2020 оны 06 сарын 06
Зочин
Б.Саран: Иргэдийн шаардлагаар “Эко Алтан заамар”-ын үйл ажиллагаа түр зогсоод байна
Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компани Туул голд бохир усаа урсгаж буй бичлэг цахим орчинд тархаж, олон нийтийг багагүй бухимдуулсан. Тэгвэл тухайн газар оронд аймаг, сум, холбогдох яамны мэргэжилтнүүд очиж газар дээр нь ажиллаад иржээ. Энэ талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Сарангаас дараах зүйлсийг тодрууллаа.
 
-“Эко алтан заамар” компанийг лац, ломбоо аваад хууль бусаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн гээд байгаа. Яг ямар хууль журмыг зөрчсөн талаар тодруулахгүй юу?
 
-Бид өнгөрөгч сарын 25-аас 28-ны өдрүүдэд Төв аймгийн Заамар сум болон Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумдад ажиллаад ирсэн. Энэ хугацаанд “Нарийн гол гоулд”, “Эко алтан Заамар” ХХКомпаниудын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ажиллаж, талбай дээрхи овоолго, ухмал, туслах байгууламж зэрэгтэй танилцаж дроноор зураг авсан байгаа. Мөн “Монполимет”, “Шижир алт” ХХК-ний Туул голын голдрилд алт ашиглаж байгаа байдал, нөхөн сэргээсэн газар, нөхөн сэргээхээр төлөвлөж байгаа газартай танилцаж, хэмжилт судалгаа хийсэн. “Эко алтан заамар” ХХК-ий Их тохойрлын уурхайд МХЕГ, аймгийн МХГ-аас удаа дараа хяналт шалгалт хийж торгуулийн арга хэмжээ авч хугацаатай албан шаардлага өгсөн. Шалгалтын явцад Туул голд шүүрлийн усыг зайлуулан бохирдол үүсгэж байсан нь тогтоогдсон.
 
-“Эко алтан заамар” компанийг байгаль орчны үнэлгээгүй үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл байна л даа?
 
-“Эко алтан Заамар” ХХК нь хоёр жилийн өмнө буюу 2016 онд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ батлуулсан юм билээ. Харин энэ онд олборлолтын ажил хийхээр хөрс хуулж буй газарт нь батлагдсан техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон энэ оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд хамрагдаагүй байгаа юм. Мөн энэ талбай дахь байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тодотголд багийн ИНХ-аас санал аваагүй юм билээ. Тэгэхээр гуравдугаар багийн иргэд Ихтохойрлын хэсэгт гэр барьж ээлжээр хонох, мэдээлэл тараах зэргээр эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн байгаа юм. Эсэргүүцэж байгаа иргэдийн төлөөлөлтэй компаний төлөөлөл, сум, багийн удирдлагыг байлцуулан уулзаж томилолтын зорилгоо танилцуулж, санал сонссон.
 
-Хууль бус үйлдэл хийсэн нь тогтоогдоод байгаа энэ компанид одоо ямар арга хэмжээ авах вэ?
 
-Өнөөдрийн байдлаар тус компани иргэдийн шахалтаар үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа гэсэн мэдээг орон нутгаас ирүүлсэн. Их тохойрлын энэ хэсэг урт нэртэй хуулийн даган мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд 50 метр хүртэл хэсэгт ашиглалт хийх боломж бүрдэх бөгөөд энэ нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр шийдэгдэх юм.
Эх сурвалж http://www.info.mn
 

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.