2020 оны 06 сарын 06
Зочин
П.Бадарч: Муур чинь бурхан багшийн жавдан дээр сууж байсан учир жанцантай амьтан

Түрүүч нь №122(5965) дугаарт

Пунцагийн Бадарч гуайн гэр бүл. Хоёр мууртайгаа. 2018 он

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Пунцагийн Бадарчтай Зайсан дахь гэрт нь очиж хөөрөлдсөн билээ. Буурал найрагч маань аюулт өвчинд хэдэнтээ нэрвэгдсэн ч хайрт охиныхоо халамж хайр, сэтгэлийн хатаар өндийж өнөө үр ачтайгаа инээж баясан амар жимэр сайхан аж төрж байгаа аж. Монголын ард түмний хайртай найрагч тэрбээр 1960 оноос уран бүтээлээ эхэлж “Морьд”, “Есөн эрдэнийн орон”, “Зургаан мөнгөн мичид”, “Алтан тоос”, “Ширхэг цагаан сувд”, “Хэрлэн”, “Намрын хонгор салхи”, “Би энэ байна”, “Бөрттэй цагаан сарын дор”, “Бурхан багшийн сургаал”, “Тэнгэрийн хас од” зэрэг яруу найргийн номууд хэвлүүлсэн байна. Түүний “Есөн эрдэнийн эх орон” найраглалд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр аялгуу зохируулан дуу болгосон байдаг. Онгод төгөлдөр гэгээн найрагч маань МЗЭийн шагналыг “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг”, “Байтагийн чулуу”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Цэрэг эх орны дуулал” дууны шүлгүүдээрээ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг “Есөн эрдэнийн орон” найраглалаараа тус тус хүртсэн түүхтэй.

-“Бурхан багшийн сургаал”-ыг та аргагүй л сайхан өөриймшүүлсэн байсан даа?

-Би зохиогоогүй гэдгээ хэлсэн. Толгой холбосон хэлбэрт л оруулсан. Х үсэг бичигдээд ирвэл х үсгээр хайрцаглах ч юм уу, тиймэрхүү л байдлаар бичсэн. Буддын гүн ухаан гэдэг ч агуу даа.

-Зурагт аль хэр үзэж байна даа?

-Үздэг юм аа. Ойрдоо нүд муудчихаад зурагт үзэж чадахгүй л байгаа. Нүдийг маань “Одоо их сайн болно” гэж эмч нар хэлж шинжилгээ хийж өгсөн. Миний энэ муу өрөөсөн уг нь бичиг цаас, ном сонин уншдаг байхгүй юу. Гэхдээ бүрэлзээд байхаар нь “Солонго” эмнэлгийн Нарангарвуу гэдэг эмчид очсон чинь энэтхэг эмч нар ирж таарсан. Манай хөгшинд бас ийм нүдний хальс суулгаж байсан юм. Тэрэнд нь найдаад очсон. Нарангарвуу чинь их сайн ч эмч. Тэнд улсууд их очно. Тэгээд миний нүдэнд тариа хийгээд. Тариа огт өвдөх юм байхгүй. Жир жир гээд жаахан лугшина. Тэгэнгүүт нүдийг минь таглаад боочихно. Хорин дөрвөн цаг боогоод л авна даа. Тийм эмчилгээнд яваад сайхан байна. Одоо сайхан нүдтэй болно. (Энэ үеэр найрагчийн охин Бүжин нүдэнд нь дусаалга хийхээр өрөөнд орж ирэв. Хоёр цаг тутамд уг дусаалгыг нүдэндээ дусаах эмчийн заалттай аж. Харин шөнө унтахад дусаадаггүй юм байна. сур)

-Залуу зандан насандаа хүртэж явсан сайхан идээгээ таалж байна уу?

-Сүүлийн нэг жил огт амсахаа больсон. Өвдөөд ирэхээр цаанаасаа л дэмий гэдэг нь мэдэгдэх юм.

-Сүүлийн үед таныг хэн эргэж ирэв?

-Цагаан сараас өмнө МЗЭийн Удирдах зөвлөлийн дарга, “Болор цом”ын тэргүүн найрагч Арлааны Эрдэнэ-Очир, гүйцэтгэх захирал М.Саруулдалай, яруу найрагч Намбарын Пүрэв гурав ирснийг би түрүүн хэлсэн. Тэгээд манай Төв аймгийн Баянжаргалан сумын нутгийн зөвлөлийнхөн ирдэг юм.

-Баянжаргалан чинь хуучнаар Нялга сум бил үү?

-Нялга сум. Яг мэдэж байна даа, нутгийг минь.

-Нялга гэдэг нь ямар учиртай нэр юм бол?

-Тэр Жанжин Чойроос хойш байдаг уулын нэр юм. Нялга гэдгийг чинь муухай нэр гэсэн ч юмуу, сумын төв тэндээс холдоод нүүсэн болохоор ч тэр юмуу сольсон байдаг. Дээр үед сумдыг чинь уулын нэрээр нэрлэдэг байлаа ш дээ. Баянжаргалан гэдэг чинь бас уул шүү дээ.

-Та нойрондоо их сайн гэж байна. Зүүдээ аль хэр манаж байна. Уран бүтээлч хүнд зүүд их зөн совин хайрлаж, бүтээж туурвих хөшүүрэг болдог гэдэг шүү дээ?

-Зүүдэлнэ ээ. Өө, тэр зүүд чинь их сайхан. Залуу зандан насандаа очно. Саяхны нэг зүүдэнд хэн хэн байв даа. Цоодол л лав явж байна лээ. Орчлонгоос буцсан, буцаагүй хэдэн найзуудтайгаа уулзаж байна гэж зүүдэллээ. Ерөнхийдөө цаагуураа санадаг байхгүй юу, тэднийгээ.

-Тэгнэ. Хүний төрөлхийн инстикт юм чинь саналгүй яах билээ?

-Цоодол, Хулан зүүдэнд орж байсан. Томчуудаас хэн хэн орж ирэв дээ. Утсаар их ярьдаг чинь Цоодол, Дулмаа гэсхийгээд болчихно. Цаадуултай нь сүүлийн хэдэн жил ч ярьсангүй вэ. Тэгтлээ их яриад байх юм ч бас байхгүй болчихдог юм байна.

-Бүжин охин чинь таныг баярламаар сайхан асарч байна даа?

-Тийм. Энэ муу минь л хөлийг минь газар ч хүргэхгүй л хайрлаж халамжилж байна. Манай хүргэн Батбилэг гэж их сайхан хүн бий.

-Хүргэн юу хийдэг хүн байна?

-Украины Харьковт их сургууль төгссөн инженер хүн дээ, миний хүү. Нэгэн үе гар утасны засварчин хийсэн. “Моби сервис” гэж компани байгуулж, нэлээд олон хүн төгсгөсөн. Тэрнийгээ болиод одоо автын инженерээ хийж байгаа. Тийм сайхан ажил хийдэг юм. Сайн ч хүү дээ, миний хүү. Зээ хүү Б.Гүнбилэг маань Монгол Улсын их сургуулийн Сэргээгдэх эрчим хүчний анги төгссөн.

-Хэдэн жилийн өмнө танайд зочлоход байсан муур тань байна даа?

-Ангир уу. Энэ чинь манай гэр бүлийн гишүүн болоод удаж байгаа юм, хөөрхий. Манай хөгшин 2015 оны есдүгээр сарын 9нд нас барсан. Түүнээс нэг хоёр жилийн өмнө энийг авсан юм. Жоохон алганд багтчихдаг сэгсийсэн хөөрхөн юм байсан. Гар дээрээ өргөхөд юм байгаа, үгүй нь мэдэгдэхгүй шахуу л юм байсан.

-Өд шиг л хөнгөн амьтан байж дээ?

-Ээ, яг яг. Өд шиг хөнгөн амьтан байлаа. Тэгээд би зүсийг нь харж байгаад “Ангир шиг хөөрхөн юм байна даа. Шар алагтаад” гэж бодоод ингэж нэрлэсэн. Чи наадахаа харж байгааг хар аа. Нэрийг нь хэлэхээр мэдэж байгаа юм. (Муураа энхрийлэн инээв. сур)

-Тийм байна шүү. Нэрээ сүрхий мэддэг нөхөр байна...

-Ангираас гадна бас нэг муур бий. Моогий гэдэг юм. Ээж нь бие нь муу байхдаа хүргэнийд сувилуулаад дөч тавиад хоносон шүү дээ. Эд маань ээжийгээ муураа санаад байна гэж бодсон юм уу, яасан юм хөөрхөн цэнхэр нүдтэй золигийг авсан. Тэгээд манайх одоо хоёр мууртай. Би мууранд их хайртай. Муур чинь их сонин амьтан.

-Аа, за. Юу нь сонин гэж?

-Нархажидын сүмийн хамба Гантөмөр манайхтай их холбоотой л доо. Би тэдний намтар цадигийг бичиж бариад, хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав бид хоёр цуг очиж байсан юм. Тэгээд манайд нэг ирэхдээ муурыг илээд “Их сайн амьтан шүү дээ” гэлээ. “Яасан амьтан гэж байгаа юм, та” гэж би асуулаа л даа. Бурхан багш айлтгал сургаалаа айлдчихаад өөрийнхөө жавдан дээр ирээд суух гэтэл энэ сууж байсан гэж байгаа. (инээв. сур) Тэгээд “Өө хөөрхий, чи миний энэн дээр сууж байгаа юм уу. За, чи сууж бай, сууж бай” гээд нурууг илэхээр босоод явчихсан гэдэг. Тийм учир жанцантай учраас Бурхан багшид тоогдсон буянтай амьтан байхгүй юу. Бурхан багш “За чи, миний хэлсэн ном айлтгалыг хүн амьтанд тарааж барьж чадах уу” гэхэд энэ нь жавдангаас босоод явчихсан гэж байгаа юм. Нэмэр хачиртай ч байж мэдэх л яриа юм даа. Бурхан багшийн жавдан дээр муур сууж байна ч гэдэг ямар юм байдаг юм, мууранд тэгж хэлнэ ч ямар юм байх юм. (Хөөрөлдөгч хоёр хөхиүн, элгээ хөштөл инээв. сур) Ерөнхийдөө нэг ийм юм байна. “Буддын шашин гэдэг шинжлэх ухаанд хамгийн ойр шашин, шинжлэх ухаанч шашин гэвэл Буддын шашин” гэсэн нэг үг байдаг. Тийм ч учраас Холливудын мундаг жүжигчид Бурхны шашинд орсон бол уу. Америкт гэхэд ийм олон хүн бий. Зарим нь түвдэч эрдэмтэн, зарим нь их ренбүүчи болоод явж байна.

-Жүжигчин Ричард Гирээс өгсүүлээд олон хүн бий байх шүү?

-Байлгүй яахав. Ричард Гир гэснээс бид хоёрын цуг авахуулсан зураг хүртэл бий шүү. Америкт буддистууд их байдаг. Ямар шашинтай байх нь тэдэнд төдийлөн хамаарахгүй юм шиг байгаа юм. Муслим, исламын буталдаг, бууддаг шашин биш мөргөдөг өргөдөг, Исус ч тэр, Будда ч бай шүтэж л байдаг. Далай ламын олон сайн ном бий дээ. Дэлхийн арав гаруй мундаг эрдэмтэнтэй ном хаялцсан талаар нэг ном нь надад байдаг юм. Тэрэн дээр нойр, зүүд, хойд насны тухай ном хаялцсан тухай гардаг. Түвдэд хойд нас гэж байна уу. Байна аа. Ямар ном уншвал хойд насандаа ямар төрөлд очих вэ гэх мэтээр маш өргөн сэдвээр ярилцсан ном л доо.

-Та бид хоёр ч яриад байвал мөн ч барагдахгүй олон сэдэв байна даа, ах минь?

-Ингээд хоёулаа яриагаа өндөрлөе. Чамд баярлалаа. “Өдрийн сонин”-ы уншигчдадаа талархал илэрхийлье. Юуны тулд вэ гэхээр зэрэг аливаа хүн ажил төрлөө сайн хийх хэрэгтэй юм. Эх орноо чин үнэнээсээ хайрлах ёстой юм. Монголчууд “Миний төрсөн бууц, миний тоонот” гэж ярьдаг даа. Тэрэн шиг монголчуудын бүгдээрэнгийнх нь тоонот бол агуу эх орон юм. Тийм учраас эх орноо хайрлаж яваарай гэж хүсэх байна даа.

Л.Батцэнгэл

Өдрийн сонин

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.