2020 оны 06 сарын 07
Зочин
Х.Тэмүүжин: Ах нарын тэврэлддэг цэг нь мөнгө, зодолддог цэг нь албан тушаал

УИХ-ын гишүүн асан Хишигдэмбэрэлийн Тэмүүжинтэй ярилцлаа.

-Ярилцлагаа Ардчилсан нам дотор өрнөж буй үйл явцаас эхэлье гэж бодлоо. Танай намын ҮБХ-ны ротаци явагдаж байна. Баабар, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл гээд цөөнгүй хүмүүс бодлогын хороондоо орж чадахгүй байгаа асуудал яригдах юм. Энэ хүмүүс бол Ардчилсан намын өнгө төрх болж ирсэн хүмүүс. С.Баярцогтыгоо бүр намаасаа хөөчихлөө. Намын дотоод асуудлууд дээрээ та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нам дотор ротаци болж нэг хэсэг хүн гарч, нөгөө хэсэг хүн орох нэг их чухал асуудал биш ээ. Улс орны хувь заяатай ч холбоотой юм биш. Гол нь одоо байгаа улс төрийн дүрэм зөв үү, буруу юу гэдгийг бодох ёстой. Өнөөдөр улс төрд Ардчилсан нам, Ардын нам байх нь хамаагүй улс төрд хүчтэй үйлчилж байгаа хоёр зүйл байна.

Нэгдүгээрт, хэн нэгэн эрх мэдэлтэн, том дарга, намын ахдаа үнэнчээ нотлож, тэдний өмнө гавьяа байгуулах, байгуулсан гавьяага үнэлүүлж хувь хүртэх. Тэдгээр намын цагаан солиотнуудад өөрийнх нь хийж буй зүйл нь зөв, буруу, хуульд нийцэх эсэх, энэ улс оронд хэрэгтэй эсэх нь түй ч хамаагүй. Бүх зүйлийг даргын сэтэр, мөнгөний үнэрээр хэмждэг. Товчхондоо даргаа би үнэнчээ харуулъя, гавьяагаа үнэлүүлье гэх байдал. Энэ бол сүрэглэсэн увайгүй муйхар хар хүч л дээ. Албан тушаал, мөнгө хуваарилагчаар гавьяагаа үнэлүүлэх гэсэн тал зассан арчаагүй зан цүнх баригчдын гол дүр төрх. Бодолтой, зарчимтай хэсэг нь энэ миний зарчимтай нийцэхгүй юм байна гээд холдоход бэрдийн салхи хүссэн хүсээгүй тэр онгорхой зайд хог хийсгэж ирээд дүүргэнэ.

Хоёрдугаарт, асуудлыг мөнгөөр л шийдэж байвал тэнд улс орны хувь заяа, ардчилал, шударга ёсны үнэ цэнэ хамаа алга гэсэн бодол улс төрд ноёлчихлоо. Үүнд аль ч нам хамаагүй үрэгдэж байна. Төрийг хаа гуяар нь салгаж аваад 60 тэрбумаар зарж болж байна. Намыг бүхэлд нь түшмэдийн систем болгож хувиргаад үйлдвэрлэсэн дарга орон тоогоо мөрийтэй тоглоомын бооцоо шиг өрж болж байна. Мөнгө хаяж, мөнгө олно гэх энэ байдал улс төрийн зарчим мөн үү. Бизнес, улс төр салахгүй байгаагийн хамгийн том илрэл энэ байх. Мөнгөний систем улс төрд ноёлоод ирэхээр аль ч нам эрх мэдэл авсны дараа нь бооцоо тавьж байгаа мэт тавьсан мөнгөө буцаагаад олно гэдэг авлигын зарчим ажиллаж эхэлнэ. Нөгөө л авлига, сонирхлын зөрчил, улс орныхоо эрх ашгийг өөрийнхөө хувийн амьдралын төлөө зольдог тэр бүх зүйлийн суурь нь улс төрийн нам болоод байна. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийг яаж шийдэх юм, яавал дүрэм, зарчмынхаа дагуу явдаг болох вэ гэдэг нь нэг намын шинэчлэл гэхээс илүүтэй Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх замаар намуудад адил дүрэм мөрдүүлж, хуулийн хариуцлагатай, олон нийтийн итгэл хүлээхүйц болгохгүй бол нэг нэгийгээ дагаад мөнгөний зодоон руу орсон энэ байдал улс орныг цөлмөөд дуусгах нь.

-Танай намынхны авч ирсэн гэж сайрхдаг ардчиллын үр дүн байх л даа…

-Иргэдийн итгэл, дэмжлэгийг авч засгийн эрхийг барих замаар тэдний төлөө ажиллахыг ардчилал гэдэг. Түүнээс биш ардчилалын нэрээр өөрийнхөө амин зуулгыг төрөөс хулгайлж олохыг хэлэхгүй. Олон нийтийн санаа оноог тандаад үзээрэй. Намуудын нэр хүнд улам унаад байгаа биз. Хамгийн том аюул нь энэ. Намын нэр хүнд унахыг би зөв гэж харахгүй байгаа. Энэ нь зөрүүлээд хэн нэгэн хувь хүн дарангуйлагч болох магадлал өсөж байна гэсэн үг. Мөнгөний зарчимтай лидерүүд, цүнх баригчдын армитайгаа намуудын нэрээр эрх мэдэлд гарч, хулгай луйвар хийгээд эхлэхээр л ардчилал золигдож, иргэд намыг үзэж чадахаа больж байгаа юм.

-Цаашид та намынхаа үйл ажиллагаанд хэрхэн оролцъё гэсэн байр суурьтай байна вэ. Нам болох таныг ҮБХ-ноос хасчихлаа. Шуудхан хэлэхэд таныг тойргийн гадна гаргачихлаа…

-Улс төр гэдэг чинь нам болж, эсхүл ардчилал гэх үг духан дээрээ шошго болгочихоод ардчиллаа мэддэггүй, Ардчилсан нам юуны төлөө зорьж, 90 онд юуг өөрчилж явсан бэ гэдэг уг үндсийг огт тоохгүй, үнэт зүйлээ нулимдаг тийм хүмүүсийн хаяг биш. Үйл хэрэг, зарчимдаа үнэнч байхаас биш өнөөдөр энэ нь дарга, тэр хүмүүс нь эрх мэдэлтэй, тэдний үгээр байх ёстой гээд хамхуул адил хийснэ гэж байхгүй. Хамхуул ч хөөрхий богино настай л даа.

-Ротацид орсон хүмүүс ҮБХ-д дахин нэр дэвших боломж нээлттэй гээд зарим хүмүүс нь дэвшсэн. Та яагаад нэр дэвшээгүй юм бэ?

-ҮБХ гэдэг бол Ардчилсан намын дотор зохион байгуулалтын л нэг хэлбэр. Тэнд байх, байхгүй нь хувь хүний л сонголт. Тиймээс тэр хүмүүс Ардчилсан намаасаа гараагүй, улс төрөө хаяагүй, өөрийн хийдэг, итгэж үнэмшдэг зүйлийнхээ төлөө явж л байгаа бол тэр нь ҮБХ-д байна уу, үгүй гэдэгтэй огт хамаагүй. Яахав ээ, даргынхаа үгээр байгаад, даргадаа таалагдаад сууж байвал би амьд байна даа гэж боддог хүмүүсээс нэг сэтрийг нь аваад хаячихаар би яанаа гэдэг айдас төрдөг байх. Р.Амаржаргал, Э.Бат-Үүл ҮБХ-ны гишүүн байна уу, үгүй юу тэдэнд ялгаа юу байгаа юм. Р.Амаржаргал Амаржаргалаараа, Э.Бат-Үүл Бат-Үүлээрээ үлдэнэ. Ямар ч цаг үед итгэж үнэмшдэг үзэл бодлынхоо төлөө дуугардаг, тэмцдэг тэр бүхнээ хийгээд явна. Түүнээс ямар шошготой байх, байхгүй нь тэдэнд ямар ч асуудал биш. Яагаад том асуудлаа гаргаж ирж ярихгүй нам доторх жижигхэн асуудалд ач холбогдол өгнө гэж. Хандлага өөр л дөө.

-Олны ам дамжсан яриа ч гэдэг юм уу иймэрхүү зүйлсийг харж, сонсож байхад Тэмүүжин Ц.Элбэгдоржийн хүн гэх юм. Олон ч жил тэгж ярьж ирсэн. Энэ удаагийн намын удирдлагууд Ц.Элбэгдоржид дургүй болохоороо түүнд хамаатай гэх хүмүүсийг намаас шахаж эхэллээ гээд байна л даа. Ц.Элбэгдорж даргатай холбоотой байна уу. Хэзээ хамгийн сүүлд уулзав, юу ярив…

-Эсрэгээрээ С.Эрдэнэ чинь өөрөө Ц.Элбэгдоржийн хамгийн ойрын хүн нь шүү дээ. Элбэгдоржийн хүмүүсийг шахаж байна гэдэг худлаа байх.

-За, ямар ч байсан та бол намынхаа үйл ажиллагаанд оролцоод явах юм байна…

-Улс төрөө хийдгээрээ хийнэ. Бодлогоо хэрэгжүүлэхийн тулд, зарчим, үзэл санаагаа хамгаалахын тулд явдгаараа явна.

Ардчилал, шударга ёсыг дэмждэг үү, дэмждэг. Хүний эрх, хуулийн засаглалын төлөө явах уу, явна. Монгол Улсын хөгжихөд тус дэм болж болох бодлогын эрэл хайгуулд оролцох уу, оролцоно. Ардчилагчид энэ бидний зарчим мөн гэж байгаа бол бид хамтдаа явна. Тэгэхгүйгээр Ардчилсан нам, ардчилагч гэдэг хаяг зүүчихээд энэ бүгдийн эсрэг, хөгжил дэвшлийг гацаагч, ухраагч болоод, Үндсэн хуулийн суурь зарчмуудыг нулимаад явах юм бол эсрэгээрээ тэр хүмүүс ардчилагч гэж ярих эрх нь байх уу, үгүй юу гэдэг яриа тэнд л яригдана. Түүнээс биш хэн тамга барьж байгаадаа гол нь биш. Хэн зарчмаа барьж байгаа вэ гэдэг нь хамгийн чухал.

-Монголын улс төрд зарчим барьдаг соёл хэзээ төлөвших юм бэ. Таны хэлсэнчлэн нэг намын асуудал биш байх. Ардчилал, парламентын засаглалын зарчим буруу байна гэж хэлээд байгаа хэрнээ төлөвших ёс зүйн талаар ярихгүй юм?

-Ёс зүйсээд байх юм байхгүй ээ. Зүгээр л энэ зарчмаас гажууд амьдардаг, энэ гажууд байдлаар амь амьжиргаагаа залгуулдаг хэсэг нь холдсоны дараа таны асуусан бүхэн эхлэх байх. С.Зориг агсны хэлсэн нэг үг байдаг даа. Эрх ашгийн эрэмбэ гэж. Нэгдүгээрт, улс орон. Хоёрдугаарт, нам. Гуравдугаарт, хувь хүний асуудал байна гээд. Энэ эрэмбээрээ харж чаддаг болохын тулд энэ эрэмбээ буруу босгочихоод нэгдүгээрт, би яаж амьдрах юм бэ гээд амь амьжиргаагаа шийдэхдээ намыг хэрэгсэл болгодог. Намыг хэрэгсэл болгосныхоо дараа улс орныг тонон дээрэмддэг ийм зантай, тэр зан нь 20 гаран жилийн зуршил болчихсон хүмүүс бий. Төрд, намд бэрд болоод суучихсан нөхдүүд холдохгүй.Энэ хүмүүсийг холдуулж чадсан цагт та бид хоёр зарчимтай улс төр эхлэх үү, зарчимтай улстөрчид нь хөгжлийн бодлогоо гаргаж ирж чадах уу, ингэхийн тулд сахилга баттай баг шиг баг хүчирхэг хүмүүсийн нэгдэл чинь хаана байна гэж асуух ёстой байх. Түүнээс бэрдүүд зай эзлээд суучихсан байхад хажуугаар хог шаар л овоорно. Өмнө нь ч гэсэн танд ярилцлага өгөхдөө хэлж байсан даа, Энэтхэгийн нэг үг байдаг гээд. “Эх захгүй бөмбөр нүдэж байхад пи пи хэмээх уянгалаг хөгжмийн эгшиг сонсогддоггүй” гэж.

-Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байна. Хэсэг хэсгээрээ талцаж суугаад хэл амаа билүүдэж байгаа харагдах юм. Таныг Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг шалгаж эхэлсэн. Тэр үедээ шийдчихгүй яасан юм гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлж байсан л даа…

-Тийм үү.

-Харин тэгж хэлсэн. Тэр үед шалгаж эхэлсэн юм биш үү?

-Намайг Хууль зүйн сайд байхад энэ асуудлыг шалгаж эхэлсэн л дээ. Өмнө нь яагаад ч юм энэ асуудал хөндөгдөж, сөхөгдөөгүй байсан. 2013 онд хэрэг үүсгээд, шалгалт эхэлсэн юм. Санаж байгаа бол МИАТ, Улаанбаатар төмөр зам, Эрдэнэттэй холбоотой манай намын болон Ардын намын хүмүүсийн нэр холбогдсон хэргийг шалгаж эхэлсэн нь үнэн. Тэр нь олон хүний дургүйг хүргэсэн байх. Ардын намынхан намайг огцруулахын тулд их ч явсан даа. Манай зарим нөхдүүд мөнгө төгрөгөө гаргаж байгаад захиалгат зүйлсийг их дэмжсэн. Үр дүнд нь Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон. Би ч холдсон. Оронд нь сайхан ижилсдэг хүмүүсээ авч ирээд тавьчихсан.

Ардын нам ч засагт орсон. Энэ түүхийг мартаагүй байлгүй дээ. Ингээд энэ бүхэн замхарсан.

-Та сайд байхдаа энэ бүхнийг шуурхай шалгаад мухарлах боломж байгаагүй юм уу?

-Хууль зүйн хувьд хугацаа шаардсан ажил. Мөн Арбитр дээр маргаан гарсан учраас удааширсан байх. Эдгээрийг шалгаж эхлээд нэг жил болоогүй байхад биднийг огцруулсан. Би 2.5 жил л Хууль зүйн сайд хийсэн. Бусад нь нэг хүний гар доор эсхүл нэг хэсэг хүний гарын хүмүүс Хууль зүйн сайд хийлээ. 20 гаруй жил энэ улсаар тоглож буй хүмүүсээс гадуур асуудлыг шийдэх гэж оролдсон нь аль цаг хугацаанд байна вэ гэдгийг ялгаад харахад тодорхой дүр зураг гарна. Түүгээрээ Н.Алтанхуяг их баалуулсан даа. “Чи хэн болчихоод очиж, очиж Тэмүүжинг дэмжиж, ард нь зогсоод байгаа юм” гэсээр байгаад Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан даа.

-Манайхны хэлдэгчлэн бүлэглэлийн эрх ашгийг хангаагүйн улмаас тийм нөхцөл байдалд хүрсэн үү?

-Улс төр, эдийн засаг, хууль хүчний байгууллага гэсэн гурван схем нийлээд нэг бүлэглэл болчихоод байна. Энэ бүлэглэл сүүлдээ дотроо хоёр хуваагдаад зодолдлоо шүү дээ. Үндсэндээ банк, санхүү, эдийн засгийг атгачихсан нөгөө талдаа улс төрийн тодорхой хэсэг бүлэглэлтэй тохирчихсон, санхүүгийн болон улс төрийн дэмжлэгээрээ хуулийн байгууллагыг эрхшээлдээ авсан бүлэглэл одоо ч байна. Үндсэндээ тэд дайснаа дарж аваад дараа нь дотроо хоёр хуваагдаад зодолдсон.

Н.Алтанхуягийн Засгийн газрыг хэн унагасан юм. Ямар хүмүүс кнопоо дарж, ямар хүмүүс нь кнопоо даралгүй зугтсан билээ. Мартагдаагүй байгаа. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагачихаад дараа нь ямар хүмүүс нь нийлж, эвсэж, ярьж байгаад Засгийн газраа байгуулсан билээ. Тэд юу хийсэн бэ. Юу хийх гэж оролдоод юун дээрээсээ болж хоорондоо муудалцаад дахин хуваагдав.

-Баялгийн төлөөх тэмцэл өрнөсөн гэж харагддаг…

-Бүгд уул уурхайн төлөө үхэн хатан зодолдсон. Маш их хэмжээний мөнгө. Н.Алтанхуягийг унагахдаа хүзүү сээрээрээ холбогдчихсон бараг л эр, эм нь мэдэгдэхгүй үнсэлцсэн нөхдүүд байсан даа. Дараа нь Н.Алтанхуяг байхгүй болсон шүү, бүгдээрээ хуваагаад иднэ ээ гээд тавган дээрээ тавьж байгаад чиний, миний болж талцсан. Энэ талцал хуваагдал нь сүүлдээ бие биенийхээ амь насанд халдах хэмжээний үзэн ядалт болж хувирсан. Одоо ч Элбэгдоржоос муу хүн байхгүй болж дээ. Цагтаа хамгийн их хов зөөж “та минь шүү дээ” гэж явсан нөхөд одоо түүнийг тамд л байх ёстой мэт муулж, мангасыг дарах ариун баатрын дүрд тоглохыг харах ч ой гутам юм даа.

-Таны харж байгаагаар санхүү, эдийн засаг, улс төр, хууль хүчний байгууллагын энэ бүлэглэлийг задлах боломж байна уу. Таны хэлсэнчлэн энэ бүх хүмүүс явж цаг наашлах уу?

-Шударга ёсоо, эх орноо дайснаас хамгаалах тухай сайхан ярих, авлигатай амаараа тэмцэхийг бол үзүүлж байна аа. Авлигачидаа ар өвөртөө нуучихаад багаа сольж өмсөөд хүмүүсийг хуурах ажлаа маш сайн хийж байна. Кино зохиол, сэдэв хөөсрүүлэх зэргийг сайн ч санхүүжүүлцгээж байна. Олон нийт рүү угаасан нүүрээрээ гүйж очихдоо хурдан юм. Бодит байдал дээр энэ 28 жил хэн солигдож, юу өөрчлөгдөв.

-Байхгүй л дээ…

-Хүн нь солигдоогүй байхад зарчим солигдоно гэж байхгүй. Тэр дундаа улс төрд бүр ч худлаа. 2020 онд сольж чадах юм уу, мэдэхгүй байна. Хүн нь солигдож байж, зарчим солигдоно гэдэг нь маш тодорхой.

-Энгийн нэмэх хасахтай тоо бодъё. Энэ хүмүүс 56-60 насны хоорон дахь хүмүүс гэж бодоход 2020 онд бүгд 60 насны босго давчихна. Нэг үгээр хэлбэл тэтгэвэрт гарах насандаа очно. Тэгэхээр магадгүй хамгийн сүүлд азаа үзэх боломж нь 2020 он юм биш үү?

-Сүүлчийнх гэж хэлж мэдэхгүй байна. 2012 онд маш олон хүнийг волейболоор ярихад сүүлийн давуулалтаа хийлээ гэж ярьж байсан. Гэтэл юун 2012 он бэ. 2016 онд бүгд амилаад нэр дэвшээд явсан. 2020 онд дахин амилахаар бэлтгэлээ хийж байна. Үлгэрийн баатрууд амилсаар л байдаг юм. Тиймээс эд нар сүүлчийн давуулалтаа хийлээ гэж харж болдоггүй юм билээ.

Дараагийн үе нь нөхөж гарч ирж чадахгүй бол амь бөхтэй оршсоор л байна шүү дээ. Энэ нь тэр хүмүүсийн буруу биш. Дараа үеийнхэн нь гарч ирж чадахгүй байгаа тэдний буруу. Өөрсдөө зоригтой байж чаддаггүй. Энэ хүмүүс 1990 онд хэдэн настайдаа хуучин дэглэмийг түлхэн унагасан юм бэ. Хамгийн бага нь 20 нас хүрээгүй дээд тал нь 30 настай хүмүүс л байсан биз дээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 28 жил амь бөхтэй оршин тогтнож байна. Гэтэл өнөөдөр 20, 30-тангууд юу хийж байна вэ.

-Цүнх барих нь цүнх бариад. Цүнх барихыг зарим нь мөрөөдөөд. Нэг хэсэг нь зорилгынхоо төлөө тэмүүлж байгаа байх?

-Өөрөө өөрсдөдөө итгэхгүй. Өөртөө асуудлыг шийдэж чадна гэж найдахаас илүүтэй “Ах минь, дарга минь” гэдэг хандлага чинь өөрсдийг нь улам хүчгүй болгоод тэдний заасан зам, тэдний хуваасан хуваагдлаар өөр хоорондоо тэмцэлддэг. Хамгийн эмгэнэлтэй нь энэ. 10 жилийн өмнө бид ярьж байсан. Ах нар хувааж, зодолдуулчихаад яг хэрэгтэй зүйл дээрээ очоод тэврэлдээд, залуучуудаа золиод цаашаа явдаг гэж. Тэдний тэврэлддэг цэг нь мөнгө. Зодолддог цэг нь албан тушаал. Тэдний мөнгө, албан тушаалын зодоонд нь залуу үе гар хөл болж, тусалж хийж өгсөөр байгаад ах нараасаа илүү сорвитой болцгоосон. Сорви нь эдгээгүй, бие биенээ үзэж чадахаа больчихсон ийм дүр зураг байна.

Одоо улс төрөө харах ёстой. Юуны төлөө юу хийгээд яваад байгаа юм бэ. Энэ нь хэнд олз болж, хаана очоод байгаа юм. Мэдлэгтэй, боловсролтой, зарчимтай, асуудлыг эрүүл саруулаар хардаг ийм залуус юуны төлөө бие биенээ үзэн ядан хэмлэлдэнэ вэ. Уулзаад ярихаараа “Чи ийм хүн байсан юм уу. Ийм зүйл бодож байгаа юм уу. Бид хоёр яг адилхан бодож байна шүү дээ” гэдэг. Өөрсдөө уулзаж ярилцдаггүй, хүний үгээр хүнийг дүгнэдэг ийм байдал үргэлж бусдын олз болж байдаг.

Улс төрд ахмад, залуу гэж байна. Ахмад гэдгийг би насаар ярихгүй байгаа шүү. Оюун ухаан нь үхжирчихсэн хүмүүсийг цаг хугацааны хувьд элэгдлээ гэж байгаа юм. Тоолоход нас, харагдах байдал нь залуу боловч тархин доторх үхжирсэн байдал нь аль эрт авсандаа орж дээ гэж бодоход хүргэх хүн ч байдаг.

Бусдын үгээр талцаж хуваагдсан, зөрчилдөж тэмцсэн энэ байдал дотоод улс төрөөс гадна гадаад харилцаанд ч харагдаж байна. Тогоон дотроо хэдэн залуус нь хэмлэлдээд дараа нь бие биенээ харж байхад монгол дотроо зодолдсон зодооны үр дүнд хожил нь гадагшаа хожигдол нь дотроо үлдэж байх. Үүнийг бид бодох ёстой. Жаахан ухаан зарахгүй бол болохгүй нь. Нэг нам сүйрэх, нэг улстөрч унах байдаг л зүйл. Харин энэ улсаа унагачихвал яана аа.

-Манайхан улс орны хөгжил хийгээд сайн сайхан амьдрах энэ бүхэн улстөрчдөөс хамааралтай мэт байх болсон. Үнэндээ иргэдийн оролцоо дутаад байна уу гэж бодогдох юм?

-Иргэдийн оролцоо гэдгээ учиртай ярихгүй бол хорлонтой хоосон үг. Иргэдийн оролцоо гэдэг асуудлаа мэдэхгүй дур дураараа дуртай юмаа ярихын нэр биш гэдгийг эхлээд санах ёстой. Иргэдийн оролцоо дөрвөн зүйлээс их хамаарна. Нэгдүгээрт, эрх мэдэлгүй ч тухайн салбарын мэргэжилтнүүд салбартаа оролцоотой байх тухай яриа. Нэг нөхөр улс төрийн кранаар үсэрч орж ирж дарга болчихоод дурын салбарыг би мэдэж байна гэж тонгочуулахаас илүүтэй мэргэжилтнүүд нь эрх мэдэлгүй байж болох ч тэдний туршлага, мэдлэгийг нь салбарт нь өрсөлдөөнд оруулж аль нь илүү зөв бэ, аль нь асуудлаа шийдэж чадах вэ гэдэг асуултад хариу олох учиртай. Иргэдийн оролцооны нэг чухал зүйл нь мэдээлэлтэй, туршлагатай, салбартаа мэргэжилтэн болсон хүмүүсийн санаа бодлыг нийгмийн хэлэлцүүлгийн индэрт албан ёсоор оруулж улстөрчид сонсож сурах явдал. Монгол хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь сайн дурын уран сайханчид улс төр гэдэг олсоор, намаар дамжин орж ирчихээд бүх мэргэжлийн салбарыг мэргэжилтнүүдээс нь хулгайлж, зувчуулж, булааж авч байгаатай холбоотой. Улстөрчид үнэнээ хэлэх ёстой. Улстөрчдийн нэг авьяас нь хүмүүст таалагдах, дэмжлэг авах. Үнэхээр үүнийгээ хийж чаддаг. Иргэдийн дэмжлэгийг авч байгаа дээрээ өөрийн муйхар тэнэг бодлыг биш мэргэжилтнүүдийнхээ тооцоо, судалгаатай байр суурийг гаргаж ирэх ёстой.

Хоёрдугаарт, мэргэжилтнүүдээс гадна асуудлын хойноос олон жил хөөцөлдсөн иргэний нийгмийн идэвхтэнүүд байдаг. Энэ ийм байдаг юм байна гэж гэнэт ухаарч буй улстөрчөөс хавьгүй илүү олон жилийн сэтгэл, хийсэн ажил, туршлага тэдгээр хүмүүст байдаг. Тэр хүмүүсийн санаа бодлыг сонсох чухал. Сэтгэл, туршлага дээр нь суурилж тэр хүмүүсийн санаа бодлыг улс төрийн бодлогын нэг хэсэг болгох гэдэг бол иргэний оролцооны мөн л чухал хэсэг.

Гуравдугаарт, эрх ашиг нь хөндөгдсөн хэсэг. Асуудал босоход түүнээс болж эрх ашиг нь хөндөгдөж байгаа бол жаахан сонирхлын зөрчил үүсэх ч хамгийн бодитой бөгөөд хэрэгцээтэй шаардлагуудыг тэд тавьж эхэлдэг. Тэднийг сонсох, оролцуулах тухай яриа бол хүний эрхийг зөрчихгүй байх нэн чухал сэрэмжлүүлэлт болно.

Дөрөвдүгээрт, эрх ашиг нь хөндөгдөөгүй тухайн асуудлаар олон жилийн туршлага хуримтлуулж иргэний идэвхтэй байдлаар хөөцөлдөж байгаагүй, тэр салбарын мэргэжилтэн биш ч ардчиллын уг үндсийг мэдрээд үүнд би санаа зовж байна гээд ирж байгаа мэдээлэлтэй иргэдийг оролцуулах явдал. Энэ дөрвийг улс төрийн байр суурин дээрээ хүлээн зөвшөөрөөд сонсож чаддаг, сонссон зүйлдээ итгэж үүнийхээ төлөө явж чаддаг улс төрийн манлайлагч лидерүүд байх юм бол энэ улсад шийдэгдэхгүй зүйл цөөхөн байх биз.

-Хуульч хүний хувьд Эрдэнэт үйлдвэр дээр үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ. Зээл авсан хүн нь тодорхой байхад Эрдэнэт үйлдвэр зээлийг төлнө гэх юм?

-Утаа хаашаа хийсэхийг биш, салхи хаанаас салхилж байгааг харах хэрэгтэй. 2013 онд энэ хэрэг шалгагдаад эхэлсэн. Тэр үед би өөрийгөө их өөдрөгөөр бодож байсан байна лээ. 2016 он хүртэл би сайд хийнэ. Надад гурван жил байна. Манай хууль шүүхийн систем хэргийг мухарлаж, шийднэ гэж бараг байхгүй. Дор хаяж 5-6 жил болдог. Эрх мэдэл, мөнгөтэй хүмүүс орооцолдоод ирэхээрээ хуулийн шалгаж буй процессийг албаар удаашруулдаг. Цаг авах гэж оролддог. Замхруулах гэж хичээдэг. Ийм сорилтуудтай угаасаа тулна гэж мэдэж байсан. Ийм тохиолдолд манай хуулийнханд ямар асуудал байдаг вэ гэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нэрээр хэргийг хэрэгсэхгүй болгочихдог юм. Энэ зөвхөн том хэргүүдтэй холбоотой биш, ахуйн түвшинд гардаг жижиг хэргүүдтэй ч холбоотой. Иргэд ч гомдол гаргадаг. Хулгайлсан юм уу, юмыг нь залилсан этгээд маш тодорхой байдаг. Энэ надаас мөнгө авсан. Хохирол барагдуулаад өгөөч гэхээр нөгөөх нь өгнө гэдэг. Ингэж цаг авдаг. Эцэстээ чадахгүй гэдэг. Чадахгүй гэсэн нөхөр нь хуулийнхантай холбоо хэлхээ тогтоож байгаад удаашруулдаг. Нэг мэдсэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгочихдог. Хохирогч болохоор авсан хүн нь энэ байна, болсон үйл явдал тодорхой байна шүү дээ. Тийм байхад миний мөнгийг олоод өгчихөлгүй яагаад хэргийг нь хэрэгсэхгүй болгож байгаа юм гэдэг. Хэрэг нь хэрэгсэхгүй болохоор мөнгө төгрөг нь замхраад алга болдог. Ийм байдлаар гомдогсод олон.

Манай хууль үнэхээр болхи байсан. Бид зассан. Хийсэн зүйл нь тодорхой, болсон явдал нь баримттай байхад хуулиараа хөөн хэлэлцэх хугацаа байж болно. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Тэр хэргийг 10 жил шалгасан ч хамаагүй. Мөрдөн шалгах үйл ажиллагаа явж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдаад ял завшдаг байдал зогсоно. Хариуцлага үүрнэ, хохирлоо барагдуулна гэдэг хууль хийсэн. Харамсалтай нь МАН 2016 онд засгийн эрхийг авангуутаа хамгийн түрүүнд хуулийн салбарт гар дүрж, Эрүүгийн хуулийг өөрчилж, Эрүүгийн процессийн хуулиудыг буцаасан. Тэдний хийсэн ажил ердөө л энэ. Хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах гол ганц амин сүнсийг нь авч хаясан. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээр тасалдана гэснийг анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар гээд хийчихсэн. Шүүх хуралдааныг хэдэн ч удаа хойшлуулж болно. Анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө 10 жил ч болгож болно шүү дээ. Ингэснээр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад хэрэгсэхгүй болно. Бид юу гэж бодсон гэхээр 2013 онд Эрүүгийн цагдаагаас хавтаст хэрэг нээсэн. Хэргийг мөрдөн шалгах эхлүүлсэн л бол Эрдэнэтийн 51 хувийг луйвардсан этгээдүүдийн хөөн хэлэлцэх 2013 он тасалдах ёстой. Өнөөдөр 2018 он болтол таван жил шалгаж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа зогссон байгаа шүү. Хичнээн удаа тэлчилж хэргийг удаашруулсан хамаа байхгүй, шалгаад хууль шийдвэрээ гаргаад явна гэдэг зарчим байсан. Үүнийг үгүй хийсэн. Одоо яаж бантан зуурах юм бүү мэд.

-Та өөрийн твиттер хуудаснаа бухимдаад байсан заалт байна, тийм үү. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулж болох уу?

-Тийм. Эрүүгийн хуулинд буцаагаад орууллаа гээд яах юм. Эрүүгийн хуулийнхаа зарчмаар хүнд хуулийг буцаан хэрэглэхгүй гэдэг зарчмаараа явах байх даа. Ийм хуулийг миний санаж байгаагаар 2007 онд бас хийсэн. Албан тушаалын хэргийг Эрүүгийн хуулиас хасангуутаа “Өө, мартсан байна шүү дээ” гэж буцаж оруулаад албан тушаалын хэсэг хасагдсан байсан тэр хэсэг дээр маш олон албан тушаалын хэрэг дээр хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй, албан тушаалын хэрэг байхгүй байсан гээд гараад явчихсан. Мэдэн будилах байдлаар санаатай, санаагүй өөрөө өөрсдөдөө зориулж хууль хийдэг байдал зогсохгүй нь ээ. 2017 онд ингэж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байхад одоо “Эрдэнэт пү па” гэж хашхирч байгаа хүмүүсээс хэн нь ч салхи хаанаас салхилж байгааг олж хараагүй. Утаа хаашаа хийсэж байгааг хараад л том том юм яриад, хуулийн хуучин уламжлалаа сэргээнэ гэх шахуу юм яриад байсан. Хэлсэн. Үг аваагүй. “Тэмүүжинг сонсоно гэж юу байдаг юм. Энэний хуулийг өөрчилж л байвал болно” гээд нүдээ аниад дайрчихсан. Ах нартаа гавьяа байгуулж, өөрөө амьд үлдэх гэж оролддог хандлага толгойд нь суучихсан учраас юу хийж байгаагаа ойлгохгүй нүдэн балай, чих нь дүлий бүх зүйлийг ах нарынхаа үгээр зүтгүүлсэн. Сүүлд нь манай намд ийм муухай авлигач байсан байна гэж орилоод яах юм. Өөрсдөө тэр хүмүүсийг ялгүй байх хуулийн нүх сүвийг нь хийж өгчихөөд.

-Таныг сайдаар ажиллах хугацаандаа хууль зүйн салбарт реформ хийсэн хүн гэдэг. Манайхан шинэчлэл хийж байгаа хүмүүстээ дургүй байдаг юм шиг байдаг. Ямар нэгэн байдлаар харлуулах гэсэн хар технологи явдаг. Үүнийг биеэрээ туулсан хүн нь мөн л таныг гэдэг л дээ. Яг ямар схем, технологи явдаг вэ?

-Хүмүүс дараа нь надад зөндөө ярьсан. Гурван зүйл надад хэлж байна лээ. Нэгдүгээрт, “Чи хүмүүсийн амин зуулгаар битгий оролд л доо” гэсэн. Зарим хүмүүс хуулийн нэрээр, хуулийн сүр хүчээр амин зуулгаа залгуулдаг байсныг нь би оролдоод эхлэхээр дургүй байсан байх. Олдог ашгийг нь, бусдыг айлгадаг нэр сүрийг нь, амьдралаа залгуулдаг орлогын үүдийг нь хаах гэж оролдсон учраас дургүйцсэн. Хуулийн байгууллага ямар тэдний амин зуулга биш дээ. Хуулийн байгууллага гэдэг нийтийн ашиг сонирхол, шударга ёсны төлөө явах ёстой болохоос биш байгууллагын нэрээр амьдардаг, тэнд нь ажил хийж байгаа нэртэй, хүмүүс алх тогшоод, гарын үсэг зураад орлого олж, хөрөнгө цуглуулдаг байж болохгүй. Дахиад боломж олдвол амин зуулгаар нь оролдох л ёстой.

Хоёрдугаарт, ихэнх нь манай намынхан надад хэлж байсан юм. “Ах нарынхаа үгнээс битгий зөрж бай. Хааяа ч гэсэн үгэнд нь орж байгаа царай гарга л даа” гэсэн. Тархиа эрх мэдэл дээр сууж байгаа хүний улан доор тавьчихаад өөрчлөлт хийнэ гэж байхгүй. Тархи хүний улан доор биш, өөрийнх нь толгой дотор байж өөрчлөлт хийнэ. Тиймээс ах нарын үгэнд орох тухай биш, зөвийг нь тусгаж аваад бурууг нь хаяад өөрийн шийдвэрээ гаргачих чадалтай, өөрийн үеийг төлөөлдөг бодолтой байх хэрэгтэй л гэж зөрүүдэлсэн.

Гуравдугаарт, “Цаг нь болоогүй зүйлийг эхлүүллээ” гэж байна лээ.

-Тэр нь ямар учиртай зүйл юм бэ?

-“Зөв нь зөв. Гэхдээ цаг нь арай болоогүй байсан юм даа” гэсэн. Цагийг нь хүлээгээд байвал амин зуулгаа залгуулдаг нөхдүүд чинь тэр цагийг ирүүлэхгүй. Хаалгыг нь нээж цагийг эхлүүлдэг болохоос хаалга өөрөө нээгдэх байх гээд цагийг хүлээдэггүй. Хэдий болтол бусдын амьдралыг золин сайн цагийг хүлээх юм. Сайн цагийг хүмүүс эхлүүлдэг. Түүнээс өөрөө ирдэггүй биз дээ. Угаасаа ийм зүйлийг туулна, унах нь ойлгомжтой гэдгээ харж байгаа бол эрт унасан нь дээр. Унахгүй байя гээд дэнжигнээд байвал сүүлдээ нүүрээрээ газар харуулдан унана. Харин эрт унаж өвдгөө шороодчихоод, тулж босоод тоосоо гөвчихөөд цааш алхвал дараагийн ажилд илүү амар. Түрүүнээс хойш хэллээ дээ. Манайд банк санхүү, улс төрийн эрх мэдлээрээ хуулийг өөртөө үйлчлүүлэх гэж оролддог хэсэг хоорондоо зодолдож байгаад өөрт нь аюултай хүн гараад ирвэл нийлж байгаад балбаж алга болгочихоод буцаад хоорондоо зодолддог. Өнгөрсөн 28 жилийн түүхийг харахаар өөр хоорондоо зодолдсон дүрүүд харагдаад байгаа хэдий ч яг аминдаа тулбал өөрийнх нь идүүртэй хоолыг өшиглөх өөр хэн нэгнээс үхтлээ айна. Тийм нэгэн гараад ирвэл нийлж байгаад хөөж гаргана. Тэгээд өөрсдөө үлдсэн хойно оо дахиад хоорондоо зодолдоно. Авлига, албан тушаалын схемээрээ цөлмөж идэж байгаа нөхдүүдийг танай манай гэхгүй гортигны гадна гаргаж байж энэ нохойн замаас улс орноо гаргах байх даа.

-Эдгээрийг цэгцлэхийн тулд нэг биш, нэлээд хэдэн хүн нэр хүндээ золиослон зүтгэх шаардлагатай байх даа?

-Угаасаа энэ бүгдийг туулах байх аа.

-Тийм болохоор л өнөө залуусын зоригийг нь мохоогоод байх шиг байна?

-Хагас зэрлэгшсэн ийм нийгэмд өөрчлөлт урсгалаараа яваад хийгдчихнэ гэж байхгүй. Ялангуяа улс төрийн орчин зэрлэгшил дээрээ дайсагначихсан байна. Маш их хэмжээний мөнгө байна. Маш увайгүй нүүр царай байна. Эрх ашгийнхаа төлөө юу ч хийхээс буцахгүй ванкурт боолоор хүрээлүүлчихсэн байна. Бүх зүйл нохойн зам дээр, уралцаантай байна. Зарим зүйл дээр нохой хажууд нь ариун гэгээн болно шүү. Ийм нөхцөлд эрсдэл маш өндөр. Унана гэдгээ мэдэх хэрэгтэй. Гэхдээ ийм хэмжээний эрсдэл гарна гэдгийг мэдээд урагшаа алхах үе олноороо байх хэрэгтэй. Улс төрийн шинэ үе, зарчим, өнгө гарч ирэхгүйгээр сая ярьсан бүхэн өөрчлөгдөхгүй.

-Та өөрийн нэр хүнд, гэр бүлээсээ эхлээд энэ бүхнээ золиослон зүтгэсэн дээ одоо харамсдаг уу. Хуулийн салбарт шинэчлэл хийсний гавьяа хаана байна. Буцаагаад хуулиудыг чинь өөрчиллөө шүү дээ?

-Ийм бодлого, тийм өөрчлөлт гэж том зүйл ярихаас илүүтэй жирийн нэг иргэний ярьсан зүйлийг хэлэх хэрэгтэй байх. Дөрвөн жилийн өмнө над руу нэг хүн утасдаад намайг загнаж байсан юм. “Чиний шинэчлэл ч гэж дээ. Яахав ээ, цагдаа нар чинь хараал хэлэхгүй байна. Аашилж загнахгүй байна. Доромжлохгүй байна. Соёлтой инээж байгаад хуулийн шаардлагуудаа тайлбарлаж байна. Ингэж инээж байгаад торгодог болсон юм биз дээ” гэж байсан. Бодвол торгуулмааргүй байна гэсэн санаа байх. Саяхан нөгөө хүн залгаж байна. “Хэдэн жилийн өмнө би чамайг загнаж байсан юм. Бараг торгуулахгүй санаатай даналзаж байв. Одоо ойлгож байна. Инээдэг цагдаа байхгүй шүү. Харааж байгаад торгочихож байна. Тэр үед би даварч байсан байна шүү. Чиний хийх гээд байсан шинэчлэл иргэн дээр ирэхээрээ юу байдаг вэ гэдгийг мэдэрч байна. Хууль зөрчсөн бол торгуулна аа, торгуулна. Гэхдээ хараалгамааргүй байна, хүнээс гадуур дорд үзэгдмээргүй байна. Ардчилсан намыхны хийсэн шинэчилэл чинь Хууль хүн дээр инээж ирж болдог гэдгийг харуулах гэж оролдсон том шинэчлэл байсан юм байна. Хүн сүүлд нь ойлгодог юм байна” гэж ярина лээ.

-Одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд 4-5 удаа сайдаар ажиллачихсан. Өмнө нь хийгдээгүй зүйлсийг одоо хийх боломжтой юу?

-Бусад хүн үнэлэх зүйлийг би үнэлээд яахав. Хувь хүндээ биш, энэ хоёр улс төрийн хүчний мөн чанарт нэг зүйл бий. Ардчилсан нам гарахаараа хуулийн байгууллагыг иргэнд ойртуулах гэж оролддог. Иргэнлэг болгох гэж хичээдэг. Иргэнтэй ижил түвшинд харьцдаг соёлтой болгох гэж зүтгэдэг. Ардын намынхан гарахаараа иргэнээс тасдаж аваад даргынх болгох гэж оролддог. Бөөн генерал, цэрэг үйлдвэрлэж байгаад иргэнийг айлгаж, ичээх, дарамтлах хэрэгсэл болгох гэдэг. Юун иргэн манатай тэнгэрт суудалтай хэдэн хүн гаргаж аваад тэд нь бүгдийг захирах гэдэг л дээ. Хандлагын зөрүү ердөө л энэ.

-Та бид хоёрыг энд ярилцаж байх зуур УИХ-ын гишүүн асан С.Баярцогт сүүлийн үед үүсээд буй асуудлаар мэдээлэл хийж байна. Түүнтэй холбоотой асуудлаар таны байр суурь ямар байгаа бол?

-С.Баярцогт мэдээлэл хийж байна. Түүний мэдээллийг бүрэн үзэж амжаагүй явна. АН-ын нарийн ширийн дотоод асуудал болон С.Баярцогттой холбоотой асуудлаар эргэж тухтай ярилцъя. Ярилцлагаа ингээд өндөрлөе.

 

Source: DNN

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.