2020 оны 06 сарын 05
Зочин
Ц.Хулан: Манжийн дарлалыг сэгсрээд гарч ирж болсон юм хойно МАН-ын дарангуйллыг хялбархан давж гарч чадна

-Хаад ноёдын хүлэг биш харцын морь түрүүлэх болтугай, Монгол ялна-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Баянзүрх дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Энэ үеэр яруу найрагч, “Болор цом”-ын эзэн Ц.Хулангийн хэлсэн үгнээс онцоллоо.

Эх орны маань нэгэн сайхан өглөө хуртай эхэллээ. Монголынхоо төрийг энэ хур шиг ариухан, өндөр дээд байгаасай хэмээн энэхүү усан бороог ажиралгүй хүрэлцэн ирсэн баянзүрхчүүд та бүхэндээ баярлалаа. Миний аав ээж 30 жил Баянзүрх дүүрэгт амьдран сууж байгаа. Хажууханд байгаа “Баянзүрх” захаас ижий минь мах, ногоогоо цуглуулж, аав маань энүүхэнд байгаа “Урам” гэж үсчний газарт Монголын төр, хорвоо хоёрт бууралтсан халимгаа засуулсан ердийн эгэл ард, бичиг соёлын хүмүүс ээ. Тиймдээ ч миний аавын нэгэн шүлгэнд

Бидэр татсан Сэлбэ хаяагаар минь урсаж байг

Бичгийн минь ширээн дээр нар дандаа тусч байг

Бидний хэдэн монгол Монголоороо байг гэж

Битүүхэн зовж явдаг

Билэг дорой ард шүү дээ хэмээн өөрийнхөө тухай бичсэн байдаг. Ийм хүний үр болсон би насаараа бичиг соёлын ажил хийж, нам, улс төрөөс нэлээд хол амьдарсаар ирсэн. Гэхдээ, өнөөдөр яагаад энд ирсэн юм бэ гэвэл сүүлийн хэдэн жилд төлөвшөөгүй нам, төлөвшөөгүй төр бидний өндөр, дээд хэмээн бодож явдаг төрийг төр биш болгосон хүмүүстэй тэмцэхээр, үгээ хэлэхээр ирсэн юм.

Бөхийн өргөө бол миний хувьд түүхэн дурдатгалтай сайхан өргөө. Монголчууд 90-ээд оны эхэнд хөдөөгийнхөн нь хоттой хониноосоо, хотынхон нь энгэрээ суйлж хэдэн бор төгрөг гаргаж босгосон Монгол бөхийн өргөөнд энэ сайхан уулзалт болж байна. 1999 оны “Болор цом” наадмаар миний бие яг энэ индрээс нэгэн шүлэг хэлж, яг та нар шиг битүү эгнэн суусан үзэгчид маань намайг дэмжсэндээ гутлаа тайлж шүүгчдийн өмнөөс шидэж байсан юм. Учир нь,

Эр морь хүртэл хурдлахаа больсон энэ цаг үед

Эм хүн барилдах энүүхэнд ээ миний дүү гэж Эрдэнэт-Одод зориулсан шүлгээ хэлсэн. Хамгийн гол нь

Эдүгээ цагийн төрийн сайд Наранцацралтуудыг

Эрээн могой шиг ховын хэл бүсгүйн хэл шиг ороож байна хэмээн Наранцацралт хэмээх Ардчилсан хүчнээс, ард түмний дундаас гарсан эх оронч, Дундговийн нэгэн сайхан шударга улстөрчийг дэмжиж тухайн үеийн МАХН, өнөөдрийн МАН-ын эсрэг шүлгээ уншиж байсан юм. Даанч, Наранцацралт гэх хүн бидний дунд гэгээ татуулан амьдрахаа больсон. Бидний дунд байсан Наранцацралт, Дашбалбар гээд олон сайхан эх оронч харамсалтайгаар хорвоогоос буцаж одсон. Гэвч тэр бүгдийн залгаа, халаа болж улстөрч гэхээсээ илүү халуун эх оронч сэтгэлтэй, ардынхаа амьдралыг мэддэг цорын ганц өнөө цагийн төлөөлөл болсон Халтмаагийн Баттулгыг дэмжихээр энэхүү индэрт хөл тависнаа нэр төрийн хэрэг гэж бодож байна. Улс төр ярих тийм ч таатай байдаггүй ээ. Яагаад гэвэл улс төрөөс бид байнга хараат байсаар ирж. Муухай зүйлийн тухай ярьснаас сайхан төмс арилгасан нь дээр байдаг. Муу улстөрчдийн тухай ярьснаас сайхан эгэл хүнтэй хөөрөлдөж суух нь амар. Халтмаагийн Баттулгын олон сайхан гавьяаг энд дурдаж болно. Гэхдээ гүтгэлэг сөрж яваа эр хүн гүйж яваа морь хоёрт ялгаа байхгүй. Энэ хүн насан туршдаа өөрийнхөө гэрэл гэгээг бусдад түгээсэн. Урлаг спорт, түүх дурсгал, бизнесийн салбарт гараараа, зүрх сэтгэлээрээ байгуулсан гавьяа нь их ээ. Би ганцхан жишээ хэлье. 2000-аад оны эхэнд болов уу гэж бодож байна. Монгол хүний хүнсний өдөр тутмын хэрэгцээ болсон мах, талхны үйлдвэрийг гадаадын капиталистуудаас, “Мах импекс”-ийг германчуудаас, “Талх чихэр”-ийг чехүүдээс энэ хүн бараг ганцаараа шахам хамгаалж, өнөө цагийн Миеэгомбын Энхболд мэтийн хуйвалдагч, хувь хүртэгсдээс хамгаалан авч үлдэж, Монгол Улсад, монгол хүнд хямд үнэтэй хүнс хэрэглүүлж буй гавьяа Баттулгынх юм. Ядахнаа үүнийх нь төлөө монгол хүн бүр Баттулгад талархах ёстой.

Өнөөдөр алт ухаж, архи нэрж, гарын үсгээр баяжигчид төрд яасан олон болоо вэ. Тэд төрөө худалдаж олсон мөнгөөрөө ард түмний тархийг угааж байна. Сонгуулийн гүтгэлэг, пи-ар-ыг хийж байна. Үүнийг над шиг нам бус хүнээс сонсох нь дээр болов уу гэж бодсон юм. Ингээд баянзүрхчүүд минь ээ, ерөөс нийт Монголын ард түмээн сонор соргог байхтун. Манжийн дарлалыг сэгсэрээд гарч ирж болсон юм хойно МАН-ын дарангуйллыг хялбархаан давж гарч чадна шүү. Ингэхийн тулд бид өнөөдөр бидэнд олдсон цорын ганц түүхэн боломжоо огтхон ч алдаж болохгүй. Энэ бол Халтмаагийн Баттулгыг энэ сонгуульд ялуулж, төрийн тэргүүнээр сонгож, төрөө тэнцүүлж, хяналттай болгох юм. Хаад ноёдын хүлэг биш харцын морь түрүүлэх болтугай, Монгол ялна.

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.