2020 оны 06 сарын 07
Зочин
Ц.Чулуунбат: "Харанга" рок попын түүхэнд хамгийн анх хувийн үсчинтэй болж байлаа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

“Харанга” хамтлагийн аргил гитарчин, хөгжмийн зохиолч, дуучин МУУГЗ Ц.Чулуунбаттай ярилцлаа.


-“Харанга” хамтлаг 30 жилийн ойгоо тэмдэглэн “Замд гаръя” тоглолтоо тавих гэж байна. Тэр олон бүтээл дундаасаа яагаад энэ дууны нэрийг сонгов?

-"Харанга" хамтлаг хэдий 30 жил болсон ч ингээд өндөрлөх биш цаашаа дахиад үзэгч сонсогчидтойгоо хамтдаа шинэ замд гаръя гэсэн утга санаагаар өгсөн. Зам дуусашгүй.

-“Харанга”-ын хамгийн анхны тоглолт хэзээ тоглогдож байв?

-"Харанга"-ын анхны тоглолтыг шог зураач С.Цогтбаяр, MСS-ийн Ж.Оджаргал нар ивээн тэтгэж байлаа. “Дэлхий ертөнц” нэртэй тоглолт. Тэр үед MCS дөнгөж байгуулагдаж байсан санагдана. Өөрсдөө ч хөл дээрээ зогсоогүй байхдаа биднийг дэмжиж явсан компани. "Харанга" Монголын рок попын түүхэнд хамгийн анх хувийн үсчинтэй болсон хамтлаг л даа. 1989 оны “Амьдрал” тоглолтонд орохдоо бүгд үс зүсээ янзлуулж, засуулж байлаа. Шинэ жилд орох гэж байгаа хүүхнүүд шиг үсээ лакдуулна. Олон сайхан дурсамж бүтээжээ.

-Тоглолтоос өөр 30 жилийн ойд зориулан төлөвлөж байгаа зүйл бий юу?

-2018 онд “Монголын зураачид рок попын сэдвээр” гэсэн үзэсгэлэн гарч байсан юм. Тэр үзэсгэлэнд зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн рок попын бүхий л оддыг Монголын зураачид өөрсдийн нүдээр зурсан. Монголын уран бүтээлчдийг зурсан зургууд дунд ихэнх нь "Харанга"-ын гишүүдийг зурсан байсан л даа. Монголын рок попын төлөөлөл дунд "Харанга" ямар нэр хүндтэй юм бэ гэж бодогдож байсан шүү. Тэгээд шог зураач С.Цогтбаяр маань бидэнд санал тавиад ойн үеэр "Харанга"-ын гишүүдийг зурсан зургаар үзэсгэлэн гаргая гэсэн. Үзэсгэлэнг удахгүй нээнэ. Зөвхөн зураг гэлтгүй "Харанга"-ын эдэлж хэрэглэж байсан хөгжмүүд, цохиурууд, аялан тоглолтуудын зургууд, анхны CD-ний эх ч гэдэг юмуу "Харанга"-ын түүх дурсгал болсон бүх л зүйлийг үзэсгэлэнд дэлгэнэ. Мөн 1997 онд гаргаж байсан “Эрин зууны хөг”, “Best of Haranga” 2000 оны “Бодлын тэнгис”, 2003 оны “Ертөнцийн өнгө” цомгуудаа дахин хэвлүүлж худалдаалахаар болсон. Боловсрол суваг телевизтэй хамтраад 14 хоног гарах TВ шоу хийж байгаа. Аравдугаар сарын 4-нөөс эхлэн тус телевизээр гарна.

-Шинэ цомог хэдэн дуутай вэ. Хэзээнээс худалдаанд гарах вэ?

-Хуучны цомгууд тухайн үедээ гараад л жилийн дотор зарагдаад дуусчихсан. Одоо худалдаанд байтугай бидэнд байдаггүй. Энэ дөрвөн цомгоо нэг багц болгоод 52 дуутай гаргана. Цомог тоглолтын өмнө ирчих байх. Найман дуутай нэг пянз хэвлэгдэж байгаа. Пянзны хувьд хэвлэлт нь маш удаан байдаг юм байна. 45 хоногоос зургаан сар шаардлагатай гэсэн. Хамгийн хурднаар нь захиалсан ч тоглолтын өмнө хараахан ирж амжихгүй. Тоглолтондоо зориулж бидний зурагтай футболка, логотой малгай, жижиг сувинерүүд хийж зарна.

-Тоглолтын бэлтгэлээ хэзээнээс хийж эхлэв?

-Бид түрүү жил 30 жилийн ойгоо угтсан тоглолтоо хийсэн. Байнгын бэлтгэлтэй байгаа. Яг ойн бэлтгэл гээд хагас жил гаруй бэлтгэлээ хангаж байна. Үзэгчдэдээ зориулж шинэ пянз худалдаална. Шинэ пянзны шинэ дуу бас дуулагдана. Арав гаруй байгууллага бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Биднийг байнга дэмжиж, тусалж байдаг хамтран ажиллагч байгууллагууддаа баярлаж явдгаа илэрхийлье.

-Тоглолтод Монголын рок попынхон бүгд цуглах уу?

-"Харанга"-ын 30 жилийн ой гэдэг бол Монголын рок попынхны баярын өдөр. Энэ тоглолтод Монголын рок попын шилдэг уран бүтээлчид бүгд ирнэ. “Хурд”, “Нисванис”, “Madness”, “Fire”, “The Lem­ons”, “A Sound”, “Rec on”, “Lumino”, дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа, С.Наран, Б.Чойжоо, альтернатив дуучин х.Отгончимэг, “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр, реппер Big GEE, гитарчин Д.Өлзий-Орших, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан гэх мэт олон уран бүтээлч оролцоно. Тоглолт 15:00 цагаас эхэлнэ. Өргөн хүрээний том тоглолт хийхээр бэлтгэж байна. Тоглолтыг үзэж амжихгүй үзэгчдэдээ зориулаад фэйсбүүкээр шууд лайв явуулна.

-Сүүлийн үеийн шинэ дуунуудаас дуулагдах уу?

-Нэг дуу дуулах талаар ярьж байгаа. Яг шийдэгдээгүй байна. Ер нь бол манай сонсонгч фэнүүд бидний мэддэг дуунуудыг дуулаарай гэсэн хатуу шахалт, дарамт үзүүлж байгаа (инээв). Тэгэхээр үзэгч сонсогчдынхоо хүсэлтээр дандаа хуучны олонд танигдсан дуунуудаа дуулна. 30 жилийнхээ ойд зориулаад 30 дуутай концерт тоглоно. Тоо бас их учиртай. "Харанга"-ын 30 жил 2019 оны аравдугаар сарын 19 гэтэл “За тэгвэл 19:00 цагаас эхэлье” гэж Лхагваа түрсэн. Гурван есийн тоо орсон. Нас яваад ирэхээр бэлгэдлээ их боддог болдог юм байна.

-Хамтлагтайгаа холбоотой хэзээ ч мартагдашгүй үйл явдал, яриа хөөрөөнөөс онцлоод нэгийг сонирхуулаач?

-Бид 15 жилийн ойн тоглолтоо хийх гээд бүгд цуглаад ярьж суулаа. Гэтэл нэг нь л зураач С.Цогтбаяр руу “Цогоо ах аа, энэ Харанга чинь ерөөсөө Монголын "Битлз" юм байна шүү дээ” гэтэл бас нэг залуу “Өө тийм юм гэж юу байдаг юм. Харин Битлс чинь Английн Харанга байхгүй юу” гэж хэлж байсан нь мартагддаггүй юм. Энэ үнэхээр гоё үг. Хэдий 60 гарсан ч гэсэн бидний биологийн нас 30 шүү. Бид цаашаа 40 жилийн ойгоо хийх бүрэн итгэл төгс байгаа. "Замд гаръя..." гээд гурван цэг байгаа биз дээ. Цаашдаа бүгдээрээ зөндөө удаан хамт явна. Харин бидний хурдыг гүйцнэ шүү. (инээв)

-30 жилийн хугацаанд хэчнээн дуу, цомог гаргаж байснаа тоолж байв уу?

-Ер нь нэг их тоолж үзээгүй. Тоолоод ч дэмий гэж бодож байна. 7-8 том уран бүтээл, тоглолт хийсэн. 30 жилийн ойгоо тэмдэглээд амрахгүй. Ойн тоглолтын дараа бид “Цаг хугацаа” гэсэн шинэ цомог, тоглолтоо он гараад хийхээр төлөвлөөд байгаа. Шинэ цомог, тоглолт маань урьдны хэв маягаа эвдсэн шинэлэг, гэхдээ "Харанга"-ын хэв шинжээ агуулсан тийм тоглолт болно хэмээн төсөөлж байна.

-2018 онд "Хайрлая" аяныг эхлүүлж “Хайрла” тоглолтоо тавьж байсан. Та бүхний хувьд уг аян хэр үр дүнтэй болсон бэ?

-Үр дүнтэй болсон байх гэж бодож байгаа. Өнөөдөр бидний тоглолт эв нэгдэлтэй байя, бие биенээ ойлгоцгооё гэдэг агуулгатай тоглогдоно. 2018 онд тоглосон 29 жилээ угтсан “Хайрла” тоглолт үнэхээр сайхан болсон. Ер нь улс төр, жагсаал цуглаан зэрэг ямарваа нэг уриалах зүйл дээр рок хөгжмийн шинж чанар хүч нь хэрэгтэй байдаг. Рок хөгжим ямарваа нэг зүйлийг уриалан дуудаж, босгож өгч чаддаг. Тиймээс рок хөгжмийн нөлөө их.

-Сүүлийн үед ямар шинэ уран бүтээл хийж байна вэ?

-Сүүлийн үед “Цаг хугацаа” концертон дээрээ ажиллаж байна. Үндсэндээ 85 хувийн биелэлттэй яваа. Бид 30 жилийн ойгоо дуусгаад шинэ цомгоо хийж, нэг жилийн хугацаанд бэлтгэл хийгээд “Цаг хугацаа” тоглолтоо хийхээр төлөвлөсөн.

-Та бүхний араас Монголыг дэлхийд сурталчилсан THE HU хамтлаг гарч ирлээ. Хүннү рок урсгалыг дэлхийд таниулж яваа уг хамтлагийг хараад ямар сэдэл төрж байна?

-1990 онд П.Очирбат гуай дээр очиж "Гитарын толгой нь морь, мангасын хэлбэртэй, шинэ загварын хувцастай яг энэ THE HU шиг юм гаргая", тэгвэл бид дэлхийд гарч чадна. Яагаад гэвэл рок хөгжим гэдэг өөрөө кварт квинт дээр л тусгагдсан байдаг. Морин хуур хоёр чавхдастай. Рок хөгжмийн хэмнэл нь дуугардаг. Дээрээс нь хархираа хөөмий хийчихнэ. Тэгвэл гадаадын үзэгчдэд маш сонирхолтой болно. Биднийг дэмжээч ээ, хөгжим авч өгөөч" гээд орж байсан. Энэ бол бидний нэг мөрөөдөл байсан. Бидний мөрөөдлийг HU хамтлагийн маань дүү нар жинхэнэ утгаар нь биелүүлж явна. Маш их баяртай байна. Орчин үеийн хөгжим тэр тусмаа Хүннү рок гэдэг урсгалаар дэлхийд гарч байгаа дүү нараараа бахархаж байна. Бидний хийж чадаагүй зүйлийг дүү нар маань хийлээ.

-Бидний биологийн нас 30 гэж та хэлсэн шүү дээ. Тэгэхээр 30 настай хүний ертөнцөөр мөрөөдөхөд цаашид юу хийх мөрөөдөл, төлөвлөгөө та бүхэнд байгаа вэ?

-Мөрөөдөл маш их байгаа. Бид анхнаасаа "Харанга" хамтлагийг байгуулахдаа алдартай болно, их мөнгө олно гэж нийлээгүй. Зүгээр л гоё дуу хийе, гоё хөгжим зохиоё гэдэг мөрөөдлөөр л жигүүрлэсэн. Өнөөдрийг хүртэл тэр мөрөөдөл минь хэвээрээ. Өнөөг хүртэл гитараа 100 хувь сураагүй байна. Дуу зохиож 100 хувь сураагүй. Сурсаар байх болно. Дуусан дуустлаа сурна даа.

-Монголын рок хөгжмийн 30 жилийн түүхийг та бүхэн хадгалж байгаа. Та өөрөө хөгжим, ая зохиодог хүн. Энэ хугацаанд үзэгч сонсогчдын хөгжмийн боловсрол хэр дээшилсэн бэ?

-30 жилийн өмнө бид өөрсдөө тайзан дээр дуулаад байхаас гадна үзэгчдийг дуулуулах хэрэгтэй юм байна гэж ярьж байсан. Сүүлд "Queen" хамтлагийн концерт гарсан шүү дээ. Бид үзэгчдийг хамруулахын тулд тэдэнтэйгээ уялдсан зүйл хийх хэрэгтэй юм байна гэж ярьж байсан л даа. Тэр үед "Queen", "Харанга" хоёр зэрэг сэтгэж байсан байхгүй юу. Тэгээд “Тийм ээ” гэдэг дуун дээр бид үзэгчдээ дуулуулж байсан.

Тэр утгаараа бид үзэгч сонсогчдоо хүмүүжүүлж байсан. Рок хөгжим рүү урин дуудсан. Бидний хийж бүтээсэн зүйл зүгээр нэг рок, хайр дуулаагүй. Бид хүмүүст юу өгөх вэ гэвэл соёлтой, дээд зэргийн мэдлэгтэй үзэгч, сонсогч байгаасай гэж хүсч л тэр хүмүүст зориулж уран бүтээлээ хийж байсан. Тиймээс бид хөгжмийн гармони, хөгжмийн найруулга, тоглох ур чадвар энэ болгон дээрээ байнга өөрсдөдөө шаардлага тавьж ирсэн. Түүгээр дамжуулж үзэгчид хөглөгдөж, хөгжимд суралцаж байдаг.

wwwdnn.mn

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.