2024 оны 04 сарын 28
Зочин
​Н.Сувдмаа: АНУ-аас ирэх 100 мянган тун вакцинаар иргэдийг дархлаажуулалтад хамруулна

Хүйтэн, сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн нийслэл төдийгүй улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж өрх, дүүргийн эмнэлгүүдийн ачаалал ихэсч байгаа. Тиймд томуугийн эсрэг вакциныг  хувийн эмнэлгүүдэд хийж эхэлсэн. 

Харин Халдвар судлалын үндэсний төв дээр томуугийн эсрэг вакциныг жил бүр үнэ төлбөргүй хийдэг. Энэ талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа. 

-Томуугийн эсрэг вакциныг хэзээнээс хийж эхлэх вэ? 

-АНУ-аас 100 мянган тун томуугийн эсрэг вакцин ирнэ.  Арваннэгдүгээр сараас иргэдэд хийж эхэлнэ. Өнгөрсөн жилийн тухайд 175.000 тунг нийгмийн эрсдэлтэй бүлэг, эмнэлгийн ажилчид, онцгой байдал, цэцэрлэгийн хүүхдүүд, жирэмсэн эхчүүдэд үнэгүй хийж байсан. Энэ жилийн ямар зохицуулалтаар хийх нь тодорхой болоогүй байна.  

-Ханиад томууны улиралд иргэд юун дээр анхаарч, сэрэмжлэх хэрэгтэй байна вэ?

-Хамгийн гол нь даарч хөрөхгүй, дулаан хувцаслаж, шингэнийг халуун бүлээнээр уух, асаргаа сувилгаа их чухал. Дүүргүүдийн эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэг уртасгасан цагаар болон амралтын өдрүүдээр ажилж байгаа тул дур мэдэн эм уухгүйгээр мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй ба эмчийн заавраар эм уух хэрэгтэй. Мөн дүүргүүдэд зөвлөгөө өгөх утас ажиллаж байгаа.

-Хүйтний улиралд дархлаа дэмжих хамгийн сайн аргаас зөвлөхгүй юү. Ямар төрлийн хүнс хэрэглэж, ямар  бэлдмэл уух вэ?

-Дахин хэлэхэд аав ээж асран хамгаалагчийн анхаарал, халамж, асаргаа сувилгаа чухал. Илчлэгтэй, витаминаар баялаг хоол хүнс, халуун бүлээн шингэн уух, сайн унтаж амрах, ажил амралтаа зөв зохицуулах шаардлагатай. Бас нэг гол зүйл бол бага насны хүүхдээ онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар ялангуяа дэлгүүрээр авч явмааргүй байна.

-Ханиад томууг эмчлэхгүй удааснаас эсвэл дутуу эмчилснээр ямар сөрөг үр дагавар гарч болох вэ?

-Ханиад томууг тоохгүй, эсвэл өөрөө дур мэдэн эмчлэх, эмчийн заавраар бүрэн эмчлээгүйгээс хүндрэх эрсдэлтэй, үүнд нянгийн халдвар хавсарч болно, уушгины хатгалгаа болох гээд олон хүндрэлд хүргэнэ.  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.