2024 оны 04 сарын 28
Зочин
​Б.Жаргалсайхан: Монгол эмэгтэйчүүдийн жирэмслэлт эрс буурч байгааг судалсан

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС),  Япон улсын  Нагоя их сургуулийн оюутнуудын хамтарсан “Эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт олон улсынсургалт 2018 оны наймдугаар сарын 21-ны өдөр боллоо. Анагаахын оюутнуудын дунд “Эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдвээр анх удаа олон улсын хамтарсан сургалтыг англи хэл дээр зохион байгуулснаараа онцлогтой байв. Энэ үеэр тус сургалтыг зохион байгуулсан, АШУҮИС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор Б.Жаргалсайхантай ярилцлаа.      

-"Эх, хүүхдийн эрүүл мэнд" сэдэвт олон улсын хамтарсан сургалтанд Япон улсын Нагоя их сургуулиас ямар бүрэлдэхүүнтэй эрдэмтэн, профессор,  оюутнууд оролцов ?  

-"Эх хүүхдийн эрүүл мэнд” сургалтад Японы Нагоя их сургуулийн  профессор Нобуюуки Хамажима, профессор Эйко Ямамото, АУ-ны доктор Такахаши Юки,  АУ-ны доктор Асано Мидори нар оюутнуудын хамт оролцсон.  Монгол-Япон оюутнууд агаарын бохирдол эх хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх, жирэмсний хяналт, дутуу төрөлт, амьгүй төрөлтөөс урьдчилан сэргийлэх боломж, ихсийн үүрэг,  жирэмсэн үеийн халдвар хяналт, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний тухай, нийт 14 судалгааны ажлын үр дүнг танилцуулан эх, нярайн тулгамдсан асуудлаар харилцан илтгэл тавьж, туршлага солилцсон. АШУҮИС нь Японы Нагоя их сургуультай олон жилийн хугацаанд багш, оюутан солилцох, хүрээнд хамтран ажиллаж байна.

- Та Нийслэлийн агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаарх судалгааг АНУ-ын Лос Анжелесын хүүхдийн эмнэлэгтэй хамтран хийсэн гэсэн. Судалгааныхаа үр дүнгийн талаар танилцуулахгүй юу? 

-АНУ-ын Лос-Анжелесийн хүүхдийн эмнэлгийн профессор Давид Варбуртон, түүний судалгааны багийнхантай агаарын бохирдол (SO2, NO2, CO) эх, урагт хэрхэн нөлөөлөх нөлөөлөх тухай судалгааг хамтран хийж байна. Байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр ан амьтан, хүний эрүүл мэнд, эдийн засагт хохирол үзүүлдэг атмосферийн агаар мандалд ялгарч буй хатуу, шингэн хийн хольц, биологийн биетийг агаарын бохирдол гэдэг. Эдгээр хийн хольц хүний эрүүл мэнд төдийгүй экосистемд сөргөөр нөлөөлдөг. Улаанбаатар хотын 11000 гаруй эхийн төрөлтийн түүхэнд 2016 онд судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд агаарын бохирдол, утаа  эх, хүүхдийн эрүүл мэндэд маш ноцтой нөлөөлж буй хэд хэдэн шинжүүд илэрсэн. 

Нэгдүгээрт, ид утааны улирал буюу арваннэг, арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сард эмэгтэйчүүдийн жирэмслэлт буурч байгааг тогтоосон. Агаарын бохирдлын хамгийн оргил үе  буюу 11,12,1 дүгээр сард жирэмсэлсэн эхийн тоо бусад сард жирэмсэлсэн эхийн тоотой харьцуулахад бага байсан нь анхаарал татаж байв. Энэ нь агаарын бохирдлын найрлаган дахь хүнд металлын элементүүд(Cu, Pb, Cr, As)  үр хөврөл бүрэлдэх үйл явцад тухайлбал, эр бэлгийн эсийн хөдөлгөөн, эм бэлгийн эсийн үүсэлт, тэдний хоорондоо эвцэлдэн үр тогтох үйл явцад сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болохыг илтгэж байна. Ийм учир үр тогтолтод хэрхэн нөлөөлж байгааг молекул биологийн түвшинд цаашид үргэлжлүүлэн судлах шаардлагатай байна.

Хоёрдугаарт өвлийн улиралд гэр хороололд амьдардаг эхчүүдээс төрсөн нярайн жинг орон сууцанд амьдардаг эхчүүдээс төрсөн нярайн жинтэй харьцуулан судлахад  60-90 гр хэмжээгээр бага байв. Үүнд амьдралын хэв маяг нөлөөлөхийн зэрэгцээ ус, агаар, хөрсний бохирдол нөлөөлөх талтай юм. Бид хамтын судалгааны ажлын үр дүнг АНУ-ын хоёр  сэтгүүлд хэвлүүлэн, олон улсын хуралд амжилттай хэлэлцүүлсэн.  

-Судалгааныхаа ажлын цар хүрээний талаар танилцуулахгүй юу. Хэчнээн эх, хүүхэд хамрагдсан бэ. Хэдий хэр хугацаанд хийсэн судалгаа вэ? 

-Нийслэлийн Өргөө, Амгалан амаржих газарт төрсөн 15000 гаруй эхийн төрөлтийн түүхэнд 2016 онд хийгдсэн судалгаа юм. Төрөлтийн түүхээс мэдээлэл түүх, статистик боловсруулалт хийхэд хагас жил гаруй хугацаа зарцуулсан. Судалгааны ажлын статистик боловсруулалтын АНУ-ын Лос-Анжелесийн хүүдийн эмнэлэгт хийсэн.

-Агаарын бохирдлыг арилгаж, тодорхой арга хэмжээ авахгүй бол жил ирэх тутам утааны хэмжээ нэмэгдсээр л байна. Одоо жин багатай хүүхэд төрж байгаа юм чинь 5 жилийн дараа ч юм уу, хойшид гарч болох эрсдэл юу байх вэ? 

-Зөвхөн агаарын бохирдол гэж явцуу хүрээнд ойлгож болохгүй юм. Агаарын бохирдол нь ус, хөрсийг бохирдуулах шалтгаан болдог. Хүрээлэн байгаа орчны бохирдол (ус, агаар, газрын хөрс) нь дутуу зулбалт, дутуу төрөлт, амьгүй төрөлт, ургийн гажиг хөгжил, жирэмсний хүндрэл  үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдгийг дотоодын болон гадаадын  судлаачид нотолгоонд суурилсан судалгаануудаар баталсан. Тухайлбал: Ургийн төрөлхийн гаж хөгжил (Ө.Оюунчимэг 2007) ураг аяндаа зулбах (Д.Энхмаа 2014) нь агаарын бохирдолтой шууд хамааралтайг судалсан байдаг.

Сүүлийн жилүүдэд манай улсад эх барихын дээр дурдсан эмгэгүүдийн тоо буурахгүй өсөх хандлагатай байна. Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд ч биш агаарын бохирдол нь хөдөө орон нутагт ч ажиглагдаж байнаӨвлийн улиралд гэр хороолол дахь түүхий нүүрсний хэрэглээ ихэссэнээр агаарт ялгарах хорт бодис, хүнд металлын хэмжээ нэмэгддэг. Түүхий нүүрсний хэрэглээг багасгах эсхүл хэрэглээнээс хасаж коксжуулсан нүүрс хэрэглэх аргад шилжихэд төрийн оролцоо зайлшгүй чухал үүрэгтэй. Гэр хорооллыг орон сууцжуулснаар агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Гэвч, ойрын үед гэр хорооллыг орон сууцжуулах боломжгүй учир эхчүүд өөрсдөө өвлийн улиралд тусгай зориулалтын шүүлтүүртэй маск зүүснээр хэвлий дэх ургаа бага хэмжээгээр ч болов агаарын бохирдлоос хамгаалах боломжтой юм.    

-Та жирэмсэн эмэгтэйчүүдийн маскны хэрэглээний талаар судлахад ямар үр дүн гарсан бэ? 

-Бидний судалгаагаар гэр хороололд амьдарч байгаа жирэмсэн эмэгтэйчүүдийн маскны талаарх мэдлэг, хандлага хангалттай сайн байлаа. Харин “Зориулалтын шүүлтүүртэй маск нь үнэтэй учир хэрэглэж чадахгүй байна” гэсэн гэр бүлийн эдийн засагтай холбоотой дүгнэлт гарсан. Ийм учир эмийг даатгалд оруулдагийн нэгэн адил маскийг эрүүл мэндийн даатгалд хамруулчихвал хэрэглээ нэмэгдэх гарц харагдаж байна.  

Жирэмсэн эхийн төрөлт сэдээх шинжилгээний аргыг Монголд анх удаа нэвтрүүлнэ    

-Агаарын бохирдлоос гадна эх, хүүхдийн эрүүл мэндэд тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ. Мөн цаашдын судалгааны ажлынхаа талаар танилцуулахгүй юу? 

-Шинжлэх ухааны академи, Эрүүл мэндийн яамтай хамтарч перинатал эндэгдлээс сэргийлж болох арга замуудын талаар судалсан. Судалгааны үр дүнгээс  эх нярайн эндэгдлийг бууруулах олон арга зам байгааг олж харсан. Жирэмсний тээлтийн явцад ураг нь эндсэн эхчүүдийн дийлэнх нь жирэмсний хяналтад хамрагдаагүй эсхүл цөөн тоотой үзүүлсэн, эрхтэн тогтолцооны архаг хууч өвчинтэй боловч эмчлүүлээгүй зэрэг шалтгаанууд дийлэнх хувийг эзэлж байв. Энэ нь тухайн эхийн эрүүл мэндийн мэдлэг, боловсрол хангалтгүйг харуулна. Жирэмслэхээс өмнө эмэгтэйчүүд өөрсдөө эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдан, архаг хууч голомтот өвчнөө бүрэн эмчлүүлж, эдгэрсний дараа жирэмслэх нь хамгийн зөв шийдэл юм. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг. Гэтэл жирэмсний тээлтийн явцад архаг хууч өвчин нь сэдэрснээр эх,нярай өвчлөх, улмаар эндэх шалтгаан болдог.  

АНУ, Япон, Австрали улсын эрдэмтэн судлаачидтай хамтарсан жирэмсэн эмэгтэйчүүдэд В бүлгийн стрептококкийн халдварыг илрүүлэх, трофобластын өвчний оношилгоо, эмчилгээний менежментийг сайжруулах, төрөлт сэдээх аргыг боловсронгуй болгох гэсэн судалгааны ажлууд эхлэлийн шатандаа явж байна. Нэгээс хоёр жил орчмын дараа судалгааны үр дүнгээ тооцох боломж бүрдэнэ. Жирэмсэн эмэгтэйчүүдэд В бүлгийн стрептококкийн халдварыг илрүүлэх судалгааг өөрийн оронд анх удаа нэвтрүүлснээр дутуу зулбалт, дутуу төрөлт, амьгүй төрөлт, ураг орчмын шингэн цагаас урьтаж гарах, эх, нярайн үжил халдвар, кесар хагалгааны түвшин  буурахад үнэтэй хувь нэмэр оруулах болно. Мөн жирэмсэн эхийн төрөлт сэдээлтийг боловсронгуй болгох аргыг Монголд нэвтрүүлэх гэж байна.  ДЭМБ-аас зөвлөж байгаа төрөлт сэдээх аргыг Монголд нэвтрүүлнэ. Үүнийг нэвтрүүлж чадах юм бол эхчүүдийн хийсвэр хагалгааны давтамж буурч, өөрөөр нь төрүүлдэг болно.    

Эдгээр судалгааны ажлыг хэрэгжүүлэхэд тусалж дэмжин, хамтран ажиллаж буй АШУҮИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар, Анагаах ухааны сургууль, Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим, Хавдар судлалын үндэсний төв, Нийслэлийн өргөө, Амгалан амаржих газар, Эмгэг судлалын Үндэсний төвийн  хамт олонд чин сэтгэлийн талархалаа илэрхийлье. 

-Таны АУ-ны докторын судалгааны ажил умайн хоргүй хавдарын оношилгоо, эмчилгээний асуудалтай холбоотой юм билээ. Чухам ямар судалгааны ажил хийсэн бэ. Эмэгтэйчүүдийг умайн хоргүй хавдарт  хүргэж буй гол хүчин зүйл юу байна вэ? 

-Умайн хоргүй хавдарын эмгэг жамд Р53,  Ki67 уургийн хэмжээ эсийн хуваагдалд хэрхэн нөлөөлж буйг өөрийн орны нөхцөлд судалсан. Энэхүү судалгаагаар умайн хоргүй хавдар эсийн хуваагдлаас шалтгаалан хурдан эсхүл удаан явцтай ургаж хөгждөг нь батлагдсан.. Энэ судалгааг хийхэд олон хүний хүч хөдөлмөр шингэсэн. АШУҮИС-ийн эмгэг судлалын тэнхимийн багш, одоо Япон улсын Чиба их сургуульд зочин профессороор уригдан ажиллаж буй АУ-ны доктор Д.Эрдэнэцогттой хамтран  умайн хоргүй хавдарт Р53,  Ki67 уургийг судлах молекул биологийн шинжилгээний аргыг өөрийн орны эх барих эмэгтэйчүүд судлалын практикт анх удаа  нэвтрүүлсэн шинэлэг ажил болсон юм.  Бид урвалж бодисоо Дани улсад төвтэй үйлдвэрээс нь захиалж авчруулан ажлаа эхлүүлж байлаа.

Умайн хоргүй хавдар нь 30-аас дээш насны таван эмэгтэй тутмын гуравт түгээмэл тохиолддог эмгэг. Умайн хоргүй хавдар үүсэхэд удамшил, олон удаагийн үр хөндөлт (>1), эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний архаг үрэвсэл, өндгөвчний үйл ажиллагааны дутагдал, цөөн эсхүл хэт олон төрөлт, дутуу зулбалт зэрэг нь нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болно.  Умайн хоргүй хавдар удаан хугацааны явцад үүсэж хөгжин үргүйдэл, цус алдалт, хэвлийн өвдөлтийн шалтгаан болдог учир эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд  тогтмол хугацаанд үзүүлж байх шаардлагатай. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.