2024 оны 04 сарын 29
Зочин
А.Бүрэнбаатар: МСНЭ-ийн ерөнхийлөгч нь ална, хядна гэж явсныг санахгүй байна

Сэтгүүлч А.Бүрэнбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Таныхаар МСНЭ-ийн ерөнхийлөгч яаж ажиллах ёстой юм. Сая гэхэд Өмнөговь аймаг руу сэтгүүлчдийг дагуулж очсон. Уул уурхайн компанитай тэмцэх нь Эвлэлийн ерөнхийлөгчийн хийх ажил мөн үү?

-Энэ бол буруу үзэгдэл. Хувь хүнийхээ тухайд Х.Мандахбаяр гэдэг хүн очоод тэмцэж болно. Гэхдээ тэр хүн Эвлэлийн ерөнхийлөгч гэсэн шошго өөр дээрээ наачихсан. Хаана ч явсан тэгж хардаг болсон. Өмнө нь сайтаараа, сониноороо, Ардын намаараа овоглодог байсан бол одоо сэтгүүлчдээр овоглож байна. Тэр бусармаг асуудлыг хөндөж тавих  нь зүй тогтлоороо сэтгүүлчид сэтгэлийн дуудлагаараа хийх ажил.

Энэ зүй тогтлыг бий болгох хүн нь Эвлэлийн ерөнхийлөгч. Нарийн яривал Х.Мандахбаяр.

Үнэхээр болохгүй бүтэхгүй байгаа бол эрэн сурвалжлах, шуурхай мэдээний албаныхан очоод сурвалжилна. Сурвалжилсаар ч ирсэн. Зөвхөн Х.Мандахбаяр энэ асуудлыг сөхөөд гаргасан асуудал биш. Олон сэтгүүлч хөндөж, хийж байсан. Мэдээлэл авах орчин, нээлттэй ил тод, шуурхай байх асуудлыг шийдчих юм бол сэтгүүлчид бид өөрсдөө хийчих асуудал. Тэр орчин нь бий болохгүй болохоор мөнгөтэй хүмүүсийн халаасанд сэтгүүлчид орчихоод байна. Энийг засах ёстой тэр хүн.

-Өмнө нь тухайн телевизийн эзэд нь тодорхой хэмжээнд гарч ирж хэвлэлийн бага хурал хийх, сонин хэвлэлээр дамжуулан ярилцлага өгсөн тохиолдол цөөнгүй бий?

-Захирлууд нь ярилцлага хөтөлдөг, нэвтрүүлэг хийдэг телевизүүд мэдээж байгаа. Түүнээс биш гарч ирж тэмцээд л, ална хядна гэж явсан тохиолдол байхгүй. Санахгүй байна. Ялангуяа МСНЭ-ийн ерөнхийлөгч нь ингэснийг бүүр ч санахгүй байна.

Мөнгөтэй хүний халаасанд орчихсон, хаалтын гэрээ хийчихлээ гээд бухимдаад явж байвал нэг хэрэг. Гэтэл тэгээгүй. Одоо тэгээд будлиантай асуудал болгон дээр Х.Мандахбаяр гэдэг хүн очих юм уу. Тэр хүн Заамарт очооч тэгвэл. Цэвэрлэх байгууламж дээр оч л доо. Хүний амь нас эрсдээд байгаа газарт сэтгүүлчдийг дагуулаад сурвалжил. Хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг яв. Энэ бүх асуудлаар дуугараагүй мөртлөө Өмнөговь аймаг руу яагаад явсан юм. Эсвэл Эвлэлийн ерөнхийлөгчөө болиод сонгуульд нэр дэвших гээд байгаа юм уу?.

-Х.Мандахбаяр ерөнхийлөгчийн хувьд “Миний ард 16 телевиз байгаа шүү” гэсэн утгатай юм ярьсан байна лээ. Тэгэхээр Эвлэлийн ерөнхийлөгч гишүүн байгууллагууддаа шууд нөлөөлөх эрхтэй байдаг гэж ойлгож болох уу?

-Миний хувьд үгүй л гэж үзэж байгаа. Тийм халаасны хэвлэл мэдээллийн байгууллага ч байхгүй. Одоогоор 20 иод өргөн нэвтрүүлгийн телевиз байх шиг байна. 100 гаруй кабелийн суваг байх шиг байна. Орон нутгийн телевизүүдийг оруулж тооцвол бараг 300 гаруй болох байх. Мэдээж өөр хоорондоо олон холбоотой. Телевизүүдийн, кабелийн сувгийн, медиа порт гээд хэд хэд бий. Энэ болгон өөрсдийн эрх ашгийг хамгаалаад явж байгаа. Түүнээс биш Х.Мандахбаярын эрх ашгийг хамгаалдаг юм гэж байхгүй. Өөрөө телевизтэй хүн, тэр нь холбоонд харьяалагддаг, Х.Мандахбаяр ерөнхийлөгч тэндээ хариуцлагатай албан тушаал хашдаг, нөлөөтэй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэгж заналхийлж болохгүй л дээ. Үнэхээр тийм л юм бол бүх телевиз нийлээд телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхэлдэг компаниудтайгаа тэмц л дээ. Авдаг, өгдөг мөнгийг нь байхгүй болгоё л доо. Сард 1.5 сая гаруй төгрөгийг таваас зургаан компанид өгнө гэхээр долоо найм орчим сая төгрөг болдог. Тэр мөнгөөрөө сэтгүүлчдийнхээ цалин, хангамжийг нэмэх асуудлын талаар ярих нь зөв. Ийм шийдэлд хүрвэл телевизүүдийн нуруун дээрх ачаа нь багасч, редакци бэхжихэд дөхөм болно. Гагцхүү түүнийгээ соёлтойгоор ширээний ард суугаад хууль эрх зүйн орчин дээр ажиллаад дүрэм журмаа боловсруулаад явах хэрэгтэй. Тэрнээс ална, тална гэж заналхийлдэг байж болохгүй ээ.  

Ер нь Эвлэлийн ерөнхийлөгчийг тэгж ярьсанд харамсч байгаа. Энэ талаар сошиал хуудаст бичсэний дараа над руу олон хүн хандсан. Х.Мандахбаярын доор ажилладаг зарим залуу хүртэл “Та яаж байгаа юм бэ” гэсэн. Угаасаа олон сэтгүүлч тэгж байгаа шүү дээ. Бид ийм ерөнхийлөгчтэй яанаа гээд л. Дуугарч л байгаа.

Би Х.Мандахбаяр гэдэг хүнийг танихгүй. Гэтэл миний ах шиг надаас асууж байгаа юм. “Танай Ерөнхийлөгч чинь мундаг хүн айлгадаг хүн юм аа” гээд л. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж энэ. Энэ хүн 6000 хүнийг төлөөлж байгаа учраас хариуцлагатай байх ёстой.

Адгийн би МҮОНТВ-ийн нэрийг сэвтээчихгүй аятайхан явах юмсан гэж бодож явж байхад. Одоо үүнийгээ боль гэж хэлмээр байна. Хотын даргатай зөрчилтэй байгаа бол Эвлэлийн ерөнхийлөгчөө өгөөд талбай дээр жагс. Тост, тосон бумбын нурууг ухаж байгаа хүмүүстэй тэмцэх гэж байгаа бол ажлаа өгчихөөд иргэн эсвэл намын гишүүнийхээ хувиар тэмц …

Сэтгүүлч С.Гандөлийн бэлтгэсэн ярилцлагын дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.