2020 оны 06 сарын 06
Зочин
М.Мөнхшүр: Фэйсбүүкийн нууц үгээ сард нэг удаа заавал сольж байх хэрэгтэй

Цагдаагийн Ерөнхий Газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Сүүлийн үед бусдын фэйсбүүкт хууль бусаар нэвтэрч бүлэглэн гэмт хэрэг үйлддэгдэх тохиолдол ихэссэн гэдгийг албаныхан онцолсон юм.

Хэргийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа.

-Фэйсбүүк буюу бусдын цахим хуудсийг ашиглан гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээгүүдийг олж илрүүлэн шалгаж байгаа юм байна. Хэрэгт хэчнээн хүн холбогдоод байна вэ?

- 2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ хэрэгт холбогдуулан 10 этгээдүүдийг холбогдуулж шалгалж байна. 

Тодруулбал, Ш,Т,Н,Д,Э нарыг дайчлан баривчлан шалгаж байгаа. Энэ 10 гаруй хүнээс 3-ийг нь цагдан хорьж, 7 этгээд нь батлан даалтад гаргаж шалгаж байгаа юм байна. Одоогийн байдлаар 40 гаруй хүн цахим гэмт хэргийн хохирогч болоод байна.

Фэйсбүүк хэрэглэгчдийн хаягийг нь олзолж, тэдгээрийн найз нөхөд, гэр бүл, дотны хүмүүс рүү нь мөнгө гуйх, мөнгө өгөхийг шаардах зэрэг үйлдлийг хийдэг гэсэн мэдээллийн дагуу УЕПГ-т хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. 9911, 9910, 9909,  8811, 9191 зэрэг үүрэн холбооны дугаар эзэмшдэг иргэдийн фэйсбүүк хаягийг нь олж, нэвтрэх нэр, нууц үгийг утасны дугаараар нь тааруулж ороод мессеж чатыг нь уншиж судалсны дараа мөнгө, зээлэх гуйх зэргээр гэмт хэргээ үйлддэг гэдгийг урьдчилсан байдлаар тогоогоод байгаа.

-Хэргийг хэдээс хэдэн насныхан үйлдэж байна вэ?

 -Яг одоогоор хэрэгт холбогдоод шалгалгдаж байгаа гэмт этгээдүүд насны хувьд 17-20 насны залуус. 

-Цахим хуудаст та хэд наслах вэ, хэзээ гэрлэх вэ, хэдэн хүүхэдтэй вэ зэрэг иргэдийн сонирхол татсан аппликэйшныг сонирхож үзээд фэйсбүүкийн нууц үгээ алдах эрсдэлтэй гэж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Иргэд та хэд наслах вэ гэх мэт зүйлсэд сонирхон орж үздэг. Энэ нь фэйсбүүкийн нууц үгээ алдахад хүргэдэг эрсдэлтэй.  Болж өгдөл энэ төрлийн сониуч аппликэйшн ашиглахгүй байх хэрэгтэй.

-Цахим гэмт хэрэгт хуулийн ямар хариуцлага хүлээлгэх зүйл заалттай вэ?

-Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн дагуу зохих арга хэмжээ авна. Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцно. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 26.1.2 болон 17.3 дах зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл.Залилах: Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөн Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйл.Цахим мэдээлэлд хууль бусаар халдах: 1.Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан; компьютерийн өгөгдлийг нуусан, хандалтад хязгаарлалт тогтоосон, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан, үйл ажиллагааг хязгаарласан; мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зааж өгсөн байдаг.

-Иргэдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Иргэд өөрсдийн гэсэн цахим хуудас тэр дундаа фэйсбүүк хаяг, нууц үгээ энгийн байдлаар хийхгүй байх хэрэгтэй. Ажлын компюьтер болон гар утсан дээрээ фэйсбүүкээ нээлттэй орхихгүй байх цахим хуудсаа ашиглаж дуусны дараа хааж гарч байх хэрэгтэй. Ингэвэл  цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Мөн ойр дотны хүнээс чинь мөнгө гуйх зэргээр чат ирвэл сонор сэрэмжтэй байж тухайн хүний гар утсаар асууж шалгаж байх хэрэгтэй. Фэйсбүүкийн нууц үгээ ойр ойрхон сольж байх ёстой. Сард нэг удаа заавал болж байх хэрэгтэй. Тэгвэл цахим гэмт хэргийн хохирогч болохоос та өөрийгөө хамгаалж чадна.

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.