2024 оны 04 сарын 20
Зочин
Н.Ялалт: Би жүжигчин мэргэжилдээ тангараг өргөсөн хүн

Энэ удаагийн “Өөр зочин” булангийн зочноор Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Ялалтыг урьсан юм.

-Таны бага нас Налайхад өнгөрсөн гэдэг. Хүүхэд байхаасаа л урлагт сонирхолтой байв уу?
 
-Тийм ээ. Би Налайхад төрсөн. Тэндээ арван жилийн сургуулиа төгсөөд, оюутан болж Улаанбаатар хотод ирж байлаа. Хүүхэд насны минь сайхан дурсамж бүхэн Налайх дүүрэгтэй холбоотой. Хүүхэд байхдаа телевизээр гарч байгаа кинонуудын текстийг их цээжилнэ.
Сургуулиас зохион байгуулж байгаа урлагийн үзлэг, шинэ жилийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог хүүхэд байсан. Манай дуу хөгжмийн багш нар намайг их дэмждэг. Дуу болон хөгжмийн дугуйланд суралцдаг байлаа. Харамсалтай нь би хөгжмийн хичээлээ сайн сурч чадаагүй. Ер нь бол урлагт дуртай болох хамгийн анхны суурийг тавьж өгсөн хүн бол манай арван жилийн дуу хөгжмийн н.Урантүлхүүр багш минь байсан.
 
 
-Жүжигчний амьдралд хөл тавих болсон шалтгаан тань юу вэ?
 
-Жүжигчин болох шалгаан их энгийн. Бусдын нэгэн адилаар л жүжигчин болохыг хүсч мөрөөдөж  тэр зүг рүү зүтгэсэн. 10 дугаар ангид байхдаа нэг цэнгээнт бүжгийн тэмцээнд найзуудаараа ороод түрүүлж байсан юм. Магадгүй тэр надад их түлхэц болсон байх. Тэгээд ч ер нь багаасаа л урлагийн үзлэгт их оролцдог бас монгол кинонуудаа үзэх дуртай, тэр кинонуудыг дуурайж, үг хэллэгүүдийг цээжлэх их дуртай байсан болохоор тэр маань жүжигчний  мэргэжлийг сонгоход нөлөөлсөн байх.
 
-Та бас их хурц тод хэллэгтэй, уран унших авьяастай. Яаж ингэж тод хэллэгтэй болсон бэ?
 
-Багш нар маань зааж сургасан. Арван жилийн дөнгөж нэг, хоёрдугаар ангид орж байхад социалист нийгмийн цаг үе байлаа. Пионерт элсэнэ гэж их том юм болдог байсан. Пионерийн чин эрмэлзлэл, пионерийн тангараг гэж цээжилдэг байв. Тэгээд л цээжилж хурц тодоор уншина. Нөгөө урлагийн үзлэгт чинь бас л магтаал, шүлэг уншиж оролцдог байлаа. СУИС-ийн жүжигчний ангид элсэж ороод тайзны ярианы багш Р.Уртнасан, н.Долгор, сүүлд гавьяат жүжигчин Л.Чаминчулуун багш маань намайг удирдаж төгсгөсөн юм. Энэ хүмүүсийн нөлөө мэдээж байгаа. Энэ хүмүүс надад хурц хэлтэй болох, хэлээ зүгшрүүлэх, тод унших арга барилыг зааж сургасан. СУИС-ийг төгссөнийхөө дараа орчуулгын кинонд олон сайхан жүжигчидтэй хамт ажилласан. Тэр жүжигчид мөн адил миний хувьд маш том багш байсан. Надад их нөлөөлсөн хүмүүс гэж бодож явдаг даа.
 
-Оюутан насны дурсамжаасаа хуваалцвал?
 
-Би 1995-1999 онд СУИС-ийг төгссөн оюутан. Камертон, Хар сарнай, Номин талст гэсэн хамтлаг жинхэнэ уран бүтээл хийж, хит болж, тэдний дууг дагаж дуулж, тэдэнтэй хамт хөгжиж өслөө. Мэдээж улс орон зах зээлийн нийгэмд шилжиж байсан учраас зарим үед хүнд хэцүү байх, өлсөж цангах асуудал гардаг л байсан. Гэхдээ залуу насныхаа эрч хүч, сайхан дурсамжаараа тэр хэцүү зүйлсийг даван туулж, мэргэжил боловсролоо эзэмшсэн. Өөрөө хүсч, мөрөөдөж сонгосон мэргэжилдээ сэтгэл хангалуун байдаг байлаа. Ер нь эмч, цагдаа, цэргийнхэн тангараг өргөдөгтэй адилхан жүжигчид ч гэсэн энэ урлагийн мэргэжлийг сонгосон уран бүтээлчид бүгд л өөрсдийн мэргэжилдээ тангараг өргөдөг. Хэчнээн мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байсан ч тэр мэргэжлийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулж явдаг хүмүүс бол урлагийнхан. Тиймээс би өөрийгөө энэ мэргэжилдээ тангараг өргөсөн хүн гэж боддог.
 
-Сургуулиа төгсөөд телевизид ажиллаж эхэлсэн гэдэг. Тэр үеэс жүжигчин Ялалтын дуу хоолой үзэгчдийн сэтгэлд дотно санагдах болсон. Кино, нэвтрүүлгийн дуу оруулагчдын албанд хэр удаан ажилласан бэ?
 
-СУИС-ийг дөнгөж төгссөнийхөө дараахан “Оюутны амьдрал аа” гэж кинонд хоёрдугаар найруулагчаар ажиллаад бас өөрөө нэг жижигхэн дүрд тоглосон юм. Тэгээд тэр киноныхоо ам барилт, дахин дуу оруулалтыг МҮОНТ-ийн кино программын ерөнхий редакцийн орчуулгын киноны студид хийж байлаа. Тэнд байхад дууны найруулагч, инженер Соёлын гавьяат зүтгэлтэн И.Сүрэнхорлоо эгч маань байсан. Тэр хүн надад “Ялалтаа чи ер нь кино уншвал яасан юм бэ” гэдэг саналыг тавиад, МҮОНТ-ийн орчуулгын кинонд анх дуу оруулж эхэлсэн юм. Кино уншиж явахдаа тэр замдаа бас чадахгүй байна гээд студиэс хөөгдөж ч байлаа. Тэгээд өөрөө хичээж, орчуулгын киноны жүжигчин болно гэж зүтгэсээр байгаад орчуулгын киноны жүжигчин гэдэг энэ сайхан алдрыг зүүх болсон доо.
 
-Дэлгэцэнд амилуулсан олон сайхан дүр танд бий. Хамгийн анх үзэгчдэд танигдсан дүр, тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?
 
-Хамгийн анх Татар хамтлагийн “Бусдын хайрыг хүндэл” дууны клипэнд тоглосон. Тухайн үед Татар хүчээ авч байсан. Тэр дуу хит болж, энэ клипнээс хүмүүс намайг харсан байх гэж боддог. 
 
-Ямар ч дүр дээр ажилласан үргэлж анхаарч байдаг зүйл бий юу?
 
-Би жүжигчин хүнийг хувийн зохион байгуулалт сайтай байх ёстой гэж боддог. Өөрөө ч тийм байхыг хичээдэг. Цагтаа очих, хувцас хунар жижиг хэрэглэл, үг текст, барьж тоглох чиг шугам, дүрийн онцлог, зорилго гээд тэр болгоноо бүгдийг нь ойлгосон, өөрийгөө бэлдсэн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бүх юмаа л жин тан байлгахыг хүсдэг. Мөн тоглох дүрийнхээ сэтгэхүйн онцлог, биеийн үг хэлэмж, тэр болгоныг бэлдэж, олж, судалсан байхыг л хичээдэг. Энэ бол жүжигчин хүнд байх ёстой чадвар. 
 
-Н.Ялалт гэдэг хүний зан төрх, үзэл бодолтой ижил дүрийг бүтээж байв уу? 
 
-Айхтар асуулт байна. Дүр бүтээнэ гэдэг шал өөр асуудал гэж би боддог. Жүжигчин бүр дүр бүтээж чаддаггүй байх. Насаараа жүжигчин хийсэн хүн амьдралдаа ганцхан дүр бүтээсэн байхыг ч үгүйсгэхгүй. Зүгээр киноны дүрд тоглоно гэдэг арай өөр зүйл.
Ер нь жүжигчин хүн өөрт  байхгүй, өөрөөс их хол, ур чадвар шаардсан дүрд тоглох, хэрэв чадвал тэр дүрийг бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн явдаг. Би ч гэсэн яг л тийм жүжигчин. Үнэхээр хүн болгоны сэтгэлд хүрсэн, үргэлж ярьж байдаг, Ялалт гээд жүжигчин гэхэд л миний бүтээсэн дүр үзэгчдийн сэтгэлд бууж байвал тэр дүрийг бүтээсэн л гэж хэлэх байх даа.
-Хүмүүс хуучны кинонууд их сайхан, орчин үеийн кинонуудыг үздэггүй, ойлгодоггүй гэж ярьдаг. Жүжигчин хүний хувьд та үүнийг юу гэж боддог вэ?
 
-Нэгдүгээрт, кино болон контент хоёроо ялгаж салгах хэрэгтэй. Контентийн хэмжээний зүйлийг кинотой зүйрлэж болохгүй. Кино бол шал өөр зүйл. Контентийн хэмжээний зүйл хийчихээд кино театрт кино гэж гаргаад байхаар үзэгчид кинонд ам муутай болж байна. Жинхэнэ кино болон видео контент хоёрыг хооронд нь ялгах хэрэгтэй. Алдааг бид өөрсдөөсөө л хайх хэрэгтэй байх. Түүнээс биш хэн нэгнээс хайх хэрэггүй. Сайн кино болоход нөлөөлөх хүчин зүйл их. Эдийн засаг, сайн зохиол, сайн найруулагч, сайн оператор, сайн жүжигчид гээд бүх зүйл. Гэхдээ бүх зүйл нь жин тан байна гэж байхгүй. Уулын мод урттай богинотой. Алдаа, эндэгдэл байлгүй л яахав.
 
 
-Өнгөрсөн зун нээлтээ хийсэн “Зориг” уран сайхны кинонд гол дүр бүтээсэн. Нийгмийн ороо босгоо байдал, шилжилтээс үүдсэн  алдаа оноог дүрслэхдээ таны дүрээр юуг илэрхийлэхийг зорьсон юм бол?
 
-Үзэгчид аль өнцгөөс юу гэж ойлгож авч байгаагаас л шалтгаалах байх. Киноны найруулагч, зохиолчдын хувьд ярилцаж шийдэлд хүрсэн нь юу вэ гэхээр миний тоглосон дүрээр дамжуулаад шинэ цаг, шилжилт, ардчиллын салхийг Монголд авчирсан шинэ цагийн залуусын төлөөллийг л бий болгохыг хичээсэн. Миний хувьд түүнийг хамгийн сайн харуулсан дүр.
 
-Таныг дүрийн сонгон шалгаруулалт дээр ажилласан гэсэн. Хамтран ажилласан уран бүтээлчдийнхээ талаар ярихгүй юу?
 
-Тийм ээ, би дүр сонголт дээр ажилласан. Найруулагч, зохиолчидтой цуг байгаад зохиолоо ярилцаж, бэлэн болсон хэсгээ уншиж, засаж явахдаа дүрүүдээ тодорхой хэмжээгээр өөрөө дүрслэн харсан. Тэгээд дүрдээ тоглох ялангуяа, киноны гол дүрд тоглох залуу жүжигчнийг олох гэж бас нэлээн эрэл хайгуул хийсэн. Пробонд олон хүн орсон. СУИС, КУДС, СИТИ гээд урлагийн сургуулийн оюутнууд, төгсөгчид ирсэн. Тэгээд сонгон шалгаруулалтаас бид залуу жүжигчдээ шалгаруулан авч тоглуулсан. Хамтран ажилласан уран бүтээлчид гэвэл мэдээж залуу уран бүтээлчид маань байна. Мөн ахмад, дунд үеийн уран бүтээлчид бидэнтэй хамтран ажилласан. Кино багийн хувьд бол гүйцэтгэх продюссер С.Ангараг, найруулагч Б.Гарамханд хоёртой бүрэн хэмжээний уран сайхны кинон дээр анх удаа хамтарч ажилласан. Бусад уран бүтээлчтэй өмнө нь их, бага хэмжээгээр хамтран ажилласан байсан. Тиймээс кино багийн хувьд хамтарч ажиллахад ямар нэгэн саад бэрхшээл тулгараагүй. Залуу жүжигчдээ залж чиглүүлж, дүрийг сайн болгохын төлөө нэлээн чармайж ажилласан. Дүү нарын маань тоглосон дүр, бидний ажилласан ажилбар үзэгчдэд хэрхэн хүрч байгаа нь үзэгчдийн өөрсдийн санал шүүмжлэлээс харагдах байх.
 
-Н.Ялалтын ойрын болон хэтийн төлөвлөгөө?
 
-Мэдээж ойрын төлөвлөгөөнд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас хайртай бүхнээ хамгаалахын төлөө төр, засгаас явуулж байгаа хөл хорионы үед ариун цэвэр, дэглэмийг чандлан сахиж, даван туулах гэж иргэн хүний хариуцлагаа ухамсарлан хичээж байна. Хэтийн төлөвлөгөөний хувьд мэдээж бодож санасан их юм бий. Би эхнэртэйгээ “Нандин фильм” гэж компани байгуулсан. Тэгээд энэ компаниараа дамжуулаад анхны уран сайхны бүрэн хэмжээний кино хийх  зорилго, зорилт тавиад одоогийн байдлаар зохиолоо янзлах, санаагаа боловсруулах, төлөвлөгөө гаргах, төсөл хөтөлбөр бичих ийм ажил дээрээ явж байна. Мэдээж цаашдаа олон уран бүтээлчтэй хамтарч, чанартай, сайн уран бүтээл хийхийн төлөө чармайн ажиллах болно. Үзэгчид болон уншигчиддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэн бидний бүтээл “Зориг” уран сайхны киног маань бүх IPTV-гээр хүлээн авч үзээрэй гэж хүсэх байна.
 
 
Б.Оюунзул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.