2020 оны 06 сарын 06
Зочин
Д.Хаянхярваа: Ерөнхий сайд ийм бусармаг зүйлтэй эвлэрэхгүй гэдгээ илэрхийлсэн

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. 

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Манай бүлэг өнөөдөр хоёр асуудаар хуралдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч төсөвтэй холбогдуулан бүлгийн хуралдаанд орж ирж, өөрийн санал бодлоо илэрхийлсэн. Хоёрт, төсөв тойрсон асуудлуудаа цэгцэлж дуусгая гэдэг үндэслэлээр ярилцсан” гэлээ. 

Хэлэлцсэн асуудлуудын талаарх товч мэдээллийн дараа бүлгийн дарга сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Ерөнхийлөгч төсөвтэй холбоотой ямар санал тавьсан бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч бүлгийн хуралд “Уул уурхай дагасан циклтэй эдийн засгийн өсөлтүүд байна. Эдийн засгийн бодит өсөлт төдийлөн сайн мэдрэгдэхгүй байна. Дэлхий нийтэд эдийн засаг хямрах магадлал байгаа учраас бид шавхагдашгүй нөөц гэж ярьдаг мал, малын гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулах чиглэлд анхаарч улсын төсвөөс хөрөнгө санхүү тавьж анхаарах ёстой. Мөн аялал жуулчлалын чиглэлээ түлхүү анхаараач ээ” гэсэн саналуудаа хэлсэн. Ийм боломжууд төсөв дээр байгаа. Үүнийг олж хараач гэсэн санал хэлээд гарсан. 

-Өмнөх буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газрын огцрох үндэслэл нь сайдууд нь өөрсдөө концесс авсан асуудал байсан. Гэтэл энэ удаагийн төсөв дээр нөгөө л концессын асуудал яригдаж байна. Тухайлбал, МАК компанийн Цагаан суваргын орд руу дэд бүтэц тавихад 79 тэрбум буюу түүний долоон тэрбумыг нь энэ оны төсөвт суулгасан байна. Энэ дээр бүлэг ямар байр суурьтай байна вэ? 

-Энэ дээр бүлгээс төсвийн ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхоролтой бид саналаа солилцсон. Тэгэхэд “Монгол Улсын Засгийн газраас оруулж ирсэн концесстэй холбоотой тоо баримтыг өөрчлөөгүй” гэж хэлж байгаа. Концесс зөв үү буруу юу, хэнийх вэ гэдэг зүйл яригдаад байгаа. Цагаан суваргатай холбогдсон энэ асуудлыг судлахаар Дорноговь аймгийн хоёр сумыг эрчим хүчинд холбосон асуудал байдаг юм билээ. Түүний урьдчилгааг концесс маягаар төсөвт долоон тэрбум төгрөг суулгаж авна гэсэн. Урьд нь хийгдээд концессийн гэрээ байгуулаад ажиллачихсан зүйлүүд дээрээ тодорхой хэмжээний хөрөнгө суулгасан юм билээ. 

Нэгэнт Монгол Улсын Засгийн газартай тохиролцоод тодорхой хугацаанд ажил үүргээ гүйцэтгээд энэ мөнгийг авч, өгнө гэж тохиролцсон бол хуулийн хугацаанд төлж барагдуулах нь үүрэг. Харин цаана нь чанартай чанаргүй хийсэн, өртөг өндөр үү бага уу гэдэг нь тусдаа асуудал. 

-Жирийн иргэнд олддоггүй ЖДҮХС-гийн зээлийг Засгийн газар, УИХ-ын гишүүд авдаг юм байна. Тэдгээр гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ. Эдийн засаг өсөлт сайжирч байна гэж байгаа ч яг хэзээ иргэдийн амьдралд мэдрэгдэх вэ. Танай намын мөрийн хөтөлбөр хэзээ хэрэгжиж эхлэх вэ. Түүнчлэн УИХ-ын гишүүн болгон таван тэрбум төгрөг тойрогтоо хуваарилуулсан. Тойрог бүрдээ мөнгө хуваарилсан хэр нь хоёр их наядын алдагдалтай төсөв батлуулах гэж байгаадаа ичдэггүй юм уу? 

-ЖДҮХС-гийн зээлийг жирийн иргэн авч чадахгүй байхад албан тушаалтууд авлаа гэж байна. Үүнийг бүлэг дээр Ерөнхий сайд маш тодорхой ярьсан. ХХААХҮ-ийн яаманд чиглэл өгсөн. Сангийн яамнаас шалгалт орсон. Сар гарангийн хугацаанд энэ зээлийн асуудлыг судлаад одоо сайдын зөвлөлөөрөө хэлэлцээд Засгийн газарт танилцуулах юм байна.

Ингээд тодорхой болсны дараагаар ЖДҮХС-гийн зээлтэй холбогдуулан хууль зөрчсөн асуудал байвал зохих газарт нь шалгуулах, арга хэмжээ авах асуудлыг тодорхой болгоно гэсэн. Цаашид ийм бусармаг асуудалтай эвлэрэхгүй гэдгээ хэлсэн. 

Эдийн засгийн өсөлт гарч байгаа. Бид эдийн засгийн хамгийн хүнд үеэс мултраад байна. Гэхдээ манай эдийн засаг өнөөдөр эмзэг хэвээр байгаа гэдэгтэй санал нийлнэ. Хүн ардын амьжиргааг хүссэн хэмжээндээ хүртэл сайжруулах боломжийг хараахан бүрдүүлж чадаагүй байна. 

Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө чадахаараа ажиллаж байна. Гишүүн бүр тав таван тэрбум төгрөг авлаа гэж байна. 76 жижиг тойрог дээр асуудал их байна. Тодорхой хэмжээний хөрөнгө санхүүг тойргууд дээр суулгаж байж тус бүрт нь сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэх боломжой болно. 

-ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой дөрвөн гишүүний асуудал яригдсан. Хэдэн улстөрч энэ сангаас зээл авсан гэдэг зүйл яригдсан уу?

-Ийм тоо яригдаагүй. Сангийн яамныы хийсэн шалгалтын дүнгээс энэ асуудал тодорхой болох байх. 

-ЖДҮХС-гаас бүлгийн дарга та зээл авсан уу?

-Би энэ зээлээс аваагүй. Надад 10 тэрбум аваад хийгээд байх ажил байхгүй. ЖДҮХС-гийн зээлээс авъя гэж надад хүн ханддаг. Би ХХААХҮЯ-нд “Ийм компанийг хуулийн дагуу боломжтой бол дэмжиж өгөөч гэсэн” албан бичиг л өгдөг. Утсаар ярихдаа ч мөн адил хуулийн дагуу боломжтой бол дэмжээд өгөөрэй л гэдэг. 


 

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.