2020 оны 06 сарын 07
Зочин
Ч.Чулуунбат: Гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр шатахууны үнэ хэлбэлзэж магадгүй

Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүн, бензин шатахууны хэрэглээ импортоос шууд хамааралтай байсаар байгаа бөгөөд 2012-2017 оны хооронд 630 мянган тонноос 1.2 сая тонн болж өссөн байдаг. Энэ онд газрын тосны хэрэглээ 1.6 сая тонн болсон бол хоёр жилийн дараа 100 мянгаар нэмэгдэх тооцоог гаргажээ. Одоогоор газрын тосны бүтээгдэхүүний 97.0 хувийг ОХУ-аас, үлдсэнийг Хятад болон бусад улсаас нийлүүлж байгаа юм. Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ жил бүр нэмэгдсээр байгаа нь импортоос хараат манай улсын хувьд багагүй дарамт болж байна. АИ-92 автобензины үнэ гурван жилийн өмнө 626 ам.доллар байсан бол өнөөдөр 707 ам.доллар болж өсчээ. Дизель түлш мөн хугацаанд 567 ам.доллар байснаа 676 болж өссөн байна. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбаттай ярилцсан юм.

-Монгол Улсын Засгийн газраас бензин шатахуун, дизель түлшний хангамжийг сайжруулах, үнэ ханшийг тогтоох талаар ямар бодлого баримталж байна вэ?

-Төрөөс газрын тосны талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталж гаргасан. Үүнийг нэг жилийн хугацаанд салбарын эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгч, нефтийн бүтээгдэхүүн импортлогчдын дунд явуулсан судалгаа, хэлэлцүүлгийн дүнд боловсруулж батлуулсан бөгөөд энэ оны зургаадугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор баталж албажууллаа. Энэ нь манай салбарын хувьд баталж гаргасан гурав дахь баримт бичиг бөгөөд эхнийх нь 2002-2010 оныг хамарч, дараагийнх нь 2017 он хүртэл баримтлах чиглэлийг тодорхойлсон байсан юм. Ер нь Төрөөс газрын тосны талаар баримтлах бодлогын баримт бичигт зарчмын томоохон өөрчлөлт оруулдаггүй, түүнийг улам төгөлдөржүүлж баяжуулж явдаг онцлогтой.

Үүнд газрын тосны хайгуул олборлолтыг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрийг барих, хөгжүүлэх, хэрэглэгчдийг газрын тосны бүтээгдэхүүнээр найдвартай хангах, чанарын хяналтын тогтолцоог бий болгох, боловсон хүчний бааз суурийг нэмэгдүүлэх, ажлын байр буй болгох, байгаль орчинд ээлтэй, орон нутгийг дэмжсэн бодлогыг цогцоор нь тусгаж байдаг юм.

-Цаашдаа дотоодын нефтийн бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтвортой байлгаж, хангамжийг нэмэгдүүлэх, найдвартай байдлыг хангах талаар ямар ажил хийхээр төлөвлөв?

-Үнэ ханшийн хувьд онцгой албан татварын хувь хэмжээгээр барих боломж байсан боловч 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар энэ боломж хязгаарлагдлаа. Гэхдээ энэ оны нэгдүгээр сард нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэхэд ханшийг саармагжуулах арга хэмжээ авсны дүнд 300 төгрөгөөр үнэ өсөх байсныг 100 орчим төгрөгөөр нэмэгдүүлэх боломж олгосон. Цаашдаа онцгой албан татвараар үнэ ханшийг барьж болох эсэхийг Сангийн яамнаас шийдэх байх гэж харж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тээвэр, ложистикийн зардлыг аль болох бууруулах боломжийг эрэлхийлж байгаа юм. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний тээврийн 90 гаруй хувийг Сүхбаатар боомтоор дамжуулдаг бол Эрээнцав, Цагааннуур, Боршоо, Замын-Үүд зэрэг боомтоор үлдсэн нь дамжин өнгөрдөг. Орон нутаг дахь эдгээр боомтыг ашиглаж, газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх талаар Монгол –Орос, Монгол -Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар ярилцдаг. Тухайлбал, Гашуунсухайт, Ганцмод, Шивээхүрэн, Ярант зэрэг боомтоор тээвэрлэлт хийх талаар газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг Орос, Хятадын компани, импортлогчидтой ярилцаж байна.

-Сайншандад газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих талаар эрчимтэй ярьж байгаа. Энэ ажил ямар шатандаа байна вэ?

-Энэтхэг улсын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр дээрх үйлдвэрийг барихаар болсон. Тус улсын Ерөнхий сайд Наринда Моди 2015 онд манай улсад айлчлахдаа энэ асуудлыг ярилцаж шийдсэн байдаг. Өмнө нь газрын тосны боловсруулах үйлдвэр барих талаар олон жил ярьж, шав тавих ёслол үйлдэж, улаан тууз хайчилж байсан ч удаа бий. Энэ нь санхүүжилт, түүхий эдийн нөөц тодорхойгүй гэдэг шалтгаанаар өдий болтол хойшилж байжээ. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт энэ оны зургаадугаар сард нефтийн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийн шавыг тавьснаас хойш ажил урагштай сайн явж байна. Ирэх оны хавраас үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэйгөөр одоод дэд бүтцийн ажлыг хийж байгаа юм.

Үүнд 18 км урт агаарын цахилгаан дамжуулах сүлжээ /110 кВт/ болон хоёр дэд станц, 27 км орчим төмөр зам, хүнд даацын ачаа тээвэрт зориулсан 16 км автозам зэрэг бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

-Энэ үйлдвэрийг хэдийд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм бэ?

-2022 оны эцэс, дараа оных нь эхэнд 1.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Уг үйлдвэрийг ашиглаж эхэлснээр гадаад зах зээлээс хамаарах хараат байдал их бага хэмжээгээр буурна гэж тооцож байна. Гэхдээ дотооддоо өөрийн гэсэн найдвартай эх үүсвэр, хангамжтай болох нь хамгийн гол үр дүн, ач холбогдол гэж үзэж байгаа юм. Үйлдвэрийнхээ түүхий эдийг дотоодоос дангаараа хангаж чадахгүй учраас гадаад зах зээлээс дэлхийн хэмжээний үнэ ханшаар худалдаж авах л байх. Гэхдээ дотоодын бүтээгдэхүүнд ногдуулах онцгой албан татвар бага, гаалийн татвар төлөхгүй учраас нэгжийн үнээр импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц байж чадна.

-Хэрэгцээгээ дотоодоос хангадаг болтол бас хэдэн жилийн зай байна. Энэ хугацаанд гадаад зах зээл дэх нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш ямар байх төлөвтэй байгаа бол?

-Газрын тос олборлогч орнуудын нэгдэл /ОПЕК/-ээс олборлолтоо танах бодлогыг 2015 оноос хойш баримталж ирсэн. Үүнийг дагаад газрын тосны үнэ ханш аажмаар нэмэгдэж байсан бөгөөд 2016 онд Ираны цөмийн хөтөлбөрөөс гарч байгаагаа АНУ зарлахад газрын тосны үнэ огцом өсч 80 ам.доллар болж байлаа. Энэ оны наймдугаар сарын 6-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг хоёр үе шаттай хоригийг хэрэгжүүлэх зарлигт гарын үсэг зурснаар газрын тосны үнэ өсч байна. Арваннэгдүгээр сараас нефтийн бүтээгдэхүүнтэй холбоотой банк санхүүгийн ажилд саад тавьж, гүйлгээ, орлого зарлагыг “царцаах”-аар төлөвлөж, худалдан авалтад нь хориг тавихаар зэхэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор газрын тос, нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш өсч, асар их хэлбэлзэх төлөвтэй байна гэж гадаадын шинжээчид таамаглаж байгаа юм. Энэ байдал жижиглэнгийн худалдаатай манай улсын газрын тосны импорт, худалдаанд ч сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байна.

Д.Мөнх

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.