз бүрийн хориг арга хэмжээ авсан. Энэ бүхэн эцсийн дүндээ дэлхийн эдийн засагт 30-100 тэрбум ам.долларын алдагдал хохирол авчирсан. Хятадын эдийн эдийн засагт учруулсан хохирол нь 12-28 тэрбум ам.доллар. Хятадын эдийн засаг үүнээс болж 2003 онд нэг хувиар буурсан түүхтэй. 2013 онд дэгдсэн H7N9 –ийн улмаас Хятадад 135 тохиолдол бүртгэгдэж, 45 хүн нас барсан. Дэлхийд 148 тохиолдол бүртгэгдсэнээс 48 хүн нас барсан мэдээ бий. Хамралт нь бага ч нас баралт нь өндөр хувьтай гарсан. Шувууны томуу учраас шувууны аж ахуйд устгал хийсэн байдаг юм. Хятадад яг энэ шалтгаанаар 40 тэрбум юанийн хохирол учирсан. Хурдан дарж авсан учраас дэлхийн эдийн засагт харьцангуй бага сөрөг нөлөө үзүүлсэн л дээ.
-Иймэрхүү вирусийн халдварын дэгдэлтийн үед дэлхийн хэмжээнд эрдэс, металлын үнэ, эрэлтэд сөрөг нөлөө ажиглагддаг уу, манай улсын эдийн засагт нөлөөлөх болов уу гэсэн болгоомжлолоор асууж байна л даа...?
-2003 онд гэхэд дэлхийн эдийн засагт эрэлт буурсан. Тухайлбал металлын, газрын тосны үнэ ханш буусан баримт бий. Өнөөдөр гэхэд л ОХУ-ын эдийн засагчид коронавирусийг улсынх нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх вий гэж болгоомжилж байна. Газрын тосны үнэ буурвал гэдэг утгаар.
-Газрын тосны үнэ буух нь манайд бол ашигтай. Металлын үнэ буурвал хэцүүдэх юм байна?
-Зэсийн үнээс гадна хамгийн эрсдэлтэй нь нүүрсний экспорт. Зэсийн үнэ оны эхэнд буюу Иран, Америкийн хямрал хурцдах үед 6200 ам.доллар, нүүрсний үнэ нэлээд боломжийн, газрын тосны ханш 65 ам.доллар байсан. Гэтэл коронавирусийн дэгдэлтээс болж брэнт газрын тосны үнэ 60-аас доошилж 57.50 боллоо, өнөөдрийн байдлаар (өчигдөр). Цаашдаа ч буурах хандлагатай байна. Металлуудын үнэ бүгд доошилсон. Зэс гэхэд өнөөдөр 5751 ам.доллар руу уруудлаа. Сүүлийн арван хоногт тасралтгүй буурч байна. Оны эхнийхээс 400 гаруй ам. доллараар буучихлаа. Манай улсын экспортын бараг 60 хувийг зэс нүүрс эзэлдэг. Энэ утгаараа яалт ч үгүй сөрөг нөлөө үзүүлнэ. Эдгээрийн үнэ ханшийн бууралт үргэлжлэх хугацаа нь бүтэн жилдээ юу, нэг улиралдаа юу гэдэг асуудал л бий. Коронавирусийн дэгдэлтээс шалтгаална гэсэн үг.
-Ер нь дэлхийн эдийн засагт халдварт өвчин, уур амьсгалын өөрчлөлт гэсэн шинэ эрсдэлүүд дээгүүрт бичигдээд эхэлчихэв үү?
-Сая болсон Давосын чуулганы үеэр энэ асуудлыг хөндөж ярьсан. Дэлхийн эдийн засгийн форум хэлэлцүүлгээсээ гадна маш олон тайлан судалгаа хийдэг. Жишээ нь, жил бүрийн нэгдүгээр сард эрсдэлийн тайлан гэж гаргадаг. Энэ тайланг арваад жилийн өмнө анх гаргахдаа дэлхий нийтийн эрсдэл гээд 40-өөд эрсдэлийг тодорхойлсон. Байгаль орчин, улстөр, эдийн засаг, аюулгүй байдал гэх мэт олон эрсдэл бий. Аль эрсдэл нь тухайн жилд өндөр байна вэ гэдгийг сая хэлсэн тайлангаар гаргадаг. Эхэн үедээ аюулгүй байдал, эдийн засгийн хямрал зэрэг нь эрсдэлийн тэргүүн ээлжинд бичигдэж байсан бол сүүлийн дөрвөөс таван жилийн дотор эрсдэлүүдийн байр өөрчлөгдөж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлүүд жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Өнөө жилийн дэлхийн эрсдэлийн форумаас ажиглахад 40-өөд эрсдэлээс эхний тав нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчинтой холбоотой байх жишээний.
-Давосын чуулганы үеэр худалдааны дайн, маргаан онцлох сэдвийн нэг болсон. Энэ чиглэлээр улс орнуудын дунд ямархуу яриа хөөрөө өрнөв?
-Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш дэлхийн худалдаа эмзэг асуудал болсон л доо. Америк, Хятад хоорондын худалдааны маргаан 2018 оны гуравдугаар сараас эхэлснийг бүгд мэднэ. Хоёр жил гаруй үргэлжилсний эцэст түрүүчээсээ шийдэгдэж эхэлж байна. Хятад, Америкийн хоорондын худалдааны хэлэлцээрийн нэгдүгээр үе шатны хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээрийн хүрээнд ирэх хоёр жилд Хятад улс АНУ-ын хөдөө аж ахуйн эрдэнэшиш гэх мэт тодорхой нэр төрлийн 200 тэрбум ам.долларын барааг худалдан авах үүрэг хүлээж байна. Ингэж байж хоёр улсын хоорондох худалдааны алдагдал буурах юм. 2018 оны байдлаар худалдааны алдагдал нь 500 гаруй тэрбум ам.доллар байсан бол 2019 оны эцсээр 390 тэрбум ам.доллар болж буурсан. Нэгдүгээр шатны хэлэлцээр 200 тэрбум ам.доллараар хязгаарлагдаж байгаа. Хэлэлцээрийн хоёрдугаар хэсгийг удахгүй эхэлнэ гэж Трамп эдийн засгийн форумын үеэр хэллээ. хоёрдугаар үе шатандаа хэлэлцэнэ. Онцолж хэлэхэд, хоёр улсын дунд аж үйлдвэрийн бараа, оюуны өмчийн асуудлууд шийдэгдээгүй яваа. Энэ бүхэн хоёрдугаар хэлэлцээрийн үед шийдлээ олох учиртай. Хоёрдугаар хэлэлцээрийг энэ ондоо эхлэх ч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гарын үсэг зурна гэдгээ Трамп сая болсон Давосын чуулганы үеэр хэлчихлээ. Яг энэ үйл явцтай зэрэгцээд АНУ, Канад, Мексикийн хооронд худалдааны хэлэлцээр байгуулагдсан. Эдний дунд худалдааны дайн өрнөөгүй ч Трамп ажлаа авсаныхаа дараахан NAFTA (North Ameri­can Free Trade Agreement)-г хүчингүй болгосон юм. Энэ асуудалд Цагаан ордноос гадна төлөөлөгчийн танхим, конгрессийн гишүүд ч онцгой анхаарсан.Ийм хоёр том хэлэлцээр байгуулснаа Трамп Давосын үеэр мэдэгдсэн ч судлаачид болгоомжилсон хэвээр байгаа.
-Болгоомжлох ямар шалтгаанууд байна вэ?
-Сая хэлсэн Хятадтай хийх хоёр дахь шатны хэлэлцээр яаж шийдэгдэх нь тодорхойгүй байна. Европт Брекситийн асуудал байна. Их Британи Европын холбооноос нэгдүгээр сарын 31-нд гарна. Англи Европын холбооноос гарах процесс 2020 оны турш үргэлжилнэ. Худалдааны, соёлын, иргэдийн харилцан шилжих хөдөлгөөн гээд маш олон гэрээ хэлэлцээр бий. Энэ бүхэн өнөө жилийн арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Хоёр тал гарын үсэг зурахад Англи улс 60 тэрбум еврогийн хохирол хүлээж байна. Англи гээд том худалдан авагч гараад явчихаар АНУ, Европын худалдааны хэлэлцээр өөрчлөгдөнө. АНУ, Их Британийн хооронд худалдааны хэлэлцээр эхэлнэ. Энэ хэлэлцээр яригдсаар яваад дөрөв, тавдугаар сард байгуулагдах болов уу. Үүний дараа Европтой учраа олох асуудал бий. АНУ-ын хувьд Европын холбооны зарим улстай худалдааны тал дээр сөргөлдөөнтэй. Жишээ нь, франц өнгөрсөн жил АНУ-ын эсрэг онлайн худалдааны такс гээд гаргачихсан. “Амазон”, “Гүүгл” гэх мэт Америкийн компаниуд франц иргэдэд бүтээгдэхүүнээ борлуулбал улсад нь татвар төлж байгаа. АНУ-ын зүгээс ч гэсэн Европын автомашинуудад татвар тогтооно гэж байгаа. Энэ мэт хоёр талын худалдааны маргаан 2020 оны турш үргэлжилнэ гэсэн таамаг бий. Тэгэхээр энэ бүх асуудал шийдэгдтэл АНУ, Европын холбооны хоорондох худалдан авалт айхавтар өсөхгүй.
-Одоо дэгдээд буй коронавирус дэлхийн худалдаанд яаж нөлөөлж байна вэ?
-Халдварт өвчний эрсдэлээс болж худалдаа хумигдаж, олон бизнес хаагдаж байна. Хятадад үйл ажиллагаа явуулдаг Европын автомашины үйлдвэрүүд үйлдвэрээ хаагаад ажилчдаа татаад авчихлаа. Тесла, Волксваген гээд дурдвал олон жишээ бий. Буцаад сэргэтэл хоёр гурван сар лав болно. Дэлхийн зах зээл дээр металлын үнэ ханш буурч байна гэж түрүүн хэлсэн. Үүнээс гадна биржийн үнэ ханш буурч байна. Хятадын биржүүд бүр 2008 оны хямралын түвшинд оччихлоо. Өчигдөр өглөө (уржигдар) гэхэд Токиогийн бирж хоёр хувийн бууралттайгаар арилжаагаа эхэллээ. Азийн биржүүд лав л ойрын нэг сарын хугацаанд ийм бууралттай явна. Өмнөд Солонгосын үнэт цаасны биржийн индекс өнөөдөр (өчигдөр) гурван хувиар буурлаа. Энэ бол маш өндөр үзүүлэлт.
-Дэлхийг хамарсан энэ эрсдэл манайд шууд утгаараа нөлөөлөх нь гэж ойлголоо...?
-Тэгнэ, түрүүн хэлсэнчлэн зэс, нүүрсний үнэ буухад л шууд нөлөөгөө үзүүлнэ. Эрдэс баялгийн экспорт өнгөрсөн жилийнхээс яагаад ч давахааргүй болж байна. Тэгэхээр найм, есдүгээр сараас өмнө төсөвт тодотгол хийх шаардлагатай. Төсвийн орлогыг багаар бодоход нэг их наяд, зарлагыг нь хоёр их наядаар хасах хэрэгтэй. Валютын сангийн хөтөлбөр дууссаны дараа бид дахиад л хэн нэгэн рүү хандаж таарна. Тэр үед төсвийн үрэлгэн бодлогогүй гэдгээ харуулж байж л мөнгө авна. Валютын сангийн хөтөлбөр удахгүй дуусна. Зургадугаар сард Валютын сан эцсийн дүгнэлтээ гаргачихна. Дараахан нь буюу долдугаар сард Худалдаа хөгжлтийн банкны бондын төлөлт, Хятадын свопын сунгалттай нүүр тулна. Есдүгээр сард нь саарал жагсаалтаас гарах төлөвлөгөөтэй яваа. Валютын сангаас таагүй дүгнэлтүүд гарвал своп сунгах эсэх нь эргэлзээтэй. Своп худлаа болчихвол хоёр тэрбум ам.долларын асуудал учраас бүгд болгоомжилно. Шинэ засаг байгуулагдсаны дараахан есдүгээр сард саарал жагсаалтын асуудал бий. Тэгж байтал аравдугаар сард зээлжих зэрэглэлийн асуудал яригдана. Дахиад хэлэхэд энэ бүх асуудлыг эрсдэл багатай туулъя гэвэл хамгийн түрүүнд төсөвтөө анхаарах хэрэгтэй.

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.