2024 оны 04 сарын 28
Зочин
Ж.БАТХУЯГ: ҮНДЭСНИЙ ЦАХИМ ГҮЙЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАРИЛГЫГ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БАРЬЖ БАЙГАА

Монголбанктай холбоотой зарим асуудлаар Монголбанкны Тамгын газрын захирал Ж.Батхуягаас тодрууллаа.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг АТГ шалгаж эхэлсэн тухай хэвлэлд мэдээлсэн байна. Энэ хэр үнэний ортой вэ?

Монголбанкны Ерөнхийлөгчийг АТГ-аас шалгаж байгаа эсэх талаар надад ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.

Монголбанк тендэргүйгээр барилга бариулах ажил хийлгэж байна гэсэн асуудлыг нэлээн дээрээс ярих болсон. Энэ тухай тодорхой тайлбар өгнө үү. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани ямар шалгуураар барилгын ажлыг гүйцэтгэх болсон бэ?

Юун түрүүнд энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл гэдгийг онцлон хэлмээр байна. Монголбанк нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Төлбөрийн системийн шинэчлэл төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд хэд хэдэн ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ төслийн нэг хэсэг нь Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төв (ҮЦГТ)-ийг бэхжүүлж, банк дундын төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах боломж нөхцөлийг бүрдүүлэх ҮЦГТ-ийн барилгыг олон улсын стандартын шаардлага хангасан, орчин үеийн дата төвийн барилгын жишигт нийцүүлэн бариулах ажил байгаа юм.

Монголбанкны барилга байгууламж Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу нууцад хамаарч хуулиар хамгаалагдсан байдаг бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу уг барилгын ажлын гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах хуулийн зохицуулалттай байдаг. Иймээс уг ажлын хүрээнд Монголбанкнаас үндэсний нийт 6 компанид санал тавьж, банк санхүүгийн барилгын олон улсын стандартад нийцсэн барилга барих туршлагатай компанийг сонгож гэрээ байгуулан барилгын ажлыг эхлүүлсэн. Үндэсний цахим гүйлгээний төвийн шинэ барилгыг 2020 оны эхний хагас жилд багтаан бүрэн ашиглалтад оруулж хүлээн авахаар ажиллаж байна.

Энэ барилгыг бариулахын тулд Монголбанк төлбөрийн системийн гүйлгээнүүдийн шимтгэлийн хураамжийг нэмэгдүүлсэн үү?

Мэдээж тийм зүйл байхгүй. Өмнө нь хэлсэнчлэн энэ бол АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд уг ҮЦГТ-ийн барилгыг бариулж байгаа ба барилгыг бариулахтай холбоотойгоор Монголбанкны үйлчилгээний хураамж, шимтгэлийг нэмсэн зүйл байхгүй.

Үүнээс гадна бас зарим тодруулах зүйл байна. Анод банкны хадгаламж эзэмшигчдийнх нь төлбөрийн барьцаанд Монголбанкинд хураагдаж ирсэн 1.2 тэрбум төгрөгийн хаусыг Монголбанкны Ерөнхийлөгч нар хувьдаа авсан гэх мэдээлэл гарч байгаад тайлбар өгнө үү?

Ийм мэдээлэл зарим нэг мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудсуудаар гарсан байхыг харсан. Энэ бол ор үндэслэлгүй, цэвэр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл юм. Монголбанкны Ерөнхийлөгч нар хувьдаа ямар нэг хаус, үл хөдлөх хөрөнгө Монголбанкнаас авч, Монголбанкны хөрөнгөөр хувийн байшин барилгадаа засвар үйлчилгээ хийлгэсэн зүйл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүй болсон Анод банкны мөнгөн хадгаламжийг олгоход зориулж Монголбанкнаас Анод банк ХК-д зээл олгосон байдаг. Татан буугдсан Анод банк ХК-ны шаардах эрхийг Монголбанк зээлийн төлбөр буюу авлагатаа шилжүүлэн авч өнөөдрийг хүртэл авлагаа барагдуулахаар ажиллаж байгаа. Бид зээлийн өр төлбөрийг буцаан төлүүлэх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд зээлийн төлбөрөө мөнгөн хөрөнгөөр төлж барагдуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжийн үл хөдлөх хөрөнгийг төлбөр барагдуулах зорилгоор Монголбанкны өмчлөлд шилжүүлэн авдаг, авсан барилгаа дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа хийгдэж явдаг.

Эх сурвалж: Mongolbank.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.