2020 оны 06 сарын 07
Зочин
С.Сарантуяа: Зүрх сэтгэлээ зориулан ажилласан бүх дүрдээ хайртай

Монгол Улсын Ардын жүжигчин С.Сарантуяатай ярилцлаа. Тэрбээр энэ сарын 11-нд "Зүрхнээс зүрхэнд” уран бүтээлийн цэнгүүнээ хийх юм.

 -Удахгүй таны "Зүрхнээс зүрхэнд” уран бүтээлийн цэнгүүн болно. Энэ талаар яриагаа эхэлье?
 -Би театрт ажиллаад 40 гаруй жил болжээ. Энэ хугацаанд ажилласан уран бүтээлүүдээсээ сорчлон цоморлиг болгон үзэгчдэдээ толилуулна. Цэнгүүн үндсэн хоёр хэсэгтэй байх бөгөөд арав гаруй жүжгийн хэсгээсээ хүргэнэ. Эхний хэсэгт "Хайр” сэдвийн дор уран бүтээлүүдээ толилуулах бол дараагийн хэсэг "Ээж” сэдвээр үргэлжилнэ. 

-Цэнгүүнд ямар уран бүтээлчид оролцох вэ? 
-Театрын уран бүтээлчдийн олонх нь оролцоно. Тухайлбал, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд, Г.Мягмарнаран, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Ж.Оюундарь, Ц.Төмөрбаатар, Ж.Одончимэг, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд, С.Болд- Эрдэнэ, М.Тогтохжаргал, Т.Бархүү болон залуу уран бүтээлчид оролцоно.

 -Та театртай уран бүтээлийн замналаа хэрхэн холбож байв?
 -1980 онд Багшийн дээдийн Кино драмын ангийг төгсөөд театрт жүжигчнээр орсон. Тэр цагаас өнөөг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд олон авьяаслаг найруулагч, жүжигчидтэй хамтран ажиллажээ. "Зүрхнээс зүрхэнд” цэнгүүн нь ганц минийх биш хамтран зүтгэгчдийн минь хамтын баяр гэж бодож байна. 

-Анхны бүхэн мартагддаггүй шүү дээ. Театрын тайзан дээр анх гарахад ямар мэдрэмж төрж байсан бэ? 
-Оюун гуайн "Ширүүн тулааны өмнө” түүхэн сэдэвт жүжгийн Бурмаагийн дүр дээр анх ажиллаж байлаа. Мэдээж анхны жүжигтээ тоглох гэж байхад сэтгэл маш өндөр байсан. Бүр өөрийгөө мэргэжлийн жүжигчин болчихлоо гэж хөөрч байлаа. Тэгээд яг тайзан дээр гарахад тэр бодол өөрчлөгдсөн. Чи боддог л болохоос жүжигчин биш байна гэдгийг нотолж өгсөн. Энэ жүжгийн хамт олон голдуу ахмадууд маань байсан юм. Найруулагчаар Хо.Нацагдорж, Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Нямсүрэн, П.Цэрэндагва, Н.Даваасүрэн, Ч.Алтан-Өлзий, Д.Гүрсэд гээд авьяаслаг, туршлагатай жүжигчидтэй хамт энэ жүжигт ажилласан. Тэдгээрээс соёлын тэргүүний ажилтан Д.Энхтуяа эгч энэ жүжигт миний хамгийн дотнын хамтрагчаар ажиллахдаа уран бүтээлч хүний хувьд надад зөвлөж, жүжигчин болох гараанд маш их нөлөө үзүүлсэн. Ер нь энэ жүжигт хамтран тоглосон уран бүтээлчид намайг хүмүүжүүлж, жүжигчин болох эхлэлийг минь тавьж өгсөн гэхэд хилсдэхгүй. 

-Та маш олон дүр бүтээсэн. Тэдгээрээс хамгийн сэтгэлд хоногшсон ямар бүтээл байсан бэ?
 -Би бүх дүрдээ хайртай. Бүх л дүрд өөрийнхөө зүрх сэтгэлийг зориулж ажилласан. Эдгээр дүрээр дамжиж миний хийсэн уран бүтээл олонд ил болдог учраас аль ч дүр мартагдахааргүй байдаг. - Бат-Өлзий гуай та хоёр арвин их уран бүтээлтэй хүмүүс. Та хоёрын хийсэн "Зүрхэнд шивнэсэн үг”, "Маш нууц” зэрэг кино үзэгчдийн таашаалд нийцсэн сайхан бүтээл болж чадсан. 

-Дараагийн дэлгэцийн уран бүтээлдээ хэзээ орох вэ?
 -Манайх "Jiij” гээд кино продакшнтай. Ажлынхаа зав чөлөө, санхүүгийн боломж бололцоогоо харж байгаад жилд нэг удаа кино хийдэг. Өнгөрсөн жил "Маш нууц” киног үзэгчдийн хүртээл болгосон. Ирэх зун бид "Маш нууц-2” кино төслийг хэрэгжүүлэхээр зохиол дээр нь ажиллаж байна. 

-Та энэ хавар олон улсын моно жүжгийн наадамд амжилттай оролцоод ирсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу?
 - АНЭУ-ын Фужирад болсон олон улсын моно жүжгийн фестивальд "Макбет хатагтай” жүжгээр оролцсон. Энэ нь уралдаан тэмцээн биш нэгнээсээ суралцах, харилцан туршлага солилцох зорилготой сайхан наадам болдог юм билээ. Фестивальд 40 гаруй орны уран бүтээлч оролцож нэгнийхээ уран бүтээлийг сонирхож, санал солилцсон. Түүний дараагаар театр судлаач, найруулагчид олон улсын театрын тавцанд моно жүжиг хэрхэн хөгжиж байгааг хэлэлцсэн. Мөн моно жүжгийн урсгал чиглэл, зохиолыг хэрхэн бичих талаар сургалт явуулсан юм. Ийм сайхан арга хэмжээнд л оролцоод ирсэн дээ.

 Б.ЭРДЭНЭ 
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.