2024 оны 04 сарын 28
Зочин
Д.Дариймаа: 100 кг мах, 2 кг нийслэл салат устгалд оруулсан

Төв цэнгэлдэх хүрээлэн болоод Хүй долоон худагт Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид хэрхэн ажиллаж байгаа талаар НМХГ-ын хэвлэлийн төлөөлөгч Д.Дариймаагаас тодрууллаа.

-Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд мэргэжлийн хяналтын хэчнээн байцаагч ажиллаж байна?
-Наадмын үеэр манайхаас 386 улсын байцаагч ажиллаж байна. Энэ жил нийтдээ аж ахуй нэгжид үйлчилгээ эрхлэх 800 зөвшөөрөл өгсөн. Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэнд 500 зөвшөөрөл олгосноос 400 нь хуушуур болоод нийтийн хоолны газар, 100 нь худалдаа үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна. Хүй долоон худагт 300 зөвшөөрөл өгснөөс 200 нь хуушуурын цэг байгаа юм. Өмнө нь иргэдэд үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгодог байсан бол энэ жил зөвхөн аж ахуй нэгжүүдэд хуушуур зарах эрхийг өгсөн. Иймээс энэ жил хувь хүн гар дээрээс худалдаа эрхлэх явдал харьцангуй бага байна. Манай байцаагчид хариуцсан объектоо 20 минут тутам эргэж хоолны чанарт хяналт тавьж байна. Тухайлбал, хуушуурын өнгө, үнэр ямар байна, тосоо хэрхэн сольж буйг байнга хянаж байна гэсэн үг.

-Хийн зуухны аюулгүй байдалд хэр хяналт тавьж байна?
-Газ, баллоны аюулгүй байдалд анхаарал хандуулж аж ахуй нэгжүүдэд зөвлөмж өгч ажиллаж байна. Өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд газ дэлбэрч хоёр хүн гэмтсэн. Үүний шалтгааныг газны дууссан баллон галд өртсөнөөс үүдсэн байж болзошгүй хэмээн мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Хүй долоон худагт байдал тайван байна.

-Муудсан хүнсний бүтээгдэхүүн хураасан тохиолдол гарав уу?
-Өчигдөр 651 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хурааж устгасан. 100 кг мах, 2 кг нийслэл салат муудсан байсныг хураасан. Ус төрөгчөөр хийлсэн  хийн бөмбөлгүүдийг худалдаалахыг хориглоод байна. Бид шорлогны зөвшөөрлийг олгоогүй. Гэвч аж ахуй нэгжүүд зөвшөөрөлгүйгээр худалдах тохиолдол гарсаар байна. Утаа май тавьж шорлог хийж байсан 11 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоосон. Манайд явуулын хоёр лаборатори ажиллаж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.